Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Зод холбогдох эрүүгийн 1905040570227 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.З нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Хилл” зочид буудлын 17 давхарын ресторанаас иргэн Э.Бат-Эрдэнийн 720.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг мөнгөн аягыг хулгайлахыг завдсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  М.З шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр би Баянгол дүүргийн 18 дугаар хороо Гранд хилл зочид буудлын 17 давхарт байрлах ресторанд хуримаа хийсэн. Тэгээд 23 цагийн үед хуримын цайллага дуусаад ширээгээ хурааж байхад хамгийн дээд талын ширээн дээр бэлгэнд өгсөн эд зүйлээ хураасан байсан чинь 25 орчим насны үл таних залуу ширээн дээр хураалттай байсан мөнгөн аяга аваад гарч байхаар нь очоод юун хүн бэ хэний талаас ирсэн хүн бэ гэж асуухад би хүргэний талын хүн байна гэсэн тэгэхээр нь би гайхаад байж байтал манай хоёр найз гаднаас орж ирсэн. Тэгээд би өөрийн талын хүмүүсээ таних болохоор тэнд байсан хүмүүсээс асуухад таних хүн байхгүй болохоор нь авч явж байсан мөнгөн аягануудаа аваад тухайн хүнийг цагдаад өгсөн. Би мөнгөн аягануудаа эргүүлээд авсан. Дунд гарын 6  ширхэг мөнгөн аяга байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/

Damno хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “дунд гарын 6 ширхэг мөнгөн аяга нийт үнэлгээгээр 720.000 төгрөгөөр үнэлэгдсэн” байна.  /хх-ийн 24/

 

Гэрч О.Довчинбавуу мөрдөн байцаалтанд: “2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай  найз Э.Б хуримаа хийсэн. Тухайн үед би найз Э.Бат-Эрдэнийн хуримын гэрчээр оролцсон. Хурим нь Гранд хилл зочид буудлын ресторанд болоод үйл ажиллагаа нь 23 цагийн үед өндөрлөж хүмүүс тарцгаасан. Тэр үеэр Алтангэрэл бид хоёр гаднаас орж ирэхэд 25 орчим насны залуу пиджакныхаа энгэрт 6 ширхэг бэлгэнд өгсөн мөнгөн аягыг нуугаад аваад гарч байхад нь таарсан. Тэгээд тухайн хүнээс хэний талын хүн бэ гэж асуухад хүргэний тал гэсэн. Тэгээд манай найз Э.Б гайхаад тэнд байсан хүмүүсээс асуугаад таних хүн байхгүй болохоор цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

 

Яллагдагчаар М.З мөрдөн байцаалтанд: “2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай найз Д.Дашсүрэнгийн найз охины төрсөн өдөр болсон. Тэгээд Д.Дашсүрэн түүний найз охин Урнаа болон Урнаагийн найзуудтай хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Аморе гэдэг нэртэй буудлын караокены өрөөнд орж төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэгж байхад бидэнд үйлчилж байсан караокены зөөгч манай хажуу талын Гранд хиллд  хурим болж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хэд Аморе караокеноос гараад манай найз тооцоогоо хийчихээд ирье гээд буцаад орсон. Тэрнээс хойш би салхинд гараад тасарсан юм шиг байна лээ би нэг мэдсэн Гранд хилл хурим болсон газар орчихсон байсан. Өөрөө яаж орсноо ч мэдэхгүй байна. Намайг ороход хүмүүс бужигнаж байсан. Тухайн үед хурим дуусчихсан хүмүүс ширээгээ хумьж байсан. Хүмүүс нааш цаашаа холхилдоод байсан. Тэгээд гэнэт намайг хоёр талаас хүмүүс бариад авсан. Тэгээд гайхаад юу болсон гэсэн чинь би мөнгөн аяга барьчихсан зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/ болон шүүгдэгч М.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.З 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Хилл” зочид буудлын 17 давхарын ресторанд хуримаа хийж байсан  Э.Бат-Эрдэнийн хуримын бэлэгнээс нийт 720.000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын мөнгөн аяга 6 ширхэгийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Бат-Эрдэнийн “...хамгийн дээд талын ширээн дээр бэлгэнд өгсөн эд зүйлээ хураасан байсан чинь 25 орчим насны үл таних залуу ширээн дээр хураалттай байсан мөнгөн аяга аваад гарч байхаар нь...мөнгөн аягануудаа аваад тухайн хүнийг цагдаад өгсөн. Би мөнгөн аягануудаа эргүүлээд авсан. Дунд гарын 6  ширхэг мөнгөн аяга байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч О.Довчинбавуугийн “...гаднаас орж ирэхэд  25 орчим насны залуу пиджакныхаа энгэрт 6 ширхэг бэлгэнд өгсөн мөнгөн аягыг нуугаад аваад гарч байхад нь таарсан...” /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг болон  Damno хөрөнгийн үнэлгээний тайлангаар “дунд гарын 6 ширхэг мөнгөн аяга нийт үнэлгээгээр 720.000 төгрөгөөр үнэлэгдсэн” үнэлгээ /хх-ийн 24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн М.Зын“...би нэг мэдсэн Гранд хилл хурим болсон газар орчихсон байсан. Тэгээд гэнэт намайг хоёр талаас хүмүүс бариад авсан. Тэгээд гайхаад юу болсон гэсэн чинь би мөнгөн аяга барьчихсан зогсож байсан...” /хх-ийн 33/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.Зын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.З гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.З гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна мөн хохиролгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “алдсан эд зүйл байхгүй тул гомдол саналгүй” гэх тэмдэглэл, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг М.Зод танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.