Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 889

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.О ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Д.Н, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Хяналтын улсын байцаагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газар бүртгэлийн архивчаар ажилд орж, дотоод зохион байгуулалт, бүтцээс шалтгаалж ажлын байр өөрчлөгдөн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар Иргэний улсын бүртгэгчээр томилогдож Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв Д******* салбарт ажиллаж байсан. 

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар албан үүргээ биелүүлээгүй нь хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа гаргаагүй, өмнө нь ямар нэгэн сануулга, шийтгэл авч байгаагүй юм. 

Би энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн хурлын тогтоолыг бичгэн хэлбэрээр танилцуулсны дараа бичгээр тайлбар гаргаж өгсөн. Тус тайлбартаа би шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх, шалгуулах боломжтой талаараа бичсэн. Хэдий тийм боловч миний энэхүү тайлбарыг авч үзэлгүйгээр ажлаас халах тушаал гаргасан байна. 

О.О ийн гаргасан зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа бол хөдөлмөрийн гэрээнд “үр дүнгийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана” гэсэн заалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд “хууль тогтоомжид нийцүүлэн төрийн байгууллага нь ажилчдадаа хөдөлмөрийн дотоод журам гаргаж, дагаж мөрдүүлнэ” гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг Улсын дээд шүүх 2006 оны 33 дугаар тайлбар гаргасан байдаг. “Ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд зайлшгүй тусгана. Энэ тусгасан зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар шууд хөдөлмөрийн гэрээг цуцлана” гэж тайлбарласан байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж ийм зүйл байна гээд тусгаж өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээг талууд тохиролцоогүй байж ажлаас халсан, тушаалын хууль зүйн үндэслэл байхгүй. Ноцтой зөрчил байсан учраас халах нь зүйтэй гээд халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Маргаан бүхий актыг гаргахдаа дүрэм, журамд заасан процессыг алдсан гэдэг нь харагдаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлахын тулд 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол” сахилгын зөрчил гэж үзээд ажлаас хална гэсэн байгаа. О.О ийн гаргасан зөрчил гээд байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасны алинд нь ч хамаарахгүй байгаа. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтлан О.О ийг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. 

Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж хуульд заасан байгаа. Нэгэнт ноцтой зөрчил гэж үзээд ажлаас нь халж байгаа бол талууд хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчил гэдгийг нэг бүрчлэн заана гээд Улсын Дээд шүүхийн тогтоол дээр байгаа. Үр дүнгийн гэрээнүүдийг судлаад үзэхэд хөдөлмөрийн гэрээг хэрхэн дуусгавар болгох талаар зааж өгөөгүй байна.

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах өгнө үү” гэв.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчээр түр ажиллаж байсан О.О  нь ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 04, 10-ны өдрүүдэд иргэн М.Н*******, Л.Э*******, Л.С******* нарын үндэсний гадаад паспортын мэдүүлэг болон нотлох баримтыг хүлээн авахдаа гадаад паспортын төлбөр төлсөн баримтыг нотлох баримтаас зөрүүтэйгээр бүрдүүлж, улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл нь хяналт шалгалтаар илэрч, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.11, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/348 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 2.3.1, 2.3.5, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/349 дүгээр тушаалаар батлагдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.26.8 дах заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож, улмаар Төрийн албаны зөвлөлийн тус газрын салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар хуралдаанаар хэлэлцээд хууль тогтоомж зөрчсөн улсын бүртгэгч О.О д хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар албан үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн бүртгэгчээр түр ажиллаж байсан О.О ийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны А/17 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутагт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын 2.1.4-д улсын бүртгэгч нь иргэнээс төлбөр төлсөн баримтыг хүлээн авахаар заасан байхад улсын бүртгэгч О.О  нь тухайн иргэний төлбөр төлсөн баримт биш, өөр иргэний төлбөр төлсөн баримтыг тухайн бүртгэлийн нотлох баримтад хавсаргасан үйлдэл нь албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалын давуу байдлаа ашиглаж, өөрт шан харамж авах нөхцөл байдлыг бий болгож, улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчмыг алдагдуулан, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д заасан хүлээн авсан хүсэлт, эх нотлох баримтад нотлох баримтыг хууль бусаар нэмэхийг хориглосон заалтыг зөрчсөн.

Нэхэмжлэгч О.О  2016 оны 11 дүгээр сараас эхэлж гадаадад зорчих иргэдээс мэдүүлэг хүлээн авч эхэлсэн. Тэгээд өдөр 60-120 хүний материал хүлээж авдаг. Тэнд 2 бүртгэгч ажиллаад 200 гаруй бүртгэл хийлээ гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ойлгож байгаагаар өдөр бүр тэр бүх материалыг хянаад байхгүй. Харин зөрчлийн хувьд 2017 оны 01 дүгээр сарын 04, 06-ны өдрүүдэд гарсан байдаг. Энийг 2017 оны 03 дугаар сард түүвэр шалгалт хийх явцад илрүүлсэн. О.О ээс тайлбар авахад би тухайн үед андуураад наасан гэсэн. Энэ бол андуурсан биш, өөрийн албан тушаалын илт давуу байдлыг ашиглаад хуурамч баримт бүрдүүлж байгаа юм.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны А/349 дүгээр тушаалаар батлагдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.25-д зааснаар албан хаагч нь сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болох бөгөөд уг журмын 4.26.8-д зааснаар албан хаагч нь бүртгэлийг хуурамч баримт бичигт үндэслэн бүртгэсэн бол сахилгын ноцтой зөрчилд тооцогдохоор заасан байх тул улсын бүртгэгч О.О ийг ажлаас халахаар шийдвэрлэсэн.

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн учир иргэн О.О ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч О.О ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч О.О  нэхэмжлэлийн шаардлагаа “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” гэж тодорхойлсон.

Маргаан бүхий акт болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Төрийн албанаас халах тухай” Б/256 дугаар тушаалаар “Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.О ийг албан үүргээ биелүүлээгүй нь Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул мөн өдрөөр тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.  

Нэхэмжлэгч О.О  анх Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын архивчаар ажилд орж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар  Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагч нь Засгийн газрын баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм”-ийн 2.1.3-д “Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах” гэж тус тус заажээ.

Дээрх хууль болон дүрэм, журмаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Хяналтын улсын байцаагч Б.Б нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Д******* худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнд Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй О.О ийн иргэдээс гадаад паспортын мэдүүлэг, материал хүлээн авсан бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийх явцад 2017 оны 01 дүгээр сарын 04, 10-ны өдөр иргэн М.Н*******, Л.Э*******, Л.С******* нараас гадаад паспортын мэдүүлэг, холбогдох материал хүлээн авч бүртгэл хийхдээ хуурамч баримт бичгийг үндэслэн бүртгэл хийсэн үйл баримт тогтоогдсон байна.

Тодруулбал, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Бүртгэл хянасан талаар” 655 дугаар  дүгнэлтээр “ 1. Иргэн М.Н*******, Л.Э******* нараас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, Л.С*******гаас 01 дүгээр сарын 10-ны өдөр тус тус гадаад паспортын материал хүлээн авч бүртгэл хийсэн байх ба дээрх иргэдийн төлбөр төлсөн баримтыг шалгахад тус төвд байрлах Капитрон банкинд тушаасан Б.А******* нэрээр 6******* гүйлгээний дугаартай (М.Н*******), Б.Б******* нэрээр 6******* гүйлгээний дугаартай (Л.Э*******), Ж.Э нэрээр 6 гүйлгээний дугаартай (Л.С*******) Голомт банкны 1 дансанд 18800 төгрөг тушаасан теллерийн тамга, тэмдэггүй өөр хүний банкны баримтуудыг хавсаргасан. Дээрх баримтуудыг теллерийн тэмдэгтэй буюу хүчинтэй гүйлгээний дугааруудаар нь хайлт хийж шалгахад иргэн Б.А******* нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, Б.Б******* нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, Ж.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус тус бүртгэгдэн гадаад паспорт захиалсан болох нь нотлогдсон. 2. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч О.О д сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаарх саналыг Төрийн албаны зөвлөлийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар дахь салбар зөвлөлөөр хэлэлцүүлэхээр дүгнэлт үйлдсэн” байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Д******* худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж байсан Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.О  нь 2017 оны 01 дүгээр сарын 04, 10-ны өдөр М.Н*******, Л.Э*******, Л.С******* нараас гадаад паспортын мэдүүлэг, бүртгэлийн материалыг хүлээн авахдаа үйлчилгээний хөлс 18800 төгрөг, тэмдэгтийн хураамжид 5000 төгрөгийн төлбөрийг төлүүлж эх баримтыг хавсаргаагүй, харин оронд нь 2017 оны 01 дүгээр сарын 04, 10-ны өдөр Б.А*******, Б.Б*******, Ж.Э нарын иргэдийн үйлчилгээний хөлс 18800 төгрөг тушаасан гэх теллерийн тэмдэггүй, хүчин төгөлдөр бус баримтуудыг хавсарган хуурамч баримт бичиг бүрдүүлэн, хууль бус бүртгэл хийсэн болох нь хэрэгт авагдсан М.Н*******, Л.Э*******, Л.С*******, Б.А*******, Б.Б*******, Ж.Э нарын Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлэг , 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үйлчилгээний хөлс 18800 төгрөг, тэмдэгтийн хураамжид 5000 төгрөг төлсөн Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлэг , Б.А*******, Б.Б*******, Ж.Э нарын Капитрон банкинд мөнгө тушаасан баримт , теллер Ж.Т банкны тэмдэггүй баримт  зэргээр нотлогдож байна.

Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 655 дугаар дүгнэлтээр О.О ийн гаргасан ноцтой зөрчилтэй холбогдох асуудлыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэх гэж гарсаны дагуу тус Салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар хуралдаанаар Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.О  болон бусад албан хаагчдын гаргасан үйлдэл, хяналт шалгалт хийсэн дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 03/04-20 дугаар тогтоолоор  “О.О ийг Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.11, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж, албан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон байх тул холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

Мөн Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Ёс зүйн салбар хороо 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр  хуралдаж, уг хуралдаанд Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч О.О ийг оролцуулан “дээрх Салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/04-20 дугаар тогтоолыг танилцуулан, мөн албан ёсны тушаал, шийдвэр гаргаагүй байхад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, дур мэдэн ажил тасалсан” талаар мэдэгдсэн байна. 

Дээрхээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу захиргааны байгууллага нь тухайн захиргааны актыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд сонсгох ажиллагаа хийсэн гэж үзэхээр байна. 

Нэхэмжлэгч О.О  нь энэхүү Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 655 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч дээд шатны Хяналтын улсын байцаагчид гомдол гаргаагүй байх ба харин ч өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, зөрчлөө арилгаж өөрөө зөвтгөсөн байдаг.  

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгэр сарын 21-ний өдрийн А/349 дүгээр тушаалаар батлагдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.25-д “Албан хаагч сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол шууд ажлаас халах үндэслэл болно. Ноцтой зөрчил гаргасан асуудлаар тухайн албан хаагчийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж болно”, 4.26-д “Дараах тохиолдолд сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ”, 4.26.8-д “Албан хаагчид бүртгэлийн материалыг бусдаас авч хуурамч баримт бичиг (Иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, оюуны өмчийн улсын бүртгэлийн архивын нотлох баримт бичгийг санаатайгаар устгах, хууль бусаар өөрчлөх, хуурамчаар бүрдүүлэх, хууль бус бүртгэл хийх, мэдээллийн санд хуурамч мэдээлэл оруулах зэргээр)-т үндэслэн бүртгэл хийсэн” гэж зааснаас үзэхэд сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бол шууд ажлаас халах үндэслэл болно гэж тодорхой журамласан байна. 

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 7.33-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж болон энэ журмын заалтыг зөрчсөн, ...бүртгэлийн материалыг бусдаас авч хуурамч баримт бичиг (иргэн...улсын бүртгэлийн архивын нотлох баримт бичгийг ...хуурамчаар бүрдүүлэх, хууль бус бүртгэл хийх, ...зэргээр) ...үйлдсэн, ...төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 25, 26, ...зүйлийн дагуу Ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна” гэж зохицуулсан. 

Маргаж буй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаал  нь “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/349 дүгээр тушаалаар батлагдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.33, Хяналтын улсын байцаагчийн 2017 оны 655 дугаар дүгнэлт, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 03/04-20 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байх бөгөөд “О.О  албан үүргээ биелүүлээгүй нь ...тогтоогдож байх тул ... төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байх бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Иргэний бүртгэлийн ажилтан дараахь үүрэг хүлээнэ”, 8.3.2-т “бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх, тайлан мэдээг нэгтгэж гаргах” нь төрийн албаны хаагчийн үүрэг байхаар хуульчлан зохицуулсан байна.

Мөн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын Хоёрт. “Гадаад паспорт захиалах хүсэлт хүлээн авах”, 2.1.4-т “Төлбөр төлсөн баримт”-ыг иргэнээс хүлээн авна гэж заасныг нэхэмжлэгч О.О  нь санаатай зөрчсөн, өөрөөр хэлбэл М.Н*******, Л.Э*******, Л.С******* нараас гадаад паспортын мэдүүлэг, холбогдох материал хүлээн авч бүртгэл хийхдээ “төлбөр төлсөн баримт”-ыг хуурамчаар бүрдүүлэн, хууль бус бүртгэл хийсэн болох нь тогтоогдож байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй бөгөөд гаргасан зөрчлийн шинж байдлаас шалтгаалж аль нэгийг ногдуулах ба О.О  нь дээрх ноцтой зөрчлийг санаатайгаар гаргасан гэж үзэхээр байна.

Иймээс нэхэмжлэгч О.О  нь “хуурамч баримт бичиг бүрдүүлэн, хууль бус бүртгэл хийж” Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 4.26.8-д заасан сахилгын ноцтой зөрчлийг санаатайгаар гаргасан болох нь тогтоогдсон, мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1,  Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2-т тус тус заасан хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байх бөгөөд эдгээр нь шууд ажлаас халах үндэслэл болох тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаал нь дээрх хууль болон журамд заасантай нийцэж байна гэж шүүх дүгнэлээ. 

Түүнчлэн нэхэмжлэгч О.О  нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр М.Н*******, Л.Э*******, Л.С******* нарын нэрээр үйлчилгээний хөлс 18800 төгрөг, тэмдэгтийн хураамж 5000 төгрөгийг тус тус төлж, дээрх иргэдийн архивын бүртгэлийн материалд нөхөж хийж энэ талаар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрөө тайлбар  гарган, мөн зөрчлийн тэмдэглэл  үйлджээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч О.О  нь өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд дээрх бүртгэлүүд нь хууль ёсны эсэх талаар бусад этгээд маргаагүй болно. 

Хэдийгээр нэхэмжлэгч О.О ээс “...гаргасан зөрчлөө арилгасан, хэн нэгэнд хохирол учруулаагүй, иргэдээс гомдол гаргаагүй байхад намайг ажлаас халсан нь хууль бус” гэж маргаж байгаа боловч энэ нь Төрийн албаны тухай хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан “хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зэрэг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах зарчимтай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй энэ үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч О.О  нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа иргэдээс гадаад паспортын мэдүүлэг, материал авч бүртгэл хийхдээ “бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн, үнэн зөв хөтлөх” хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлаас шууд халах сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байх бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул О.О ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О ийн гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/256 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Бүртгэл, арга зүйн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           М.ЦЭЦЭГМАА