Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 725

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Г, Д.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Алтансүх,

шүүгдэгч З.Ггийн өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

хохирогч Б.П, Ч.Ө, Я.С, О.С,

хохирогч Б.Б, Т.Ү, тэдний өмгөөлөгч Г.Намуун,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, хохирогч Б.Б, Н.С, Б. Т.Ү, тэдний өмгөөлөгч Г.Намуун нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн З.Г, Д.А нарт холбогдох 201625013347 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овогт З.Г, 1978 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../;

2. Ө овогт Д.А, 1980 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: .................../,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

З.Г, Д.А нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос Улс руу сүмийн журмаар болон автомашины үзэсгэлэн худалдааны журмаар виз гарган явуулна” гэж зээлийн гэрээгээр халхавчлан, хуурч мэхлэх аргаар хохирогч Ч.Ө-с 3.500.000 төгрөг, Б.П-с 5.000.000 төгрөг, Ч.Ө-с 3.500.000 төгрөг, Я.С-с 3.500.000 төгрөг, Г.Д-с 10.000.000 төгрөг, З.Б-с 3.500.000 төгрөг, Б.М-с 3.500.000 төгрөг, Л.-с 3.500.000 төгрөг, О.С-с 3.500.000 төгрөг, Э.Б-с 3.500.000 төгрөг, Ц.Д-с 3.600.000 төгрөг, Ц.Ю-с 3.500.000 төгрөг, Б.Б-с 7.100.000 төгрөг, Н.С-с 3.100.000 төгрөг, Б.Б-с 7.500.000 төгрөг, Т.Ү-с 9.300.000 төгрөгийг дансаар болон бэлнээр залилан мэхлэн авч, нийт 77.100.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: З.Г, Д.А нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос шүүгдэгч З.Г, Д.А нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч З.Г, Д.А нарыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч З.Гг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Аг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г, Д.А нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ггийн цагдан хоригдсон 11 хоног, шүүгдэгч Д.Агийн цагдан хоригдсон 3 хоног байх бөгөөд тэдний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-с 3.500.000 төгрөг, Б.П-с 5.000.000 төгрөг, Ч.Ө-с 3.500.000 төгрөг, Я.С-с 3.500.000 төгрөг, Г.Д-с 10.000.000 төгрөг, З.Б-с 3.500.000 төгрөг, Б.М-с 3.500.000 төгрөг, Л.-с 3.500.000 төгрөг, О.С-с 3.500.000 төгрөг, Э.Б-с 3.500.000 төгрөг, Ц.Д-с 3.600.000 төгрөг, Ц.Ю-с 3.500.000 төгрөг, Б.Б-с 7.100.000 төгрөг, Н.С-с 3.100.000 төгрөг, Б.Б-с 7.500.000 төгрөг, Т.Ү-с 9.300.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч З.Г, Д.А нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.А миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан гэм буруутай гэж үзсэн үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрч, өөрийн зүгээс хохирлын төлбөр 6.000.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлсөн болно. Хохирол төлбөрийг хариуцлагатай төлж барагдуулсан нөхцөл байдал болон миний ар гэрийн амьдрал хүнд, насанд хүрээгүй 3 хүүхдээ харж харгалзах хүнгүй орхисон. Надад харж хандах аав, ээж, ах, дүү байхгүй, нөхөргүй өрх толгойлон амьдардаг хүнд амьдралыг минь харгалзан үзэж шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. Миний бие 12 настай хүү Ариунбуян, 10 настай Ариунгэрэл, 5 настай Ариунтунгалаг нартай хамт өөрийн найз болох Д.Даваадэлгэрийн хаяг дээр амьдардаг ба хүүхдүүд маань найз Даваадэлгэрийн гэрт байгаа. Миний бие дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхыг хичээж, үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлж, хөдөлмөр эрхлэн амьдралаа, үр хүүхдээ зөв авч явахыг хичээх болно. Насанд хүрээгүй 3 хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдах нөхцөл боломжоор дэмжин, хүсэлтийг минь хангаж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Б, Н.С, Б.Б, Т.Ү, тэдний өмгөөлөгч Г.Намуун нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ялтан З.Г, Д.А нар нь нэр бүхий арван зургаан иргэнийг залилан мэхлэж, их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт яллагдаж байгаад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт буруутгагдан, ялтан З.Г 5 жилийн хорих ял, ялтан Д.А 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэх болсонд хохирогч нар гомдолтой байгаа юм. Миний үйлчлүүлэгч Б.Б, Б.Б, Т.Ү, Н.С нар нь ялтан З.Г, Д.А нарт нийт 27.000.000 төгрөг залилуулсан бөгөөд хохирогч нарт өнөөг хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй болно. Ялтан нар нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хоёр сар гаруй хугацаанд нийт 17 иргэнийг Солонгос улс руу сүмийн шугамаар гаргаж өгнө хэмээн залилан мэхлэж, мөнгө залилаж авахын тулд хохирогчдыг хашаа байшингаа зарж, орон гэргүй болох хүртэл нь хүнд байдалд оруулж, нийт 77.000.000 төгрөгийн бодит хохирол учруулсан бөгөөд бүх хохирогчдыг “Маргааш Солонгос улс руу онгоцоор ниснэ. Нисэх онгоцны буудалд тэдэн цагт бэлэн байж байгаарай” хэмээн чемодантай хувцасыг нь хүртэл бэлдүүлж, нисэх онгоцны буудал дээр ирүүлсэн байдаг ба тухайн өдрөөс нь эхлэж өөрсдөө утсаа салган алга болдог байсан тул хохирогчид зөвхөн мөнгө санхүү бус сэтгэл санааны асар том хохирлыг амссан байдаг юм. Тэд ийнхүү гэмт хэрэг үйлдэх үедээ хэн аль нь ажил эрхэлж байгаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнөөс нь өөр орлогын эх үүсвэр байгаагүй. Зөвхөн бусдыг залилан мэхлэж олсон мөнгөөр хоёр сар гаруйн хугацаанд идэж, ууж, өмсөж, зүүж, байр хөлслөн амьдарч, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө амьдралын эх үүсвэр болгож байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд тэд өөрсдөө ч энэ тухай байцаалтын үед мэдүүлсэн байдаг. Тийм ч учраас улсын яллагч болон хохирогч нарын өмгөөлөгч миний бие ялтан нарыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;” гэж заасан гэмт хэрэгт буруутган яллах санал ирүүлснийг шүүх ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу буруутган, ял шийтгэсэн болох нь эргэлзээтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;” гэдгийг ямар тохиолдолд хэрэглэх, шүүгдэгч нарын үйлдэл ямар үндэслэлээр дээрхи заалтад хамаарахгүй болохыг нотлох баримтанд үндэслэн тайлбарлаж чадаагүй бөгөөд шийтгэх тогтоолын 16 дахь талд ямар үндэслэлээр “Энэ гэмт хэрэгт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн;” бол ял шийтгэхдээ хүндрүүлж үзнэ гэж заасан байдаг. Иймд ялтан З.Г, Д.А нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;” гэж заасан гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар залилан мэхлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдэлд нь шүүх ял шийтгэхдээ хүндрүүлэх ёстой байх тул шийтгэх тогтоолыг өөрчлөн, ялтан нарыг 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт буруутгаж, оногдуулсан ялын хэмжээг нэмэгдүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогч Б.Б, Т.Ү нарын өмгөөлөгч Г.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх ялтан нарын гэм бурууг зөв тогтоосон боловч түүнд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж ял шийтгэл оногдуулж чадсангүй. Өөрөөр хэлбэл ялтан нар 2016 оны 6 дугаар сараас эхлэн 2016 оны 8 дугаар сарыг хүртэл буюу 2 сарын хугацаанд нэр бүхий 16 иргэнийг залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулсан. Тэд гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нэгэн ажил эрхэлж байгааүй. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос өөр ямар нэгэн орлогын эх үүсвэр байгаагүй. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор байр хөлсөлж, хооллож, амьдралын эх үүсвэрээ бий болгож байсан гэдгээ өөрсдөө хэлж, мэдүүлсэн байдаг. Гэвч шүүх дээрх орлогын эх үүсвэр болгож, байнгын давтамжтай үйлдсэн үйлдлийг нь харгалзан үзэлгүй, зөвхөн онц их хэмжээний хохирол учирсан гэдгээр хэргийг зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар буруутган ялласанд гомдолтой байдаг. Дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэх ёстой байсан. Улсын яллагч мөн ийм байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцож байсан. Шийтгэх тогтоолд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн байгаад гомдолтой байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт бүлэглэсэн, давтан үйлдсэн гэдэг нь тухайн гэмт хэргийн шинж болоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн үзэх ёстой байсан. Хохирогч нар өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж аваагүй. Хохирсон хүмүүс дотор орон гэрээ зарж, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон хүмүүс их байгаа. Гэтэл ялтан нараас өнөөдрийг хүртэл ямар ч гэмшсэн шинж харагддаггүй. Иймд ялтан нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, оногдуулах ялыг хүндрүүлж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.А, З.Г нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэдний бүх мэдүүлэг нь зөрдөг. Д.Агийн нөхөр нь Солонгос улсын иргэн байдаг бөгөөд 2 ихэр хүүхэдтэй, 3 дугаар хороололд амьдардаг. Би маш их гомдолтой байна.” гэв.

Хохирогч Т.Ү “тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбаргүй.” гэв.

Хохирогч Б.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна.” гэв.

Хохирогч Ч.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Я.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч О.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч З.Ггийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. З.Г анхнааснаа үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөхөө илэрхийлж ирсэн. Хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийн хувьд үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.  Учир нь прокуророос 16 хохирогчийн хэдэн хохирогчийг залилахад Д.А оролцсон гэдгийг тогтоож, хэргийн ялгаа заагийг гаргаж чадаагүй. Д.А мөрдөн байцаалтын шатнаас эхлүүлэн тогтвортой мэдүүлэг өгсөн. 70.000.000 төгрөгийг З.Г өөрийн дансаар хүлээн авсан байдаг. Д.А энэ мөнгөнөөс авсан зүйл харагддаггүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь онц их хэмжээний хохирол буюу 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг. Д.Агийн учруулсан хохирол 50.000.000 төгрөг хүрэхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой. Эдгээр 16 хохирогчоос Д.А 3-4 хүнтэй л уулзсан. Бусад хохирогч нар Д.Агийн талаар ярьдаггүй. Үүнийг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд Д.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг тэнсэж өгнө үү.” гэв.

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь З.Г, Д.А нар олон удаагийн үйлдлээр 77.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Д.А өмнө нь энэ төрлийн хэргээр ял шийтгэгдэж байсан. Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар буюу “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг зүйлчлэлээр хэргийг зүйлчлэх ёстой. Учир нь З.Г, Д.А нар тодорхой эрхэлсэн ажилгүй, хохирогч нараас авсан мөнгийг ямар нэгэн зүйлд зарцуулсан зүйлгүй, зөвхөн өөрийн амьдралд зарцуулж дуусгасан. Тэдний дансанд одоо мөнгө байхгүй, ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Иймд гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо өдөр дутмын амьдралдаа хэрэглэж дуусгасан тул амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй. Д.А хохирол төлөөгүй, хохирогч нарын зүгээс гомдолтой тул түүнийг тэнсэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт тэнсэх зохицуулалт байхгүй. Иймд Д.Агийн гомдол үндэслэлгүй. Өмгөөлөгч нар хэргийг зааглан өгөөгүй, шүүгдэгч нарын үйлдлийг зааглаагүй гэж байна. Шүүгдэгч нарыг цуг явж байсан гэх асуудлыг хохирогч нар хэлдэг. Иймд шүүгдэгч нар бүлэглэн залилангийн хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Хохирогч нараас авсан мөнгийг хэн нь авсан талаараа шүүгдэгч нар өөрсдөө мэдүүлдэг. Шүүгдэгч нар хоорондоо мөнгө шилжүүлсэн зүйл хэргээс харагддаггүй. Иймд шүүхээс хохирлын асуудлыг шүүгдэгч нараас ялгамжтай гаргуулахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын бүлэглэснийг журамлаагүй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэсэн нь зүйтэй. Иймд хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн шүүгдэгч нарын бүлэглэсэн асуудлыг журамлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

З.Г, Д.А нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах Солонгос Улс руу сүмийн журмаар болон автомашины үзэсгэлэн худалдааны журмаар виз гаргаж, явуулна” гэх зэргээр зохиомол байдлыг зориуд бий болгож, иргэдийг төөрөгдүүлэж, зээлийн гэрээ байгуулах нэрийдлээр иргэний эрх зүйн хуурамч харилцаа үүсгэн халхавчилж, хууран мэхлэх аргаар нэр бүхий 16 иргэнээс дансаар болон бэлнээр мөнгө шилжүүлэн авч, нийт 77.100.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч З.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Зам тээврийн яаманд Батчулуун гэж хүн ажиллаж байсан. ...2016 оны 7 дугаар сард ажилдаа орох бодолтой тамгын хэлтсийн М.Мөнхбаяр даргатай уулзчихаад явж байхад Батчулуун ахтай таарсан. Тэгээд би Батчулуун ахад “ажил төрөлдөө орох болоогүй юм шиг байна, болохгүй бол Солонгос гарч ажил хийдэг юм билүү дээ” гэж хэлсэн чинь “ах нь гаргаж байгаа шүү дээ” гэсэн. Би Батчулуунаас ямар шугамаар гаргаж байгаа талаар асуухад автомашины үзэсгэлэн худалдаагаар 10 орчим хүн гаргана гэсэн. Нийт 77 сая төгрөгөөс би Батчулуунд 24 саяыг өгсөн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 83-85 дугаар тал/,

шүүгдэгч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...З.Гг 2-3 удаа хүнээс мөнгө авахыг нь харсан болохоос яг өөрөө хүнээс мөнгө авсан зүйл байхгүй. ...Миний хувьд хуучин Солонгос элчингийн хажуунаас З.Г 2 хүнээс мөнгө авахад нь цугтаа байсан. Мөн багшийн их сургуулийн урд талаас 1 хүнээс мөнгө авахад нь би байлцсан. Өөр хүнээс мөнгө төгрөг авахад нь би байгаагүй учраас мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас, 91-93 дугаар тал/,

хохирогч Б.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Сарантуяа эгч залгаад “Есүсийн цуглааны журмаар Солонгос Улс руу хүн явна гэж байна, чи явах юм уу яах юм бэ” гэж асуухаар нь би “дугаарыг нь өгчих” гэхэд “88155317 руу залга, З.Г гэдэг хүн байгаа” гэж хэлээд өгсөн юм. Би дугаарыг нь аваад тэр өдрөө шууд залгаад холбогдоход цуглааны журмаар Солонгос Улс руу гаргах гэж байгаа юм. Нэг хүн 3.500.000 төгрөгөөр бэлэн гаргана гээд “чи хаана ажилладаг юм” гэхээр нь би ажлаа зааж өгсөн чинь З.Г “за за ерөөсөө бид хоёр чиний ажил дээр чинь яваад очьё, уулзаж байгаад тухтай ярья” гэсэн. ...Надад З.Г нь 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр явуулна гэж хэлсэн бөгөөд дараа нь 2016 оны 8 дугаар сарын 15-нд явахаар болчихлоо. Энэ үед Солонгост гоё баяр болно гэж хэлсэн...Би З.Гд визнийх гээд 500.000 төгрөг өгсөн ба 2016 оны 6 дугаар сарын 16-нд 4.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 25-наас өмнө мөн 200.000 төгрөг өгсөн. ...Би дээрх мөнгийг гаргаж өгөхдөө З.Г нь надтай хамт явж, манай гэрээс очиж хашааны гэрчилгээ аваад манай хашааг хамт 5.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 4.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 32-33 дугаар тал/,

хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад З.Г гэдэг хүний “88155317” гэсэн дугаарыг өгөөд “өөрөө яриад үз” гэж Намжилмаа хэлсэн юм. Би шууд З.Г руу залгахад “болно болно” гэж хэлсэн юм. “Гадаад паспорттойгоо, 2 хувь цээж зурагтайгаа, мөнгөтэйгөө хуучин Солонгосын элчин дээр хүрээд ир” гэхээр нь би 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Солонгосын элчингийн урд очиж өгөхөд цагаан өнгийн “Си Ар Ви” загварын автомашинтай, харааны шилтэй орчуулагч гэсэн 40-45 насны эмэгтэйтэй хамт явж байсан. Тэгээд би мөнгөө бэлнээр нь тоолж өгөхөд орчуулагч нь гэх эмэгтэй мөнгийг нь тоолж авсан. Надад тэмдэглэлийн дэвтрийн булан дээр З.Г нь гарын үсэг зурсан бичиг хийж өгсөн. Мөнгө авахдаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны шөнө 00:50 цагаас бүгдээрээ явна, чамаас гадна 12-13 хүн байгаа, чи хамгийн сүүлийнх нь их азтай авч ирж өглөө гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 39-40 дүгээр тал/,

хохирогч О.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 13-14 цагийн хооронд хуучин Солонгосын элчин сайдын яаман дээр очиж З.Г болон орчуулагч гэсэн Д.А нартай уулзахад 53-66 УНС улсын дугаартай, цагаан өнгийн “Си Ар Ви” загварын автомашинтай 2 эгч байсан. Тэгээд уулзахад найдвартай гаргаж өгнө, итгэлцлийн хүрээнд гаргаж өгнө. Та нар Намжилмаад итгэж байгаа, би та нарт итгэж байна гэж хэлээд 3.500.000 төгрөгийг бэлнээр тухайн өдөр авсан. ...Мөнгө өгөхдөө би гарын үсэг З.Ггаар зуруулж авсан юм. ...Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 42-43 дугаар тал/,

хохирогч З.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай найз Алтанзагасаар дамжуулж Солонгос улс руу 3.500.000 төгрөгөөр явуулж өгнө гэсэн З.Г гэдэг хүнтэй танилцаад уулзсан юм. Гэрэлмаа нь надтай уулзаад “сүмийн шугамаар хямдхан гаргаж өгнө, очиж байрлах байр болон ажлын байр бүх юм багтаж байгаа. Барьцаа 5.000.000 төгрөгийг өөрсдөө байршуулна” гэж Гэрэлмаа надад хэлээд “өнөөдөр манай орчуулагч Алтантуяа Солонгос нисэх гэж байгаа юм, мөнгөө яаралтай байршуулсан байх шаардлагатай, мөнгөө шилжүүл” гэхээр нь би Гэрэлмаагийн данс руу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13-р хорооллын тэнд байдаг Хаан банкнаас 14-16 цагийн үед 3.500.000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн юм. ...хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 45-46 дугаар тал/,

хохирогч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...З.Г гэгч хүнтэй 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр уулзахад З.Г, Д.А хоёр хамт байсан. Надад хоёулаа гадаад паспортыг чинь зохицуулна, 100.000 төгрөг ордог юм гэж хэлэхээр нь тухайн өдөр З.Ггийн 5753545066 гэсэн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад Солонгос руу сүмийн журмаар явуулж байгаа юм гэж хэлсэн. Маргааш нь З.Г над руу 12 цагийн үед залгаад 3.500.000 төгрөгөө шилжүүлээрэй гэхээр нь би 13 цагийн үед Өвөрхангай аймгийн Хаан банкнаас миний дүү Отгонцэцэг З.Ггийн данс руу шилжүүлсэн. ...З.Г гэдэг хүнд нийт 3.600.000 төгрөгийг залилуулсан, хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 48-49 дүгээр тал/,

хохирогч Я.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...З.Г над руу хандаад “миний дүү хэзээ мөнгөө шилжүүлэх вэ” гэхээр нь би “маргааш шилжүүлнэ” гээд салсан. Маргааш нь буюу 2016 оны 7 дугаар сарын 28-нд би ээжтэйгээ хамт мөнгөө тушаах гээд гэрээс гараагүй байхад З.Г байн байн залгаад “яасан бэ хурдлаарай визний чинь хугацаа ойртох гээд байна, ганцхан чинийх л гараагүй шүү” гээд байсан. Тэгээд 11 дүгээр хороолол дээр уулзаад нотариатын газар орж, 9 хоногийн хугацаатай мөнгө зээлсэн гэж гэрээ байгуулсан. Яагаад мөнгө зээлсэн гэж гэрээ хийж байгаа юм бэ гэхэд ингэж хэлэхгүй бол нотариатууд Солонгос явах юм гэвэл баталж өгдөггүй юм гэсэн. Тэгээд мөнгөө “Хаан банк”-ны 5753545066 дугаартай данс руу нь хийсэн. ...Ц.Доржхорол, Б.Пүрэвсүрэн, Намжилмаа бид 4 уулзахад Д.А гэдэг эмэгтэйтэй хамт байсан ба Д.А нь Солонгос нөхөртэй гэж өөрийгөө хэлж байсан. Хохирлоо барагдуулмаар байна. Зохих хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 51-52 дугаар тал/,

хохирогч Ц.Ю мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...З.Г гэдэг хүнтэй уулзахад Есүсийн журмаар явуулна. Энэ мөнгөнд байр, хоол, тийзний бүх юм багтаж байгаа гэж хэлсэн. Барьцаа 5.000.000 төгрөгийг цаанаас Солонгосоос бүгдийг нь байршуулна гэж хэлсэн юм. Тэгээд би 3.500.000 төгрөгийг 21 дүгээр хорооллын “Хаан банк”-наас 5753545066 тоот данс руу нь өдөр шилжүүлсэн. Надад З.Г нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр явуулна гэж хэлж мөнгө авсан. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр уулзаад утсан дээрээс нь би визний зургаа харсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 55-56 дугаар тал/,

хохирогч Ч.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Үнэгүй” зараас 88155317 дугаар руу эгчийн хамт залгаж Солонгос улс руу виз гаргуулах журмаар холбогдож, 2016 оны 6 дугаар сарын 13-нд 100 айлын “Хаан банк”-ны үүдэнд утсаар холбогдсон хүнтэй уулзахад З.Г гэдэг эмэгтэй өөрийгөө танилцуулаад шашны журмаар виз гаргаж байгаа гэж хэлээд визний төлбөр 3.500.000 төгрөг, хамгийн түрүүнд явах хүн нь хэн юм бэ гэж асуусан юм. Тэгэхэд манай эгч намайг Ч.Өнөржаргалыг явуулна гэж хэлэхэд болно, төлбөрөө өнөөдөр яг одоо хийвэл сайн байна, төлбөрийн мөнгийг авахдаа нотариатаар орж баталгаажуулна гэж хэлсэн. Тэгээд би 3.500.000 төгрөг авч тухайн өдөртөө З.Гтай зээлийн гэрээ байгуулсан юм. Би уулзаагүй байж байгаад 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр над руу З.Г залгаж, виз чинь гарсан ирж уулз гэж хэлсэн. Тэгээд би очиж уулзахад визээ эх хувиар нь үзээгүй гар утсан дээр дарсан фото зураг харсан юм. Өгсөн нийт 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 58-59 дүгээр тал/,

хохирогч Ч.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Үнэгүй” зараас 88155317 дугаар руу залгаж Солонгос улс руу виз гаргуулах журмаар холбогдсон юм. З.Г гэдэг эмэгтэй өөрийгөө танилцуулаад “шашны журмаар виз гаргаж байгаа” гэж хэлээд “визний төлбөр 3.500.000 төгрөг, хамгийн түрүүнд явах хүн нь хэн бэ” гэж асуусан юм. Би “дүү Ч.Ө-г явуулна” гэж хэлэхэд “болно, төлбөрөө өнөөдөр яг одоо хийвэл сайн байна. Төлбөрийн мөнгийг авахдаа нотариатаар орж баталгаажуулна” гэж хэлсэн. Тэгээд дүү Ч.Өнөржаргалдаа 3.500.000 төгрөг өгч явуулаад тухайн өдөртөө З.Гтай зээлийн гэрээ байгуулсан юм. З.Гтай дахин уулзаж, 7 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан юм. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр утсаар З.Г ярьж “7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Солонгосын элчин амрах юм байна. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ниснэ виз чинь ажил цуглахаар гарна. Тэгээд явцгаана” гэж хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр виз чинь гарсангүй, дахин материал шаардсан, гэрлэлтийн лавлагааны хуулбар нэмж аваад явсан. 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр “виз чинь гарсан” гээд миний нэртэй визний зураг үзүүлсэн. ...2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр холбогдоод Аагий гэдэг эмэгтэйтэй хамт ирээд “2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нисэхээр болсон шүү” гэж хэлсэн. Өгсөн нийт 3.500.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 61-62 дугаар тал/,

хохирогч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...З.Г гээд хүний 88155317 дугаарыг өгөхөөр нь залгаад ярьсан чинь 11 дүгээр хороололд ирээд уулз гэхээр нь 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр очтол улаан өнгийн “Тоёота приус 20” загварын автомашинд суулгаад намайг “2 хувь цээж зураг, гадаад паспорт 3.500.000 төгрөг авчирч өг” гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр З.Г эгчтэй хорооллын “Өргөө” кинотеатрын автомашины зогсоол дээр уулзаад “Өргөө” кинотеатрын хажуу талын нотариат ороод З.Г эгч надтай зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд нотариатаас гараад би З.Г эгчийн “Хаан банк”-ны 5753545066 дугаарын данс руу өөрийн 5720915582 дугаарын данснаас 3.300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа үлдэгдэл 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд З.Г эгч рүү залгаад одоо яах ёстой талаар асуухад 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Солонгос улсад оччихсон байна, виз чинь гарахаар ярина” гэж хэлсэн. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр онгоцны буудал руу явахаасаа өмнө Сувдмаа руу залгаад та хэд гарч байна уу гээд залгасан чинь З.Ггийн утас нь болохгүй байна, ямар байсан ч хэдүүлээ уулзая гэсэн. Тэгээд нисэх дээр Сувдмаа болон бусад гадаад явахаар мөнгөө өгсөн 12 хүн ирсэн байсан. Тэгээд уулзаад бид нар Солонгос явах хүмүүс дунд өөрсдийн нэрсийг шүүлгэсэн боловч бид нарын хэнийх нь ч нэр байгаагүй гээд залилуулснаа мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 164-165 дугаар тал/,

хохирогч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...З.Г, Б.Пүрэвсүрэн нартай очиж уулзсан. Гэрэлмаа хэлэхдээ “2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын Ансан хотод христийн сүмийн уулзалт цуглаан болно. Тэр арга хэмжээнд Монгол улсаас 15 хүнийг итгэгч гэж виз гаргуулж, БНСУ-руу авч явна, Ансан хотод байрлах сүмд байрлаж, хоол, байрлах байрыг сүмийн зардлаас гаргуулна, ойрын хугацаанд нэг хүний 3.500.000 төгрөгийг гадаад паспорт, цээж зургийн хамт яаралтай өг” гэж хэлсэн. 7.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Гэрэлмаа над руу залгаад “БНСУ-руу явах хүсэлтэй нэг хүн олж чадах уу” гэж надаас асуухаар нь эхнэрийгээ явуулахаар санал болгоод 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 2.000.000 төгрөгийг Гэрэлмаагийн 5753545066 гэсэн “Хаан” банкны данс руу нь 11 дүгээр хорооллын “Хаан” банкны салбараас 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Залгамжлагч, Б.Сувдмаа нарын 6.500.000 төгрөгийг би өөрийн мөнгөнөөс төлсөн юм. Мөн өөрийн 3.500.000 төгрөгийг нэмж бодохоор надад 10.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.” /1 дүгээр хавтас, 201-202 дугаар тал/,

хохирогч Б М мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгэхээр нь би 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Намжилмаатай утсаар ярьсан чинь 88155317 гэсэн дугаартай, З.Г гэж хүүхэн байгаа, мөнгө паспорт чинь бэлэн бол өнөөдрийн дотор аваачаад өг. Тэгвэл 1 дэх өдөр хамт явна гэж хэлсэн. Тэгээд би З.Гтай утсаар холбогдоход “3.500.000 төгрөгөө паспорт, визний зургийн хамт аваад Солонгосын элчингийн тэнд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод уулзсан чинь орчуулагч Аагий гэж танилцуулсан эмэгтэйгийн хамт ирсэн. Тэгээд надаас “гадаад паспорт визний зургийг аваад одоо материалыг чинь өгнө, мөнгө чинь бэлэн байна уу” гэж асуусан. Тэгээд Ардын “Хаан” банкнаас З.Ггийн 5753545066 дугаарын данс руу нь 3.500.000 төгрөг шилжүүлсэн юм. Гомдолтой байна. Өгсөн мөнгөө буцааж авмаар байна.” /1 дүгээр хавтас, 230-231 дүгээр тал/,

хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Үнэгүй.мн сайтаас “Сүмийн журмаар 3 хүн БНСУ-руу явуулна” гэсэн 99873754 дугаар бүхий зарыг надад харуулсан юм. Зарын дагуу тус дугаар руу залгахад З.Г гэгч эмэгтэйтэй холбогдон маргааш өдөр нь уулзахаар тохирсон. Тэр үед З.Г нь “манайх виз гаргаж өгөх компани биш. Манайх христийн сүмийн дагуу Солонгос улс руу явуулдаг юмаа. Тэр  үедээ надаа өмнө нь явсан 7 хүний виз дарагдсаны баталгаа гэж 3 хүний Солонгос улсын виз дарагдсан гадаад паспортууд харуулж байсан ба тэгээд л салсан. Мөнгөө өгөх болохдоо би 4.100.000 төгрөг өгөх ёстой байснаас 3.600.000 төгрөг, маргааш нь “Цамбагарав” кинотеатрын гадна талбайд байрлах автомашины зогсоол дээр уулзан өгөх гэхэд үлдэгдэл 500.000 төгрөгөө гүйцээгээд маргааш өгчих гэж хэлэхэд нь би танай гэрт
чинь очоод өгье. Хаана, яаж амьдардаг талаар чинь мэдэх хэрэгтэй байна гэж
хэлсэн. Ингээд 4.100.000 төгрөгөө гүйцээгээд өөрийн дүү Батбаярыг дагуулан
маргааш нь З.Ггийн гэрт очсон.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 62-65 дугаар тал/,

хохирогч Н.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...8 дугаар сарын 16-ны өдөр Б.Баярцэцэг эгч над руу залган “нөгөө виз гаргаж өгч байгаа хүмүүстэй өнөөдөр уулзаж үлдэгдэл 1.100.000 төгрөгөө өгөх хэрэгтэй байна” гэсний дагуу нотариат орж, З.Гд 3.100.000 төгрөгийг өгсөн тухай зээлийн гэрээ хийсэн. З.Гд өгсөн нийт мөнгөн дүнгийн 3 сая төгрөгийг өөрөө, 100.000 төгрөгийг Б.Баярцэцэгээс авч өгсөн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 68-69 дүгээр тал/,

хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Солонгост шинээр автомашины үзэсгэлэн худалдаа болох учраас нэмж 4 хүн явуулахаар болсон гэж Б.Баярцэцэг эгчээс сонссон. Найз болох Т.Үүрийнтуяагаас зээлээд түүний “Хаан” банкны 5752021348 данснаас З.Ггийн данс руу шилжүүлсэн. ...3ээлийн гэрээ байгуулсан. Үлдэгдэл мөнгөө би 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эгч Б.Баярцэцэгийн гэрт бэлнээр 300.000 төгрөг өгөөд зээлийн гэрээний ард гараад бичиж тэмдэглэсэн. Мөн хүүхэд болох Мөнх-Эрдэнийн гадаад паспорт гаргуулах, гэрлэлтийн баталгаа салгуулах зорилгоор 400.000 төгрөг өгсөн. ...Би найзаасаа урьдчилгаа болох 4.100.000 төгрөг, өөрийн бэр болох Н.Сэрээнэнхорлоогоос хүүтэйгээр хадгаламж барьцаалсан зээл авахуулан байж 3 сая төгрөг зээлээр авч өгсөн. ...Мөн З.Г нь миний гэрлэлтийн баталгааг салгуулна гэж 400.000 төгрөг авах үедээ миний гэрлэлтийн баталгааг эх хувиар нь аваад явсан учраас эргүүлэн авмаар байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 72-73 дугаар тал/,

хохирогч Т.Ү мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...8 дугаар сарын 22-ны өдөр Солонгос улс руу зуучилж өгч байгаа З.Г гэх хүнтэй уулзсан. З.Г надад хэлэхдээ нэг хүн 3.100.000 төгрөг болно, та 3 хүн явуулах юм бол 3 хүний 9.300.000 төгрөг болно. Та мөнгөө дансаар шилжүүлчих гэж хэлэхээр нь “Драгон” төвийн “Хаан” банкаар Зоригт овогтой Гэрэлмаа гэсэн нэр бүхий 5753545066 гэсэн дугаарын дансаар би 9.300.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдөр Ялалтын гадаад паспорт гаргуулах 100.000 төгрөг бэлнээр З.Г гэх хүнд өгсөн. Зээлийн гэрээ байгуулсан. Би гомдолтой байна. З.Гд 9.300.000 төгрөг өгсөн. Мөн найз Б.Баярмаа 4 сая төгрөг зээлж, мөн түүний данс руу 4 сая төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 75-76 дугаар тал/,

гэрч Л.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г.Дүгэрсүрэн, Сувдмаа хоёроор дамжуулж З.Г гэдэг хүнтэй дүү Л.Болор-Эрдэнийг холбогдуулсан юм. Автомашиндаа суулгаж байгаад “чи явах юм уу, мөнгөө хэзээ өгөхийн, Солонгост очоод ажил бэлэн хамгийн түрүүнд гадаад паспорт, 2 хувь цээж зураг хэрэгтэй байна” гээд маргааш нь дахиж уулзсан. Тэгээд маргааш нь манай дүү гадаад паспортоо өгөх гэж уулзахад “мөнгөө яаралтай өг гэж байна” гээд над руу ярихаар нь би дүү Л.Болор-Эрдэнийн данс руу 3.500.000 төгрөг хийсэн. Тэр мөнгийг манай дүү З.Ггийн данс руу өөрийнхөө данснаас шилжүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 166-167 дугаар тал/,

хохирогч Б.П нь шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 5753545066 дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтас, 7 дугаар тал/,

хохирогч Э.Б нь шүүгдэгч З.Гд 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн талаархи гарын үсэг бүхий өргөдөлд хавсарган өгсөн баримт /1 дүгээр хавтас, 16 дугаар тал/,

хохирогч О.С нь шүүгдэгч З.Гд бэлнээр 3.500.000 төгрөг өгсөн талаархи гарын үсэг бүхий баримт /1 дүгээр хавтас, 15 дугаар тал/,

хохирогч Я.С нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч З.Гд 3.500.000 төгрөг өгч, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ч.Батбилэгээр хийлгэсэн зээлийн гэрээ №93 /1 дүгээр хавтас, 17 дугаар тал/,

хохирогч Я.С нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч З.Ггийн 5753545066 дугаартай данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1 дүгээр хавтас, 18 дугаар тал/,

хохирогч Ц.Ю нь шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 5753545066 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтас, 13 дугаар тал/,

хохирогч Ч.Ө нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч З.Гд 3.500.000 төгрөгийг өгч байгуулсан зээлийн гэрээ /1 дүгээр хавтас, 22 дугаар тал/,

хохирогч Ч.Ө нөхөр гэрч Ш.С нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шүүгдэгч 3 Гэрэлмаад 7.000 000 өгч байгуулсан зээлийн гэрээ №3955 /1 дүгээр хавтас, 21 дүгээр тал/,

хохирогч Л.Б нь 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр шүүгдэгч З.Гтай байгуулсан 3.300.000 төгрөгийн зээлийн гэрээ /1 дүгээр хавтас, 149 дүгээр тал/,

хохирогч Л.Б нь шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 5753545066 дугаарын данс руу 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 3.300.000 төгрөг, 8 дугаар сарын 6-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны дансны хуулга /1 дүгээр хавтас, 150 дугаар тал/,

хохирогч Г.Д нь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч З.Гтай байгуулсан зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл /1 дүгээр хавтас, 191-192 дугаар тал/,

хохирогч Г.Д эзэмшлийн данснаас 3 сая төгрөгийг шүүгдэгч З.Ггийн 5753545066 данс руу шилжүүлсэн “Хаан” банкны дансны хуулга /1 дүгээр хавтас, 193 дугаар тал/,

2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр З.Гд 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн баримт /1 дүгээр хавтас, 194 дүгээр тал/,

хохирогч Б.М нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 5753545066 дугаарын данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны мөнгөн шилжүүлэг баримт /1 дүгээр хавтас, 223 дугаар тал/,

хохирогч Б.Б нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч З.Гтай байгуулсан зээлийн гэрээ /2 дугаар хавтас, 43 дугаар тал/,

хохирогч Н.С нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч   З.Гтай байгуулсан зээлийн гэрээ /2 дугаар хавтас, 49 дүгээр тал/,

хохирогч Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 5753545066 дугаарын данс руу 4.100.000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны мөнгөн шилжүүлэг /2 дугаар хавтас, 45 дугаар тал/,

хохирогч Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч З.Гтай байгуулсан зээлийн гэрээ /2 дугаар хавтас, 101 дүгээр тал/,

хохирогч Т.Ү нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч З.Ггийн эзэмшлийн 5753545066 дугаарын данс руу 9.300.000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны мөнгөн шилжүүлэг /2 дугаар хавтас, 46 дугаар тал/,

хохирогч Т.Ү нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр З.Гтай байгуулсан зээлийн гэрээ /2 дугаар хавтас, 97 дугаар тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч З.Г, Д.А нарыг бусдыг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул прокуророос З.Г, Д.А нарын үйлдлийг уг хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн төдийгүй анхан шатны шүүх хэргийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж буй шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ... хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу тэдний үйлдлийг шинэ хуулиар зүйлчилсэн нь зөв болжээ.

З.Г, Д.А нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ 77.100.000 төгрөг бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн  4.1 дэх хэсэгт зааснаар тооцоход энэ нь их хэмжээний хохиролд хамаарч байгааг харгалзан тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, бусдын эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, З.Гг 5 жил хорих, Д.Аг 3 жил хорих ял тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Д.Агийн гаргасан “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх, хохирогч Б.Б, Н.С, Б.Б, Т.Ү, тэдний өмгөөлөгч Г.Намуун нарын гаргасан “...оногдуулсан ялын хэмжээг нэмэгдүүлж өгнө үү” гэх  давж заалдах гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр З.Г, Д.А нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хохирогч Б.Б, Н.С, Б.Б, Т.Ү, тэдний өмгөөлөгч Г.Намуун нарын гаргасан “...оногдуулсан ялын хэмжээг нэмэгдүүлж өгнө үү” гэх гомдолд дурдагдсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж шүүгдэгч З.Г, Д.А нарын үйлдэлд тохирохгүй бөгөөд бусдыг залилсан гэмт үйлдлийн шинжийг судлахад 2016 оны 6-8 дугаар сарын хооронд иргэдийг “Хурдан, найдвартай виз гаргаж өгнө. Нэг групп буюу сүмийн шугамаар хамт явуулна ” гэж итгэлийг эвдэн, богино хугацаанд их хэмжээний мөнгө төвлөрүүлсэн шинжээрээ “байнга үйлдсэн” гэх шинжийг агуулахгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснааар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.

Үүнээс гадна Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинж нь З.Г, Д.А нарыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуульд байгаагүй тул шүүгдэгч нарын хувьд эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн, шинээр гэмт хэрэгт тооцсон хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.А нь Сонгинохайрхан дүүргийн ...........................-д өөрийн 12 настай хүү Б.А /РД: ............/, 10 настай охин Б.А /РД: ................../, 5 настай охин Б.А /РД: ................./ нартай амьдардаг болох нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон, тэднийг асран хамгаалах гэр бүлийн гишүүн байхгүй байхад хүүхдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэхгүйгээр, зөвхөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдах төдий орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх энэхүү зөрчлийг засах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад гэм буруутай этгээдүүдээс хохирол гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэхдээ утга, найруулгын алдаа гаргасан нь хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг олгох бус хохирогч нараас хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн мэт ойлгогдож байгаа учраас зөвтгөх нь зүйтэй байна.

Түүнчлэн  шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Энэ хэрэгт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.” гэж үндэслэлгүй дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаар Д.Агийн гаргасан “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх, хохирогч Б.Б, Н.С, Б.Б, Т.Ү, тэдний өмгөөлөгч Г.Намуун нарын гаргасан “...оногдуулсан ялын хэмжээг нэмэгдүүлж өгнө үү” гэх  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ггаас 71.000.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Агаас 6.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, Ч.Ө-с 3.500.000 төгрөг, Б.П-с 5.000.000 төгрөг, Ч.Ө-с 3.500.000 төгрөг, Я.С-с 3.500.000 төгрөг, Г.Д-с 10.000.000 төгрөг, З.Б-с 3.500.000 төгрөг, Б.М-с 3.500.000 төгрөг, Л.Б-с 3.500.000 төгрөг, О.С-с 3.500.000 төгрөг, Э.Б-с 3.500.000 төгрөг, Ц.Д-с 3.600.000 төгрөг, Ц.Ю-с 3.500.000 төгрөг, Б.Б-с 7.100.000 төгрөг, Н.С-с 3.100.000 төгрөг, Б.Б-с 7.500.000 төгрөг, Т.Ү-с 9.300.000 төгрөгийг тус тус олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ггаас 71.000.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Агаас 6.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, Ч.Ө-д 3.500.000 төгрөг, Б.П-д 5.000.000 төгрөг, Ч.Ө-т 3.500.000 төгрөг, Я.С-д 3.500.000 төгрөг, Г.Д-д 10.000.000 төгрөг, З.Б-д 3.500.000 төгрөг, Б.М- 3.500.000 төгрөг, Л.Б-д 3.500.000 төгрөг, О.С-д 3.500.000 төгрөг, Э.Б-д 3.500.000 төгрөг, Ц.Д-д 3.600.000 төгрөг, Ц.Ю-д 3.500.000 төгрөг, Б.Б-т 7.100.000 төгрөг, Н.С-д 3.100.000 төгрөг, Б.Б-д 7.500.000 төгрөг, Т.Ү-д 9.300.000 төгрөгийг тус тус олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агийн хүүхдүүд болох Б.А /РД: ............../, Б.А /РД: ............., Б.Ар /РД: ................./ нарт асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шүүгдэгч Д.А, хохирогч Б.Б. Н.С, Б.Б, Т.Ү, тэдний өмгөөлөгч Г.Намуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                Ц.ОЧ