Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 167

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч А.Марал

шүүгдэгч М

хохирогч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Мд холбогдох эрүүгийн 1905050260048 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М нь 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХХ нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Т.Ттай маргалдаж нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж, баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийн талаар мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч надаас эхлээд 3 сая төгрөг  дараа нь 2 сая төгрөг нэхсэн. Би бодит хохиролыг бол төлнө гэв.

 

Хохирогч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Сэтгэцийн эрүүл мэндийн 200.000 төгрөгийн баримтаас өөр баримт одоогоор надад алга байна. 200.000 төгрөгийг Мгаас нэхэмжилнэ. Би гомдолтой байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.Т мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө би Элбэг их дэлгүүрийн урд байрлах ХХХ нэртэй тайчих үзүүлбэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тэнд ороод 2-3 шил пиво ууж байгаад тайчих үзүүлбэр үзүүлдэг нэг эмэгтэйг өвөр дээрээ бүжиглүүлсэн юм. Тэгээд текэн дээр очоод пиво уугаад сууж байтал цаана нэг согтуу эмэгтэй текэн дээр сууж байгаад намайг нүдэнд хүйтэн зэвүүн гэх мэтээр хэлээд байсан би нэг их тоогоогүй. Тэгээд байж байтал тэр бааранд гаднаас дөрвөн  орос, нэг  монгол залуу орж ирсэн. Тэдний нэг орос залуу нь текэн дээр ирж миний хажууд суугаад надтай танилцаад хэдэн үг сольсон. Тэр орос залуус хойд талын тусгай зассан кабинд орж сууцгаасан. Тэр хэдийн араас нөгөө намайг элдвээр хэлээд байсан эмэгтэй тэд нарын кабин руу араас нь орсон. Тэгээд би хэсэг сууж байгаад явахаар болоод нөгөө танилцсан орос залуудаа баяртай гэж хэлэхээр кабин руу нь шагайхад нөгөө хүүхэн чи яах гээд байгаа пизда вэ гээд шууд над руу хүрэн өнгийн шил шидсэн. Тэгээд би хэсэг манараад нүүрээ гараараа дарж байгаад гараа автал маш их цус гарч байсан. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

 

Гэрч М.Дэжидмаа мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө өөрийн ажилладаг ХХХ бааранд найз Мг дуудсан. Удалгүй М манай ажил дээр ирээд бид хоёр текэн дээр сууж байгаад нэг нэг шил пиво уугаад би нааш цааш явж байтал нэг залуу миний өгзөг рүү алгадсан. Тэгтэл М тэр залууд чи болиоч балиар амьтан бэ энэ тэр гээд дургүйлхэж байтал  гаднаас дөрвөн гадаад нэг монгол залуус орж ирээд бид хоёртой танилцаад тэр залуус бид хоёрыг уух юмаар дайлъя гээд бид хамтдаа тусгайлан зассан кабинд ороод сууцгааж байтал нөгөө миний өгзөг рүү алгадсан залуу бид нарын сууж байсан кабинд ороод  ирсэн. Тэгтэл М чи гар энд орж ирж болохгүй гэхэд тэр залуу гарахгүй байсан. Тэгээд М босож очоод нөгөө залууг түлхэхэд нөгөө залуу гарахгүй тэр хоёр хоорондоо зууралдаж байгаад тэр залуу Мг арагш түлхтэл М ширээн дээр унаад босож ирээд нөгөө залуу руу ширээн дээр байсан шилэн хундага аваад нүүр рүү нь шидсэн...хэсэг хугацааны дараа би текэн дээр очиход тэр залуугийн баруун талын хөмсөгнөөс цус гарчихсан нойлын цаасаар дарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 362 дугаартай дүгнэлтэнд: “Т.Тын биед баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 19/

 

Яллагдагчаар М мөрдөн байцаалтанд: ХХХ тайчих үзүүлбэртэй бааранд манай найз Дэжидмаа ажилладаг юм. 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө би шинэ жилийн арга хэмжээнд оролцчихоод тарах үед найз Дэжидмаа намайг ажил дээрээ хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Дэжидмаагийн ажилладаг ХХХ нэртэй бааранд очиж пиво уусан. Тухайн үед бааранд үйлчлүүлж байсан нэг залуу намайг өдөж хоргоогоод миний өгзөгөнд нэг удаа хүрсэн. Тэгэхээр нь би  тэр залууд хандаж чи ямар бүдүүлэг залуу вэ нүдэнд хүйтэн гэж хэлсэн. Би тэгж хэлчихээд найзынхаа сууж байсан ширээн дээр очоод сууж байтал гаднаас дөрвөн орос нэг монгол залуу орж ирсэн. Тэдгээр залуучуудын нэг монгол залуу нь бид хоёр дээр ирээд танилцъя хамт нэг ширээнд сууж уух юмаар дайлъя гэж хэлэхээр нь бид хоёр зөвшөөрөөд тухайн залуучуудын сууж байсан ширээн дээр очиж хамт суусан. Бид нар хоорондоо юм яриад сууж байтал өгзөгөнд гараараа хүрсэн залуу бид нарын сууж байсан ширээн дээр нэг хоёр удаа ирээд бид нарын цуг сууж байсан орос залуутай юм ярьчихаад яваад байсан. Тэгээд дахиад нэг ирэхээр нь би нөгөө залууг чи яах гээд энүүгээр эргэлдээд байгаа юм гэхэд чи надад царай өгөхгүй байсан байж энэ гадаадуудтай танилцлаа муу янхан гэж хэлэхээр нь би чи кабинаас гар эсвэл би гаръя гэж хэлээд гарах гэтэл хаалга хашиж зогсчихоод намайг гаргахгүй байсан. Тэгтэл нөгөө залуу миний баруун хөл рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би ширээн дээрээс ууж байсан пивоныхоо шилийг аваад нөгөө залуугийн нүүр рүү шидсэн. Миний шидсэн пивоны шил нөгөө залуугийн баруун нүдний дээд хэсэгт очиж оносон. Тэгээд тэр залуу цаашаа тек рүү яваад өгсөн”  /хх-ийн 32/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/,  жирэмсний хяналтын хөтөчийн хуулбар /хх-ийн 50/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч М 2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХХ нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Т.Ттай маргалдаж нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж, баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Мгийн”... би нөгөө залууг чи яах гээд энүүгээр эргэлдээд байгаа юм гэхэд чи надад царай өгөхгүй байсан байж энэ гадаадуудтай танилцлаа муу янхан гэж хэлэхээр нь би чи кабинаас гар эсвэл би гаръя гэж хэлээд гарах гэтэл хаалга хашиж зогсчихоод намайг гаргахгүй байсан. Тэгтэл нөгөө залуу миний баруун хөл рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би ширээн дээрээс ууж байсан пивоныхоо шилийг аваад нөгөө залуугийн нүүр рүү шидсэн. Миний шидсэн пивоны шил нөгөө залуугийн баруун нүдний дээд хэсэгт очиж оносон...” /хх-ийн 32/,  хохирогч Т.Тын“...танилцсан орос залуудаа баяртай гэж хэлэхээр кабин руу нь шагайхад нөгөө хүүхэн чи яах гээд байгаа пизда вэ гээд шууд над руу хүрэн өнгийн шил шидсэн. Тэгээд би хэсэг манараад нүүрээ гараараа дарж байгаад гараа автал маш их цус гарч байсан...” /хх-ийн 14/, гэрч М.Дэжидмаагийн“...М босож очоод нөгөө залууг түлхэхэд нөгөө залуу гарахгүй тэр хоёр хоорондоо зууралдаж байгаад тэр залуу Мг арагш түлхтэл М ширээн дээр унаад босож ирээд нөгөө залуу руу ширээн дээр байсан шилэн хундага аваад нүүр рүү нь шидсэн...”  /хх-ийн 16/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 362 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Мн  хохирогч Т.Тын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Мг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Хохирогч Т.Т шүүх хуралдаан дээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 200.000 төгрөгийн  баримт гаргаж Мгаас нэхэмжилнэ гэж мэдүүлж байна.  Энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба Мн үйлдлийн улмаас Т.Тын эрүүл мэндэд “баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн гэмтэл учирсан энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүх хэрэгсэхгүй болгов.

 

Харин хохирогч Т.Т холбогдох эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Мгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг нь харгалзан түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.