| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00160/И |
| Дугаар | 134/ШШ2016/00173 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 134/ШШ2016/00173
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Т.Болдбаатарын гаргасан үрчлэлт бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Болдбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Т.Болдбаатар би 1960 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрж, 7 хоногтойдоо Лувсангийн Төмөр, Шаравын Ичинхорлоо нарт үрчлэгдээд хайр халамжинд нь өсөж торнисон. Тухайн үед Л.Төмөр, Ш.Ичинхорлоо нар нь гэр бүлийн албан ёсны баталгаагүй байсны улмаас үрчлэгсдийн гэрчилгээг Л.Төмөрийн нэрээр олгосон байдаг. Аав 2003 онд, ээж 2007 онд өөд болсон. Би ээж Ш.Ичинхорлоогийн нэр дээрх газрыг өвлөн авч, өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл энэ хүнтэй холбоотой гэх бичиг баримт байхгүй тул газрыг миний нэр дээр шилжүүлэхгүй байгаа юм. Иймд Т.Болдбаатар намайг 1960 онд Л.Төмөр, Ш.Ичинхорлоо нарт үрчлэгдсэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Болдбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие үрчилж авсан ээж Ш.Ичинхорлоогийн эзэмшил газрыг өвлөн авахын тулд үрчлэлтийг бүртгэсэн байдлыг тогтоолгохоор шүүхэд өргөдөл гаргаж бичиг баримт бүрдүүлэх явцад Улсын бүртгэлийн төвөөс үрчилснийг бүртгэсэн лавлагаа гаргаж өгснөөр уг хүсэлтээ шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Болдбаатар нь үрчлэлт бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн төв архиваас үрчлэлт бүртгэгдсэн тухай лавлагаа гаргаж өгсөн учраас шүүхээр маргаан шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон үндэслэлээр шүүхэд гаргасан хүсэлтээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг ирүүлсэн тул уг тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг шүүгчийн захирамжинд дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Болдбаатар нь үрчлэлт бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ