Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 182

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр

шүүгдэгч Ө.Ч

шүүгдэгч-хохирогч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Лхамсүрэнгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,  Үлэмж овогт Өлзийсайханы Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905040990021 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Ч.

 

Б.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ө.Ч 2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабны орчим иргэн Л.Бын биед бусдыг өмөөрч халдаж, түүнд “баруун хөлний шаант, тахилзуур ясны далд хугарал, уруул, эрүүний зулгарал” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Л.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабны орчим иргэн Н.Цын биед халдаж, түүнд “тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал гарын сарвуунд зулгарал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                     

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Ц бид хоёр тухайн үед үерхдэг байсан болохоор би түүнийг өмөөрсөн юм. Миний хүзүүг Б урчихаар нь би  түүнийг хүчтэй түлхээд унагаачихсан. Би Бын биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 2 сая төгрөг өгсөн гэв. 

 

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Цыг Халиунаа гэж дууддаг. Халиунаа буюу Ц бид хоёр багын найзууд байгаа юм. Гэтэл Ц худлаа мэдүүлсэн байна лээ. Гэхдээ би Цыг түлхсэнээ зөвшөөрч байгаа. Ер нь Цаас болж Ч бид хоёр ийм байдалд хүрч хохирч байна гэв.

 

Хохирогчоор Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Миний хөл гэмтсэнээс болж хагалгаа хийлгэж хөлөндөө төмөр суулгуулсан. Дахин хагалгаанд орж хөлнийхөө төмрийг авахуулна.  Цаашид эмчилгээний зардал гарвал нэхэмжилнэ гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Л.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 10 дугаар сарын 10- наас 11-нд шилжих шөнө манай найз Чгийн төрсөн өдөр болоод намайг хорооллын “Цэ” пабад хүрээд ир гээд дуудаад байсан. Тэгээд би Модны хоёрын “Цэ” пабад ганцаараа очсон. Тэр үед Ч түүний эхнэр Халиунаа буюу /Ц/, Цолмон хоёр танихгүй  залуугийн хамт вип өрөөөнд сууцгааж байсан. Тэгээд хэсэг сууж байгаад “Цэ” пабнаас гараад хажуу талынх нь баар руу орох гэсэн чинь тог нь тасарчихсан. Тэгэхээр нь гараад хорооллын Түмэн плазагийн урд талд нээгдсэн нэг бааранд ороод нэг цаг суугаад баарнаас гараад би машинаа авах гээд Ч, Халиунаа хоёрын хамт дуудлагын жолооч дуудаад машинд суугаад Модны хоёрын Цэ пабны орчим үлдээсэн байсан машин дээрээ ирээд явах гэсэн Халиунаа Ч хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэр үед би ажилтай явлаа гэсэн чинь Халиунаа чи хэзээ ийм болчих юм бэгээд орилоод байсан. Тэр үед би дуудлагын жолоочтой хамт машинаа бариулаад явах гэсэн нь Халиунаа машины шил арчигчаас зулгаагаад хугалчихсан ба Ч нь миний сууж байсан талыг гаднаас нь өшиглөөд цохиод байсан. Тэгэхлээр нь би машинаас буугаад Халиунаатай маргалдсан чинь намайг Халиунаа үсдээд авахаар нь түлхсэн чинь Халиунаа газар унасан. Тэр үед Ч нь хүрч  ирсэнээ  пальтоны хоёр захнаас барьж авсанаа өргөөд шидсэн. Тэр үед би баруун талынхаа хөлөөрөө цохигдоод хойшоогоо хөлөө эвгүй дараад газар унасан. Тэгээд өндийх гэсэн чинь хөл хүчтэй өвдөөд санжигначихсан байсан. Тэгтэл дуудлагын жолооч бууж ирээд...хүний хөл хугалчихлаа... гэсэн чинь намайг тоохгүй өөр хүмүүстэй маргалдаад байсан. Тэр үед дуудлагын жолооч ах машинд суулгаад би цагдаад дуудлага өгөх гээд байж байсан чинь Халиунаа дахиж араас ирсэнээ эрүү хүзүү орчим майжиж самардаад мөн жолооч ахыг майжиж самардаад байсан. Тэр үед дуудлагын жолооч цагдаад дуудлага өглөө гэсэн чинь Халиунаа түрүүлж очиж таксинд суугаад араас нь Ч нь таксинд суугаад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь баруун  талын шилбэ хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

Хохирогч Н.Ц мөрдөн байцаалтанд: “2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө байсан. Тухайн өдөр манай найз залуу Чгийн төрсөн өдөр байсан ба орой манай найз Цолмон, Ч болон ажлынх нь нь хоёр найз эрэгтэйгийн хамт “Цэ” пабад сууж байгаад би найз Быг дуудсан. Тэгээд удалгүй Б ганцаараа хүрч ирсэн ба хэсэг сууж байгаад +25 нэртэй баар руу суух гээд орсон чинь миний бие өвдөөд байхаар нь би эмнэлэг орж үзүүллээ гэж хэлээд би эгчийндээ оччихоод буцаад Ч рүү залгасан чинь хорооллын Винсвэй баарны гадаа байна хүрээд ир гэхлээр нь би очсон. Тэр үед Чгийн хоёр найз нь Модны хоёроос салаад явчихсан байсан. Тэгээд Винсвэй бааранд хэсэг сууж байгаад гараад такси барих гэсэн чинь Б  дуудлагын жолооч дуудаад яах юм бэ би таньдаг ахыгаа дуудчихсан  гэсэн. Тэгээд хэсэг хүлээж байсан чинь Бын таньдаг ах нь машинтайгаа ирчихсэн байсан ба Ч, Б бид гурав машинд суугаад Цолмон салаад гэрлүүгээ явсан. Тэгээд Бын машиныг авах гээд буцаад Модны хоёрын “Цэ” паб руу явж байсан чинь Б намайг  чи миний амьдралд атаархлаа  гэх мэтээр үгээр идээр байхаар нь бид хоёр маргалдсан. Тэгээд Модны хоёрын “Цэ” пабын үүдэн дээр ирээд би машинаас буугаад Бтай маргалдсан чинь Б энгэрнээс заамдаад үсдсэн. Тэр үед би гарыг нь тавиулах гэсэн чинь намайг хойш түлхэсэн. Тэр үед би толгойгоороо саваад газар унасан чинь Ч намайг газраас босгосон чинь Б Чтэй маргалдаад чи Цыг өмөөрлөө гээд маргалдаад байсан. Тэгсэн чинь Б газар уначихсан хөл хугалчихлаа гээд орилоод байхаар нь Ч бид хоёр очоод босгох гэсэн чинь үгүй цаашаагаа зайл гээд орилоод байсан. Тэр үед Бын таньдаг ахынх нь ар талд байсан машинаас гурван танихгүй залуу бууж ирээд Чг зодох гээд барьцалдаж аваад хоолойг нь боогоод зууралдаад байсан. Тэр үед би очоод нөгөө хүмүүсийг боль гээд салгаад Б дээр очоод хамт эмнэлэг оръё гэсэн чинь Б  та нартай явахгүй  гээд уурлаад байсан. Тэгэхлээр нь Ч бид хоёр такси бариад яваад өгсөн”  гэсэн  мэдүүлэг /хх-ийн 24-27/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12507 дугаартай “Л.Бын биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, уруул, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 36/

 

Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн байцаалтанд: Дээр дурдсан гэмтлүүдээс баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь цохигдох, эвгүй дарж унах, цохигдож, өшиглүүлэхэд үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-63/, Хохиролын баримтууд /хх-ийн 64-65/, Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 66-73/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12443 дугаартай “Н.Цын биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги адлагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт  /хх-ийн 47/

 

Лазер Мед эмнэлэгийн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 49/

Төлбөрийн баримт /хх-ийн 50/

 

Сэжигтнээр Ө.Ч мөрдөн байцаалтанд: “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний төрсөн өдөр болсон.  Орой нь “Цэ” пабад найз нартайгаа сууж байгаад манай эхнэр Халиунаа /Ц/ бид хоёр ярилцаж байгаад найз Быг хүрээд ир гээд дуудсан. Тэгээд байж байтал Б хүрч ирээд бөөнөөрөө хамт сууж байгаад Цэ пабнаас 01 цагийн орчим гараад хорооллын Винсвэй гэх баар руу очоод бааранд орж сууцгаасан. Тэр үед хамт явсан манай хоёр найз Гомбожав, Буянсан нар түрүүлээд явсан бөгөөд манай эхнэр Ц, Цолмон, Б бид нар үлдээд сууж байтал 03 цаг өнгөрч байхад баар хаагаад бид нар баарнаас гараад явах болсон чинь Цолмон манай гэрт очих уу гэхээр нь Б би аваад явъя манайх ойрхон гээд тэр Цолмон гэрлүүгээ яваад өгсөн. Тэгээд би эхнэр Халиун, Бын хамт үлдсэн. Тэр үед Б дуудлагын жолооч дуудна гэж зогсож байсан чинь нэг машин ирээд тэр машинд суугаад “Цэ” паб руу явсан. Тэр үед манай эхнэр Халиунаа буюу Ц, Б хоёр маргалдаад байсан. Тэгээд “Цэ” баарны үүдэн дээр ирээд Б Халиунаа хоёр муудалцаад барьцалдаж аваад бие биенийгээ үсдчихсэн Б, Халиунааг үсдээд дарчихсан байхаар нь би очоод салгах гэсэн чинь өөдөөс самардаад хүзүү ам майжихаар нь би Быг түлхсэн чинь машиныхаа хажууд дээшээ хараад уначихсан. Тэгээд Б чи миний хөлийг хугалчихлаа гээд байхаар нь татаж босгох гэсэн чинь өөдөөс хэрүүл хийгээд байж байсан танихгүй гурван залуу ирээд тэд нартай маргалдаж байсан чинь Б таксинд суучихсан байсан. Тэр үед Халиунаа такси барих гээд зогсож байхаар нь би хажууд нь очсон чинь нэг машин зогсоод тэгээд такси бариад гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/

 

Яллагдагчаар Л.Б мөрдөн байцаалтанд: “Тухайн үед би Халиунаа хочтой Цтай зодолдоод хоорондоо үсдэлцээд байж байгаад үсээ салгаж аваад эргээд харсан чинь Ч ирээд бид хоёр зууралдаад авсан бөгөөд намайг Ч хөлөөрөө хавирч газар унагаагаад миний дээрээс өөрөө биеэрээ унасан. Тэр үед миний баруун хөлний шилбэ орчим хугарсан. Би Цтай харилцан үсдэлцсэн. Шинжээчийн дүгнэлт дээр учирсан хөнгөн гэмтлийг би учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Ч намайг унагаж миний баруун хөлний шилбийг хугалж надад хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. ...Тухайн үед ирсэн дуудлагын жолоочыг би огт танихгүй. Тухайн үед хоёр эрэгтэй хүн ирсэн байсан. Тухайн үед зодолдож муудалцах үед дуудлагын жолооч намайг газар хөлөө хугалаад байж байхад хүрч ирээд хөлийг нь хугалчихсан байна гээд байж байсан чинь цаанаас танихгүй 2-3 залуу хүрч ирж байсан. Тэр үед дуудлагын жолооч намайг машиндаа суулгасан. Дараа тэр залуучууд яваад өгчихсөн байсан. Миний тооцоогоор 500000 төгрөгний эмчилгээ хийгдсэн байсан баримтыг нь хэрэгт хавсаргуулсан байгаа. Одоо нэмж өгөх эмчилгээний баримт байгаа боловч эвлэрч байгаа болохоор материалд хавсаргуулахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105/

 

Хохирогч Л.Бын “...хохиролд 2.000.000 төгрөг авсан, үүнээс хойш гарах эмчилгээний  зардлыг би өөрөө хариуцна...маргааныг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 120/, шүүгдэгч Ө.Чгийн “Бт учруулсан хохирлоо барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 121/, хохирогч Н.Цын “...Л.Бт гомдол саналгүй, хохирол байхгүй болно” гэсэн хүсэлт /хх-ийн 126/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Л.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 115/, Ө.Чгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

 

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабны орчим багын найз гэх Н.Ц, Л.Б нар хувийн таарамжгүй харьцаанаас хоорондоо маргалдаж улмаар харилцан үсдэлцэж Л.Б нь Н.Цын биед халдаж бие махбодид нь “тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал гарын сарвуунд зулгарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг,

Ө.Ч нь өөрийн үерхдэг найз Н.Цыг өмөөрч Л.Быг газарт унагаж бие махбодид нь “баруун хөлний шаант, тахилзуур ясны далд хугарал, уруул, эрүүний зулгарал” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар Л.Бын “...би Халиунаа хочтой Цтай зодолдоод хоорондоо үсдэлцээд байж байгаад үсээ салгаж аваад эргээд харсан чинь Ч ирээд бид хоёр зууралдаад авсан бөгөөд намайг Ч хөлөөрөө хавирч газар унагаагаад миний дээрээс өөрөө биеэрээ унасан. Тэр үед миний баруун хөлний шилбэ орчим хугарсан. Би Цтай харилцан үсдэлцсэн. Шинжээчийн дүгнэлт дээр учирсан хөнгөн гэмтлийг би учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105/, сэжигтнээр Ө.Чгийн “...манай эхнэр Халиунаа буюу Ц, Б хоёр маргалдаад байсан. Тэгээд “Цэ” баарны үүдэн дээр ирээд Б Халиунаа хоёр муудалцаад барьцалдаж аваад бие биенийгээ үсдчихсэн Б, Халиунааг үсдээд дарчихсан байхаар нь би очоод салгах гэсэн чинь өөдөөс самардаад хүзүү ам майжихаар нь би Быг түлхсэн чинь машиныхаа хажууд дээшээ хараад уначихсан. Тэгээд Б чи миний хөлийг хугалчихлаа гээд...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/, хохирогч Л.Бын”...би машинаас буугаад Халиунаатай маргалдсан чинь намайг Халиунаа үсдээд авахаар нь түлхсэн чинь Халиунаа газар унасан. Тэр үед Ч нь хүрч  ирсэнээ  пальтоны хоёр захнаас барьж авсанаа өргөөд шидсэн. Тэр үед би баруун талынхаа хөлөөрөө цохигдоод хойшоогоо хөлөө эвгүй дараад газар унасан. Тэгээд өндийх гэсэн чинь хөл хүчтэй өвдөөд санжигначихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, хохирогч Н.Цын “...Бтай маргалдсан чинь Б энгэрнээс заамдаад үсдсэн. Тэр үед би гарыг нь тавиулах гэсэн чинь намайг хойш түлхсэн. Тэр үед би толгойгоороо саваад газар унасан чинь Ч намайг газраас босгосон чинь Б Чтэй маргалдаад чи Цыг өмөөрлөө гээд маргалдаад байсан. Тэгсэн чинь Б газар уначихсан хөл хугалчихлаа гээд орилоод байхаар нь Ч бид хоёр очоод босгох гэсэн чинь үгүй цаашаагаа зайл гээд орилоод байсан...”  /хх-ийн 24-27/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 12507 дугаартай “Л.Бын биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, уруул, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36/ шинжээч эмч Н.Энхцолмонгийн “баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-63/, хохиролын баримтууд /хх-ийн 64-65/, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 66-73/, шинжээчийн 12443 дугаартай “Н.Цын биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал, гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47/, Лазер Мед эмнэлэгийн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 49/,  төлбөрийн баримт /хх-ийн 50/ зэрэг  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Ө.Чгийн Л.Бын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Л.Бын  Н.Цын  бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус тооцогдох ба дээрх гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ө.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч  Л.Быг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иймд хяналтын прокуророос Ө.Ч, Л.Б нарт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ө.Чг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тус тус тооцов.   

 

Хохиролын талаар хохирогч Н.Ц мөрдөн байцаалтанд “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгч Л.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ө.Чгийн үйлдлийн улмаас эрүүл мэнддээ хүндэвтэр гэмтэл авсан хохирогч Л.Б хэрэгт “...хохиролд 2.000.000 төгрөг авсан, үүнээс хойш гарах эмчилгээний  зардлыг би өөрөө хариуцна...маргааныг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 120/ хавсаргасан байх боловч тэрээр шүүх хуралдаан дээр “дахин хагалгаанд орж хөлнийхөө төмрийг авахуулна. Цаашид эмчилгээ гарвал нэхэмжилнэ” гэж мэдүүлснээс үзэхэд түүний эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн арилж зөрчигдсөн эрх нь сэргээгдсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм. Иймд хохирогч Л.Б цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ө.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага, шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүгдэгч Л.Б, Ө.Ч нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг нь харгалзан тэдгээрт торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.