Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 219

 

 

                                                           

 

 

 

 

 

2020        03          23                                2020/ШЦТ/219

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овгийн Хүрлээгийн Бөд холбогдох эрүүгийн “1911031210097” дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, дуучин, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа бие даасан уран бүтээлч ажилтай, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, 3-118 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Зуутраг овгийн Х...........Б, /РД: ................

Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Н.Амгаланбаатарт “Оюу толгой” ажилд оруулж өгнө гэх зохиомол байдлыг зориудаас бий болгон хуурч, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:                               “...Өмнө нь би О.Амаржаргал гэх найзаараа дамжуулан Н.Амгаланбаатартай танилцсан. Ингээд Амгаланбаатар нь ажилд ормоор байна гэхээр нь би “Оюу толгой” ХХК таних хүн байгаа асуугаад хэлээд өгье, ажилд орохын тулд 5,000,000 төгрөг байдаг талаар хэлсэн. Тухайн үед буюу 2018 оны 08 дугаар сард би О.Амаржаргалаас мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч гэхэд О.Амаржаргал нь Н.Амгаланбаатараас 2,500,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5062057856 дугаарын дансанд авч улмаар миний Хаан банкны 5046263007 дансны дугаар руу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би өөрийн таних хүнээрээ дамжуулан Н.Амгаланбаатарыг “Оюу толгой” ХХК-нд ажилд оруулах санаатай байсан ба би өөрөө “Оюу толгой” ХХК-нд ямар нэг байдлаар ажиллаж байгаагүй. Мөн дээд албан тушаал хашиж байгаагүй. Н.Амгаланбаатараас 2,500,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан болно...” гэх /хх-ийн 24-25х/,

Хохирогч Н.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний найз Амаржаргал гэх эмэгтэй байдаг юм. Амаржаргал бид хоёр 2018 оны 08 дугаар сарын дундуур уулзаж буу халангаа ганц хоёр пиво уугаад сууж байтал Амаржаргалын найз гэх Б гэх залуу ирсэн. Ингээд тэр залуутай би танилцаад сууж байтал Б гэдэг залуу намайг хаана ямар ажил эрхэлдэг юу хийдэг талаар асуусан. Би өөрийгөө алтны уурхайд ажилладаг улирлын чанартай өвөл манай ажил зогсчихдог болохоор өвөл гэртээ байдаг гэхэд тэр Б гэх залуу манай найз “Оюу толгой”           ХХК-нд ахлахаар ажилладаг юм. Би чамайг оруулж өгч чадна гэж хэлсэн. Ингээд ярилцаад сууж байхад Б гэх залуу нь хоёулаа 5 сая төгрөгөөр тохиръё эхний ээлжинд чи надад 2,500,000 төгрөг өгчих ажил бүтсэний дараа 2,500,000 төгрөгийг өгчих гэж хэлээд тохирсон. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Бтэй холбогдоод 2,500,000 төгрөгтийг .. манай гэрийн дараа ирээд бэлнээр авсан...” гэх /хх-ийн 12-15х/,

Гэрч О.Амаржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Б Амгаланбаатар хоёрыг хооронд нь танилцуулсан. Тэгсэн Б “Оюу толгой” ХХК-нд ажиллах сонирхолтой юм уу гэхэд Амгаланбаатар тиймээ гэсэн чинь Б гурван үеийн намтар, цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбараа аваад ир гэж мөн 5,000,000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн. Ингээд Амгаланбаатар надад хэлэлгүй Бтэй уулзаж бичиг баримтаа өгсөн байсан. Тэрнээс хойш 10 хоногийн дараа Б надруу залгаад ажил бүтээхэд мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөг юм бэ гэсэн чинь 2,500,000 төгрөг хэрэгтэй байна гэсэн би Амгаланбаатарт Б 2,500,000 төгрөгийн урьдчилгаа хэрэгтэй гэж хэлүүлж байна гэж хэлсэн. Амгаланбаатар надад бэлэн мөнгө байгаа гэж хэлсэн. Амгаланбаатар бэлэн 2,500,000 төгрөг өгөөд би Бийн дансруу хийсэн...” гэх /хх-ийн 16-17х/,

Иргэн Н.Амгаланбаатарын цагдаагийн байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гомдол, мэдээлэл /хх-ийн 9х/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 41х, 48—52х/,

Шүүгдэгч Х.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Бийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б нь хохирол төлсөн баримт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шйитгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Зуутраг овгийн Х Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бийг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД