Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 145

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Бд холбогдох эрүүгийн 2005001320064 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах далангийн хойд хэсэгт иргэн Ц.Мын гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр булаан авч дээрэмдэж 40.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Замын зардлын мөнгө хэрэг болоод ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 1.000.000 төгрөг өгсөн. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.М мөрдөн байцаалтанд: “2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах далангийн  хойд хэсэгт ажлаа тараад 23 цаг өнгөрч байх үед гэр рүүгээ харих гээд зүүнээсээ баруун зүг рүү алхаж байтал, ардаас хүн дагаад байх шиг байхаар нь эргэж хартал хүн байхгүй байх шиг харагдахаар нь юм бодолгүй тайван явж байтал гэнэт араас нэг хүн миний зүүн мөрөндөө үүрээд явж байсан хар өнгийн арьсан цүнхийг булааж аваад миний явж байсан баруун зүг рүү хар хурдаараа гүйхээр нь цүнх дээрэмдчихлээ гэж хашгираад гүйсэн чинь тэр залуу нас залуу байсан болоод маш хурдтай гүйж байсан. Би араас нь гүйцэх шинжгүй гүйж байсан тэгсэн тэр залуугийн өмнөөс нь хоёр залуу гарч ирээд бариад авахаар нь гүйж очоод цүнхээ булааж аваад цагдаа дуудсан...эд зүйлүүд бүрэн бүтэн байсан, харин гар цүнхийг минь булааж авах үед цүнхий баруун гар талын гогцооны нэг тал нь тасарсан байсан. Намайг цохиж зодсон, заналхийлсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Яллагдагчаар С.Б мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны  орой Баянгол дүүргийн хороолол гэж ярьдаг газар ажил хайж явсан. Би автобусны буудлаас урд зүгт явган алхаж байтал хар өнгийн күртиктэй цагаан өнгийн ороолттой, хар өнгийн гар цүнх барьсан 40 орчим насны эмэгтэй хүн ганцаараа баруун зүг чигтэй явган алхаж байхаар нь би бага зэрэг дагаж явж байснаа араас нь гүйж очоод зүүн гарынхаа мөрөндөө үүрч явж байсан хар өнгөтэй гар цүнхийг нь булааж аваад баруун зүгт гүйсэн. Тухайн үед уг эмэгтэй араас бахирч орилсон. Удалгүй өөдөөс 2 залуу гарч ирээд намайг барьсан. Цүнхээ алдсан эмэгтэй араас гүйж ирээд цагдаа дуудсан...би Ц.Мт сэтгэл санааны болоод гар цүнхий хохиролд 1.000.000 төгрөг өгсөн” /хх-ийн 38/

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланд “арьсан хуучин цүнх 40.000 төгрөгөөр үнэлэгдсэн” гэжээ. /хх-ийн 24/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд”...цүнхэнд үзлэг хийхэд цүнхний мөрлөгч хэсэг оруулгаараа тасарсан байдалтай байгааг  гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэжээ.  /хх-ийн 5, 8/

Хохирогч Ц.Моос гаргасан“...Б надаас уучлалт хүсэж,  хохиролд 1.000.000 төгрөг өгсөн  тул түүнд гомдол саналгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 54/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор С.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Б  2020 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах далангийн хойд хэсэгт иргэн Ц.Мын гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр булаан авч дээрэмдэж 40.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн С.Бгийн”... хар өнгийн гар цүнх барьсан 40 орчим насны эмэгтэй хүн ганцаараа баруун зүг чигтэй явган алхаж байхаар нь би бага зэрэг дагаж явж байснаа араас нь гүйж очоод зүүн гарынхаа мөрөндөө үүрч явж байсан хар өнгөтэй гар цүнхийг нь булааж аваад баруун зүгт гүйсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/, хохирогч Ц.Мын“...нэг хүн миний зүүн мөрөндөө үүрээд явж байсан Хар өнгийн арьсан цүнхийг булааж аваад миний явж байсан баруун зүг рүү хар хурдаараа гүйсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 24/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5, 8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

С.Бгийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

С.Б, Ц.Мын  гар цүнхийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос С.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч С.Бг “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас С.Бг “бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүх хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан хохирогч Ц.Мын “...Б надаас уучлалт хүсэж,  хохиролд 1.000.000 төгрөг өгсөн  тул түүнд гомдол саналгүй...” гэсэн бичгийн хүсэлтийг үндэслэн С.Бг бусдад төлөх төлбөргүйд  тооцов. 

 

Хяналтын прокурор яллах дүгнэлтэндээ гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчим гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг хэрэгт авагдсан гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн орчим гэж шүүх зөвтгөснийг тэмдэглэж байна. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч С.Бг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх  байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүгдэгч С.Б  бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...5 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.