| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00567/И |
| Дугаар | 130/ШШ2016/00612 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2016/00612
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, утас ****, РД:******С овогт Он Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн *** дугаар цэцэрлэг /эрхлэгч Б.Б, *******/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын Хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай 08 дугаартай тушаалаар Цэцэрлэгийн гэрээт туслах тогооч-ын ажилд томилогдсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж ирсэн билээ. Гэтэл эрхлэгч Б.Б нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тул эрхлэгчийн 36 дугаар тушаалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Өлгий сумын Хүүхдийн **** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай 36 дугаартай тушаалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1.Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай 36 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байх тул уг тушаал нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэх хуулийн шаардлагыг хангаагүй, 2.Намайг анх ажилд томилохдоо 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ /2016.03.01-2016.06.01/ байгуулсан ба уг гэрээг цуцлах тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байна. Харин хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед аль нэг тал гэрээ цуцлах санал гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа анх заасан хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар дахин сунгагдсан байхад эрхлэгч 2016 оны 08 дугаар сарын 03- ны өдрийн мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээг цуцалсан мэт болгож нөхөн гаргасан 36 тоот тушаал нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна. 3.Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр О.А намайг ажлаас чөлөөлсөн боловч өөр хүнийг туслах тогоочоор томилон ажиллуулж миний хөдөлмөрлөх эрхэнд халдсан байна. Иймд Өлгий сумын Хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай 36 дугаартай тушаал нь хуульд нийцээгүй бөгөөд ажилтан О.А миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан байх тул уг тушаалыг хүчингүй болгож намайг тус цэцэрлэгийн гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч О.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон. Ажил амархан олдоогүй. 4 жилийн хугацаанд өргөдөл гомдол гаргаж байж, өөрөө хөөцөлдөж байж арай гэж орсон. Би гэр бүл болоод 7 жил болсон. Нөхөр ажилгүй. Хадам ээжийнхээ тэтгэврээр амьдарч байсан. Бид нэн ядуу өрхүүдийн түвшинд хамаарагддаг. Бүх нөхцөл байдлаа танилцуулж байж манай нөхөр, хадам ээж гуравлаа аймгийн удирдлагуудад удаа дараа хүсэлт гаргаж 4 жилийн турш ямар нэгэн ажил төрөл голохгүй ямар ч ажил байсан ч хийнэ гэж өргөдөл өгч сүүлд нь арай гэж энэ ажилд орсон байсан. Туслах тогоочийн ажилд орлоо гэхэд маш их баярласан. Ажилд ороод эхний сарын цалингаа авч уг сарын цалингаа тухайн цэцэрлэгийн доторх эд хогшил, албаны хэрэгцээнд хэрэглэгдэх эд зүйл худалдаж авахаар зориулсан. Жигд ажлын хувцастай байх ёстой гэхэд нь хувцас авсан. Эхний сарын цалингаа өөрсдөө зарцуулаагүй. Бид цааш нь үргэлжлүүлэн ажиллаад байгаа байх гэж бодсон. 6 дугаар сарын 01-нд чөлөөлсөн гэдгийг би мэдээгүй. Бид 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэцэрлэгийн гадна талыг тохижуулж хашаа барьж, будгийн ажил болон цэцгийн мандал хийж олон ажил хийсэн. Үүнд гарсан зардлыг бид карманаасаа гаргасан. Тэгээд ээлжийн амралтаа аваарай гэсэн. Тэгээд ээлжийн амралт аваад явсан. Тухайн үед ямар нэгэн гэрээнд гарын үсэг зуруулаагүй. Өмнө нь би тушаалынхаа нэг хувийг авъя гэж асуухад ерөөсөө гаргаж өгөөгүй. Дараа нь 7 дугаар сарын дундуур ажил дээр дуудаж гэрээнд гарын үсэг зураарай гэсэн. Би гэрээг үзье уншиж танилцъя гэхэд танилцаж яах юм бэ 9 дүгээр сард эргэж орно шүү дээ зүгээр гарын үсгээ зурчих гэсэн тэгээд бид гарын үсэг зурж явсан. Тэгж явсны дараа би 8 дугаар сарын дундуур даргад утастаж бид хэзээ ажилд очих юм бол ажил хэзээ эхлэх вэ гэхэд та нар одоо ажиллахгүй ажлаас гарсан гэж хэлсэн. Ямар учраас ажлаас гарсан эсэх асуудлаа асууж тодруулахаар биеэр очиж уулзахад надад юу ч хэлээгүй, миний хэлснийг сонсоогүй юм. Тэгээд 20-ны өдөр биднийг хурал болно гэж дуудсан. Та нар одоо энд ажиллахгүй ажлаас халагдсан гэж хэлсэн. Бид тэгвэл орсон гарсан тушаалаа, байгуулсан гэрээгээ авъя гэж асуухад өгөөгүй юм. Дараа нь 9 дүгээр сарын 06-ны өдөр дуудаж тушаалаа өгсөн. Бидэнд анх гэрээ байгуулахдаа хугацаатай гэрээ байгуулсан гэж анхааруулж хэлээгүй. Бид өөрсдийгөө тухайн ажлын байранд бүр орсон гэж бодож баярлаад явж байсан. Би тухайн үед ямар учраас яагаад ажлаас гаргаж байгаа юм бэ бид шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ гэж хэлсэн. Тэгэхэд эрхлэгч хандаж л байхгүй юу даа намайг ялж дийлэхгүй шүү гэж хэлсэн. Иймд хуулийн дагуу намайг Өлгий сумын Хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Өлгий сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Өлгий сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэг нь 2016 оны 2 дугаар сард байгуулагдан би эрхлэгчээр нь томилогдсон бөгөөд аймгийн Засаг дарга болон бусад холбогдох хэлтсүүдээс хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулахыг үүрэг болгож хэдэн хүн өгсний нэг нь О.А юм. Миний бие Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ хийж туслах тогоочоор авч ажиллуулсан бөгөөд 6 дугаар сарын 01-ний өдөр хүүхдүүдийг тарааж, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсохтой зэрэгцэн О.Аийн гэрээний хугацаа ч дуссан. Тэрээр мөн өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй бөгөөд ирэх шаардлага ч байгаагүй. 7 дугаар сард түүний авах ёстой үр дүнгийн урамшууллын мөнгийг өгсөн. Нэгэнт хөдөлмөрийн хугацаатай гэрээ нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон тул би түүнийг ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргахад яараагүй. Харин чөлөөлөх тушаалдаа гэрээний хугацаа дуссан өдрөөс бус 7 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлснийг дурдсан. Өөрөөр хэлбэл гэрээнд анх хугацаа дууссан өдрөөс хойш О.А нь ажил үүрэг гүйцэтгээгүй болно. О.Аийн авах ёстой урамшууллын мөнгө 7 дугаар сард ирж, 7 дугаар сарын цалингийн цэсээр гарсан. Уг тушаалд 7 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлсөн гэж дурдсан нь техникийн алдаа болсон байна. Иймд О.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Өлгий сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч О.А гаргасан нэхэмжлэлдээ танилцсан. Гаргаж өгсөн нотлох баримтуудын хүрээнд шүүх асуудлыг шийдвэрлэх учраас энд их нуршаад байх зүйл надад алга байна. Нөхцөл байдал тодорхой хугацаатай гэрээ хийсэн байна. Хугацаа нь дууссан болохоор ажлаас нь чөлөөлсөн. Хугацаатай гэрээ байгуулан 3 сар ажиллуулчхад халчихдаг асуудал хаана хаанаа тогтсон жишиг юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Өлгий сумын *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай Онашыбай овогтой Аийг ажилд томилох тухай тушаалаар тус цэцэрлэгийн гэрээт туслах тогоочоор О.Аийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилон авч ажиллуулан хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь, мөн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч О.А, хариуцагч Өлгий сумын *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нарын гарын үсэг зурж баталгаажуулсан Хөдөлмөрийн гэрээ-г 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан нь тус тус нотлогдож байна.
Хариуцагч Өлгий сумын *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Бийн гаргасан 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалд тус цэцэрлэгийн гэрээт туслах тогоочоор ажиллаж байгаа О.Атэй байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дууссан тул 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцалсан гэсэн ба энэ тушаалыг хариуцагч Б.Б нэхэмжлэгч О.Ад хэзээ гардуулсан болохыг нотолж чадаагүй болно.
Иймээс нэхэмжлэгч О.А нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж мэдүүлж байгаа ба хариуцагч тал үүнийг үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгч О.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж дүгнэлээ.
Хариуцагч Өлгий сумын *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч О.Аийг ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд:
-Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заагаагүй,
-Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ зөрчиж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа бичгийн хэлбэрээр ажилтан О.Ад мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас өгөөгүй,
-Нэхэмжлэгч О.А, хариуцагч Б.Б нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 1.11-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг талууд тавиагүй бөгөөд ажилтан О.А нь ажлаа гүйцэтгэсээр байхад хөдөлмөрийн гэрээг анх гэрээнд заасан хугацаагаар сунгагдсанд тооцох Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-ыг зөрчсөн байна.
-Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссаны дараа /2 сарын дараа/ хариуцагч Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч О.Аийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн огноог техникийн алдаа мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй болно.
Нэхэмжлэгч О.А нь Өлгий сумын *** дугаар цэцэрлэгт 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сард цэцэрлэгт гэрээт туслах тогоочоор ажиллаж, цалин авч байсан болох нь 0997797 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А/208 дугаартай Бүтэц орон тоог батлах тухай захирамжаар Өлгий сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн орон тоог хавсралтаар баталсан ба хавсралтын гэрээгээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний орон тоонд туслах тогоочийн орон тоо 1 гэсэн ба энэ орон тоо хасагдсан, цөөрүүлсэн гэх нотлох баримтыг хариуцагч Б.Б нь гаргаж өгч чадаагүй болно.
Хариуцагч талаас гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавылын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2-01/1783 дугаартай Цэцэрлэгийн эрхлэгч нарт гэсэн албан бичиг нь гэрээгээр ажиллагсдад олгох сарын цалин хөлсийг төсвийн хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрлэхийг мэдэгдэн чиглэл өгсөн албан бичиг болохоос гэрээт ажилчдыг ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй болно.
Мөн хариуцагч талын гаргаж өгсөн Өлгий сумын Хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн 6, 7 дугаар сарын ажилчдын цагийн бүртгэлийг юуг үндэслэн тооцсон тухай эх сурвалж нь тодорхой бус, мөн Өлгий сумын Хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн ажилчдын 7 дугаар сарын цалингийн цэст ажилчид гарын үсэг зураагүй эргэлзээтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч О.Аийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул түүнийг Өлгий сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Өлгий сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:ТЕ88040742 Санырау овогт Он Аийг Өлгий сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК