Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 153

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч С.Цэрэндорж

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа

гэрч С.Эрдэнэбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Эд холбогдох эрүүгийн 1905034751345 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

А.Э нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Төгс дардас” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөний дараа буюу 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 01/12 дугаартай “Манай байгууллага 2019 оны нөөц татан авалтандаа буруу тооцоолсны улмаас танай байгууллагын эхний улирлын захиалгыг хангахад чирэгдэл учруулахаас сэргийлж дараах байгууллагыг санал болгож байна”, 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 1901/12 дугаартай “манай байгууллагын санал болгож буй “Дрийм Алианс” ХХК-ны принтерийн хор нь чанарын баталгаа болох ISO 9001, ISO14001 стандартын хор нийлүүлдэг бөгөөд бүх төрлийн хэвлэгч, хувилагчийн засвар үйлчилгээг үзүүлдэг. Уг байгууллагын барааны тохирлын гэрчилгээг хавсаргав” гэсэн эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Би “Төгс дардас” ХХК-ны гүйцэтгэх захиралын албан тушаалаас 2019 оны 01 дүгээр сарын 08-нд чөлөөлөгдсөн. Би Голомт банк руу явуулах албан бичгийг 2018 оны 12 дугаар сард биччихсэн байсан бөгөөд ажлаас гарсан өдрөөр буюу 01 дүгээр сарын 08-ны өдрөөр огноолж явуулсан. Тэгэхээр би өөрийгөө 2019 оны 01 дүгээр сарын 08-нд ажлаа хийж байсан гэж ойлгож байгаа. “Дрийм Алианс” ХХК-ийг Голомт банкинд санал болгох надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй. Голомт банк, Төгс дардас ХХК хоорондын принтерийн хор нийлүүлэх гэрээ дуусгавар болсон. Би гэм буруу дээр маргаж байна гэв.

Гэрч С.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2014 оноос “Төгс дардас” ХХК-д Этай хамт ажилласан. Намайг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  “Төгс дардас” ХХК-ны гүйцэтгэх захиралын албан тушаалд томилогдож тушаалаа гардаж авсан. “Дрийм Алианс” ХХК-ийн захирал Баттүшиг манай “Төгс дардас” ХХК-д 2013-2019 он хүртэл ажиллаж байсан. Дрийм Алианс ХХК нь манай “Төгс дардас” ХХК-тай ижил принтерийн хор нийлүүлдэг компани юм. Манай Төгс дардас ХХК-д Голомт банкинд нийлүүлэхээр бэлтгэсэн 1000 гаруй хорны нөөц байсан. А.Эын Голомт банк руу явуулсан 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 01/12 дугаартай “Манай байгууллага 2019 оны нөөц татан авалтандаа буруу тооцоолсны улмаас танай байгууллагын эхний улирлын захиалгыг хангахад чирэгдэл учруулахаас сэргийлж дараах байгууллагыг санал болгож байна” гэсэн үйлдлээс шалтгаалж манай Төгс дардас ХХК-д 160.000.000 төгрөгийн хохирол учирч байгууллагын орлогын тасалдал, санхүүгийн доголдол үүсч барааны нөөц ихэссэн гэв.

Хавтаст хэргээс

Хохирогч Б.Долгион мөрдөн байцаалтанд: “Адъяадорж овогтой Э нь анх 2014 оноос “Төгс дардас” ХХК-нд борлуулалтын менежерээр ажиллаж эхэлсэн...тогтвортой идэвхи зүтгэлтэй 4 жил гаруй ажилсан тул “Төгс дардас” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр 2018 оны 04 сарын 13-ны өдөр тус компаний гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллах болсон. Түүнээс хойш А.Э нь гүйцэтгэх захирлын ажлыг хэвийн гүйцэтгэж байгаад 2018 оны 12 сарын 26-ны өдөр өөрийн сайн дураар хүсэлтээрээ ажлаас гарах өргөдөл гаргасан түүнийх нь дагуу 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор А.Эыг мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Түүнийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2019 оны 8 сард одоо гомдол гаргаад байгаа асуудлын талаар мэдсэн юм. Манай удаан хугацаанд харилцан худалдан авагч болох Голомт банк нь сүүлийн 6 сарын хугацаанд манайхаас худалдан авалт хийгээгүй юм. Уг нь 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Голомт банк болон Төгс дардас ХХК-ийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд худалдан авагчийн шаардлагыг хангах бараа бүтээгдэхүүнийг худалдах талаас нийлүүлэх, уг  гэрээ нь 1 жилийн хугацаатай гэрээний хугацаа дуусахаас өмнө 1 сарын өмнө талууд өөрөөр тохиролцоогүй бол гэрээг анх байгуулсан хугацаагаар 1 жилийн хугацаагаар тооцож явна гэж уг гэрээний хавсралтад заасан, үнийн дүнгээр уг барааг тогтмол нийлүүлж байх зэрэг асуудлыг тусгасан байдаг. Иймээс бид дээрх гэрээний дагуу Голомт банк руу холбогдож яагаад принтерийн хор бичгийн цаас худалдан авахгүй байгаа талаар тодруулсан. Би өөрөө 2019 оны 8 сарын 10-ны өдөр Голомт банкны үйл ажиллагаа хариуцсан захиралтай холбогдон ярихад холбогдох хүмүүсээсээ тодруулаад эргэж ярьсан. Ингэхдээ 2019 оны 01 сарын 08, 09-ний өдрүүдэд танай компани манайд принтерийн хор нийлүүлэх боломжгүй нөөцгүй гээд “Дрийм Алианс” ХХК-ийг санал болгон албан бичиг ирүүлсэн байна. Түүний дагуу уг компанитай харилцан худалдан авалт хийгээд явж байгаа гэсэн хариуг өгсөн. Ингэж л А.Э нь компанийн албан бланк, тамга тэмдэгийг ашиглан Голомт банкинд Дрийм Алианс ХХК-ийг санал болгосон талаар мэдсэн. 2019 оны 01 сарын 08, 09-ний өдрүүдэд А.Э нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн байсан. Өөрөөр хэлбэл Төгс дардас ХХК-ийг төлөөлөх эрхгүй байсан байхдаа уг албан бичгийг хийж Голомт банк руу явуулсан байсан. А.Э нь өөрөө ингэж 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш ажиллах болсон Дрийм Алианс ХХК-ийг Голомт банкны бараа нийлүүлэгч болгосон. Үүнээс болж манай Төгс дардас ХХК принтерийн хорны томоохон худалдан авагч болох Голомт банкны харилцагч биш болсон. А.Эын луйврын шинжтэй энэ үйлдлийг 2019 оны 8  сард мэдэж гомдол гаргасан. Манайд зөвхөн Голомт банкинд нийлүүлдэг, зөвхөн тэднийх ашигладаг принтерийн хорнууд одоог хүртэл хадгалагдсаар байна. А.Эын дээрх үйлдлээс болж манай компанийн борлуулж олох ёстой 58 сая төгрөгийн бараа зарагдаагүй. Үүнээс олох байсан орлогоороо хохироод байна. А.Эын үйлдсэн гэмт хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 49/

 

Гэрч Б.Энхтуяа мөрдөн байцаалтанд: “Манай компани өөрөө принтерийн хороо импортоор оруулж ирдэг. Гэрээт худалдан авагчийнхаа захиалгын дагуу принтерийн хор нийлүүлж чадахгүй нөөцгүй болж байсан тохиолдол байхгүй. Принтерийн хорны маркууд өөр өөр байдаг. 2019 оны 01-р сард Голомт банкинд нийлүүлэхээр бэлтгэн импортоор оруулж ирсэн болон угсарсан байсан хорнууд одоо болтол манайд үлдэгдэл чигээрээ байгаа. Учир нь банкны хэрэглэдэг зарим принтерийн хорыг өөр байгууллагууд хэрэглээд байдаггүй юм. Зарим нийтлэг хэрэглэгддэг принтерийн хорнууд ч байдаг. 2018 оны 12-р сард А.Э ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн.  Тухайн сарыг дуусгаад ажлаа тасалбар болгоно гэж байсан учир харилцагч байгууллагуудтай хийх тооцоог тулж эхэлсэн. Мөн өөр дээр байдаг нөүтбүүк, ширээ сандал зэрэг А.Э дээр бүртгэлтэй үндсэн хөрөнгийг хүлээн авсан.  Бас “Төгс дардас” ХХК-ийн тамга, гэрчилгээ бичиг баримт зэргийг 2019 оны 01-р сарын 02-ны өдөр хүлээн авсан. Дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарахад бүх зүйлийг хүлээн авсан байсан. 2019 он гараад А.Э ажил дээр ирэхгүй болсон. Түүний цалин, нийгмийн даатгал нь ч гэсэн 2018 оны 12-р сараар тасалбар болсон. Харин 2018 оны 12-р сарын цалингийн сүүлч мөнгө 2019 оны 01-р сарын эхээр буусан. Төгс дардас ХХК-ны тамга, албан бланк нь А.Э дээр байдаг байсан. Над дээр санхүүгийн тамга, санхүүтэй холбоотой бичиг баримтууд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54/

 

Гэрч Б.Дэлгэрзаяа мөрдөн байцаалтанд “...Намайг 2018 оны 03-р сард Голомт банкинд ажилд орох үед л манай банк “Төгс дардас” ХХК-иас принтерийн хор захиалж авдаг байсан. Өмнө нь хамтран ажиллахаар гэрээ байгуулагдсан байсан. Намайг ажилд орход “Төгс дардас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э харилцдаг байсан.  Би мөн үргэлжлүүлээд тэр хүнтэй харилцаж байсан. Түүнтэй утсаар ярьж хэлэхээс гадна, заавал Enkhsaruul.mastertoner гэсэн и-мэйл хаягаар захиалга явуулдаг байсан. Учир нь нягтлан бодогч дээр тооцоо хийхдээ захиалга өгсөн и-мэйлтэйгээ нэхэмжлэхийг нь өгдөг юм. 2018 оны 4-р улирлын захиалгыг тус оны 10-р сардаа “Төгс дардас” ХХК руу явуулах гэж байтал гүйцэтгэх захирал Э нь надтай холбогдож яриад “танайх захиалгаа хэзээ өгөхөөр байна вэ, манай компанийн принтерийн хорны нөөц танай банкийг хангаж чадахааргүй байна, манай принтерийн хорны нөөц багассан байгаа, нөөцөө буруу тооцоолсон байна” гэсэн. Тэр талаар нь би ахлах менежер О.Очирсүхэд хэлсэн чинь тэр “дуудчих, уулзая” гэсэн. Бидний зүгээс шинэ компанитай харилцах сонирхолгүй байсан бөгөөд ямар нэгэн байдлаар тасалдал үүсгэх ёсгүй юм.  Тэгээд дуудахад  Э нь инженер Баттүшиг гэдэг хүнтэйгээ хамт ирсэн. Тэдэнтэй Очирсүх бид хоёр уулзаад “яагаад танайх нөөцгүй болчихов, бид  тасалдал үүсгэмээргүй байна, танайхтай байгуулсан гэрээнд тасалдал үүсгэхгүй, хугацаандаа, чанартай принтерийн хор нийлүүлэх талаар заасан байгаа” гэдгийг нь хэлсэн. Тэгэхэд Э “манай компани нөөцөө буруу тооцоолоод принтерийн хорооны татан авалтаа дутуу хийсэн. Тиймээс өөр компанийг санал болгоё. Манай инженер техник, хүргэлтийн ажилтнууд бүгд “Дрийм Алианс” ХХК-нд шилжин орж ажиллаж байгаа, тэгээд уг компанийг принтерийн хор нь манайхтай ижил чанартай, үнэ нь ч яг адилхан. Би өөрөө ч гэсэн энэ компанийн зөвлөхөөр ажлаад явж байгаа. Тиймээс танайх цаашид “Дрийм Алианс” ХХК-иас худалдан авалт хийж байгаач гэсэн. Тэгээд мөн өөрийн харилцах шинэ и-мэйл хаягаа өгсөн.  Тэгэхэд нь манай ерөнхий менежер О.Очирсүх Эд “тэгвэл танайх албан бичиг өг” гэж хэлсэн.  Бидний зүгээс харилцагчаа солих сонирхолгүй байсан боловч өмнө нь харилцаж байсан Э нь өөрөө манай бүх ажилтнууд шинэ компанид орсон, яг хуучин үнээрээ чанарыг шаардлагатай ханасан принтерийн хороо нийлүүлээд явна гэж хэлсэн. Бидний хувьд хуучин харилцдаг хүнтэй харьцаж, захиалгаа өгөөд тасалдаг үүсгэхгүй явбал найдартай баталгаатай гэж үзсэн. Гэхдээ эхний ээлжид туршилтын журмаар принтерийн хор авахаар болсон. Ингээд 2018 оны 10-р сард “Дрийн Алиас” ХХК-иас худалдан авалт хийсэн.  Тэднийхээс нийлүүлсэн хорны талаар бусад салбаруудаас ямар нэгэн санал хүсэлт ирүүлээгүй юм. Ингээд 2019 оны 01-р сард “Төгс дардас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Эын гарын үсэг албан бичгүүд манай банкинд ирсэн. Тэр бичигт манайх принтерийн хор нийлүүлэх боломжгүй, цаашид “Дрийм Алианс” ХХК-ийг санал болгож байна гэсэн байсан. Тухайн улиралд “Дрийм Алианс” ХХК-иас худалдан авалт хийсэн. Дараа нь 2019 оны 2-р улиралд худалдан авалт хийсэн. 2019 оны 06-р сарын 07-ны өдөр “Дрийм Алианс” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг албан ёсоор байгуулаад ажиллаж байна” гэсэн мэдүүлэг” /1хх-ийн 62-63/

 

Гэрч С.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтанд: “Би А.Э, Г.Баттүшиг нарыг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Дээрх хоёр хүн “Төгс дардас” ХХК-нд намайг орохоос өмнө ажиллаж байсан. Бид ажил хэргийн холбоотой байсан хүмүүс бөгөөд 4 жил хамт ажилласан болохоор тодорхой хэмжээгээр биесээ мэднэ. Нэг ажпын найз нөхдийн холбоотой байсан. Харин одоо бол харилцаа холбоо байхгүй. Г.Баттүшиг нь 2018 оны 12 дугаар сараас ажлаасаа чөлөөлөгдөх тушаал нь гарсан. Г.Баттүшиг албан ёсоор ажлаас гарах хүсэл өргөдөл өгөөгүй, ерөөсөө ажилдаа ирэхгүй сар орчим болсон. Тухай үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. А.Эдаа бол “ажлаасаа гарлаа, өөрийн компаниа ажлуулаад явна” гэдгээ хэлсэн байдаг. Надад ч мөн тэгж хэлж байсан. Харин А.Э 2018 оны 12 дугаар сард ажлаас гарах хүсэлтээ өгөөд 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс чөлөөлөгдсөн юм. Гэхдээ түүнээс өмнө ажилдаа ирэхгүй болсон байсан. Харилцагч нартай хийх тооцоогоо нягтлан бодогч Б.Энхтуяатай нийлсэн байсан. Хэрэглэж байсан компанийн хөрөнгийг мөн нягтлан бодогчид хүлээлгэн өгсөн байсан. Харин өөрийнхөө хэрэглэж байсан нөүтбүүк, доторхи файлууд, байгууллагын харилцагчдын жагсаалт зэргийг зааж, хэлээд өгч байсан. Компанийн тамга нягтлан дээр байсан. Харин А.Эын сууж байсан ширээний нүдэнд компанийн албан бланкууд байсныг авсан. Тухайн үедээ тоолж, тэмдэглэл үйлдсэн зүйл байхгүй. А.Э нь “Төгс дардас” ХХК-ийн тамга бүхий албан бланк өөртөө авч үлдсэн асуудлыг талаар мэдээгүй байгаад 2019 оны 01 дүгээр сарын дундуур Голомт банкны ажилтан Дэлгэрзаяатай холбогдож “танайх манайхаас принтерийн хор авдаг байсан, цаашид манайх хамтран ажиллах хүсэлтэй байгаа” гэхэд тэр “эргээд хариу өгье” гэж хэлээд таг болсон. Тэгээд 2019 оны 3 дугаар сард дахин холбогдож “танай Голомт банкинд нийлүүлэх хорны нөөц байна, танайх захиалга өгөх үү” гэхэд “удахгүй, захиалгаа нэгтгээд явуулна” гэсэн хариуг өгсөн. Дараагийн 7 хоногт нь холбогдоод асуухад над руу “и мэйл явуулсан” гэсэн. Харин надад И-мэйл ирээгүй байсан. Тэгээд дахин лавлан асуухад “Эын и мэйл рүү явуулсан шүү дээ” гэж хэлсэн. Гэтэл түүний хувийн и- мэйл хаяг руу захиалга явуулсан болж таарсан. Тэр Дэлгэрзаяа гэдэг хүн А.Эыг манай компаниас гарсан гэдгийг мэдсэн байсан. Тэгээд сүүлдээ “манай банк өөр компанитай харилцахаар болсон, принтерийн хорныхоо татан авалтын захилгаа явуулсан” гэсэн. Тэгээд л Голомт банкыг манайхаас өөр газартай харилцах болсон юм байна гэж бодсон. Дараа нь 2019 оны 06-р сард Голомт банктай дахин холбогдоод “манайд танай байгууллагад зориулан үйлдвэрлэсэн принтерийн хорны үлдэгдэл их байна, өмнө нь өгдөг байсан үнээ хямдруулаад шинэ санал хүргүүлье, хэзээ явуулах вэ гэж асуухад Дэлгэрзаяа “манайх 6 сарын сүүл юм уу 7-р сарын эхээр татан авалт хийнэ, тэр үед ярьж байгаад болъё” гэсэн. Түүнээс хойш дахин холбогдон ярьж албан бичиг явуулах уу гэхэд Дэлгэрзаяа “би эргээд хариу өгье” гээд таг болчихсон. Ингээд хэсэг хугацаанд утсаа авахгүй байж байгаад “манайх өмнөх газраасаа татан авалтаа хийсэн” гэсэн хариуг өгсөн. Намайг “танай тэр газартайгаа гэрээ байгуулсан юм уу” гэхэд тэр “ үгүй, туршилтын журмаар бараа авч байгаа” гэсэн. Ингээд манай толгой компанийн гүйцэтгэх захирал Долгион Голомт банкны холбогдох албан тушаалтнуудтай уулзаад А.Эыг “Төгс дардас” ХХК-иас гарсан хойноо компанийн тамгатай бланк ашиглан Голомт банк руу барааны үлдэгдэл нөөцгүй болсон гэсэн утгатай бичгүүд явуулсан болохыг мэдсэн юм. Голомт банкныхан ч гэсэн “танайхаас ийм бичиг ирсэн, тиймээс бид харилцагчаа өөрчилсөн” гэж мэдэгдсэн байсан. Ерөөсөө А.Э ажлаас гарахдаа компанийн тамгатай бланк хулгайлж авч явсан. Түүнийг ашиглан “Төгс дардас” ХХК-ийг төлөөлөх эрхгүй болсон үедээ хуурамч бичиг баримт үйлдсэн байгаа юм . Манай компанитай 4 жилийн турш харьцсан томоохон харилцагч болох Голомт банканд санаатайгаар худал мэдээллийг компаниас хулгайлан авсан тамгатай бланкыг ашиглан өгч, өөрийн хамаарал бүхий компанитай хамтран ажиллах саналыг өгсөн байсан. Өөрөөр хэлбэл Г.Баттүшигийн “Дрийм Алианс” ХХК-ийн санал болгосон. Түүгээр ч зогсохгүй Голомт банкны худалдан авалт хариуцсан Дэлгэрзаяа, Очирсүх гэдэг хүмүүстэй биеэрээ очиж уулзаж “Төгс дардаст ажиллаж байсан багийнхан маань одоо Дрийм Алианс ХХК- нд шилжин очсон, засвар үйлчилгээ, инженерийн багийн хувьд хамтран ажиллах боломжтой, танайд хор нийлүүлье” гэсэн танилцуулга хийсэн байсан. Голомт банкныхан ч гэсэн хэдэн жил харилцсан А.Эд итгээд саналыг нь хүлээн авсан гэж байсан. Тэгээд саналыг баталгаажуулах үүднээс албан бичиг хүсэхэд А.Э нь дээрх хуурамч бичгүүдээ аваачиж өгсөн юм шиг байна лээ. Тэр бичгүүдийг нь бид хувилан авч гомдолдоо хавсаргасан байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56/

 

Гэрч Э.Эринбилэг мөрдөн байцаалтанд: “Би 2014 оны 9-р сарын 15-нд “Саммит компьютер технологи” ХХК-нд захирлын туслахаар ажилд орсон. Түүнээс хойш 1 жилийн дараа хүний нөөцийн менежерээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг анх ажилд ороход л “Төгс дардас” ХХК нь “Саммит компьютер технологи” ХХК-ийн охин компани байсан. Тус компанийн хувьцаа эзэмшигч нь “Саммит компьютер технологи” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганбат бөгөөд би өөрийн үндсэн ажлын хажуугаар “Төгс дардас” ХХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажилладаг. “Төгс дардас” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс гүйцэтгэх захирлыг чөлөөлж, томилох шийдвэрийг гаргах хурлын тэмдэглэлийг үйлдэж, хурлын шийдвэрийн дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг бичдэг. “Төгс дардас” ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирал Мөнхжаргалыг чөлөөлж, Эыг томилох, сүүлд 2019 оны 01-р сард Эын чөлөөлж, Эрдэнэбилэгийг гүйцэтгэх захирлаар томилох хурлын тэмдэглэлийг бичиж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг албажуулан гаргаж байсан. Төгс дардас” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 01-р сарын 05- ны өдрийн А-19/01 дугаартай хурлын тогтоолд А.Эыг өөрийнх нь хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлаас нь чөлөөлж, холбогдох тооцоог хийж дуусгахыг Санхүү бүртгэлийн хэлтэс Б.Энхтуяад үүрэг болгосон. Дээрх тушаал батлагдсан гарсан даруйд Б.Энхтуяад өгсөн. Мөн “Төгс дардас” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон Эрдэнэбилэгт ч өгсөн. Түүнээс өмнө 2018 оны 12-р сард А.Э нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарах өргөдөлөө өгчихсөн байсан. Тэгээд холбогдох тооцоогоо хийгээд явдаг байсан. Ажил дээрээ ирээд нягтлан Б.Энхтуяа болон Эрдэнэбилэг нартай тооцоо хийгээд явж байсан. А.Этай ажил дээр таарахад тэр “тооцоогоо нийлээд ажлаа хүлээлцээд явж байна” гэж ярьж байсан. Борлуулалтын гүйцэтгэлүүдээ цаад байгууллага болон өөрийн байгууллагатай тулж, өөрийн хариуцаж байсан ажлуудаа Эрдэнэбилэгт хүлээлгэн өгч байсан байх. 2019 оны 01-р сарыг гараад “Төгс дардас” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Эрдэнэбилэг хийгээд эхэлсэн юм. Миний хувьд А.Эын ажлаас гарахтай холбоотой тооцоонд биеэр оролцож, хяналт тавьсан зүйл байхгүй. Холбогдох хүмүүс буюу Энхтуяа, Эрдэнэбилэг нарт “ажпаа сайн хүлээлцээрэй” гэж хэлээд явж байсан. Тэднийг А.Эын бүх ажил, хариуцаж байсан эд аж ахуйг хүлээн авсан гэж бодож байна. А.Э ямар нэгэн зүйл хүлээлгэж өгөөгүй, дутаасан гэсэн яриа гараагүй юм. Ажил, эд аж ахуй хүлээлцсэн, тооцоо нийлсэн акт үйлдсэн эсэхийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57/

 

Гэрч С.Бат-Өлзий мөрдөн байцаалтанд: “...харин А.Эыг 2018 оны 07-р сарын үеэс таньдаг болсон. Г.Баттүшигтэй хамтран дээр төслөө бичиж эхэлсэн үед А.Э нь Г.Баттүшигийн ажил дээр ирдэг байсан. Тэд өмнө нь “Төгс дардас” ХХК-нд ажиллаж байсан гэсэн. Харин А.Э нь өөрөө уг компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэдгийг нь мэдсэн. Эхэндээ зүс таньдаг байгаад сүүлдээ танилцсан…2019 оны 8 дугаар сард А.Э над дээр ирээд “хөгшөөн чи надтай хамт Саммит дээр очоод уулзаад өгөөч, ерөнхийдөө Голомт банканд “Дрийм Алианс” ХХК-иас хор нийлүүлсэн асуудлаар байгаа юм. Өнгөрсөн өвөл чи тус компанийн захирал байсан болохоор очоод уулзаад өгөөч” гэсэн. Мөн “Дрийм Алианс” ХХК-ийн бланк дээр “Төгс дардас” ХХК-нд хаягласан “манай байгууллага нь танай байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж байгаа, танайх принтерийн хорны нөөцгүй болсон учраас Голомт банкны 2019 оны 1 дүгээр улирлын захиалгыг хийхэд туслалцаа хүссэний үндсэн дээр хорны нийлүүлэлт хийсэн болно” гэсэн утгатай зүйлийг бичээд доор нь захирлаар миний нэрийг тавьж тэмдэг дарсан байсан. Тэгээд чи өнгөрсөн өвөл захирал байсан юм чинь гарын үсгээ зурчих гэсэн. Миний хувьд бол өнгөрсөн өвөл “Дрийм Алианс” ХХК нь Голомт банканд 2 удаа принтерийн хор нийлүүлсэн гэдгийг нь мэднэ. Учир нь Голомт банканд тус компаниас “принтерийн хор нийлүүлэх боломжтой” гэсэн утгатай албан бичиг дээр нь захирал гэж явж байсны хувьд гарын үсэг зурж байсан. 2019 оны 01-р сарын эхээр ТэБэДэ-андуудын замын урд талд Панасоник гэсэн бичигтэй байранд байдаг Баттүшигийн ажил дээр очиход А.Э тэнд байж байсан. Тэгээд уг бичиг дээр намайг гарын үсэг зурчих гэсэн. Миний араас Баттүшиг орж ирээд “хөгшөөн наад бичиг дээрээ гарын үсгээ зурчих” гэхлээр нь би өөрийнхөө гарын үсгийг зурсан. Тэгээд Баттүшиг, А.Э хоёр уг бичгээ аваад явж байсан юм. Харин цаанаа ямар ажил хийсэн гэдгийг нь бол мэдэхгүй юм. Тэгээд сүүлд 8-р сард А.Э дээрх зүйлийг яриад ирэхээр “Төгс дардас” ХХК-нд хандсан бичиг дээр нь гарын үсэг зурсан. Тухайн үед Г.Баттүшиг зүрхний хагалгаанд ороод эмнэлгээс гараад удаагүй байсан болохоор гарын үсэг зураад хамт явахаар болсон. Ингээд А.Эыг дагаад Саммит буюу “Төгс дардас” ХХК-ийн байран дээр очтол захирал Эрдэнэбилэг, өөр нэг том захирал нь гэсэн хүн, мөн хуулийн зөвлөх нь байсан. Яваад ороход шууд А.Э бид хоёрыг “муусайн луйварчин, хулгайч” гээд дуудаад эхэлсэн. Би юу болоод байгааг нь ойлгоогүй. А.Эаас “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад тэр юу ч дуугарахгүй байсан. Мөн нөгөө хүмүүс нь ч “чи юугаа ярьдаг юм бэ” гээд загнаад байсан. Намайг ч загнаад юм яриулаагүй. Би тэдний ярианаас А.Эыг “Төгс дардас”ХХК-нд ажиллаж мөнгө завшсан, тамга тэмдэг ашигласан юм байна гэж ойлгосон. Харин А.Э болохоор юу ч хэлэхгүй байсан. Би түүнээс дахин юу болоод байгааг асуухад тэр “Төгс дардас принтерийн хорны нөөцгүй байхаар Дрийм Алиансаас Голомт банк руу хор нийлүүлсэн” гэсэн өөр тодорхой юм яриагүй. Угаасаа ч надад хамаагүй болохоор өөр нарийн хэлээгүй байх. Харин цаад хүмүүс нь А.Эаас “хэдэн төгрөгийн бараа нийлүүлсэн, чи өөрөө хэдэн төгрөг авсан” гээд асуугаад байсан мөн “бид танайхыг хэдэн удаа хичнээн төгрөгийн бараа нийлүүлсэн талаар чинь бүгдийг нь мэднэ” гээд загнаад байсан. Тэгээд сүүлд нь А.Эаар буруу хүлээсэн, хохирлоо барагдуулна гэсэн бичиг хийлгэнэ гэсэн. Мөн намайг бас тийм бичиг хий өг гэхлээр нь би ямар ч хамаагүй, тийм зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Дараа Г.Баттүшиг рүү ярьж болсон асуудлын талаар хэлээд хаяад гараад ирлээ гэдгээ хэлсэн чинь “чи ямар ч хамаагүй юм чинь яасан гэж янз бүрийн юм бичих вэ” гэсэн. Харин маргааш нь бил үү, нөгөөдөр нь Г.Баттүшигтэй утсаар яриад “юу болсон юм бэ” гэж асуухад тэр “Э буруу юм хийчихсэн юм шиг байна лээ, чамд огт хамаагүй асуудал” гэхээс өөр зүйл хэлээгүй. Угаасаа миний зорилго бол дээр хэлсэн тендерт оролцох гээд “Дрийм Алианс” ХХК-ийн захирал болж төсөл бичиж байсан. Өөр огт оролцож байгаагүй. Тэгээд тендертээ шалгарч чадаагүй болохоор 2019 оны 03-р сард тус компаниас гарсан” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 59/

 

Гэрч О.Очирсүх мөрдөн байцаалтанд:” Миний санаж байгаагаар 2014 онд манай банкнаас явуулсан сонгон шалгаруулалтаар Төгс дардас ХХК шалгарч манайд принтерийн хор нийлүүлэх гэрээ байгуулж байсан. Түүнээс хойш байнга харилцдаг болсон. 2018 оны 4 дүгээр улирлын хор захиалахад хор нийлүүлээгүй. Тэгэхээр нь би  Төгс дардас ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Эыг дуудаж уулзаад  гэрээний дагуу яагаад принтерийн хор нийлүүлэхгүй байгаа юм бэ гэхэд тэр манай удирдлагууд электроникийн чиглэлдээ анхаараад принтерийн хорны бизнесээ больж байгаа одоо манайд нийлүүлэх принтерийн хор байхгүй. Энэ талаараа албан бичиг өгье гэж хэлсэн. Ингээд бид өөрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлага тулгарч өөр нийлүүлэх хайх хэрэгтэй болсон. Гэтэл А.Э “танайх  Дрийм Алианс ХХК-иас принтерийн хор ав, Төгс дардас ХХК-тай адил юм уу, эсвэл арай хямд үнээр нийлүүлэх боломжтой, манай зарим инженерүүд уг компанид орсон” гэж хэлсэн. Ингээд үндсэн гэрээт нийлүүлэгч Төгс дардас ХХК принтерийн хор нийлүүлэх боломжгүй болсон учир тэдний гүйцэтгэх захиралын санал болгосон Дрийм Алианс ХХК-иас туршилтын журмаар худалдан авалт хийх болсон... Дрийм Алианс ХХК-ийн захиралтай би уулзаж байгаагүй. Ер нь бол А.Э л төлөөлж яриад дараа нь тус компанийн менежер Баттүшиг гэдэг залуу ирж уулзаж байсан. Манай ажилтан Дэлгэрзаяа л харилцдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/

 

Гэрч Г.Баттүшиг мөрдөн байцаалтанд: Төгс дардас” ХХК-ийн худалддаг принтерийн хор, манай компанийн худалддаг принтерийн хор ижил нэг үйлдвэрийнх чанар нь адилхан. Тийм болохоор А.Э надад “танайд хорны нөөц байгаа юу, Голомт банкинд хор нийлүүлбэл хүрэх үү” гэж асуусан тэгэхэд нь “хүрнэ, болно, чадна” гэдгээ хэлсэн. Тэгж ярьсан нь 2018 оны 12-р сарын 20-ны орчимд болсон асуудал. Яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. “Төгс дардас” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээ болохоос өмнө юм. 2019 оны 01-р сарын эхээр яг хэдний өдрийн мэдэхгүй байна. Над руу А.Э утсаар яриад “Голомт банкинд танай компанийг санал болгосон байгаа, чам руу банкаас хүн ярьна” гэсэн.  Тэгээд миний и-мэйл хаяг руу Голомт банкны Санхүү аж ахуйн хэлтсээс и-мэйл ирсэн. Манай хорны чанарын талаар мэдээллийг шаардсан. Түүнийг нь явуулсан бил үү, и-мэйлээр явуулсан бил үү түүнийгээ санахгүй байна. Ингээд 2019 оны 01-р сард нэлээд их хор худалдсан. Мөн дараа нь 3-р сард Голомт банкнаас холбогдоход  гэрээ байгуулаад дахин хор нийлүүлсэн юм. Эд ямар нэгэн ашиг шан харамж өгөөгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66/

 

Гэрчээр А.Э мөрдөн байцаалтанд: “...ерөнхий захирал Ганбатын зүгээс ирдэг өдөр тутмын дарамт их байсан учир 2018 оныг дуустал ажлаад өөрөө ажлаасаа гаръя гэж амаараа хэлсэн. Түүнээс хойш Ганбат захирал намайг дуудаж уулзаад “ажиллахад юу нь болохгүй байна вэ” гэхээр нь би “ өөрөөс чинь ирдэг дарамт их байна, тэгээд ч би сүүлийн 8 жилийн хугацаанд огт ээлжийн амралт аваагүй ажилласан, тиймээс би ажпаасаа гарна” гэсэн. Ингээд 2018 оны 12-р сарын 26-ны өдөр “2019 оны 01-р сарын 06-ны өдрөөс тасалбар болгон ажлаас чөлөөлж өгнө үү” гэдэг хүсэлтийг бичиж өгсөн. Ингээд шинэ жил өнгөрөөгөөд 2019 оны 01-р сарын 03-ны өдөр ажил дээрээ очоод тухайн үед борлуулалтын менежерээр ажиллаж байсан Эрдэнэбилэг болон нягтлан бодогч Энхтуяа нарт өөрийн ажлыг хүлээлгэж өгөөд явсан. Өөрийн хэрэглэж байсан нөүтбүүк, харилцагч нартай байгуулсан гэрээ зэргээ хүлээлгэн өгсөн. Тэр үед ажил, эд зүйл хүлээлцсэн акт үйлдээгүй юм. Харин компанийн тамга тэмдэг, бичиг баримтууд санхүүгийн ажилтан Энхтуяа дээр байдаг байсан. Түүнээс хойш 2019 оны 01-р сарын 08-09-ний үед өөрийнхөө ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг авах гэж хуучин ажил дээрээ очсоноос өөрөөр дахин очоогүй. Намайг 2019 оны 01-р сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажпаас чөлөөлсөн байсан...тухайн үед Голомт банкнаас принтерийн хорны захиалгаа ирүүлсэн. Харин манайд тухайн ажлын авдаг принтерийн хорны нөөц байгаагүй, татан авалт хийгдээгүй байсан. Би ч татан авалтаа хурдан аваач гэж Ганбат захирал болон Энхтуяа нарт хэлж байсан. Харин тэдний зүгээс бичгийн цаасны татан авалтанд мөнгөө гаргасан, толгой компанийн бараанд мөнгөө шилжүүлчихсэн гэж байсан. Харин Хятадаас мөнгөө авч байж, принтерийн хорны үйлдвэрлэлээ явуулж, ирүүлдэг байсан. Голомт банкны хувьд надтай олон жил ажилласан байсан болохоор тэдний захиалгыг хангах боломжгүй нөхцөл байдаг үүссэн тул үйл ажиллагаанд нь саад болохгүй байх үүднээс “Дрийм Алианс” ХХК-иас таталт хийх талаар албан бичиг явуулсан.

... 2019 оны 01-р сарын 08-09-ний үед Голомт банкны ажилтан Дэлгэрзаяа гэдэг хүн надтай утсаар яриад “танай компаниас 1-р улирлын принтерийн хороо авна, захиалгаа явуулъя” гэсэн. Зөвхөн надтай ярьж харилцдаг байсан. Одоо би асуултанд хариулмааргүй байна. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөмөөргүй байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87/

 

“Төгс дардас” ХХК-ны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 18/05 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд “Тус компанийн гүйцэтгэх захиралаар Адъяадоржийн Энх-Саруулыг /ХЛ86050115/-г 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай. А.Энх-Саруулын нэг сарын үндсэн цалинг 1.600.000 төгрөгөөр тогтоож, мөн ажлын гүйцэтгэл үр дүнгээс хамааруулан урамшуулалт цалинг зохих журмын дагуу сар бүр тооцон олгохыг Санхүү бүртгэлийн хэлтэс /Б.Энхтуяа/-д зөвшөөрсүгэй. Дээрх ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ТУЗ-ийн нарийн бичиг /Э.Эрэнбилэг/-д үүрэг болгосугай” гэжээ. /1хх-ийн 42/

 

“Төгс дардас” ХХК-ны 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн А19/01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд “Тус компанийн гүйцэтгэх захирал Адъяадоржийн Энх-Саруулыг өөрийнх нь хүсэлтийн дагуу өргөдлийг нь үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай. А.Энх-Саруултай холбогдох тооцоог хийж дуусгавар болгох, ажилтны хариуцаж байсан эд хөрөнгийг бүртгэн хурааж авахыг Санхүү бүртгэлийн хэлтэс /Б.Энхтуяа/-д үүрэг болгосугай.  Дээрх тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ТУЗ-ийн нарийн бичиг /Э.Эрэнбилэг/-д үүрэг болгосугай” гэжээ. /1хх-ийн 13/

 

Голомт банк, Төгс дардас ХХК-ны хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №15/16 дугаартай худалдах, худалдан авах гэрээний хуулбар /3хх-ийн 105/

 

Голомт банкны хуулбар үнэн тэмдэг дарагдсан “Төгс дардас” ХХК-ийн  2019/01/08 №01/12 дугаартай санал хүргэх утга бүхий “манай байгууллага 2019 оны нөөц татан авалтандаа буруу тооцоолсны улмаас танай байгууллагын эхний улирлын захиалгыг хангахад чирэгдэл учруулахаас сэргийлж дараах байгууллагыг санал болгож байна. Уг компаний танилцуулга, үнийн санал, албан бичгийг хавсаргав. Гүйцэтгэх захирал А.Э” гэсэн тамгатай албан бичгийн хуулбар /3хх-ийн 101/

 

“Төгс дардас” ХХК-ийн  2019/01/09 №1901/12 дугаартай мэдэгдэл гэсэн утга бүхий “Манай байгууллагын санал болгож буй “Дрийм Алианс” ХХК-ны принтерийн хор нь чанарын баталгаа болох ISO 9001, ISO14001 стандартын хор нийлүүлдэг бөгөөд бүх төрлийн хэвлэгч, хувилагчийн засвар үйлчилгээг үзүүлдэг. Уг байгууллагын барааны тохирлын гэрчилгээг хавсаргав. Гүйцэтгэх захирал А.Э” гэсэн тамгатай албан бичгийн хуулбар /3хх-ийн 101 дүгээр хуудасны ар тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5158 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 2019/01/08-ны огноотой “01/12” дугаартай “Гопомт банк-д, Санал хүргэх нь” гэсэн хаяггай, 2019.01,09-ний огноотой “1901/12” дугаартай “Голомт банк-д, Мэдэгдэл” гэсэн хаягтай “Төгс дардас, Принтерийн хорны үйлдвэр”-ийн гэх албан бичиг гэсэн баримтууд, харьцуулах загвараар ирүүлсэн 2018.06.11-ний огноотой “Төлбөрийн хүсэлт” гэсэн баримт, 2018.06.12-ны огноотой “Төлбөрийн хүсэлт” гэсэн баримт, 2018.06.11-ний огноотой “Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл” гэсэн баримт, 2017.10.17-ны огноотой “Зарлагын баримт” гэсэн баримт, 2017.10.05-ны огноотой “Нэхэмжлэх” гэсэн баримт, 2017.10.17-ны огноотой “Нэхэмжлэх” гэсэн баримт, 2018.06.11-ний огноотой “Бэлэн мөнгөний зарлагын баримт” гэсэн баримтууд дээрх А.Эын гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загварууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн “Валютын арилжааны хэлцэл гэсэн баримт”, 2018.06.18-ны огноотой “Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл” гэсэн баримтууд нь хуулбар хувь байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн 2019/01/08-ны огноотой “01/12" дугаартай “Голомт банк-д, Санал хүргэх нь” гэсэн хаягтай, 2019.01.09-ний огноотой “1901/12” дугаартай “Голомт банк-д, Мэдэгдэл” гэсэн хаягтай “Төгс дардас, Принтерийн хорны үйлдвэр” гэсэн баримтуудын “Гүйцэтгэх Захирал” гэсний ард байх гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.Эын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. /1хх-ийн 94/ гэсэн дүгнэлт болон  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор А.Энх-Саруулын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 132/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 135/ болон бичгийн бусад  баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.Э Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Төгс дардас” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөний дараа буюу 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 01/12 дугаартай “Манай байгууллага 2019 оны нөөц татан авалтандаа буруу тооцоолсны улмаас танай байгууллагын эхний улирлын захиалгыг хангахад чирэгдэл учруулахаас сэргийлж дараах байгууллагыг санал болгож байна”, 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 1901/12 дугаартай “манай байгууллагын санал болгож буй “Дрийм Алианс” ХХК-ний принтерийн хор нь чанарын баталгаа болох ISO 9001, ISO14001 стандартын хор нийлүүлдэг бөгөөд бүх төрлийн хэвлэгч, хувилагчийн засвар үйлчилгээг үзүүлдэг. Уг байгууллагын барааны тохиролын гэрчилгээг хавсаргав” гэсэн эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн болох нь:  

хохирогч Б.Долгионы мөрдөн байцаалтанд “...Голомт банк нь сүүлийн 6 сарын хугацаанд манайхаас худалдан авалт хийгээгүй...бид гэрээний дагуу Голомт банк руу холбогдож яагаад принтерийн хор бичгийн цаас худалдан авахгүй байгаа талаар тодруулахад...2019 оны 01 сарын 08, 09-ний өдрүүдэд танай компани манайд принтерийн хор нийлүүлэх боломжгүй нөөцгүй гээд “Дрийм Алианс” ХХК-ийг санал болгон албан бичиг ирүүлсэн байна. Түүний дагуу уг компанитай харилцан худалдан авалт хийгээд явж байгаа гэсэн хариуг өгсөн. Ингэж л А.Э нь компанийн албан бланк, тамга тэмдэгийг ашиглан Голомт банкинд Дрийм Алианс ХХК-ийг санал болгосон талаар мэдсэн...”гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 49/, гэрч Б.Энхтуяа мөрдөн байцаалтанд“...Төгс дардас ХХК-ны тамга, албан бланк нь А.Э дээр байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54/, гэрч Б.Дэлгэрзаяа мөрдөн байцаалтанд“...гүйцэтгэх захирал Э нь надтай холбогдож яриад “танайх захиалгаа хэзээ өгөхөөр байна вэ, манай компанийн принтерийн хорны нөөц танай банкийг хангаж чадахааргүй байна, манай принтерийн хорны нөөц багассан байгаа, нөөцөө буруу тооцоолсон байна” гэсэн... Э “манай компани нөөцөө буруу тооцоолоод принтерийн хорооны татан авалтаа дутуу хийсэн. Тиймээс өөр компанийг санал болгоё. Манай инженер техник, хүргэлтийн ажилтнууд бүгд “Дрийм Алианс” ХХК-нд шилжин орж ажиллаж байгаа, тэгээд уг компанийг принтерийн хор нь манайхтай ижил чанартай, үнэ нь ч яг адилхан. Би өөрөө ч гэсэн энэ компанийн зөвлөхөөр ажлаад явж байгаа. Тиймээс танайх цаашид “Дрийм Алианс” ХХК-иас худалдан авалт хийж байгаач гэсэн. Тэгээд мөн өөрийн харилцах шинэ и-мэйл хаягаа өгсөн...” гэсэн мэдүүлэг” /1хх-ийн 62-63/, гэрч О.Очирсүх мөрдөн байцаалтанд”...Төгс дардас ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Эыг дуудаж уулзаад  гэрээний дагуу яагаад принтерийн хор нийлүүлэхгүй байгаа юм бэ гэхэд тэр манай удирдлагууд электроникийн чиглэлдээ анхаараад принтерийн хорны бизнесээ больж байгаа одоо манайд нийлүүлэх принтерийн хор байхгүй. Энэ талаараа албан бичиг өгье гэж хэлсэн. Ингээд бид өөрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлага тулгарч өөр нийлүүлэх хайх хэрэгтэй болсон. Гэтэл А.Э “танайх  Дрийм Алианс ХХК-иас принтерийн хор ав, Төгс дардас ХХК-тай адил юм уу, эсвэл арай хямд үнээр нийлүүлэх боломжтой, манай зарим инженерүүд уг компанид орсон” гэж хэлсэн. Ингээд үндсэн гэрээт нийлүүлэгч Төгс дардас ХХК принтерийн хор нийлүүлэх боломжгүй болсон учир тэдний гүйцэтгэх захиралын санал болгосон Дрийм Алианс ХХК-иас туршилтын журмаар худалдан авалт хийх болсон... Дрийм Алианс ХХК-ийн захиралтай би уулзаж байгаагүй. Ер нь бол А.Э л төлөөлж яриад дараа нь тус компанийн менежер Баттүшиг гэдэг залуу ирж уулзаж байсан. Манай ажилтан Дэлгэрзаяа л харилцдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/, гэрч С.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтанд “...Голомт банкны ажилтан Дэлгэрзаяатай холбогдож принтерийн хорны захиалга “Эын и мэйл рүү явуулсан шүү дээ” гэж хэлсэн. Гэтэл түүний хувийн и-мэйл хаяг руу захиалга явуулсан болж таарсан…манай толгой компанийн гүйцэтгэх захирал Долгион Голомт банкны холбогдох албан тушаалтнуудтай уулзаад А.Эыг “Төгс дардас” ХХК-иас гарсан хойноо компанийн тамгатай бланк ашиглан Голомт банк руу барааны үлдэгдэл нөөцгүй болсон гэсэн утгатай бичгүүд явуулсан болохыг мэдсэн юм. Голомт банкныхан ч гэсэн “танайхаас ийм бичиг ирсэн, тиймээс бид харилцагчаа өөрчилсөн” гэж мэдэгдсэн байсан. Ерөөсөө А.Э ажлаас гарахдаа компанийн тамгатай бланк хулгайлж авч явсан. Түүнийг ашиглан “Төгс дардас” ХХК-ийг төлөөлөх эрхгүй болсон үедээ хуурамч бичиг баримт үйлдсэн байгаа юм…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56/, Гэрч Э.Эринбилэг мөрдөн байцаалтанд” Төгс дардас ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 01-р сарын 05- ны өдрийн А-19/01 дугаартай хурлын тогтоолд А.Эыг өөрийнх нь хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлаас нь чөлөөлж, холбогдох тооцоог хийж дуусгахыг Санхүү бүртгэлийн хэлтэс Б.Энхтуяад үүрэг болгосон. Дээрх тушаал батлагдсан гарсан даруйд Б.Энхтуяад өгсөн…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57/, гэрч С.Бат-Өлзий мөрдөн байцаалтанд“...А.Э “Дрийм Алианс” ХХК-ийн бланк дээр “Төгс дардас” ХХК-нд хаягласан “манай байгууллага нь танай байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж байгаа, танайх принтерийн хорны нөөцгүй болсон учраас Голомт банкны 2019 оны 1 дүгээр улирлын захиалгыг хийхэд туслалцаа хүссэний үндсэн дээр хорны нийлүүлэлт хийсэн болно” гэсэн утгатай зүйлийг бичээд доор нь захирлаар миний нэрийг тавьж тэмдэг дарсан байсан…миний хувьд бол өнгөрсөн өвөл “Дрийм Алианс” ХХК нь Голомт банканд 2 удаа принтерийн хор нийлүүлсэн гэдгийг нь мэднэ…Г.Баттүшигтэй утсаар яриад “юу болсон юм бэ” гэж асуухад тэр “Э буруу юм хийчихсэн юм шиг байна лээ, чамд огт хамаагүй асуудал” гэхээс өөр зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 59/, гэрч Г.Баттүшигийн “...А.Э надад “танайд хорны нөөц байгаа юу, Голомт банкинд хор нийлүүлбэл хүрэх үү” гэж асуусан тэгэхэд нь “хүрнэ, болно, чадна” гэдгээ хэлсэн...тэгээд миний и-мэйл хаяг руу Голомт банкны Санхүү аж ахуйн хэлтсээс и-мэйл ирсэн...Голомт банкнаас холбогдоход  гэрээ байгуулаад дахин хор нийлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66/ болон шинжээчийн 5158 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн 2019/01/08-ны огноотой “01/12" дугаартай “Голомт банкинд, Санал хүргэх нь” гэсэн хаягтай, 2019.01.09-ний огноотой “1901/12” дугаартай “Голомт банк-д, Мэдэгдэл” гэсэн хаягтай “Төгс дардас, Принтерийн хорны үйлдвэр” гэсэн баримтуудын “Гүйцэтгэх Захирал” гэсний ард байх гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн А.Эын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна” /1хх-ийн 94/ гэсэн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

А.Э Төгс дардас ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаад тус компанийн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн А19/01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор А.Эыг Төгс дардас ХХК-ийн гүйцэтгэх захиралаас 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /1хх-ийн 13/

 

Төгс дардас ХХК нь Голомт банктай принтерийн хор нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээтэй байх ба гэрээнд заасан үүргээ биелүүлж үйл ажиллагаа нь хэвийн Голомт банкинд нийлүүлэх принтерийн хор тус компанийн нөөцөнд байсаар байхад А.Э  өөрөө ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойшхи цаг хугацаагаар огноолж өөрийн ажиллаж байсан Төгс дардас ХХК-ийн албан бланк, тамгыг ашиглаж 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 01/12 дугаартай “Манай байгууллага 2019 оны нөөц татан авалтандаа буруу тооцоолсны улмаас танай байгууллагын эхний улирлын захиалгыг хангахад чирэгдэл учруулахаас сэргийлж дараах байгууллагыг санал болгож байна”, 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 1901/12 дугаартай “манай байгууллагын санал болгож буй “Дрийм Алианс” ХХК-ны принтерийн хор нь чанарын баталгаа болох ISO 9001, ISO14001 стандартын хор нийлүүлдэг бөгөөд бүх төрлийн хэвлэгч, хувилагчийн засвар үйлчилгээг үзүүлдэг. Уг байгууллагын барааны тохирлын гэрчилгээг хавсаргав” гэсэн албан бичгүүдийг Голомт банкинд хүргүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл А.Эын Голомт банк руу явуулсан 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 01/12 дугаартай, 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 1901/12 дугаартай албан бланк, тамга тэмдэг өөрийнх нь гарын үсэг жинхэнэ боловч тухайн албан бичгээр илэрхийлсэн үгсийн утга агуулга нь “Төгс дардас” ХХК-ийн бодит байдалтай нийцэхгүй хуурамч бичвэр гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.Э “Төгс дардас” ХХК-ийн албан бланк, тамга тэмдгийг ашиглаж тус компанийн бизнесийн хэвийн үйл ажиллагаанд халдаж Голомт банкинд принтерийн хор нийлүүлэх үүргээс чөлөөлж, зах зээлийн өөр өрсөлдөгч компанид бизнесийн давуу байдал олгосон идэвхитэй үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Иймд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч,  шүүгдэгч А.Эыг  Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч А.Эд холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч А.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид ...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”...гэж хуульчилсан байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр А.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.