Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 138

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч-хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ

шүүгдэгч-хохирогч Л.С,

шүүгдэгч Б.П нарын өмгөөлөгч  Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ханх овогт Доржхорлоогийн Эг,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Лхагвасүрэнгийн С, Боржигон овогт Бат-Эрдэнийн П нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905045260009 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Э.

 

С.

 

П.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны гадаа иргэн Л.Сыг зодсоны улмаас биед нь баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад язрал, зүүн гарын дунд, ядам, чигчий хуруунд зулгаралт, баруун шуунд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Б.П, Л.С нар  бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны гадаа иргэн Д.Эг зодсоны улмаас хуйх, завжинд шарх, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, дух баруун сарвуунд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Ганбаяр нилээн согтуу байсан болохоор яг үнэндээ зодоонд оролцоогүй. Би Л.Сын биед хөнгөн гэмтэл учруулснаа зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ асуудлыг эхлүүлсэн Ганбаярыг шалгуулмаар байна. Миний хувьд Эгийн биед хөнгөн гэмтэл учруулснаа зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой би нөхөр Сыг хүлээнгээ байрныхаа гадаа нохойгоо салхилуулаад байж байтал согтуу хоёр эрэгтэй хүн намайг элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь би зайлаач ээ гэсэн чинь Э миний хацар руу алгадсан. Тэгэхэд манай нөхөр ирээд Этэй барилцаж авахад Ганбаяр, Э хоёр манай нөхөр Сыг дороо хийгээд Э дээр нь суугаад цохиод байхаар нь би нөхрийгөө хамгаалах гээд чулуу аваад Эгийн толгойг  цохичихсон гэв.

Хохирогчоор Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Надад Саас нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал байхгүй гэв.

Хохирогч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт: Эгээс нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Л.С мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 23 цагийн үед ажлаасаа тараад гэр рүүгээ харих гээд дөхөж явтал эхнэр Паас дуудлага ирсэн. Надад хэлэхдээ хоёр хүн намайг цохиод хэл амаар доромжлоод байна хурдлаарай гэж хэлсэн. Тэгээд орцныхоо гадаа гүйгээд очиход хоёр үл таних залуу манай эхнэрийг татаж чангааж зууралдаад манай эхнэрийг орилуулаад зогсож байсан. Тэгээд би шууд дундуур нь болиоч гээд гүйгээд очиход Э миний шүд рүү цохиод авсан. Тэгээд цохилцоод тэр хоёр залуу намайг газар унагаасан. Тэгтэл манай хүн намайг зодуулахыг хараад сандарч очоод нөгөө том биетэй залуугийн толгой руу газраас нэг юм аваад цохисон байсан. Э дээд уруул руу гараа атгаж байгаад хүчтэй цохиж уруул язалж шүд хугалсан, бас миний  хоёр гарыг нь самардаж цохиж зодсон...Ганбаяр миний нүүр ам руу бол цохиж зодож гэмтэл учруулаагүй. Ганбаяр нь бас маш их согтуу байсан. Эд цохиулж гэмтэл авсандаа гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

 

Хохирогч Д.Э мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 22 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны гадна машин дотор найз Ганбаяртай хамт нэг шил 0,75 л архи хувааж уусан. Тэгээд 23 цагийн үед машинаас буугаад Ганбаярыг хүргэж өгөх гээд 42 дугаар байрны хажуугаар өнгөрч явахад 7 дугаар орцны хажууд нэг эмэгтэй байж байхаар нь Ганбаяр хаашаа явах гэж байгаа юм гэсэн байх. Ямар ч байсан нэг юм яриад байсан тэгсэн нөгөө эмэгтэй нь маргаан хийгээд зайлаач гэсэн тэгэхээр нь би Ганбаярыг явъя гээд өөр рүүгээ татаад нөгөө эмэгтэйг орилж хашгираад байхаар нь зайлаач гээд түлхчихсэн юм. Тэгтэл эмэгтэйн нөхөр нь байрны булан тойрч хүрч ирээд миний зүүн нүд рүү цохиод авсан би хөөе нүд цохичихлоо гээд нөхөртэй нь барьцалдаж аваад буцаагаад цохисон. Ганбаяр нөгөө эмэгтэйгийн нөхөр бид гурав зууралдаж байгаад газар унасан чинь нөгөө эмэгтэй миний толгой руу тоосгоор цохисон. Миний биед учирсан дээд, доод зовхины цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцралыг С учруулж, хуйх дагзны зөөлөн эдийн няцрал гэмтлийг П учруулсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 31/

 

Гэрч Б.Ганбаяр мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой намайг Э дуудаад бид хоёр машин дотор 0,75 л архи уусан. Тэгээд шөнө машинаас буугаад Этэй явж байтал өмнө нь харж байсан юм шиг эмэгтэй хүн сууж байхаар нь очоод юм ярьсан байх. Нөгөө эмэгтэй Этэй маргалдаад түлхээд байх шиг л байсан. Би согтуу байсан. Би тэнд маргалдаж байсан хүмүүсийг салгах гэж оролдоод л байх шиг байсан. Би болсон асуудлыг санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/

 

Гэрчээр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч ажилтай М.Буянхишиг мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө 23 цагийн үед ...Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны баруун талд  эмэгтэй хүнийг зодоод байна гэсэн дуудлага орж ирээд дуудлагын дагуу очиход хүмүүс байгаагүй.  Дуудлага өгсөн утас руу нь дахин залгасан чинь 42 дугаар байрыг тойроод төмөр замын цагдаагийн хэлтсийн гадаа байна гэсэн. Яваад очтол төмөр замын цагдаагийн хэлтсийн гадна сандал дээр хоёр эрэгтэй хүн суучихсан, том биетэй залуугийн толгойноос цус гарчихсан толгойгоо дарчихсан сууж байсан.  Тэдний өөдөөс хараад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хараад зогсож байсан. Тэд бүгд хоорондоо өргөдөл гомдолтой гэж байсан. Тухайн үед ярьж байхыг нь сонсоход иргэн Пыг ганцаараа байж байхад нь хоёр согтуу эрэгтэй хүн өдөж хоргоож мөнгө өгье явчих гэж хэл амаар доромжилсон үүнээс болж маргаан зодоон болсон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/

 

Яллагдагчаар Л.С мөрдөн байцаалтанд: “Манай эхнэр Пыг гэрийнхээ гадна нохойгоо салхилуулаад намайг ирэхийг хүлээгээд байж байхад нь Э, Ганбат хоёр согтуугаар манай эхнэрийг өдөж хоргоож манай эхнэрийг айлгаж бас алгадсан байсан. Тэрнээс болж би Эгийн зүүн нүдэнд үүссэн гэмтэл, завжинд үүссэн шарх гэмтлийг учруулсан” гэсэн мэдүүлэг,  /хх-ийн 75/

 

Яллагдагчаар Д.Э мөрдөн байцаалтанд: “Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор П, С нартай маргалдаж Ст гэмтэл учруулсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж зодолдсондоо гэмшиж байна. П, С нартай эвлэрэхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 85/

 

Яллагдагчаар Б.П мөрдөн байцаалтанд: “Намайг орцныхоо үүдэнд нохойгоо салхилуулаад нөхрөө хүлээгээд сууж байхад Э найзынхаа хамт согтуу явж байгаад над руу ирж яриа өдөхийг оролдоод байсан. Тэгэхээр нь зайлаач гэтэл Э миний хацар руу алгадсан. Тэгээд манай нөхрийг ирэхэд манай нөхрийг доороо оруулж байгаад зодоод байхаар нь би сандраад нөхрөө өмөөрөөд гартаа тааралдсан юмаар Эгийн толгой руу цохисон. Э эхэлж харанхуй шөнө согтуугаар над руу яриа өдөж бас хэл амаар доромжлоогүй байсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй л байх байсан шүү дээ. Том биетэй согтуу хүн нөхрийг нь доороо хийгээд цохиод байхаар хэн ч л нөхрийгөө өмөөрнө. Э намайг эхэлж алгадчихаад манай нөхрийг ирсэн чинь манай нөхрийг бас цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13608 дугаартай дүгнэлтэнд “Б.Пын биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэжээ /хх-ийн 54/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13609 дугаартай дүгнэлтэнд “Л.Сын биед баруун дээд 1-р шүдний эмтрэлт, зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад язрал, зүүн гарын дунд ядам, чигчий хуруунд зулгаралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ.  /хх-ийн 55/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13632 дугаартай дүгнэлтэнд: “Д.Эгийн биед хуйх, завьжинд шарх, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал шарх, дух, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 57/

 

Шинжээч эмч Б.Наранбямба мөрдөн байцаалтанд: “Д.Эгийн биед учирсан гэмтлээс зовхины няцрал шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуйханд шарх, дагзны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Д.Эгийн ял шалгах хуудас /хх-ийн 87/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89/,  Л.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76/, ял шалгах хуудас /хх-ийн 79/,   Б.Пын ял шалгах хуудас /хх-ийн 99/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 100/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын  гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны гадаа Б.П нөхөр Л.Сыг хүлээнгээ нохойгоо салхилуулж байхад нь Б.Ганбаяр согтуугаар Б.Пд хандаж зохисгүй үг хэлсний улмаас маргалдаж Б.П зайлаач гэж хэлэхэд Б.Ганбаярын найз Д.Э Б.Пын хацар руу алгадсан. Энэ үед түүний нөхөр Л.С ирж Д.Эгийн зүүн нүд рүү гараараа цохиход Д.Э  нь Л.Сын нүүрэн тус газарт гараараа цохиж харилцан зодолдож Д.Э, Л.С, Б.Ганбаяр нар  хоорондоо зууралдан газарт унахад Б.П тоосгоор Д.Эгийн толгой руу цохисон хэргийн үйл баримт авагджээ.

 

Эдгээр байдал нь Б.Пын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн”...намайг орцныхоо үүдэнд нохойгоо салхилуулаад нөхрөө хүлээгээд сууж байхад Э найзынхаа хамт согтуу явж байгаад над руу ирж яриа өдөхийг оролдоод байсан. Тэгэхээр нь зайлаач гэтэл Э миний хацар руу алгадсан. Тэгээд манай нөхрийг ирэхэд доороо оруулж байгаад зодоод байхаар нь би сандраад нөхрөө өмөөрөөд гартаа тааралдсан юмаар Эгийн толгой руу цохисон...” /хх-ийн 95/,  хохирогч Л.Сын”...харих гээд дөхөж явтал эхнэр Паас дуудлага ирсэн. Надад хэлэхдээ хоёр хүн намайг цохиод хэл амаар доромжлоод байна хурдлаарай гэж хэлсэн. Тэгээд орцныхоо гадаа гүйгээд очиход хоёр үл таних залуу манай эхнэрийг татаж чангааж зууралдаад манай эхнэрийг орилуулаад зогсож байсан. Тэгээд би шууд дундуур нь болиоч гээд гүйгээд очиход Э миний шүд рүү цохиод авсан. Тэгээд цохилцоод тэр хоёр залуу намайг газар унагаасан. Тэгтэл манай хүн намайг зодуулахыг хараад сандарч очоод нөгөө том биетэй залуугийн толгой руу газраас нэг юм аваад цохисон байсан. Э миний дээд уруул руу гараа атгаж байгаад хүчтэй цохиж уруул язалж шүд хугалсан, бас миний  хоёр гарыг нь самардаж цохиж зодсон...” /хх-ийн 26/, хохирогч Д.Эгийн”...23 цагийн үед машинаас буугаад Ганбаярыг хүргэж өгөх гээд 42 дугаар байрны хажуугаар өнгөрч явахад 7 дугаар орцны хажууд нэг эмэгтэй байж байхаар нь Ганбаяр хаашаа явах гэж байгаа юм гэсэн байх. Ямар ч байсан нэг юм яриад байсан тэгсэн нөгөө эмэгтэй нь маргаан хийгээд зайлаач гэсэн тэгэхээр нь би Ганбаярыг явъя гээд өөр рүүгээ татаад нөгөө эмэгтэйг орилж хашгираад байхаар нь зайлаач гээд түлхчихсэн юм. Тэгтэл эмэгтэйн нөхөр нь байрны булан тойрч хүрч ирээд миний зүүн нүд рүү цохиод авсан би хөөе нүд цохичихлоо гээд нөхөртэй нь барьцалдаж аваад буцаагаад цохисон. Ганбаяр нөгөө эмэгтэйгийн нөхөр бид гурав зууралдаж байгаад газар унасан чинь нөгөө эмэгтэй миний толгой руу тоосгоор цохисон...” /хх-ийн 31/, гэрч Б.Ганбаярын “...шөнө машинаас буугаад Этэй явж байтал өмнө нь харж байсан юм шиг эмэгтэй хүн сууж байхаар нь очоод юм ярьсан байх. Нөгөө эмэгтэй Этэй маргалдаад түлхээд байх шиг л байсан...” /хх-ийн 34/, гэрчээр эргүүлийн цагдаа жолооч ажилтай М.Буянхишигийн “...эмэгтэй хүнийг зодоод байна гэсэн дуудлага орж ирээд дуудлагын дагуу очиход...том биетэй залуугийн толгойноос цус гарчихсан толгойгоо дарчихсан сууж байсан...тухайн үед ярьж байхыг нь сонсоход иргэн Пыг ганцаараа байж байхад нь хоёр согтуу эрэгтэй хүн өдөж хоргоож мөнгө өгье явчих гэж хэл амаар доромжилсон үүнээс болж маргаан зодоон болсон гэж ярьж байсан” /хх-ийн 42/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

 

Шинжээчийн 13608 дугаартай дүгнэлтээр”...Б.Пын биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 54/, шинжээчийн 13609 дугаартай дүгнэлтээр “Л.Сын биед баруун дээд 1-р шүдний эмтрэлт, зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад язрал, зүүн гарын дунд ядам, чигчий хуруунд зулгаралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  /хх-ийн 55/,  шинжээчийн 13632 дугаартай дүгнэлтээр” Д.Эгийн биед хуйх, завьжинд шарх, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, дух, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”/хх-ийн 57/ гэж тус тус дүгнэлт гаргаж,  шинжээч эмч Б.Наранбямба мөрдөн байцаалтанд “Д.Эгийн биед учирсан гэмтлээс зовхины няцрал шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хуйх, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж мэдүүлжээ. 

    

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Л.С нь Д.Эгийн биед зовхины няцрал шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан, Д.Э нь Л.Сын биед баруун дээд 1-р шүдний эмтрэлт, зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад язрал, зүүн гарын дунд ядам, чигчий хуруунд зулгаралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.

Л.С, Д.Э нарын дээрхи тус тусын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдох үйлдэл байх бөгөөд тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Харин Д.Эгийн биед хуйханд шарх, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг Л.Сын эхнэр Б.П тоосгоор цохисны улмаас учирчээ.

Б.П, Л.С нар эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн гэрлэлтийн баталгаагаар нотлогдож байх бөгөөд хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд Д.Э, Л.С, Б.Ганбаяр нар зууралдаж газарт Л.С доор нь унахад хүчний болон биеийн харьцаа тэнцвэргүй байдлаас нөхрөө хамгаалахын тулд Б.П газраас тоосго авч шидэж Д.Эгийн толгойг оносон байна.

 

Б.Пын дээрхи үйлдэл нь хууль бус халдлагаас нөхрөө хамгаалах аргагүй хамгаалалтын явцад  Д.Эгийн эрүүл мэндэд хуйханд шарх, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хохирол учруулсан боловч бодит байдлаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Б.Пын энэ үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрийн ойр дотны буюу нөхрийнхөө амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн бусдын хууль бус довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан хуулийн заалтад нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Нэгтгэн дүгнэвэл Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.П, Л.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Б.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Л.Ст холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэв.

 

Шүүхээс, шүүгдэгч Д.Эг Л.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Сыг Д.Эгийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

Д.Э, Л.С нар харилцан хохирогч, шүүгдэгч байх бөгөөд тэдгээр нь бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлснийг үндэслэн бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Э, Л.С нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт  тус тус гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан, Л.С хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарна.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзаж тэдгээрт торгуулийн ялыг ялгамжтай  оногдуулж шүүх шийдвэрлэлээ.