Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2021/0122

 

“О” ХХК нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Н.С, “ДЭСЖЭ” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Анар, “ОХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 768 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын дагуу “О” ХХК, “ДЭСЖЭ” ХХК, “ОХБ” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 768 дугаар шийдвэрээр:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 4.1.20, 34 дүгээр зүйлийн 34.2, 49 дүгээр зүйлийн 49.9, 56 дугаар зүйлийн 56.1.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан “О” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн “О” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “ДЭСЖЭ” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, MV-020873 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг өөр солбицол бүхий талбайгаар дүйцүүлэх буюу сольж өгөхийг даалгах”, “ОХБ” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн “ОХБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, MV-021248 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “ДЭСЖЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох давж заалдах гомдолдоо:

“...Гомдлын шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 121.1.4-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шүүхэд буцааж өгнө үү.

1. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т шүүх Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “ДЭСЖЭ” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй давхцалтай газрыг тусгай хамгаалалтад 2019 оны 04 дүгээр сард буюу тухайн тусгай зөвшөөрөл “хүчинтэй” байдлаар кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байтал 5 жилийн хугацаагаар тусгай хамгаалалтад авахаар сунгаж шийдвэрлэсэн талаар дүгнэлт өгөхдөө, тухайн гол маргаантай асуудлын талаар бүх талын нөхцөл байдлыг харьцуулсны үндсэн дээр үнэн зөвөөр, үндэслэл бүхий дүгнэлт өгөхөд шаардагдах нотлох баримтыг цуглуулахгүйгээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 2.“ ДЭСЖЭ” ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хандан “Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нотлох баримт гаргуулах”, тухайлбал, тусгай хамгаалалтанд авсан газрыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин 5 жилийн хугацаагаар сунгах шийдвэрийг гаргахдаа,

А. Ашигт малтмал газрын тосны газраас тухайн тусгай хамгаалалтад авч буй газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээд байгаа эсэх, бүртгэл кадастртай холбогдох мэдээ баримтыг гаргуулан авч байсан эсэх,

Б. Хууль тогтоомжид заасны дагуу шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон аливаа мэдээ, баримт, судалгаа, хуралдааны тэмдэглэлийг гаргуулах,

В. Эрх ашиг нь хөндөгдөх этгээдийг оролцуулах, сонсгох, мэдэгдэх ажиллагаа явуулсан эсэх,

Г. Нөхөн олговортой холбоотой асуудлыг хэлэлцэж судалсан, шийдвэрлэсэн байдал зэргийг тодруулах баримтуудыг цуглуулах хүсэлтийг тус тус гаргаж байсан боловч

Тэдгээр  баримт  нь  уг  хэргийн  маргаанд  хамааралгүй,  бие  даасан  актын

хувьд энэ хэргийн хүрээнд шүүх тухайн актын үндэслэлийг хянахгүй хэмээн дүгнэж хүсэлтийг хангаагүй билээ.

Тэгтэл эдгээр үйл баримтыг бүрэн гүйцэд цуглуулахгүйгээр шүүх тухайн үйл баримтыг дүгнэж, дүгнэлт өгөхдөө тусгай хэрэгцээнд газар авахтай холбоотой төрийн байгууллагад хуулиар хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлэх үндэслэлгүй гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийдвэр гарахад хүргэсэн гэж үзэж байна.

3. Ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцал бүхий газрыг тусгай хамгаалалтад үргэлжлүүлэн авах буюу сунгах шийдвэрийг гаргах нь Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 14.4-д заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хэмээн үзэж байна. Энэ талаарх холбогдох баримт бүрэн цугларч чадалгүйгээр хэрэг шийдвэрлэгджээ.

4. “Х” шашны байгууллагын эрх, ашиг сонирхол хөндөгдөх эрх зүйн үндэслэлийг тогтооход шаардагдах ажиллагаа хангалттай хийгдээгүй нь уг хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэгдэхэд саад учруулж байна. Тус шашны байгууллагатай холбоотой эдийн ба эдийн бус баялгийн эрх залгамжлалаар шилжсэн, түүнчлэн холбогдох баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд тус шашны байгууллага тухайн газарт эд хөрөнгийн болон эдийн бус баялгийн ямар нэгэн эрх эдэлдэггүй, хуульд заасан үндэслэлээр төрийн бус байгууллага төрийн байгууллагатай хамтран ажиллах харилцаанд ороогүй байна. Нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн албан бичигт тодорхойлж бичсэн тайлбарт тусгагдсан хамтын ажиллагаа нь тухайн асуудлаар эрх ашиг нь хөндөгдсөн болохыг тогтоох хэмжээний үндэслэл, баримт нотолгоогүй байсан бөгөөд үүнийг тодруулах ажиллагаа шаардлагатай байгаа болохыг удаа дараа илэрхийлсэн боловч үр дүнд хүрээгүй. Шашны байгууллагын аливаа үйл ажиллагаанд хүндэтгэлтэйгээр хандаж буй боловч хэрэг хянан шийдвэрлэх болон захиргааны эрх зүйн бүхий л харилцаанд шашны байгууллагын ариун дээд зорилго, эрмэлзэл нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх шалгуурыг үл огоорох нөхцөл болохгүй бөгөөд төрийн байгууллагын ямар эрхийг ямар эрх олгосон баримт бичгээр шилжүүлэн авсан нь тодорхой бус. Сонгон шалгаруулалт, хууль зүйн үндэслэлтэйгээр давуу байдал олж авсан эсэх нь нотлогдоогүй, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосноор ямар эрх ашиг нь хэрхэн сэргэхийг тайлбарлаж чадаагүй байхад шүүхээс ерөнхий байдлаар дүгнэн авч үзсэнийг хууль зүйн үүднээс хангалтгүй, үндэслэл бүхий шинжийг хангаж чадаагүй явдал хэмээн үзэж гомдолтой байна.

5. Тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрүүдийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26 өдрийн 371 дүгээр шийдвэр нь “тусгай зөвшөөрлийг цуцлах” эрх зүйн үр дагаврыг бий болгосон, түүнчлэн тухайн шийдвэрт бичигдсэнээр болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбаруудаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах зорилгоор тусгай зөвшөөрлийг цуцалсан акт болох нь илэрхий байтал эдгээрийг захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг хянаж хүчингүй болгох агуулгатай хэмээн үзэж, үүгээрээ Ашигт малтмалын тухай хуульд тусгайлан заасан “тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох”-той холбоотой эрх зүйн зохицуулалтууд үйлчлэхгүй харилцаа мэтээр дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа бөгөөд үүнд мөн “ДЭСЖЭ” ХХК-аас шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 23 өдөр гаргасан 3 дугаар хүсэлтийн дагуу шаардагдах баримтыг гаргуулан аваагүй нь нөлөөлсөн байж болохоор юм.

Шүүх “...шашны байгууллагын субьектив эрхээс илүүтэй тухайн орон нутгийн обьектив эрхтэй хамааралтай гэж үзсэн” хэмээн шашны байгууллагын эрх ашиг хөндөгдөх үндэслэл муутайг дүгнэсэн, түүнчлэн тусгай зөвшөөрлийг тусгай хамгаалалтад авсан газарт давхцуулан олгохоор сэргээсэн зэрэг захиргааны буруутай үйл ажиллагааг дүгнэсэн боловч хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг бүрэн тодруулахгүйгээр, “ДЭСЖЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж зөрчилтэй байдлаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч дахин хэлэлцүүлэхээр буцаалгах гомдлыг үүгээр гаргалаа...” гэжээ.

“О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц давж заалдах гомдолдоо:

“...“О” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрийн хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлэлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа гэж үзэж байгаа юм.

Анхан шатны шүүхээс “Ашигт малтмал ашиглалтын 12923А дугаартай тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлах нөхцөл бүрдсэн талаар хариуцагч байгууллагаас мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарладаг ч хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн тус компанид хүргүүлсэн гэх 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 6-1406 дугаартай мэдэгдэлд тусгай зөвшөөрлийн дугаарыг “127A” гэж өөр дутуу, буруу /бичигдсэн байх тул 12923А дугаартай тусгай зөвшөөрөлд хамаатуулах боломжгүй байна” гэж зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс “О” ХХК-ийн 12923А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан үүргээ биелүүлээгүй талаарх нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэлт хийсэн.

Гэвч анхан шатны шүүх: тусгай зөвшөөрлийн төлбөрийг дутуу төлсөн учир урьдчилж мэдэгдээгүй нь тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх үндэслэл биш, тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа цуцалсан тухай мэдэгдлээ хүргүүлэхэд буцаагдсан тул цуцлах тухай урьдчилж мэдэгдсэн ч хүлээж авахааргүй байсан, 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэртэй маргах эрхээ алдсан гэсэн дүгнэлтүүдийг хийснээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн хүчингүй, өөрөөр хэлбэл эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахын өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд ч мөн байгаа зохицуулалт буюу ялангуяа тусгай зөвшөөрөл цуцлах тохиолдолд заавал урьдчилан мэдэгдэх ёстой байна. Баримтуудаас харахад захиргааны байгууллага нь 516 дугаар шийдвэр гаргахын өмнө “О" ХХК-д мэдэгдэл хүргүүлэх бүү хэл тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдэл боловсруулаагүй, үйлдэж гаргаагүй.

Үүнийг шүүх тогтоосон атлаа уг мэдэгдлийг хүргүүлсэн ч нэхэмжлэгч авахгүй байсан гэж дүгнэх нь өрөөсгөл. Нэхэмжлэгч авах байсан, авахгүй байсан гэхээс илүү Захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдэл өгөх үүргээ биелүүлэхийн тулд нэн түрүүнд тухай мэдэгдлийг гаргах, үйлдэх шаардлагатай. Энэ процессийг алгасан тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн үндэслэл хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрийн хэлтсийн даргын 516 дугаар шийдвэр гаргах үед бүрдээгүй байсан байна. Иймд тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасны дагуу 516 дугаар шийдвэр нь илт хууль бус захиргааны акт юм.

Мөн анхан шатны шүүхийн 516 дугаар шийдвэртэй маргах эрхээ алдсан гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.5 дахь хэсгүүдэд захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоохтой холбоотой нэхэмжлэлд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй буюу хэдийд ч шүүхэд хандах боломжтой талаар хуульчилсан. Иймд маргах эрхээ алдсан гэж үзэхгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

“ОХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрээр “ОХБ” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн “ОХБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ОХБ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-021248 тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Ингэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дүгнэлтүүдийг гаргахдаа нотлох баримтанд үндэслээгүй, хуулийг буруу тайлбарласны улмаас шүүхийн шийдвэрийн “ОХБ” ХХК-д холбогдох хэсэг бүхэлдээ үндэслэлгүй болсон байна.Тухайлбал:

1. Шүүхийн шийдвэрийн 36 дугаар тал, 5 дугаар догол мөрөнд ... шүүх шийдвэрлэсний дагуу төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг сэргээхдээ тухайн талбайг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан, тусгай хамгаалалтанд авсан шийдвэр төрийн захиргааны байгууллагын кадастрын бүртгэлд бүртгэгдсэн байхад анхаараагүйгээс түүх соёлын дурсгалт болон байгалийн нөөц газартай давхцуулан тусгай зөвшөөрлийг сэргээсэн, улмаар бусдад шилжүүлсэн үр дагаварууд үүсгэжээ... гэж дүгнэж, мөн Шүүхийн шийдвэрийн 39 дүгээр тал, сүүлийн догол мөр, 40 дүгээр тал эхний догол мөрөнд “...шүүх соёлын дурсгалыг хамгаалах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтанд 2010, 2014 онд авч кадастрын бүртгэлийн системт бүртгэсэн газарт давхцуулан 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 404 дүгээр тушаалаар 12923А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй юм..." гэж дүгнэжээ.

Энэхүү дүгнэлт нь нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг алдаатай гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2012 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэх хуулийн заалтыг мөрдөхгүй байх боломжтой байсан гэж дүгнэсэн нь алдаатай бөгөөд “ОХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан нэг гол үндэслэл болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу Дорноговь аймгийн ИТХ-ын 2010 оны сарын 16-ны 5/04 дугаартай тогтоол, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/03 дугаартай тогтоолд тодорхой зааснаар тухайн талбайгаа.соёлын дурсгалт газар" ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.

 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зүйлд “Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0,1-3,0 км-ийн орчимд сүр бараа үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийхдээ ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасан.

Ийнхүү түүх соёлын дурсгалт объектоос бусад хэсэгт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй байхад шүүгч зориудаар, хэрэгт авагдсан баримтаас өөр агуулгатай дүгнэлт хийж Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зүйлд заасан “байгалийн нөөц газар” ангилалд хамааруулж авсан мэт ерөнхий дүгнэлт хийсэн нь эрх зүйн өөр үр дагавар бий болгох, ор үндэслэлгүй дүгнэлт болжээ.

2. Шүүхийн шийдвэрийн 40 дүгээр тал, 2-3 дугаар догол мөрөнд хариуцагч ...шүүхийн тогтоолыг үндэслэн 2017 оны 404 дүгээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн” шийдвэр болон түүнээс дагалдаж гарсан бусад шийдвэрийг хүчингүй болгож, өөрөөр хэлбэл өмнө гарсан алдаатай шийдвэрээ хүчингүй болгож, дагалдаж гарсан шийдвэрүүдээ залруулсан байх тул Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэр хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэж, энэ нь “ОХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан гол үндэслэл болжээ.

Энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим, түүгээр хамгаалагдсан үнэт зүйлийг үгүйсгэж, Захиргааны ерөнхий хуульд заасан тодорхой хэм хэмжээг хэрэглэхээс шууд зайлсхийж, Захиргааны байгууллага өмнө гаргасан үндэслэлгүй шийдвэрээ залруулж байгаа гэх үндэслэлээр иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ашиг сонирхлыг зөрчиж болно гэх дур зоргын шийдвэр гаргах боломжийг олгож байгаа ноцтой үр дагавартай дүгнэлт юм.

Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой хуульчилжээ.

ОХБ” ХХК нь Шүүхийн шийдвэрээр сэргээгдсэнээс хойш жил өнгөрсөн, Ашигт малтмалын газрын тосны газрын бүртгэлд хуулийн хүчин төгөлдөр байсан тусгай зөвшөөрлийн талбайгаас эрх зүйн ямар ч зөрчилгүй хэсгийг (түүх соёлын дурсгалт объект байрладаггүй хэсгийг) шилжүүлж авах хэлцэл хийж, энэхүү хэлцлийг Ашигт малтмалын газрын тосны газарт бүртгүүлснээр Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 907 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийг талбайг хэсэгчлэн шилжүүлсэн юм.

Энэхүү 907 дугаартай захиргааны акт нь “ОХБ ХХК”-д тусгай зөвшөөрлийн эрх олгосон буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гарснаас нь хойш 5 жилийн дотор хүчингүй болгох боломжтой боловч Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан аль нэг үндэслэл заавал тогтоогдсон байх учиртай.

Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д зааснаар захиргааны акт гарах бодит нөхцөл байдал, үндэслэлийг бичгээр гаргасан захиргааны актад тусгах шаардлагатай. Харин 371 дугаартай актын хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0078 тогтоолыг дурьдсанаас өөр ямар ч үндэслэл заагаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд “шүүхийн 128/ШШ2019/0078 дугаартай тогтоолоос өөр үндэслэл байхгүй” гэдгийг давтан тайлбарлаж ирсэн байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 371 дугаартай Захиргааны актыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн шаардлагыг зөрчсөн болох нь илэрхий байхад дээрх үндэслэлгүй, хууль бус дүгнэлтийг хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь “ОХБ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрч байна.

3. Шүүхийн шийдвэрийн 40 дүгээр тал, 4 дүгээр догол мөрөнд “Энэ нь биелэгдсэн шийдвэрийг цуцлах шүүхийн шийдвэрлэх асуудал гэхээс илүүтэйгээр захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг хянаж хүчингүй болгосон агуулгатай байна” гэж дүгнэхдээ аливаа үндэслэл дурьдаагүй бөгөөд Захиргааны байгууллагын материаллаг эрхэд хамаарах хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

2017 оны 128/ШШ2017/0466 дугаартай шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлж “O” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн нь “ОХБ” ХХК-ийн хувьд шүүхийн шийдвэр, захиргааны байгууллагад хууль ёсны итгэл төрж, тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн худалдан авах, тийнхүү худалдан авах гэрээ байгуулж татвар төлөх үндэслэл болсон юм. Улмаар Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр, MV-021248 дугаартай тусгай зөвшөөрөл зэрэг “ОХБ” ХХК-д эрх олгосон буюу захиргааны акт гарсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д нэгэнт биелэгдсэн шүүхийн шийдвэр олон төрлийн эрх зүйн үр дагавар бий болгодог, энэ үр дагаварын хүрээнд иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамаарч болох тул шүүхээр шийдвэрлэхээр тусгайлан зааж Захиргааны байгууллагын бүрэн эрхийн хязгаар, заагийг тусгасан зохицуулалт юм.

Харин шүүхийн шийдвэрт дээрх дүгнэлтийг хийж 371 дугаартай актыг үндэслэлтэй гэж үзсэнээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг хэрэглэх эсэхийг өөрийн дур зоргын хүрээнд шийдвэрлэх эрхийг Захиргааны байгууллагад олгосон, хуулийг буруу тайлбарласан дүгнэлт болжээ.

4. Шүүхийн шийдвэрийн 43 дугаар тал, 1 дүгээр догол мөрөнд “... тусгай зөвшөөрлийн талбайгаас ...” ОХБ” ХХК-д хэсэгчлэн шилжүүлэхэд Төрийн захиргааны байгууллага ч, шилжүүлэн авч буй этгээд ч орон нутгийн тусгай хамгаалалтад байгаа газартай давхцалтайг мэдэж байсан байх тул “эрх зүйн аливаа зөрчилгүй байсан тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан, итгэл хамгаалах зарчим зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл няцаагдаж байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр, “O” ХХК-д тусгай зөвшөөрлийг сэргээн олгосон, улмаар “ДЭСЖЭ” ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр, Ашигт малтмалын газрын тосны газрын олгосон тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан, Ашигт малтмалын газрын тосны газрын тэр үед тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлэхийг зөвшөөрсөн цогц үйл ажиллагаа нь “ОХБ” ХХК-ийн хууль ёсны итгэл төрөх үндэслэл болсон юм. Өнөөдрийн хууль тогтоомжид тусгай хэрэгцээнд авсан газарт байрлах тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглосон зохицуулалт байхгүй бөгөөд тийм үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгасангүй. “ОХБ” ХХК энэ тухай тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлэх өргөдөл гаргахад хууль ёсны итгэл төрөх үндэслэл болсон тодорхой шийдвэр, захиргааны актууд хэрэгт авагдсан байхад хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэг юм.

5. Шүүхийн шийдвэрийн 43 р тал, 2-р догол мөрөнд Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 7/713 тоотоор “ОХБ” ХХК-д сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл, 2 дугаар сарын 25-ны өдрийн 7/1121 тоотоор орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн талбайг буцаан өгөх эсэх санал ирүүлэх талаар мэдэгдсэн байдгаас үзвэл “ОХБ” ХХК-ийн ... 371 дүгээр шийдвэр гаргахдаа манай компанид урьдчилан мэдэгдээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй гэх тайлбар няцаагдаж байна” гэжээ.

7/713 дугаар болон 7/1121 тоот, түүнчлэн шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт ч тодорхой дурьдсанаар 2019 оны 2 дугаар сард хийгдэж байсан сонсох ажиллагаа нь “тусгай хамгаалалттай газартай давхцалтай тусгай зөвшөөрлийг талбайг буцаан өгөх" тухай байна.

Харин 371 дугаартай захиргааны актыг гаргахдаа ийм үндэслэлийн талаар дурьдаагүй бөгөөд “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаар тогтоолоор 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 466 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул дээрх шийдвэрийг үндэслэн гарсан дараах шийдвэрийг хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.

Тусгай хамгаалалттай газартай дахцалтай тусгай зөвшөөрлийн талбайг буцаан өгөх гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д заасан Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд хамаарах зохицуулалт юм.

2019 оны 2 дугаар сард хийгдэж байсан сонсох ажиллагаа нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гарсан 371 дугаартай актын үндэслэлд хамаарахгүй, сонсох ажиллагааны зорилго, гарч болох үр дагавар ч өөр байх тул Шүүх энэхүү дүгнэлтийг гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 768 дугаартай шийдвэрийг гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад хүргэсэн байх тул Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “ОХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн “О” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдолдоо хариуцагч урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлэлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан буюу 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6-1406 дугаартай мэдэгдэлд тусгай зөвшөөрлийн дугаарыг “127A” гэж дутуу, буруу бичигдсэн бөгөөд энэ нь хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан үүргээ биелүүлээгүй хэмээн маргаж байна.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бол илт хууль бус болохыг тусгайлан заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл маргаан бүхий 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар шийдвэрийн “О” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус байх хуулийн шаардлагад хамаарахгүй буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны актыг гаргахаас өмнө урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааг хийсэн эсэх нь захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд холбоо хамааралгүй.

Иймд анхан шатны шүүхийн “...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан үндэслэлээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт хууль бусаар зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “О” ХХК-ийн давж заалдах гомдолд захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахын өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн тайлбарлаж байгааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан нөхцөлтэй хамаатуулах боломжгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас тусгай зөвшөөрөл цуцалсан хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

2. “ДЭСЖЭ” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, МV-020873 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг өөр солбицол бүхий талбайгаар дүйцүүлэх буюу сольж өгөхийг даалгуулах болон ОХБ” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, МV-021248 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухайд:

Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6/8 дугаар тогтоолоор Өргөн, Эрдэнэ, Сайншанд сумдын уулзвар нутаг дахь Х хийд, түүний орчим дахь 2279 га талбай бүхий газрыг түүх, соёлын дурсгалт газрын төрлөөр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/11 дүгээр тогтоолоор Сайншанд сумын нутаг дахь “Хан Баянзүрх” уул орчмын 3710 га газрыг байгаль түүхийн дурсгалт газарт, Хашаатын говийн 8400 га газрыг ойн нөөц газарт хамааруулан орон нутгийн тусгай хамгаалалтад, 2010 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5/04 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрын хэмжээг нэмэгдүүлэн Өргөн, Эрдэнэ, Сайншанд сумдын уулзвар нутаг дахь Х хийд, түүний орчимд 44627 га талбай, Ч хийдийн туурь байгаа Зоогийн хоолой, палеонтологийн ач холбогдол бүхий 26764 га газрыг түүх соёлын дурсгалт газраар орон нутгийн тусгай хамгаалалтад, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/30 дугаар тогтоолоор Сайншанд сумын Х хийд, түүний орчмын 44627.3 га талбайн хэмжээг нэмэгдүүлж 45200.83 га, Хашаатын говийн 8400 га талбайн хэмжээг нэмэгдүүлж 9033.54 га, Зоогийн хоолойн 26076.4 га талбайг нэмэгдүүлж 27779.2 га, “Хан Баянзүрх” уулын 3710 га талбайг багасган 3264.21 га газрыг байгалийн нөөц болон дурсгалт газраар орон нутгийн тусгай хамгаалалтад 5 жилийн хугацаагаар авч байжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл орон нутгийн тусгай хамгаалалтад газар нутгийг авсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 5/03 тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол шийдвэртээ байршил, солбицол, зорилго, хугацааг зааж, ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ”, 14.3-д “төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан хуулийн шаардлагыг ханган Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

Гэтэл уг 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/30 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай 2017 онд “О” ХХК-ийн эзэмшилд сэргээсэн 12923А дугаартай тусгай зөвшөөрлийн 21381.56 га талбай, мөн “ДЭСЖЭ” ХХК-ийн МV-20873 дугаарын тусгай зөвшөөрөлтэй 8871.49 га талбай, “ОХБ” ХХК-ийн МV-21248 дугаарын тусгай зөвшөөрөлтэй 12497.18 га талбай бүхэлдээ тус тус давхцалтай болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлээр нотлогдоно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0,1-3,0 км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж зааснаар энэ тохиолдолд нэгэнт орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай нэхэмжлэгч “ДЭСЖЭ” ХХК, “ОХБ” ХХК-иудын эзэмших эрхтэй байсан ашигт малтмалын тусай зөвшөөрөл бүхий газрууд давхцаж байх ба ашигт малтмалын аливаа үйл ажиллагаа явуулах боломжгүй учир маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах болон тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн “...өмнө гаргасан алдаатай шийдвэрээ хүчингүй болгож, дагалдаж гаргасан шийдвэрүүдээ залруулсан...” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “ДЭСЖЭ” ХХК-д, талбайг хэсэгчлэн шилжүүлэх 443 дугаар шийдвэр, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “ОХБ” ХХК-д 8961.23 гектар талбайг хэсэгчлэн шилжүүлсэн 907 дугаар шийдвэрүүдийг 5 жилийн дотор хүчингүй болгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй байна.

Харин тусгай зөвшөөрлийн талбайг өөр солбилцол бүхий талбайгаар дүйцүүлэх буюу сольж өгөхийг даалгуулах шаардлагын тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж зааснаар үзвэл иргэн, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмших явцад тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд шинээр авсан тохиолдолд нөхөн олговор олгохоор хуульчилсан.

Гэтэл цаг хугацааны хувьд маргаан бүхий газрыг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5/04 дүгээр тогтоол, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/30 дугаар тогтоолоор тус тус байгалийн нөөц болон дурсгалт газраар орон нутгийн тусгай хамгаалалтад 5 жилийн хугацаагаар авсны дараагаар 2018 онд ДЭСЖЭ” ХХК-ийн МV-20873 дугаарын тусгай зөвшөөрөлтэй 8871.49 га талбай, “ОХБ” ХХК-ийн МV-21248 дугаарын тусгай зөвшөөрөлтэй 12497.18 га талбайг эзэмших болсон байх тул нөхөн олговор олгох боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг зөв тайлбарласан, энэ талаар нэмж нотлох баримт цуглуулах шаардлагагүй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “ОХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо тайлбарлаж буй итгэл хамгаалах зарчим нь энэ тохиолдолд хамаарахгүй.

Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “ОХБ” ХХК нь “ДЭСЖЭ” ХХК-иас тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн шилжүүлэн авах хүсэлт гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18/25 тоот албан бичгээр “...Ашигт малтмалын газарт тус талбай нь аймгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа тул шилжүүлж өгнө үү...” хэмээн хандаж байсан зэргээр тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчилэн шилжүүлэх үед нэхэмжлэгч “ОХБ” ХХК, “ДЭСЖЭ” ХХК-иуд нь маргаан бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтайг мэдэж байсан нь нотлогдох учир “ОХБ” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг хариуцагчийн олгосон шийдвэрийн дагуу хууль ёсны, аливаа зөрчилгүй тусгай зөвшөөрөл хэмээн итгэж байсан гэж үзэхгүй .

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О” ХХК, “ДЭСЖЭ” ХХК, “ОХБ” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгчд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА