Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 183

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн  хөтлөн,

улсын яллагч А.Дүүрэнбилэг

шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Ад холбогдох эрүүгийн 2005000380030 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ө.А нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхоны орчим хохирогч Б.Иийн нүүрэн тус газарт  гараараа цохиж түүний биед баруун чихний омогт шарх баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Би өөрийн гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.И мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай оюутан ангийн шинэ жилийн арга хэмжээ Яргайтын аманд 19 цагийн үед эхэлсэн. Ингээд би 2 лааз пиво, 2 хундага архи л уусан байсан. Тэгтэл 22 цагийн үед ангийн А, Лхагвасүрэн, Ган-Очир нар ирээд ангийнхаа нэг хүүхдийг хотоос авчрах хэрэгтэй байна. Чи машинтай явж байгаа юм чинь яваад өгөөч гэсэн. Лхагвасүрэн архи уугаагүй байсан учраас машин бариулаад бид дөрөв явсан.  Ингээд замд явж байхад А өөрийгөө дөвийлгөөд аймгийнхаа хоёр атамануудын нэрийг хэлж томорч ярихаар  нь би Ад хандан хүний нэр барьж пялдагнаж явах юм гэж хэлсэн чинь маргаан болоод арын суудлаас миний баруун шанаа хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Тэгээд би гарыг нь барьж автал хажууд байсан Лхагвасүрэн, Ган-Очир хоёр боль гэж хэлсэн. Тэгээд бид нар явсаар байгаад 10 дугаар хороолол Голден парк хотхоны гадаа ирээд А, Баттулга гэх найзыгаа дуудахаар буусан. Би цуг дуудахаар болоод хамт буугаад орцны үүд рүү алхаж явахдаа хоорондоо дахиад хэрэлдсэн. Би Агийн куртикнээс барьчихсан явж байсан. Тэгтэл А миний нүүрний зүүн хацар, шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд заамдалцаад ноцолдоод газар унасан. Тэр үед А дээр гарч суугаад нүүр хэсэгт нилээд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Цаашид эмчилгээний зардалд 700.000 төгрөг нэхэмжилж байна. Баримтуудаар 300.000 гаруй төгрөг байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

 

Гэрч О.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай оюутан ангийн шинэ жилийн арга хэмжээ Яргайтын аманд байрлах Зуун наст гэх амралтын газар болсон. Ингээд оройны 22 цаг өнгөрч байхад Ган-Очир, А бид гурав хотод байгаа ангийн найз Баттулга, Дэлгэрсайхан нарыг авахаар ярилцаад машин байхгүй байсан учир Иээс машиныг нь гуйсан. Ингээд И, Ариунбаян, Ган-Очир бид  дөрөв 22 цаг өнгөрч байхад гараад 10 дугаар хороолол руу явсан. Машинд явж байхад Агаас Иээ хэнтэй нийлдэг байсан талаар асуутал Мянгаа, Ариука хоёртой нийлдэг байсан, атаман байсан талаар ярьсан.  Тэгтэл И чи хүний нөмрөгөнд явсан ул шагайсан амьтан байна гэж хэлсэн. Ингээд маргалдаж эхэлсэн тэгтэл А Иийг цохиод авах шиг болсон. Яг хаана нь цохисныг хараагүй...И, А хоёр машинаас буугаад бие биенээсээ зуураад орц руу явсан. Би машин холдуулах гээд хажуу тийшээ хөдөлчихөөд машинаас буугаад очтол А, Иийг газар унагаачихсан дээр нь гарчихсан цохиж байсан. Ган-Очир бид хоёр очоод салгаад холдуулсан чинь И босож ирээд А дээр очоод зууралдаж аваад байсан...Атай зодолдсоны дараа баруун нүд нь хавдсан, нүдний доор нь хөхөрсөн, амнаас нь бага зэрэг цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/

 

Гэрч Б.Ган-Очир мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай оюутан ангийн шинэ жилийн арга хэмжээ Яргайтын аманд Зуун наст гэх амралтын газар болсон. Машинд байхад А, И хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл А Иийг цохиод авсан. Би Аг барьж аваад хойшоо татсан. Ингээд тэр хоёрыг салгаад суулгасан. Ингээд Голден парк хотхоны гадаа очсон. И, А хоёр машинаас буугаад бие биеэсээ зуураад орц руу явсан...машинаас буугаад очтол А Иийг газар унагаачихсан дээр нь гарчихсан цохиж байсан. Ган-Очир бид хоёр очоод салгаад холдуулсан чинь И босож ирээд А дээр очоод зууралдаж аваад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 791 дугаартай “Б.Иийн биед баруун чихний омогт шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 22/

 

Яллагдагчаар Ө.А мөрдөн байцаалтанд: “Манай ШУТИС-ийн нэг ангийн хүүхдүүд бүгд шинэ жил тэмдэглэхээр болоод 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Яргайтын аманд байрлах Зуун наст нэртэй амралтын газар очсон. Тэгээд бид нар бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд 22 цагийн үед найз Лхагвасүрэн, Ган-Очир бид гурав хотын төв орж ангийн найз Баттулга, Дэлгэрсайхан нарыг авахаар явсан. Машин байхгүй байсан учир найз Иийг гуйсан. Лхагвасүрэн архи уугаагүй байсан учир машин барихаар болоод бид дөрөв хот руу явсан. Машин дотор явж байхад И сургуулиас гарах гэж байгаа тухай ярьсан. Ингээд байж байтал И өөрийгөө магтаад сургуульдаа сайн сурдаг, голч дүн сайн гэх мэтийн яриа өрнөсөн. Тэгээд байж байтал И чи аймагт гайгүй сурагтай хоёр хүүхэдтэй найзалдаг бил үү гэхээр нь тиймээ би аймагт Мянгаа, Ариунбаатар гэх хоёр  хүүхдийг танина. Тэр хоёр Завхан аймгийн Улиастай сумын 10 жилд гайгүй зодолддог хоёр гар байсан гэж хэлсэн чинь чи барын сүүл явлаа гэж хэлсэн. Ингээд маргалдаж эхэлсэн. Би арын суудал дээр И жолоочийн хажуу талын суудал дээр суусан байсан бөгөөд би араас нь нэг удаа цохиж авсан. Тэгээд буцаад эвлэрээд явсаар байгаад Голден парк хотхоны  гадаа очсон. Би Иийг хамт машинаас буугаад байрны орц руу явсан. Ингээд орцны гадаа очоод би найзынх руугаа орлоо гэсэн. Орцны код мэдэхгүй байсан учир түр хүлээгээд зогсож байтал И чи өдөөд байна уу гээд намайг заамдаад авсан. Би түлхсэн чинь миний дух хэсэгт цохисон. Би Иийн нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгээд зууралдаад газар унасан. Намайг үсдээд авахаар нь би дээр нь гараад дарсан. Тэр үед Лхагвасүрэн, Ган-очир хоёр машинаа тавьчихаад ирсэн тэр хоёр И бид хоёрыг  салгаад холдуулсан. Тэр үед И арагшаа унахдаа хөлөөрөө хэд хэдэн удаа жийсэн. Тэр үед нь би хэд хэдэн удаа цохисон...надаас ямар ч үндэслэлгүй 700.000 төгрөг нэхээд байгаа учраас би зардлыг нь төлөхгүй байгаа юм” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 30/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Ө.А, Б.И нар согтуугаар харилцан маргалдсанаас 2019 оны 12 дугаар сарын 23-нд  Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны орчим шүүгдэгч Ө.А хохирогч Б.Иийн нүүрэн тус газарт гараараа цохиж түүний биед баруун чихний омогт шарх баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ө.Агийн“...би Иийн нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгээд зууралдаад газар унасан. Намайг үсдээд авахаар нь би дээр нь гараад дарсан. Тэр үед И арагшаа унахдаа хөлөөрөө хэд хэдэн удаа жийсэн. ..би хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, хохирогч Б.Иийн “... Ад хандан хүний нэр барьж пялдагнаж явах юм гэж хэлсэн чинь маргаан болоод арын суудлаас миний баруун шанаа хэсэгт гараараа хоёр удаа цохисон...А миний нүүрний зүүн хацар, шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд заамдалцаад ноцолдоод газар унасан. Тэр үед А дээр гарч суугаад нүүр хэсэгт нилээд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/, гэрч О.Лхагвасүрэнгийн “...А Иийг газар унагаачихсан дээр нь гарчихсан цохиж байсан...баруун нүд нь хавдсан, нүдний доор нь хөхөрсөн, амнаас нь бага зэрэг цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/, гэрч Б.Ган-Очирын “..машинд байхад А, И хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл А Иийг цохиод авсан...А, Иийг газар унагаачихсан дээр нь гарчихсан цохиж байсан...”/хх-ийн 9/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 791 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Ө.Агийн Б.Иийн бие махбодид нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.   

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Ө.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Ө.Аг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ө.А гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.И“...цаашид эмчилгээний зардалд 700.000 төгрөг нэхэмжилж байна. Баримтуудаар 300.000 гаруй мянган төгрөгийн баримтууд байгаа” гэж мэдүүлсэн байх боловч хохиролтой холбогдох баримт хэрэгт хавсаргагдаагүй байна.

 

Шүүх хуралдаанд оролцох талаар бичгийн хүсэлт гаргаагүй хохирогч Б.Ит шүүх хуралдааны тов мэдэгдэж, түүний хүсэлтээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, дараагийн хурлын товыг шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Наймдугаар бүлэгт заасан хохирогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Харин хохирогч Б.И өөрт учирсан хохиролтой холбогдох  зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.Агаас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй. 

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ө.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ө.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Ө.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг нь харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж  шүүх шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.