Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 866

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох

Гуравдагч этгээд: “С” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *********  дугаар тендерт “С” ХХК-ийг шалгсан шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-309 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Г, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө, тус яамны Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О, гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Б.С, түүний өмгөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”А” ХХК нь “Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгуудын гадна зам талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх” *********  дугаар тендерийн сонгон шалгалтын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/2158 дугаар мэдэгдлийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь манай компанийн гаргасан гомдлыг үндэслэлгүй, харин захиалагчийн татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. 

Захиалагч нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1430 цагт тендерийг нээхэд нийт 8 компани оролцож, манайх 1,648,538.994 төгрөгийн үнийн саналаар хамгийн бага үнийн саналтай оролцогчоор шалгарсан. Харин захиалагчийн шалгсан гэх “С” ХХК нь 1,750,573.100 төгрөгийн үнийн саналаар 3 дугаарт орсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд “тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь үнэ байна” гэж заасан. Гэтэл захиалагч нь хамгийн бага үнийн санал өгсөн манай компанийн тендерээс үндэслэлгүй шалтгаанаар татгалзаж, үнийн саналаараа 3 дугаарт орсон “С” ХХК-ийг хууль бусаар шалгсанд гомдолтой байна. 

“С” ХХК нь “Н*******” ХХК-тай түншлэлээр хамтран оролцсон. Харин “Н*******” ХХК нь малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд тэрээр өмнөх барилгын ажлаа 2015 оны 12 дугаар сард дуусгаж, хүлээлгэн өгөх ёстой байсан боловч уг ажил нь одоо хүртэл дуусаагүй байдаг. Энэ нь талуудын ашиг сонирхлын зөрчил, хууль бус байдлын илрэл ч гэж харж болохоор байна. Мөн “С” ХХК-ийн хүргүүлсэн тендер нь холбогдох хууль тогтоомж болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймд тендерт шалгарсан гэх “С” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичигт заагдсан шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Захиалагч нь тендерийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1400 цагт эцэслэн хүлээн авч, улмаар 1430 цагт нээсэн. Харин манай түншлэгч “Н*******-*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. Өөрөөр хэлбэл захиалагч тендер хүлээн авч, нээх хугацаанд хүчинтэй байсан. Мөн “Н*******-*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж, холбогдох шийдвэр нь гарч, сунгагдаад явж байна. Хэрэв захиалагч тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах талаар эрх бүхий байгууллагад гаргасан хүсэлт, нотлох баримтаа ирүүлэхийг тендерийн баримт бичигтээ тодорхой зааж, шаардсан байсан бол бид тэдгээрийг тендертээ оруулан захиалагчид хүргүүлэх боломжтой байсан. 

Түүнчлэн “Н*******-*******” ХХК-ийн зүгээс тендерт хүргүүлсэн зарим мэдэгдэл, албан тоот нь утга агуулгын хувьд зөвхөн захиалагчийн зарласан тухайн тендертэй салшгүй холбоотой, түүний дагуу гарч, захиалагчид хүргэгдэж байгаа болох нь харагдаж байна. Тухайлбал тэдгээр мэдэгдэл, албан тоот нь захиалагчид хаяглагдсан. Улмаар Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгуудын гадна зам талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх *********  дугаар тендер оролцож, түүний хүрээнд хүргэгдэж байгаа болох нь маш тодорхой байгаа юм. Тэдгээр мэдэгдэл, албан тоот нь огноо, дугаар бичигдээгүй байлаа гэхэд тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангахгүй байх үндсэн шалтгаан болохгүй гэж үзэж байна. 

Захиалагчийн тендерийн баримт бичгийн 22.2 дугаар зүйлд заасны дагуу манай компани нь хүргүүлсэн тендерийнхээ буюу өөрийн боловсруулсан тендерийн агуулга, үнэтэй холбоотой бүх хуудсанд төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Гэтэл захиалагч нь манай компанийг гүйцэтгэх ажлын үе шатны хуваарьт эрх бүхий этгээд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй байна хэмээн үндэслэлгүй зүйлээр шалтгаан хийсэн байна.

Иймд Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *********  дугаар тендерт “С” ХХК-ийг шалгсан шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-309 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Р.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгуудын гадна зам талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгсан.

Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А-309 дүгээр тушаалыг тендерт шалгарсан оролцогч “С” ХХК-д, 2017 оны 07 дугаар  сарын 21-ний өдрийн 01/2158 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “А” ХХК болон нэр бүхий тендерт оролцогч байгууллагуудад хуулийн хугацаанд хүргүүлсэн.

“А” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн   “Гомдол хянасан тухай” 6-1/4725 дугаар албан бичгээр хуулийн хүрээнд холбогдох материалуудад үндэслэн хянан үзээд.., “А ХХК-ийн ирүүлсэн тендерт .., тендерийн баримт бичгийн тендер шалгалтын өгөгдлийн хүснэгтийн 14.1(ж)-д НД7, НД8 маягтыг сүүлийн 12 сараар ирүүлэх дээр материалыг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасны дагуу тендерээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна” гэж шийдвэрлэсэн. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааны хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэн хариу өгсөн байх тул “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Я.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол мал үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр баригдаж буй “Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгуудын гадна зам талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх” *********  дугаар тендерийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1430 цагт  нээлттэй нээсэн. Энэхүү тендерт 8 компани тендер ирүүлснийг нээж, үнийг зарлан, нээлтийн тэмдэглэл хөтөлсөн. “А” ХХК хамгийн бага үнийн саналтай байсан. Тендерийг хянан үзэх шатанд “А” ХХК-ийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаагүй учраас мөн зүйлийн 27.4-д зааснаар шаардлагад нийцээгүй гэж үзэн энэхүү компанийн ирүүлсэн тендерээс үнэлгээний хороо татгалзсан. 

Хянан үзэх шатны үнэлгээгээр тендерт оролцогч “Т******* *******”, “Ө*******-*******”, “Н******* Эрхэм”, “С” компаниудын тендер “Шаардлагад нийцсэн тендер”-ээр шалгарч дараагийн шатны үнэлгээнд орсноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасны дагуу бүх тендерийг хамгийн бага харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлэн мөн зүйлийн 28.7.4-д заасны дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй “С” ХХК-ийн тендерийг шалгсан нь хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна. Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлийн заалтуудад нийцүүлэн тендерийг хянаж, үнэлж, шалган гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг гаргасан. “С” ХХК тендерт шалгаран Ажил гүйцэтгэх 170815/04-118 тоот гэрээг байгуулан ажлыг гүйцэтгэж байна.

“С” ХХК-ийн түншлэл болох “Н*******” ХХК нь 2013 онд Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Малын удмын сангийн үндэсний цогцолборын /Дархан-Уул, Хонгор–XXVIII.1.5/ инженерийн иж бүрэн шугам сүлжээ болон барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх” тендерт шалгарч энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа. Энэхүү нэхэмжлэлд дурдсанчлан “Н*******” ХХК нь Малын удмын сангийн үндэсний цогцолборын холбогдох удаа дараагийн тендерүүдэд шалгарч байгаа, тухайлбал өнгөрсөн жилд цогцолборын гадна шугам, хоолойн тендерт шалгарсан гэдэг нь ташаа ойлголт байна. 2013 оны 05 дугаар сараас хойш 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгуудын гадна зам талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх” *********  дугаар тендер зарлах хүртэлх хугацаанд цогцолборын бүтээн байгуулалттай холбоотой ямар нэгэн тендер зарлагдаагүй болно. 

Тендерт “А” ХХК-ийн түншлэлээр оролцсон “Н*******-*******” ХХК-ийн Эрчим хүчний яамнаас авсан “03.2.2 0,4-15,0 квт хүртэлх цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, бусад дагалдах үйлчилгээ” хийх 1803/06 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан. Энэхүү тендерийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээсэн бөгөөд дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендер хүчинтэй байх хугацаанд дууссан учир эрх бүхий бус гэж үзсэн. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ өгсөн ямар нэгэн нотлох баримт тендерийн баримт бичиг дотор байгаагүй.

Мөн “Н*******-*******” ХХК-ийн тендерийн баримт бичгийн 5 дугаар хуудсанд байгаа тендерт гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэл, 22-26 хуудсанд байгаа мэдэгдлүүд /Шүүх, Татвар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, харилцагч банкнаас захиалагчийн зүгээс тодорхойлолт авахад татгалзах зүйлгүй, ТОӨЗ-ны 4.2.1-4.2.9-д дурдсан нөхцөл үүссэн эсэх тухай/ албан бичиг огноо, дугааргүй байгаа тул тендерийг хянан үзэх үе шатанд тендерийн бичиг баримтын үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Захиалагч тендерийн баримт бичигтээ албан тоотууд заавал огноо, дугаар байна гэж заагаагүй ч “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.3.7 дахь заалтын дагуу байгууллагаас гарч буй албан бичиг огноо, дугааргүйгээр гадагш явуулахыг хориглосон байдаг тул эдгээр албан тоотуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, тендерийн баримт бичиг шаардлагад нийцээгүйд тооцсон.

Тендерт оролцогчоос тухайн байгууллагын үндсэн ажилтан мөн эсэхийг хянан үзэх зорилгоор харьяалагдах Нийгмийн даатгалын байгууллагаас Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД7, НД8 маягтыг сүүлийн 12 сараар ирүүлэхийг шаардсан. Гэтэл ажил олгогчийн 260012404 дугаар бүхий “А”ХХК нийгмийн даатгалын шимтгэлийн 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01-05 дугаар сар нийт 6 сарын тайланг ирүүлсэн бөгөөд 12 сараар ирүүлээгүй нь тендерийн баримт бичигт зааснаар тендерээс татгалзах үндэслэл болж байна. 

Мөн нэхэмжлэгч “А” ХХК нь гүйцэтгэх ажлын үе шатны хуваарийг хийсэн боловч төлөөлөх эрх бүхий этгээдээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь мөн тендерийн баримт бичигт зааснаар тендерээс татгалзах үндэслэл болсон. 

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу худалдан авах ажиллагааны хяналтын асуудлаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэн хариу өгсөн байх тул “А” ХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал Б.С, түүний өмгөөлөгч Д.Х нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “С” ХХК нь Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зарласан “Малын удмын сангийн барилгуудын гадна зам, талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх” *********  дугаар тендер шалгалтад оролцож ялагчаар шалгарч, тус яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, ажлын 90 хувийн гүйцэтгэлтэй тендерийг хийж гүйцэтгэж байгаа билээ.

Тендерийн үнэлгээний хороо тендерийг нээхэд “А” ХХК-ийн түншлэгч “Н******* *******” ХХК-ийн “0,4-15,0 квт хүртэлх цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, бусад дагалдах үйлчилгээ” хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь Тендерийн хүчинтэй хугацааны дотор буюу 2017 оны 07 дугаар сарын 07-ний өдөр дуусгавар бол энэхүү тендерийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий этгээд биш гэж үзэх үндэслэл мөн байна.

 “А” ХХК-ийн тендерийн материалд ирүүлсэн тус компанийн түншлэгч “Н******* *******” ХХК-ийн албан бичгүүдэд он, сар, өдөр нь бичигдээгүй, дугааргүй зэрэг шаардлага хангаагүй байсан.  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу худалдан авах ажиллагаанд оролцож байгаа аливаа эрх зүйн этгээд нь төрийн албан ёсны, хууль ёсны харилцаанд оролцож байгаа явдал мөн бөгөөд ийнхүү албан харилцаанд оролцож байгаа бол төрийн байгууллагад ирүүлсэн бичиг баримт нь хууль, тогтоосон журмын дагуу бүрдэл хангасан байх шаардлагатай билээ. Иймд нэхэмжлэгчийн “албан бичиг огноогүй байх нь зөрчил биш” гэх агуулгатай тайлбар нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 14.1(ж) хэсгээр тендерт оролцогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг НД7, НД8 маягтыг сүүлийн 12 сараар ирүүлэх шаардлагыг тогтоосон. Энэ нь тендерт оролцогчдод бүгдэд нь адил тэгш байдлаар тогтоосон шаардлага байсан бөгөөд уг шаардлагыг хангаагүй нь “Шаардлага хангаагүй тендер” гэж дүгнэх бүрэн үндэслэл болдог, улмаар тендөрт оролцогчид үндсэн ажилтантай эсэхээ нотлох гол баримт гэдгийг манай компани олон жилийн туршлагаасаа мэдэх юм.

Иймд “А” ХХК нь Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 14.1(ж)-д заасан шаардлагыг хангаагүй, дутуу баримт ирүүлсэн нь “шаардлага хангаагүй тендер ирүүлсэн” гэж үзэж, эхний шатнаас хасагдах, тендерийн үнэлгээ хийхээс татгалзах үндэслэл мөн тул Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Малын удмын сангийн барилгуудын гадна зам, талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх” *********  дугаар тендерийн ялагч нь “С” ХХК бөгөөд тендерийн ажлын үндсэн гүйцэтгэгч нь, харин “Н*******” ХХК нь манай компанийн туслан гүйцэтгэгчээр оролцож, ажлыг багахан хэсгийг хийж гүйцэтгэх үүрэгтэй болно. Иймд “Н*******” ХХК нь тендерийн ялагч биш юм.

Нөгөө талаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендерт оролцогч аливаа этгээд нь өөр тендерийн ялагч байх, өөр ажлыг хийж гүйцэтгэж байхыг хориглосон заалт байхгүй билээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж хуульчлан тогтоосон. Иймд “шаардлагад нийцээгүй” тендер ирүүлсэн “А” ХХК-ийн тендерийг үнэлгээнд оруулах хууль зүйн боломжгүй учраас тус компанийн ирүүлсэн үнийн саналыг манай компанийн үнийн саналтай харьцуулах, хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж ялагчаар тодруулах хууль зүйн үндэслэлгүй байжээ.

Иймд “А” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй, хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-иас “Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *********  дугаар тендерт “С” ХХК-ийг шалгсан шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-309 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” А-15 дугаар тушаалын  хавсралтаар “Мал аж ахуйн чиглэлээр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэгчийг сонгох” Тендерийн үнэлгээний хороог байгуулжээ. 

Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар “Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгуудын гадна зам талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгах” *********  дугаар тендерт “А” ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу тендерийн баримт бичиг үндсэн шаардлагыг хангаагүй тул шаардлагад нийцээгүй гэж үзэж уг тендерээс татгалзсан байна. 

Гэтэл “А” ХХК энэхүү Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Сангийн яам гомдлыг хянан хэлэлцээд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/4725 дугаар албан бичгээр  “...Дээрх шаардлагуудыг хангахгүй байгаа нь тус компанийн тендерээс татгалзах үндэслэл болох тул захиалагчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна. ...”С ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр үндэслэлтэй” гэсэн хариуг захиалагч болон тус компанид хариуг өгчээ. 

Улмаар захиалагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “С” ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын барилгуудын гадна зам талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх 170815/04-118 дугаар гэрээ байгуулагджээ.

“Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгуудын гадна зам талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгах” Тендерийн баримт бичиг Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа (цаашид ТОӨЗ гэх)-ны 30.1-д “Аливаа тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө дараах шаардлагыг хангаж буй эсэхийг нягтална. (а) ТОӨЗ-ийн 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий тендерт оролцогч байх шаардлагыг хангасан эсэх, (г) тендерийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагад нийцсэн эсэх”, 30.2-т “ТОӨЗ-ийн 30.1 дэх хэсгийн (а)-(е) дэх шаардлагыг хангаж буй тохиолдолд тухайн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 30.4-д “Захиалагч шаардлагад үл нийцсэн гэж тогтоогдсон тендерээс татгалзана. Харин тендерт оролцогч түүнд засвар хийж шаардлагад нийцсэн болгож болохгүй гэж” тус тус заажээ.

“Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгуудын гадна зам талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгах” тендерийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр  нээсэн бөгөөд тендерийн баримт бичигт “тендер нээснээс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байна” гэж заасан байна. 

Дээрх тендерт нийт 8 компани тендерийн баримт бичиг ирүүлснийг Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Тендерийн баримт бичигт заагдсаны дагуу тендерийн баримт бичиг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзжээ. 

Нэхэмжлэгч “А” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Түншлэлийн гэрээ” байгуулан  оролцож байгаа “Н************** к*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэхэд тус компанид “04-15 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, бусад дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх” 1803/16 дугаар тусгай зөвшөөрлийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаатай олгосон байна. 

Тендер шалгалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ-ийн 4.4(в)-д “уг ажлыг гүйцэтгэхэд хатуу хучилттай авто зам барих, ...цахилгааны ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Түншлэлийн гишүүнд хамаарна” гэсэн шаардлагыг тусгайлан тогтоожээ. 

Гэтэл “Н************** к*******” ХХК-ийн цахилгааны ажил гүйцэтгэх 1803/16 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа уг тендер хүчинтэй байх хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дууссан болох нь тендерийн баримт бичигт хавсаргасан 1803/16 дугаар тусгай зөвшөөрөл , хэрэгт авагдсан тус компанийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1/208 дугаар  албан бичиг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон 1803/16 дугаар “Ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”  зэрэг баримтуудаар нотлогдож байх тул “А” ХХК-ийн ирүүлсэн тендер ТОӨЗ-ийн 4.4(в)-д заасан ерөнхий шаардлагыг хангаагүй, тендерт оролцогчийг эрх бүхий бус гэж үзсэн Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлтэй байна. 

Мөн Тендер шалгалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 14.1(ж) 1-д “Тендерт оролцогчид харьяалагдах Нийгмийн даатгалын байгууллагаас НДШ төлөлтийн НД7, НД8 маягтыг сүүлийн 12 сараар ирүүлэх”-ээр шаардсан ба 14.1(ж) “Дээрх материалуудыг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно” гэж тусгайлан заасан байхад нэхэмжлэгч “А” ХХК-иас 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэлх сүүлийн 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн (НД7) болон ногдуулалтын (НД8) тайланг хавсаргаж ирүүлсэн  болох нь тогтоогдож байх тул тендерийн иж бүрдэл дутуу гэж үзэж ТОӨЗ-ийн 14.1(ж), 30.4-д заасны дагуу хянан үзэх шатанд тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзах хангалттай үндэслэл бүрдсэн байна.

Түүнчлэн “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Манайх тендерийн баримт бичигт НД7, НД8 маягтыг сүүлийн 6 сараар хавсаргаж өгсөн, 12 сараар гаргаж ирүүлээгүй” гэдгээ хүлээн зөвшөөрч байсан болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-д Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4 –д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус зохицуулсан байна.

Иймээс “А” ХХК болон түншлэгч “Н************** к*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд эрх бүхий тендерт оролцогч байх шаардлагыг хангаагүй, мөн тендерийн иж бүрдэл дутуу, баримт бичгийн үндсэн шаардлагыг хангаагүй болох нь тендерийг хянан үзэх шатанд тогтоогдсон  тул Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр  нэхэмжлэгч “А” ХХК-ийн ирүүлсэн “Малын удмын сангийн үндэсний цогцолборын барилгуудын гадна зам талбай, тохижилт, гэрэлтүүлгийн ажил”-ын тендерийг “шаардлагад нийцээгүй” гэж үзэж, уг тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасантай нийцжээ.

Харин нэхэмжлэгч “А” ХХК-иас ТОӨЗ-ийн 14.1(ж) 4-д заасан гүйцэтгэх ажлын үе шатны хуваарийг  гаргаж, инженер З.Галсанням гарын үсэг зурж ирүүлсэн байх ба төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэж үзэхэд учир дутагдалтай байна. 

Мөн “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.1.4-д “Байгууллага нь өөрийн үйл ажиллагааны холбогдолтой баримт бичгийг боловсруулах, зохион бүрдүүлэх, ёсчлохдоо MNS 5140:2002, MNS 5141:2002, MNS 5142:2002 буюу албан хэрэг хөтлөлтийн цуврал стандартад тодорхойлсон техникийн шаардлагуудыг мөрдлөг болгоно” гэж заасан. “Баримт бичгийн бүрдлүүд, тэдгээрт тавих шаардлага. MNS 5141:2002” стандартад “Огноо нь баримт бичгийг зохиож үйлдсэн, хэлэлцэж баталсан, түүнд албан тушаалтан гарын үсэг зурсан он, сар, өдрийг илэрхийлнэ” гэж зааснаас үзэхэд албан бичгийн албан ёсны хүчин төгөлдөр байдал нь тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг дарж, баталгаажуулснаар тодорхойлогдох бөгөөд албан бичигт огноо, дугаар бичээгүй нь техникийн шинжтэй алдаа ба түншлэгч “Н************** к*******” ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсаргасан 5 албан тоотод  захирал С.М******* гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд огноо, дугаар бичээгүй нь уг албан бичиг утга агуулгаа илэрхийлэхгүй, хүчин төгөлдөр бус гэж шууд үзэх боломжгүй.  

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус хуульчилжээ.

Тендерийн үнэлгээний хороо шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Т******* Холдинг” ХХК, “Ө******* *******” ХХК, “Н******* Эрхэм” ХХК, “С” ХХК-иудын тендерт үнийн харьцуулалт хийхэд  “С ” ХХК хамгийн бага буюу 1,750,573,100,00 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байсан тул “С ” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгсан нь дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.4-д заасныг зөрчөөгүй байна. 

Нэгэнт хуралдаанаас “С ” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгсан Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр хуульд нийцсэн, уг тендер шалгалтын улмаас нэхэмжлэгч “А” ХХК ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-309 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “С ” ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх 170815/04-118 дугаар гэрээ  байгуулагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан “Барилга угсралтын ажлын гүйцэтгэл” №1, 2  баримтаас үзвэл гүйцэтгэгч “С ” ХХК нь гэрээний дагуу нийт гүйцэтгэх ажлын 90 хувь буюу 1,577,780,889.00 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа болохыг дурьдах нь зүйтэй.  

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, “А” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичигт заагдсан нөхцөл, шаардлагуудыг хангаагүй тул “шаардлагад нийцээгүй тендерийн санал ирүүлсэн” гэж үзэж уг тендерээс татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй байх тул ”Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *********  дугаар тендерт “С” ХХК-ийг шалгсан шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-309 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан “Тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *********  дугаар тендерт “С” ХХК-ийг шалгсан шийдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-309 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       М.ЦЭЦЭГМАА