Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0659/З |
Дугаар | 932 |
Огноо | 2017-12-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 932
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Ц,
Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “…Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” Б/05 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, үндэслэлгүйгээр олгоогүй 2017 оны 1, 2 дугаар улирлын урамшуулал 621.000 төгрөгийг гаргуулан, мөн үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“…Миний бие Завхан аймаг Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлыг 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс одоог хүртэл ямар нэгэн зөрчил дутагдалгүйгээр мэргэжлийн төвшинд чанартай хийж ирсэн.
Гэтэл 2016 оны Улсын Их хурлын сонгуулиар Монгол Ардын нам олонх болсон гээд сумын Монгол Ардын намын зүгээс 2016 оны 9 дүгээр сард багш Ж.У-ийг манай сургуулийн захирал болгохоор материалыг нь Боловсрол соёл, шинжлэх ухаан , спортын яам руу явуулсан гэх яриа гарсан. Энэ үеэс эхлэн намайг ажлаа өг эсвэл энэ салбарт дахин ажиллуулахааргүй үндэслэлээр ажлаас чинь хална, залуу хүн ийм тушаал авах хэцүү биз дээ гэх мэт элдэв дарамт шахалтыг удаа дараа үзүүлэх болсон.
Шинэ сайд томилогдсон тул лаборатори сургуулийн захирлуудтай Үр дүнгийн гэрээ болон Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулна гэж байсан боловч надтай тодорхой шалтгаангүйгээр дээрх гэрээг байгуулаагүй тул 2017 оны 1 дүгээр сард гэрээ байгуулахаар холбогдох материалаа албан ёсоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн. Гэтэл ямар нэг хариу өгөөгүй дахин таг болохоор нь 3 сард яаман дээр өөрөө очиж, лаборатори сургуулиуд хариуцсан мэргэжилтэн Д.Б-тэй уулзаж шинэ сайдтай байгуулах миний Хөдөлмөрийн гэрээ, Үр дүнгийн гэрээ яагаад байгуулагдахгүй байгаа талаар асуухад “...зарим сургуулийн захирлуудыг солино гэсэн бодлого барьж байгаа. Чи тэр захирлуудын дунд байгаа тул чамтай ямар нэг гэрээ дахиж хийхгүй” гэж хэлсэн. Ингээд миний ажлыг удаа дараа шалгасан боловч ямар нэгэн зөрчил дутагдал илрүүлээгүй, мөн шалгалтын үр дүнг танилцуулаагүй ;бөгөөд улмаар 2017 оны 1, 2 дугаар улирлын урамшуулалт цалин нийт 621,000 /зургаан зуун хорин нэгэн мянган/ төгрөгийг олгоогүй, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш аймгийн Боловсрол, соёл урлаг, спортын газрын дарга С.Г ярьж “Завхан аймгийн 2 лаборатори сургуулийн захирлуудын чөлөөлөгдөх хүсэлт бүхий өргөдлийг яамнаас намайг аваад ир гэж үүрэг өгсөн. Чи өргөдлөө өг, яамнаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг чинь бичүүлж ав гээд намайг бас удаа дараа шаардаад байна, 2 захирлын асуудлаас болоод Завхан аймгийн боловсролын салбарын санхүүжилт болон бусад асуудлыг яамнаас шийдэж өгөхгүй байна” гэхээр нь миний зүгээс ямар нэг зөрчил дутагдал байхгүй тул өргөдөл бичиж өгөхгүй гэж хэлсэн.
Үүнээс хэд хоногийн дараа “Чи захирлын ажлаа өөрийн хүсэлтээр өгөх юм бол чамайг ахлах ангийн менежерийн ажилд шилжүүлэхээр болсон” гэж хууран мэхлэх байдлаар 2017 оны 5 дугаар сарын 29-нд надаас “2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн захирлын ажлаас чөлөөлж, ахлах ангийн менежерээр ажиллуулж өгнө үү” гэсэн агуулгатай өргөдлийг Ж.Б сайдад гэж хаяглуулан авсан. Дараа нь “Чиний 2017 оны 5 дугаар сарын 29-ний өргөдөл чинь болохгүй гэнэ. Сонгуулиас өмнө чөлөөлөх хэрэгтэй гэж байна, өмнөх өргөдлөө зас” гээд өргөдлийн агуулгыг нь өөрөө хэлж өгч маш хурдан хугацаанд товчхон өргөдөл бичүүлж, он, сар, өдрийг нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэж авсан. Харин яамны сайд солигдсон тул С.Г дарга миний өргөдлийг өгөөгүй Завхан аймаг авч явсан байсан.
Гэтэл яамны лаборатори сургуулиуд хариуцсан мэргэжилтэн Д.Б “...Б.Ц захирлын өргөдлийг яаралтай явуул” гэж удаа дараа шаардаж байгаад 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр С.Г даргаас email-ээр авсан байсан.
Ингээд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр С.Г дарга ирж багш Ж.У, сумын удирдлагуудыг байлцуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 тоот тушаалыг надад танилцуулж нэг хувийг өгсөн бөгөөд яамны лаборатори сургуулиуд хариуцсан мэргэжилтэн Д.Б, С.Г дарга нарын хэлж байснаар намайг ахлах ангийн менежерийн ажилд шилжүүлэн томилоогүй, энэ нь зөвхөн миний ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг л хууран мэхлэх аргаар бичүүлж авах арга байсан болох нь тодорхой болсон тул 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн албаны зөвлөлд сайдын дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй өнөөдрийг хүрч байна. Миний бие хүмүүсийн хууран мэхлэх үйлдлээс болж одоо ажилгүй хохирч байна.
Иймд хууран мэхлэх байдлаар бичүүлж авсан өргөдлийг үндэслэн гарсан Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” Б/05 тоот хууль бус тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, үндэслэлгүйгээр олгоогүй 2017 оны 1, 2 дугаар улирлын урамшуулал 621,000 төгрөгийг гаргуулан, мөн Үр дүнгийн гэрээ болон Хөдөлмөрийн гэрээг байгуулахыг Боловсрол соёл, шинжлэх ухаан , спортын сайдад тус тус даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтад “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” эрхтэй болохыг заасан.
Дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох” тухай тушаалыг иргэн Б.Ц нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандан “... 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хувийн шалтгааны улмаас захирлын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдлийг ирүүлсний дагуу Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 /ажилтан санаачилсан;/ дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Дээрх өргөдөл нь тус яамны бичиг хэрэгт 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байдаг.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сайтар судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд түр томилох тухай” Б/05 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, Засгийн газрын 2014 оны ”Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тотоол, Авилгалтай тэмцэх газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “ Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” 01/1663 дугаар албан бичиг, ажилтны өргөдлийг тус тус үндэслэн Б.Ц-ыг өөрийнх нь хүсэлтээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Ж.У-ийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйэтгэгчээр томилон, Б.Ц-ыг мэргэжлийн дагуу ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэхийг захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.У-т даалгажээ.
Нэхэмжлэгч Б.Ц нь энэхүү тушаалыг үндэслэлгүй хэмээн маргаж, тус шүүхэд уг тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, үндэслэлгүйгээр олгоогүй 2017 оны 1, 2 дугаар улирлын урамшуулал 621000 төгрөгийг гаргуулах, Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлын энэхүү хэсгийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үнэдэслэлтэй байна гэж үзэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ” ... 2016 оны улс төрийн сонгууль болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд солигдсонтой холбоотойгоор МАН-ын гишүүн болох Ж.У-ийг захирал болгохоор яам руу материалыг нь явуулсан гэсэн. Тэр цагаас эхлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Чиний нэр халагдах захирлын тоонд орсон” гэж дарамталж, утсаар ярих болсон. Ажил хийхэд хүндрэлтэй, айдастай болж эхэлсэн. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга С.Г нь надтай удаа дараа утсаар ярьж “... Завхан аймгийн боловсролын салбар хөрөнгө оруулалт, дэмжлэг авч чадахгүй хүнд байдалд орж байна. Чи залуу хүн. Чамд зөндөө боломж байгаа юм чинь өргөдлөө бичээд өгчих, чамайг сургалтын менежерээр ажиллуулна гэж тохирсон гэсэн. ... Эхний байдлаар өргөдлөө бичиж, техникийн сургууль дээр аваачиж өгсөн. ... 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр над руу дахин залгаж “Чиний өргөдлийг сайд болон М.М даргад танилцуулахад агуулга болон хугацааны хувьд зөрөөд байна. Дахиж бичиж өг гэсэн. 05 дугаар сарын 31-ний өдөр С.Г дарга уг өргөдлийн агуулгыг хэлж бичүүлэн, он, сар өдрийг 29-ний өдрөөр бичүүлж авсан. ... 06 дугаар сарын дундуур С.Г дарга над руу утсаар залгаж “ ... яамнаас чиний өргөдлийг Д.Б мэргэжилтэн байн байн шаардаад амраахгүй байна. Эхний ээлжинд чиний өргөдлийг email-ээр явуулна” гэсэн . ... миний ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг хууран мэхлэх аргаар бичүүлж авсан. 09 дүгээр сард менежерийн ажилд томилогдоно гэж итгээд ажлаа өгсөн. Тушаал хууль бус” гэж, хариуцагч нь “...Нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэж л ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албанд тохиролцоно гэсэн зүйл байдаггүй. Өргөдлийн дагуу сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн” гэж маргажээ.
Нэг: Нэхэмжлэгчийн “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд түр томилох тухай” Б/05 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 92 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Б.Ц-ыг 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс тус сургуулийн захирлаар томилон ажиллуулахаар, мөн аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 01 дүгээр захирамжаар Боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Б.Ц-ыг 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар Б.Ц-ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/340 дугаар тушаалаар Б.Ц-ыг мөн сургуулийн захирлаар, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Б.Ц-д жирэмсэний болон амаржсаны чөлөөг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн олгохоор, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар захирал Б.Ц-ын амаржсаны амралтын хугацаа дуусгавар болсон тул Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилжээ.
Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарагдах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т зааснаар үйлчилгэний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах ёстой.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсгийг маргаан бүхий тушаалыг гаргах гол үндэслэлээ болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тодорхойлон заасан байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох ёстой. Тодруулбал ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл, зоригийн дагуу ажил олгогчид гаргаснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл бий болно гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.Ц нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэр дээр 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөр огноолон 2 өөр өргөдөл бичгээр гаргаж өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан өргөдлүүд , гэрч С.Г-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч энэхүү өргөдлийг ажилтан өөрийн санаачлагаар, сайн дурын үндсэн дээр гаргасан гэж үзэхээргүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөллийн улмаас нэхэмжлэгч нь хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга С.Г-ийн шаардлагаар, түүнээр дамжуулан 2 өөрөөр гаргаж өгч байсан болох нь гэрч С.Г-ийн “ Б.Ц-ыг ажлаас халах сайдын тушаал гарах гэж байна, залуу хүн цаашид боловсролын байгууллагад ажиллахад хэцүү. Иймд өөрөөс нь өөрөөс нь ажлаас гарах өргөдөл бичүүлж,авчрах хэрэгтэй тухай М.М дарга утсаар ярьсан. ... 2017 оны 05 дугаар сарын сүүлээр болсон семинарын үеэр М.М дарга, тэр үеийн сайд Ж.Б-тай очиж уулзахад ... өргөдлийг нь авах гэсэн байр суурь хэвээр байсан. ... Тэр үед Б.Ц-ын өргөдлийг өгөөгүй нутаг буцсан боловч араас М.М дарга болон мэргэжилтэн Д.Б-г нар дахин дахин утасдсан тул өргөдлийг и-мэйлээр өгч явуулсан.... Эхний өргөдлийг М.М даргад өгөөд уншуулахад “ Ажлын амжилт зэргийн талаар би мэднэ. Энэ талаар бичих шаардлагагүй, амралт дуусгаад ажлаас чөлөөлөгдөх боломжгүй. Энэ хугацаагаараа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх хэрэгтэй” гэхээр нь Б.Ц-ад энэ тухай хэлж өргөдлийг нь зохих ёсоор бичиж өгөхийг хэлсэн” гэсэн тайлбар , мэдүүлэг , Д.Б-т өргөдлийг хүргүүлсэн цахим зурвас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь энэхүү маргааны үйл баримтыг үгүйсгэж чадахгүй байна.
Иймд ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл нэхэмжлэгчийн хувьд бий болоогүй байхад хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь хууль бус болжээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн “ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд түр томилох тухай” Б/05 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Ц-ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: Нэхэмжлэгчийн “...ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах, үндэслэлгүйгээр олгоогүй 2017 оны 1, 2 дугаар улирлын урамшуулал 621000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2017 оны 12 дугаар сарын 14-нийг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч Б.Ц-ыг төрийн үйлчилгээний албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг нэгэнт тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 14-нийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 163 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.879.442 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Б.Ц-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзпээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар тушаалаар “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам”-ыг баталсан байх ба энэхүү тушаалыг үндэслэн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/181, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/85 дугаар тушаалуудаар ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлуудад олгох 2017 оны 1, 2 дугаар улирлын ажлын үр дүнгийн урамшууллын хувь хэмжээг тогтоож байжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр сургуулийн захирал Б.Ц-ын 2017 оны 1, 2 дугаар улирлын урамшууллыг олгоогүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь энэхүү ажлын үр дүнгийн урамшууллыг олгоогүй үндэслэл шалтгаанаа “нэхэмжлэгч нь 1, 2, 3 дугаар сарын тайлангаа ирүүлээгүй” гэж тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ шүүхээс энэ нь талаарх нотлох баримтуудыг шаардсан боловч хариуцагч нь гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр олгоогүй, 2017 оны 1, 2 дугаар улирлын урамшуулал 621000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу “Үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлын энэхүү хэсгийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Ц-ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 14-нийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 163 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,879,442 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нэхэмжлэгч Б.Ц-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр олгоогүй 2017 оны 1, 2 дугаар улирлын урамшуулал 621000 /Зургаан зуун хорин нэгэн мянган/ төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН