| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00395/И |
| Дугаар | 140/ШШ2016/00431 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 140/ШШ2016/00431
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би ******* ХХК-ны нэхэмжлэлтэй О.*******ид холбогдох 12.337.767 /арван хоёр сая гурван зуун гучин долоон мянга долоон зуун жаран долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* нь манай компанитай 2015 оны 08-р сарын 13-ны өдөр №03.04-61 тоот борлуулагчийн гэрээ, 2015 оны 08-р сарын 13-ны өдөр 03-04/62 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулан ажиллаж байсан юм. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар иргэн С.*******ийн нэр дээр бүртгэлтэй Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод байрлах 775 м.кв бүхий газрыг барьцаанд тавьсан юм. Иргэн О.******* нь гэрээгээр хүлээсэн үүргүүдийг мөрдөж ажиллаагүйн улмаас 2016оны 05-р сарын 19-ний өдрийн байдлаар 14.649.973 төгрөгийн өр дутагдал гарсан ба тэрээр уг өрийг хүлээн зөвшөөрч барагдуулахаар тохиролцсон юм. Уг тохиролцооны дагуу цалингаасаа хасалт хийлгүүлж О.******* нь 2016 оны 08-р сарын 25-ны байдлаар 12.337.767 төгрөгийн өр төлбөртэй байгааг хүлээн зөвшөөрч тус өрийг 2016 оны 09-р сард бүрэн төлөхөөр тохиролцож өргөдөл бичиж өгснийг бид хүлээн авч олон удаа боломж олгосон юм. Гэвч 2016 оны 09-р сарын 30-ны байдлаар 12.337.767 төгрөгийн өртэй байна. О.*******тай байгуулсан барьцааны гэрээний 8-р зүйлд барьцаалуулагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй улмаас байгууллагад хохирол учруулсан бол барьцааны зүйлийг үл маргах журмаар тус байгууллагад шилжүүлэхээр тохиролцсон билээ.
Иймд О.*******аас 12.337.767 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрт Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод байрлах 775 м.кв бүхий газрыг худалдан борлуулж хохирол барагдуулах талаар тусгаж өгнө үү гэжээ.
Улмаар талууд 2016 оны 11-р сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Эвлэрлийн гэрээнд:
1. Нэхэмжлэгч нь 12.337.767 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 1.637.767 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, хариуцагчаас 10.700.000 төгрөгийг гаргуулахыг зөвшөөрч байна.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 10.700.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна.
3. Талууд барьцааны зүйл болох Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод байрлах 775 м.кв бүхий /улсын бүртгэлийн дугаар-Г-*******, гэрчилгээний дугаар-№*******/ газрыг худалдан борлуулах тухай шүүгчийн захирамжинд тусгахыг зөвшөөрөв.
4. Тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулахыг хариуцагч зөвшөөрөв гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь О.*******аас 12.337.767 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 10.700.000 төгрөгөөр тогтон эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож 10.700.000 төгрөг өгч авахаар эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 212.235 төгрөг төлснөөс 93075 төгрөгийг улсын орлого болгож, улсын төсвийн сан буюу 090000941 тоот данснаас 119160 төгрөг, хариуцагч Б.*******аас 93075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ