| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00573/И |
| Дугаар | 130/ШШ2016/00611 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2016/00611
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт оршин суух, утас *****, РД:*****Ж овогт Шы Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн *** дугаар цэцэрлэг /эрхлэгч Б.Б, *****/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, А.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын Хүүхдийн **** дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай 10 дугаартай тушаалаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгч-ийн ажилд томилогдсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж ирсэн билээ. Гэтэл эрхлэгч Б.Б нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тул эрхлэгчийн 34 дүгээр тушаалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай 34 дугаартай тушаалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1.Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай 34 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байх тул уг тушаал нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэх хуулийн шаардлагыг хангаагүй. 2.Намайг анх ажилд томилохдоо 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ /2016.03.01-2016.06.01/ байгуулсан ба уг гэрээг цуцлах тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байна. Харин хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед аль нэг тал гэрээ цуцлах санал гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа анх заасан хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар дахин сунгагдсан байхад эрхлэгч 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээг цуцалсан мэт болгож нөхөн гаргасан 34 тоот тушаал нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна. 3. Ш.Б би бага насны хүүхэдтэй байсан боловч тус цэцэрлэгийн эрхлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг ноцтой зөрчиж намайг ажлаас халсан байна. Иймд Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай 34 дугаартай тушаал нь хуульд нийцээгүй бөгөөд ажилтан Ш.Б миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан байх тул уг тушаалыг хүчингүй болгож намайг тус цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ
Нэхэмжлэгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилд орсон. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад жирэмсний амралт авъя гээд даргаас асуухад чамд жирэмсний амралтын мөнгө гарахгүй Чи ажиллаад явж байгаарай гэсэн. Тэгээд амаржихаас 7 хоногийн өмнө ажлаас гараад явчихсан. Тэгж байгаад 2016 оны 6 дугаар сарын 01-нд очиход намар дуудна гэж хэлсэн. Улмаар намар нь очиход хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулаад та нар ажлаас чөлөөлөгдсөн гээд ажлаас халсан. Одоо нялх хүүхэдтэй. Нөхөр маань бас эрхэлсэн тодорхой ажилгүй. Тийм учраас Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Өлгий сумын хүүхдийн 16- р цэцэрлэг нь 2016 оны 2 дугаар сард байгуулагдан би эрхлэгчээр нь томилогдсон бөгөөд аймгийн засаг дарга болон бусад холбогдох хэлтсүүдээс хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулахыг үүрэг болгож хэдэн хүн өгсний нэг нь Ш.Б юм. Миний бие Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ хийж үйлчлэгчээр авч ажиллуулсан бөгөөд 6 дугаар сарын 01-ний өдөр хүүхдүүдийг тарааж, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсохтой зэрэгцэн Ш.Бийн гэрээний хугацаа ч дуссан. Тэрээр мөн өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй бөгөөд ирэх шаардлага ч байгаагүй. 7 дугаар сард түүний авах ёстой үр дүнгийн урамшууллын мөнгийг өгсөн. Нэгэнт хөдөлмөрийн хугацаатай гэрээ нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон тул би түүнийг ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргахад яараагүй. Харин чөлөөлөх тушаалдаа гэрээний хугацаа дуссан өдрөөс бус 7-р сарын 01-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлснийг дурдсан. Өөрөөр хэлбэл гэрээнд анх хугацаа дуссан өдрөөс хойш Ш.Б нь ажил үүрэг гүйцэтгээгүй болно. Ш.Бийн авах ёстой урамшууллын мөнгө 7 дугаар сард ирж, 7 дугаар сарын цалингийн цэсээр гарсан. Уг тушаалд 7 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлсөн гэж дурдсан нь техникийн алдаа болсон байна. Иймд Ш.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн хүсэлтээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. Нэхэмжлэгч Ш.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон түүний гаргаж өгсөн нотлох баримттай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шинэ тутам байгуулагдсан 4 цэцэрлэг байдгийн нэг нь 16 дугаар цэцэрлэг юм. Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар орон тооны бүтцийг гаргаж өгсөн. Тэнд гэрээт ажилтан гэсэн 4,5 албан тушаал байсан. Аймгийн Засаг дарга захирамжаар цэцэрлэгийн орон тооны бүтцийг тогтоодог субъект мөн үү гэвэл биш юм. Яагаад гэвэл Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын тушаал гардаг. Тэрүүгээр аймгийн Боловсрол, соёлын газраас зохих жишгийг тогтоох учиртай. Энэ дээр дотооддоо үндсэн орон тоо өөрөөр хэлбэл багшлах тусгай мэргэжлийн орон тооноос бусад орон тоог зохион байгуулах асуудлыг тэр цэцэрлэгийн төсвийн захирагч нь зохион байгуулж ажилд авах ёстой. Эндээс 5,6 хүнийг гэрээт ажилтан гэдэгт оруулаад 2016 оны 3 дугаар сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гээд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэрнийгээ Ш.Бийг ажилд авсан тушаал дээр тодорхой дурдсан. Гэрээний хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон учраас эдгээр хүмүүсийг ажлаас чөлөөлсөн. Энэ дээр 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж чөлөөлсүгэй гэдэг нь техникийн алдаа болсон гэдгийг тайлбартаа дурдсан. Хоёрдугаарт ажлаас чөлөөлсөн тушаалыг эрх зүйн үндэслэлийг тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтуудыг баримтлаагүй гэсэн шалтгаан хэлж байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тайлбар дээр ажил олгогчийн санаачилгаар чөлөөлсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг хэсгийг баримталбал зохино гэж заасан. Гэхдээ хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хамааралтай байдаг. Тийм учраас энэ дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах шаардлагагүй гэж үзлээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд Жирэмсэн байхыг харгалзахгүйгээр ажлаас чөлөөлж болно, өөр бусад тохиолдолд чөлөөлж болно гэсэн хоёрхон үндэслэлийг дурдсан байдаг. Хөдөлмөрийн хугацаатай гэрээ хийгдэж байгаа хүн дээр тодорхой хэмжээгээр нөлөөлөх, тэр хүнийг ажлаас чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа юм. Хөдөлмөрийн гэрээг бид 9 дүгээр сард хийсэн, 9 дүгээр сард дуудаж байгаад гарын үсэг зуруулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой хэмжээнд нотлогдсон байх ёстой. Тэр нь нотлогдоогүй учраас энэ шалтгааныг үндэслэлтэй гэж үзэхгүй байгаа юм. Цэцэрлэгүүд 6 дугаар сард үйл ажиллагаагаа зогсоож таардаг. Үүнтэй зэрэгцээд эдгээр хүмүүсийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний хугацаатай дүйцүүлэн байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байгаа. Нэхэмжлэлдээ ажил үүргээ гүйцэтгэсээр байсан бол тэр хүний хөдөлмөрийн гэрээг урьдах хугацаагаар сунгах ёстой гэж дурдсан байна. Би цагийн бүртгэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэхээр өгсөн. 6,7 дугаар сард эдгээр хүмүүсийн урамшууллыг гаргаж өгөөд 5 дугаар сарын цагийн бүртгэлд эдгээр хүмүүс бүртгэгдсэн. 6 дугаар сараас эхэлж цагийн бүртгэлд бүртгүүлээгүй, цалинжуулж байгаагүй учраас тушаал хэдэн сарын хэдэнд гарсан гэдгээр би ажил гүйцэтгэж байсан гэж хэлэх боломжгүй. Тийм учраас Ш.Бийг ажлаас чөлөөлсөн тушаал бол эрх зүйн хүрээнд гарсан. Ш.Бийн хөдөлмөрлөх эрхийг ямар нэгэн байдлаар хөндөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай Шараван овогтой Бийг ажилд томилох тухай тушаалаар тус цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчээр Ш.Бийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилон авч ажиллуулан хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь, мөн өдөр нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нарын гарын үсэг зурж баталгаажуулсан Хөдөлмөрийн гэрээ-г 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан нь тус тус нотлогдож байна.
Хариуцагч Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Бийн гаргасан 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалд тус цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчээр ажиллаж байгаа Ш.Бтэй байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дууссан тул 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцалсан гэсэн ба энэ тушаалыг нэхэмжлэгч Ш.Бд хэзээ гардуулсан болохыг хариуцагч нотолж чадаагүй болно.
Иймээс нэхэмжлэгч Ш.Б нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж мэдүүлж байгаа ба хариуцагч тал үүнийг үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгч Ш.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж дүгнэлээ.
Хариуцагч Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч Ш.Бийг ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд:
-Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заагаагүй,
-Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ зөрчиж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа бичгийн хэлбэрээр ажилтан Ш.Бд мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас өгөөгүй,
-Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Б.Б нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 1.11-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг талууд тавиагүй бөгөөд ажилтан Ш.Б нь ажлаа гүйцэтгэсээр байхад хөдөлмөрийн гэрээг анх гэрээнд заасан хугацаагаар сунгагдсанд тооцох Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-ыг зөрчсөн байна.
-Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссаны дараа /2 сарын дараа/ хариуцагч Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч Б.Бийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн огноог техникийн алдаа мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй болно.
-Хавтаст хэрэгт авагдсан №8301000426 бүртгэлийн дугаартай, ******регистрийн дугаартай Төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч Ш.Б нь 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү Ж.Аыг төрүүлсэн 3 сартай нялх хүүхэдтэй болох нь нотлогдож байхад нэхэмжлэгч Ш.Бийн ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-ийг тус тус зөрчсөн байна.
Нэхэмжлэгч Ш.Б нь Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сард цэцэрлэгт гэрээт үйлчилэгчээр ажиллаж, цалин авч байсан болох нь НДД№А1020193 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, мөн хариуцагч талаас гаргаж өгсөн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн ажилчдын 7 дугаар сарын цалингийн цэсийн 18 дугаарт Ш.Б нь цалин авч гарын үсэг зурсан зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А/208 дугаартай Бүтэц орон тоог батлах тухай захирамжаар Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн орон тоог хавсралтаар баталсан ба хавсралтын гэрээгээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний орон тоонд үйлчлэгчийн орон тоо 1 гэсэн ба энэ орон тоо хасагдсан, цөөрүүлсэн гэх нотлох баримтыг хариуцагч Б.Б нь гаргаж өгч чадаагүй болно.
Хариуцагч талын гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Хын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2-01/1783 дугаартай Цэцэрлэгийн эрхлэгч нарт гэсэн албан бичиг нь 50 хүүхдийн цэцэрлэгт ажиллах үндсэн орон тооноос бусад гэрээгээр ажиллагсдад олгох сарын цалин хөлсийг дахин тооцоолж төсвийн хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрлэхийг мэдэгдэн чиглэл өгсөн болохоос энэ нь гэрээт ажилчдыг ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүх хуралдаанд Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А/208 дугаартай захирамж нь хууль бус Засаг даргын эрх хэмжээний асуудал биш гэж тайлбарлаж байгаа боловч энэ захирамж нь хууль бус болохыг тогтоосон нотлох баримт байхгүй болно.
Мөн хариуцагч талын гаргаж өгсөн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн 6, 7 дугаар сарын ажилчдын цагийн бүртгэлийг юуг үндэслэн тооцсон тухай эх сурвалж нь тодорхой бус тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.Бийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул түүнийг Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:***** Ж овогт Шы Бийг Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК