Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 203

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч А.Дүүрэнбилэг

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод Бд холбогдох эрүүгийн 2005004070194 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар паласын гадна зогсоолд байрлуулсан хохирогч П.Згийн эзэмшлийн 57-00 УБВ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн баруун, зүүн талын их гэрэл, баруун толь зэргийг хагалж, хууль бусаар устгаж, гэмтээсэн  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт:  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн буруутай үйлдлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлж хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч П.З мөрдөн байцаалтанд: “Улаанбаатар паласт байрлах Дурсамж баарны үүдэнд авто машины зогсоол дээр өөрийн Тоёота Кроун машиныг 17 цагийн орчимд байрлуулаад ажилдаа орсон. Ажлаа тараад машиндаа нөхөр Батзоригийн хамт суугаад ухарч байсан чинь нэг үл таних эрэгтэй хүн баруун талын толийг цохиод хагалсан. Тэгэхээр нь манай нөхөр бууж очоод яаж байгаа юм бэ гэж хэлэхэд би төлөөд өгнө гэсэн. Тэгээд манай нөхөр цагдаа дуудаад байж байтал дахиад толь хугалсан үл таних хүн ахиж ирээд 2 гэрлийг хоёуланг нь өшиглөөд хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/

 

Гэрч Б.Батзориг мөрдөн байцаалтанд: “2020 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө 05:00 цагийн үед ажлаа тараад эхнэрийн хамт машиндаа суугаад ухарч байсан чинь согтуу эрэгтэй хүн машины баруун талын толийг хугалахаар нь буугаад яаж байгаа юм гэсэн чинь тэр эрэгтэй яадаг юм бэ пизда минь гээд намайг нүдний хажууд маажаад хаясан. Манай хамт явж байсан хүмүүс бууж ирээд салгаад зогсож байтал тухайн эрэгтэй эхлээд машины баруун талын их гэрлийг хөлөөрөө өшиглөөд хагалсан дараа нь зүүн талын их гэрлийг бас хөлөөрөө өшиглөөд хагалсан. Би хориглоод зууралдахад дийлэхгүй зүтгээд миний куртикыг ураад машины гэрэл хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/

 

Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээгээр автомашин техникийн эвдрэл, хохирол нийт 1.125.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/

 

Хохиролд 1.190.000 төгрөг хохирогч П.Зд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч П.З “гомдол саналгүй ” гэсэн хүсэлт /хх-ийн 22, 24/

 

Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтанд: “2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр багийн найз Цолмонбаяр ойрд уулзаагүй юм байна уулзах уу гэхээр нь тэгье гээд хамт гадаа машинд 0,5 гр хараа архи ууж дуусаад Улаанбаатар палас дотор байрлах Дурсамж нэртэй бааранд орсон. Бааранд нэг шил архи хувааж уугаад баар хаах цаг болоод гарч байгаад хэсэг хүмүүстэй маргалдаж байх шиг байсан. Тэгээд уурандаа баарны гадна байсан саарал өнгийн машины толийг хугалсан. Мөн гэрлийг нь хагалсан. Хохирлыг нь барагдуулсан” /хх-ийн 37/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын гадна зогсоолд байрлуулсан хохирогч П.Згийн эзэмшлийн 57-00 УБВ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн баруун, зүүн талын их гэрэл, баруун толь зэргийг хагалж, хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:      

      Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар Б.Бгийн “...бааранд нэг шил архи хувааж уугаад баар хаах цаг болоод гарч байгаад хэсэг хүмүүстэй маргалдаж байх шиг байсан. Тэгээд уурандаа баарны гадна байсан саарал өнгийн машины толийг хугалсан. Мөн гэрлийг нь хагалсан. Хохирлыг нь барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/ хохирогч П.Згийн“...нэг үл таних эрэгтэй хүн миний машины баруун талын толийг цохиод хагалсан. ...Тэгээд манай нөхөр цагдаа дуудаад байж байтал дахиад зүүн талын толь хугалсан...2 гэрлийг хоёуланг нь өшиглөөд хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/ гэрч Б.Батзоригийн “...тухайн эрэгтэй эхлээд машины баруун талын их гэрлийг хөлөөрөө өшиглөөд хагалсан тэгээд дараа нь зүүн талын их гэрлийг бас хөлөөрөө өшиглөөд хагалсан. Би хориглоод зууралдахад дийлэхгүй зүтгээд миний куртик ураад машины гэрэл хагалсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 9/ болон Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээгээр автомашин техникийн эвдрэл, хохирол нийт 1.125.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/, хохиролд 1.190.000 төгрөг хохирогч П.Зд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч П.З “гомдол саналгүй ” гэсэн хүсэлт /хх-ийн 22, 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Б.Бгийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Бг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хааж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.