Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01100

 

Ш.Чгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02946 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2018/00530 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ш.Ч

         Хариуцагч: Ч.З

         Хариуцагч: П.С, Т.З нарт холбогдох

         Үндсэн нэхэмжлэл: Ш.Чг “Икс лэнд констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан болон тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах  үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газраас С.Бт ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр, Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тус тус тогтоолгох, ногдох хэсгийг гаргуулан холбогдох бүртгэл хийлгэх, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугаарын эзэмшигчээр тогтоолгох, холбогдох бүртгэл хийхийг тус тус даалгах, хүү Б.Баттөр С.Бын  бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай ,

   Сөрөг нэхэмжлэл: С.Бын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, “Икс лэнд констракшн” ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийг тогтоолгох, 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016868 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах С.Бын өмчлөлийн 2 орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг

         Ш.Ч, П.С, Т.З нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ч, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагч П.Сын өмгөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээд Г.Д, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2005 онд С.Бтай танилцсан. Тухайн үед ОХУ-аас мотоциклын сэлбэг оруулж Нарантуул зах дээр борлуулдаг байсан. Бид 2006 онд хамтран ажиллах гэрээгээр ажиллаж эхэлсэн. С.Б 2011-04-22-ны өдөр бидний дундын хөнгөн бетоны үйлдвэрийг 152 500 000 төгрөгөөр үнэлүүлээд 154 500 000 төгрөг болгож, дүрмийн сангаа нэмэгдүүлснийг би нас барсных нь дараа мэдсэн. Энэ үйлдвэрийг ажиллуулж, олсон ашигаар нь Икс лэнд констракшн ХХК болон С.Бын нэр дээрх Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06, 07 тоот үл хөдлөх хөрөнгийг мөн  Д.Дамдинсүрэнтэй хамтарч газар авсан. Мөн Ч.Зын нэр дээр байгаа Ланд круйзер маркийн 83-38 УБЧ улсын дугаар автомашин, Порше маркийн 90-90 УБД, 10-30 УНБ улсын дугаартай автомашинууд, утасны дугаарууд зэрэг маргаан бүхий хөрөнгө бий болсон. Хамтран ажиллах гэрээний дагуу Икс лэнд констракшн ХХК-ийг бид хоёр үүсгэн байгуулсан. С.Б бид хоёр хамтран ажиллах хугацаандаа хамтран амьдарч, хүү Б.Баттөрийг 2007-09-04-ний өдөр төрүүлсэн. Би хүүгээ асраад бичиг баримт хөөцөлдөх төвөгтэй байсан тул Икс лэнд констракшн ХХК-ийг С.Бын нэр дээр шилжүүлсэн. Энэхүү байдлыг далимдуулан С.Б дангаараа хөнгөн бетоны үйлдвэрийг үнэлүүлэн шилжүүлсэн байсан. С.Б 2012-02-24-ний өдөр нас барж, түүнийг төрүүлсэн эцэг, эх, дүү Баттулга бид нарын хооронд хөрөнгийн маргаан бий болсон. Иймд Икс лэнд констракшн ХХК-д хөрөнгө оруулсан болохыг, компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 119 дүгээр байрны 6 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын  С.Бт ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр, Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгох, ногдох мөнгийг гаргуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугааруудын эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгах, хүү Б.Баттөр С.Б бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, бүртгэл хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч П.С, Т.З нар шүүхэд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 3.1-т хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй байхаар хуульчлагдсан. Компанийн хөрөнгө хувьцаанаас ялгаатай ойлголт. Хэрэв хөрөнгө нийлсэн, холилдсон гэж үзвэл тэр нь Ш.Чг компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоох хууль зүйн үндэслэл биш. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6, 7 тоот орон сууцыг С.Б нь Икс лэнд констракшн ХХК-ийн 100 хувийн эзэмшигч байхдаа Т.Дамдинсүрэнтэй хамтарч бий болгосон хөрөнгө юм. Ш.Чгийн хөрөнгө ороогүй. Анх Т.Дамдинсүрэн гарааш барих зорилгоор авсан бөгөөд дараа С.Бын нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан. Ланд круйзер маркийн 83-33 УБЧ дугаартай, Порше маркийн 90-90 УБД дугаартай, 10-30 УНБ улсын дугаартай автомашинуудыг миний хөрөнгөөр авсан. Автомашин болон утасны дугаарууд С.Бын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд эдгээр автомашин, утасны дугааруудыг худалдаж авахад Ш.Чгийн хөрөнгө ороогүй.  С.Б  өвчний учир нас барсан. Хүү маань албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ба Б.Баттөр нь  С.Бын хүүхэд биш болох нь  батлагдсан. Ш.Ч болон миний хүү С.Б 2006 оноос хойш хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч нэг жил болоод хоорондоо маргалдаж, хамтарч ажиллаж чадахгүй болсон. Ш.Ч 6 удаа хуурамч бүртгэл хийж компанийг өөрийн болгох гэж явсан нь нотлогдсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. /хх1-н 134-135/

        Хариуцагч Ч.З шүүхэд гаргасан тайлбартаа: С.Б Монкорд хадгаламж зээлийн хоршоонд зээлийн төлбөртэй тул уг төлбөрийг барагдуулсны дараа автомашинуудыг шилжүүлэхэд татгалзахгүй. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 2-н 10/

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд /хх 1-н 133,хх2- 43/ Т.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Бтай хамтран ажилласныхаа үр дүнд тус газрыг хамтран эзэмшинэ гэж тохиролцсон боловч хамтран ажиллаагүй учраас С.Б нь газрыг хамтран эзэмших эрхгүй. Мөн газар эзэмших эрхийн хугацаа дууссан, өнөөдөр уг газар хэний эзэмшилд байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар шаардлагаа нотлохгүй байгаа тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн газар эзэмшихтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Хариуцагч П.С, Т.З нар сөрөг нэхэмжлэлдээ: С.Б 2012-02-24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Үүнээс хойш Б.Баттөрийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч нэхэмжлэл гарган П.С, Т.З нарт холбогдуулан  маргаан үүсгээд байна. Ш.Ч нь талийгаач С.Бын төрсөн эцэг, эх бид хоёрыг хууль ёсны өвлөгч биш гэж маргаж байгаа учир хүүгийнхээ хууль ёсны өвлөгч мөн бусад өвлөгчтэй адил хэмжээгээр өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй гэж үзэж байна. Иймд С.Бын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох,  өвлөгдөх хөрөнгүүдийн ногдох хэсгийг тогтоолгох, Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцааны оногдох хэсгийг тогтоож, мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016868 дугааруудыг эзэмших эрхтэй болохыг, С.Бын өмчлөлийн  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6, 7 тоот орон сууцнаас ногдох хувийг тогтоолгохыг хүсэж байна гэжээ.  /хх1-н 163,179/

         Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Эдгээр хүмүүсийн өвлөхийг хүссэн хөрөнгийн 50 хувийн өмчлөгч нь би бөгөөд үлдэх хэсгийг миний хүү Б.Баттөр бүхэлд нь өвлөх эрхтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 102/ШШ2017/02946 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Чг "Икс лэнд констракшн" ХХК-д 76 250 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохыг тогтоож, нэхэмжлэлээс  үлдэх шаардагыг буюу "Икс лэнд констрашн" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож, бүртгэл хийлгэхийг даалгах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 06 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох холбогдох бүртгэл хийлгэхийг даалгуулах, Д.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газраас оногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, Порше маркийн 90-90 УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр тогтоолгож, оногдох мөнгийг нэмж гаргуулах, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 утасны дугааруудын эзэмшигчээр тогтоолгож, холбогдох бүртгэл хийхийг даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-г баримтлан Б.Баттөр, Т.З, П.С нарыг С.Бын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Б.Баттөрийг "Икс лэнд констракшн" ХХК-ийн 33.34 хувийн, П.Сыг 33.33 хувийн, Т.Зг 33.33 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-г баримтлан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6 тоотод  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Чг, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 154/0191 нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрын эзэмших эрхийн эзэмшигчээр Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Чг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 7 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.З, П.С нарыг, 83-38 УБЧ улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн автомашин, 90-90 УБД улсын дугаартай Порше маркийн автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай маркийн ачааны автомашинуудын өмчлөгчөөр  П.Сыг, Худалдаа хөгжлийн банкны 452541338, 452541339, 456058112 тоот дансны эзэмшигчээр Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Ч,  Т.З нарыг тус тус тогтоожээ.  Мөн Б.Баттөрийн хууль ёсны асран хамгаалагч Ш.Чгээс 89 333 333 төгрөг гаргуулан П.Ст 14 666 666 төгрөг, Т.Зд 74 666 667 төгрөг олгож, сөрөг нэхэмжлэлээс Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газар эзэмших эрхийг өвлөх эрхтэй болохоо тогтоолгож, ногдох хэсгээ гаргуулах, 99119192, 99114041, 99062626, 99296262, 94016868 дугаарыг өвлөх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх өмчлөгч, эзэмшигч нарыг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Авто Тээврийн Үндэсний төв, Худалдаа хөгжлийн банк ХХК, Нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан Т.З, П.С нараас үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 1 491 683 төгрөгийг хуваан, Ш.Чгээс сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2 614 817 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2018/00530 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

         Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүү хэргийг буцааж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Ш.Ч миний бие Икс лэнд констракшн ХХК-д хөрөнгө оруулсан, эзэмших хувьцааны тоо хэмжээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй учраас шүүхэд хувь оруулсан, хувьцаа эзэмшигчээр тогтоолгохоор хандаад байгаа. Түүнчлэн, нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг хангаж шийдвэрлэх шаардлагагүй, уг дансан дахь мөнгийг өв залгамжлах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй. Уг иргэний хэрэг процессын зөрчлөөр хоёр удаа анхан шатны шүүхэд буцаж шийдвэрлэгдэж байгаа бөгөөд миний бие олон жил шүүхийн процессыг залруулах гэж явж, ядарч байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

        Хариуцагч П.С, Т.З нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ш.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2006 онд бид хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. С.Б 2011-04-22-ны өдөр бидний дундын хөрөнгө бетоны үйлдвэрийг 152 500 000 төгрөгөөр үнэлүүлээд 154 500 000 төгрөг болгож дүрмийн сангаа нэмэгдүүлснийг миний бие мэдээгүй бөгөөд нас барсных нь дараа мэдсэн.” гэж тайлбарладаг. Энэ нь Ш.Чг мэдээгүй байхад бүртгүүлсэн гэсэн тайлбараар бүртгэлийн асуудал яригдах юм. Түүнчлэн, бодит байдал дээр С.Б болон Ш.Ч нар  анх 2006 онд 3 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2009 онд гэрээний хугацаа дуусаж гэрээний үүрэг дуусгавар болсон байдаг. Мөн хамтран ажиллах гэрээнд компанид хөрөнгө оруулна гэж тохирсон зүйл байхгүй. Түүнчлэн, Ш.Ч нь “Икс лэнд констракшн” ХХК-д хөрөнгө оруулсан болохыг тогтоох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд одоогийн байдлаар тус компанийн хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах эрх бүхий этгээд тодорхойгүй байхад анхан шатны шүүх Ш.Чг “Икс лэнд констракшн” ХХК-ийн дүрмийн санд 76 250 000 төгрөгийн хөрөнгө орсон болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн тухайн үед   Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын талаар мэдээгүй байсан учраас хүүгийнхээ бүх хөрөнгийг өвлөн авах хүсэлтээ нотариатчид гаргасан байдаг бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх Ш.Ч, С.Б нар анх компани үүсгэн байгуулахдаа хоорондоо гэрээ байгуулсан, хэн нь хэчнээн хэмжээний хөрөнгө оруулсан, эзэмших хувьцааны тоо хэмжээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, компанийг үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримт болох компанийн дүрэм хэрэгт бүрэн эхээрээ авагдаагүй учраас нэхэмжлэгчийн компанид оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, хувьцааны ногдлыг тодорхойлоход учир дутагдалтай байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 15, 16 хуудсанд авагдсан нотлох баримтаар. Ш.Ч 2007-11-08-ны өдөр С.Бтай бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж нэхэмжлэгч Ш.Ч нь “Икс лэнд констракшн” ХХК-ийн дүрмийн сангийн 50%-ийг хариу төлбөргүйгээр эргэж буцах нөхцөлгүйгээр бэлэглэж С.Б нь тус компанийг дангаар эзэмших болсон. Түүнчлэн,  зохигчид  С.Бын өвлөгдөх хөрөнгөнүүдийн тоо хэмжээн дээр ямар нэгэн байдлаар маргадаггүй бөгөөд харин тус хөрөнгөнүүдийн хууль ёсны өвлөгч хэн болох хэн хэдэн хувиар өвлөх эртэй болохоо тогтоолгохоор шүүхэд хандсаныг давж заалдах шатны шүүх анзаарсангүй. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.7-д “Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө” гэж тус тус заасан. Дээрх байдлаар давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв үнэлээгүй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж,  Ш.Чг “Икс лэнд констракшн” ХХК-ийн дүрмийн санд 76 250 000 төгрөгийн хөрөнгө орсон болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т.Дамдинсүрэнтэй хамтран эзэмшдэг газрын С.Бт оногдох хэсгээс П.С, Т.З нар нь өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:   

        Хяналтын шатны шүүхэд гаргасан зохигчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

        Шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хүрээнд, талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. 

        Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тул анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

        Хариуцагч нарт холбогдох нэхэмжлэл нь “...С.Бын өмчлөл, эзэмшилд байсан хөрөнгийн 50 хувь нь Ш.Чгийнх бөгөөд үлдэх 50 хувь буюу С.Бт ногдох хэсгийг хүү Б.Баттөр өвлөх эрхтэй...” гэсэн агуулгатай байна. 

        Тодруулбал, Ш.Ч нь “...Икс лэнд констракшн ХХК-г үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан...” гэдэг шалтгаанаар уг “..компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох...”-ыг хүссэн байж болохоор байхад шүүх энэ байдлыг тодруулалгүй “...нэхэмжлэгч нь  компанид хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох мөн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох...” тухай өөр өөр шаардлага гаргасан мэт дүгнэлт, хийснээс  шүүхийн шийдвэр ойлгомжгүй болжээ.

       Түүнлэн, Ш.Ч “...хүү Б.Баттөр нь С.Бын бүх эд хөрөнгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох...” шаардлага тавьсан боловч өвлөх эд хөрөнгийг нэрлэн заагаагүйгээс нэхэмжлэл тодорхой бус болсон байна.

       Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2018/00530 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч П.С, Т.З нарын гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч П.С, Т.З нар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2018/04867 дугаар захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ