Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01079

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/02667 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 354 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Д.О

         Хариуцагч: Я.А, С.У нарт холбогдох

         Зээлийн гэрээний үүрэгт 7.830.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч Я.А, С.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: хариуцагч Я.А, С.У, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О нь Я.А, С.У нарт 2015-06-29-ний өдөр 6сая төгрөгийг өдрийн 30,000 төгрөгийн хүүтэйгээр 2015-08-29-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн. Гэвч хариуцагч нар  одоо хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй. Хүүгийн талаар талууд тохиролцсон. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 1,830,000 төгрөг, нийт 7,830,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Я.А, С.У нар гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015-06-29-нд 6,000,000 төгрөгийг Д.О, Д.Эрдэнэбаяр гуйж зээлсэн. Харин зээлсэн мөнгөнөөс 4,000,000 төгрөгийг 2015-08-14-ний өдөр Д.Эрдэнэбаярын Хаан банк ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Харин үлдсэн мөнгө  3,830,000 төгрөгийг хүү болох Э.Барсболдын гэрт нь өөрийн биеэр цувуулж өгөөд дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/02667 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Я.А, С.У нараас 7,830,000 төгрөг гаргуулан Д.Од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс  төлсөн 140,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 354 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/02667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагч Я.А, С.У нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх Д.Оийн нөхөр Д.Эрдэнэбаярын Хаан банкны дансанд зээлийн төлбөрт төлсөн баримтыг үнэн бодитоор үнэлж үндсэн зээлээс хасаагүй учир нь Д.О гэж хүнийг би танихгүй, харин нөхөр Д.Эрдэнэбаяр гэж ахыг таньдаг урьд нь мөнгө зээлээд төлж байсан учраас дахин Д.Эрдэнэбаяраас мөнгө зээлэхийг хүсэж иргэний үнэмлэхээ орхиод явсан юм эхнэрийнх нь данснаас миний данс уруу мөнгө шилжиж орсон байдаг. Эрдэнэбаяр ахаас мөнгө зээлсэн гэж үзэж түүний дансанд 4 сая төгрөгийг төлсөн юм. Гэтэл эдгээр гэр бүлийн хүмүүс шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг худал өгч, харин ч би хохирч үлдсэн. Шүүх өмнөх зээлийн төлбөрт ороогүй уг баримтыг шударгаар үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Э.Барсболдод гурван удаа бэлнээр нийт 3.830.000 төгрөгийг өөрийнх нь гэрт өгсөн байдаг. Яагаад төлбөрийг хүүд нь өгөх болсон бэ гэхээр аав, ээж нь хөдөө байдаг учраас бэлнээр итгээд төлсөн. Төлсөн мөнгийг төлөөгүй, аваагүй гэж шүүх дээр худал хэлж 2 жилийн дараа нэхэж, би дахин төлөхөөр хохирч байна. Шүүх шийдвэртээ хариуцагч төлсөн гэдгээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн байна, би эдгээр хүмүүсийг авснаа үнэнээр нь хэлэх байх гэж гэрчээр дуудсан гэтэл шүүхэд худал мэдүүлэг өгч шүүх худал мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргаж, үнэн бодит байдлыг үнэлж чадахгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаагаа хүсэлтээрээ уламжлаад байхад шүүх хуралдааныг хойшлуулалгүй хариуцагчийг эзгүйд шүүх хуралдааныг хийж, хуралд биечлэн оролцож мэтгэлцэх эрхийг нь хангаж өгөөгүй, хуулийг зөрчсөн. Учир нь С.У нь хатгалгаа аваад өвчтэй тухайгаа шүүхэд уламжилсан байдаг. Хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж өгөөгүйгээрээ хуулийг зөрчсөн. Иймд  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.О 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Я.А, С.У нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 1,830,000 төгрөг нийт 7,830,000 төгрөг шаардаж “...2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000  төгрөгийг нэг өдрийн 30,000 төгрөгийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлсэн боловч хариуцагч нар үүргээ биелүүлээгүй...” гэжээ.

       Я.А, С.У нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... 6,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 4,000,000 төгрөгийг 2015-08-14-ний өдөр нэхэмжлэгчийн нөхөр Д.Эрдэнэбаярын дансанд шилжүүлж, 3,830,000 төгрөгийг хүү Э.Барсболдод нь өгсөн ...одоо төлбөргүй...” гэсэн байна.

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Хоёр шатны шүүх мөнгө зээлсэн тухай баримт /хх 3/, Д.Оээс 2016-05-30-ны өдөр олгосон итгэмжлэл /хх 4/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 5/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-18-ны өдрийн 184/ШШ2016/01213 дугаар шийдвэр /хх 18-22/, давж заалдах шатны шүүхийн 2016-12-21-ны өдрийн 22 дугаар магадлал /хх 43-45/, хяналтын шатны шүүхийн 2017-03-16-ны өдрийн 001/ХТ2017/00287 дугаар тогтоол /хх 41-42/, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017-09-26-ны өдрийн 7/8266 дугаар албан бичиг /хх 28/, Я.Аын Хаан банкин дахь дансны хуулбар /хх 47-48/, гэрч Э.Барсболд, Д.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг /хх 52-54/, Хаан банкны 2014 оны  орлогын мэдүүлэг, 2015-08-14-ны өдрийн мөнгөн шилжүүлэг /хх59-64/,  нэхэмжлэгчийн хүсэлт /хх 24, 29/ хариуцагч нарын тайлбар /хх 12,13/ хүсэлт /хх 23, 37/-г  үндэслэн шийдвэр гаргасан байна.

      Дээр дурдсан баримт болон шүүх хуралдаан дээр өгсөн зохигчийн тайлбарын  хэмжээнд хариуцагчийн гомдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

        2. “...зээл авах тохиролцоог Д.О, Д.Эрдэнэбаяр нартай хийж, мөнгийг Д.Эрдэнэбаярын дансаар шилжүүлэн авсан...Д.Отэй зээлийн гэрээ байгуулснаа зөвшөөрч байна...” гэх хариуцагч нарын тайлбарыг /хх 12,13,37,62/  нэхэмжлэгч эсэргүүцсэн  баримт хэрэгт байхгүй байна. Иймд хариуцагч нар нь Д.О, Д.Эрдэнэбаяр нартай 2015-06-29-ний өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр 6,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай нэг өдөрт 30,000 төгрөгийн хүү төлөх нөхцөлтэй зээлж, мөнгийг Д.Эрдэнэбаяраас авсан үйл баримтыг  тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-н зохицуулалтыг зөрчихгүй юм.

  Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

       Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул гэрээний үүргийн биелэлтийг талуудын хэн аль шаардах эрхтэй байна.

       3. Үндсэн зээл 6,000,000 төгрөгийн талаар:

      Харилцан тохиролцсоны дагуу хариуцагч нар 6,000,000 төгрөгийг хүлээн авсан /хх 3/ тул нэхэмжлэгч үндсэн зээлийг Я.А, С.У нараас шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн байх боловч хариуцагч уг мөнгийг буцааж бүрэн төлсөн гэж маргажээ.

       Я.А нь Д.Эрдэнэбаярт 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн гэх бөгөөд энэ нь хэргийн 60 дугаар талд буй баримтаар тогтоогдсон тул уг мөнгийг үндсэн зээл 6,000,000 төгрөгөөс хасаж тооцох нь Иргэний хуулийн 65, 211, 281-р зүйлийг зөрчихгүй гэж үзлээ.

       2015-08-14-ны өдөр Я.Аын шилжүүлсэн 4,000,000 төгрөгийн талаар  Д.Эрдэнэбаяр нь “...хүү Э.Барсболд өмнө нь Я.Атой мөнгөний асуудалтай байсан. Тиймээс миний дансанд орсон 4,000,000 төгрөг манай хүү Э.Барсболдын мөнгө. Эхнэр Одгэрэлийн 6,000,000 төгрөгтэй хамааралгүй...” гэж, Э.Барсболд нь “...өмнө нь Я.Атой 30,000,000 төгрөгийн асуудалтай байсан энэ мөнгөнөөс 9,300,000 төгрөгийг авсан. Үүний 4,000,000 төгрөг нь аав Д.Эрдэнэбаярын данс руу орсон. Энэ 4,000,000 төгрөгийг би хэрэглэсэн...” гэж тус тус мэдүүлсэн /хх 53/ нь нэхэмжлэлийг энэ шаардлагыг бүрэн хангах нөхцөл болохгүй байна.

      Э.Барсболд нь 2014 оны 12 дугаар сард Я.Аоос 9,300,000 төгрөг мөн автомашин зээлд тооцон авсан /хх 18, 41/, төлбөрийн тооцоог 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 38.027.500 төгрөг гэж баталгаажуулж байсан /хх 41,44/-с үзвэл Э.Барсболдын нэхэмжлэлтэй Я.Аолд холбогдох хэргийн шийдвэрт заасан 9,300,000 төгрөгт 2015-08-14-ны өдөр Д.Эрдэнэбаярт шилжүүлсэн 4,000,000 төгрөг цаг хугацааны хувьд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 184/ШШ2016/01213 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 22 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2017 оны  001/ХТ2017/00287 дугаар тогтоолд дурдсан 9,300,000 төгрөгт 2015-08-14-ны өдөр Д.Эрдэнэбаярт шилжүүлсэн 4,000,000 төгрөг багтсан гэдгийг нэхэмжлэгч баримтаар нотолж  чадаагүй байна.

       Иймд Я.А, С.У нар 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээний үндсэн зээл 6,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

       4. Зээлийн хүү 1,830,000 төгрөгийн талаар:

       Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.

        Хэргийн 3 дугаар талд “...Я.А, С.У нар нь 6,000,000 төгрөгийг өдрийн 30,000 төгрөгийн хүүтэй түр зээлдэж авав /2 сарын хугацаатай/...” гэсэн баримт авагдсан бөгөөд уг баримтаар хариуцагч нар нь 6,000,000 төгрөгийг хүүтэй зээлж авахаар бичгээр тохиролцсон гэж шүүх үзсэн нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

       Харин шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй нь дутагдалтай болжээ.     

       Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...мөнгийг хүүлэх байдлаар...15 хувийн хүүтэй зээлж байна...” гэж маргасан /хх 70, ар тал/ байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу юм.

       Нэхэмжлэгч 6,000,000 төгрөгийг өдрийн 30,000 төгрөгийн хүүтэй зээлүүлсэн байдлыг тооцвол 6,000,000 төгрөгийг нэг сарын 15 хувийн хүүтэй зээлүүлсэн буюу зээлийн хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогджээ.

       Иймд зээлийн хүүгийн хэмжээг 7 хувь болгон багасгаж, хариуцагч нараас хүү 840.000 төгрөг / 6,000,000 төгрөгийн 7 хувийн хүү 420,000 төгрөгийг, 420,000х2 сар=840,000 төгрөг/  гаргуулах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-г зөрчихгүй гэж дүгнэв.

       Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, хүү 840,000 төгрөг нийт 2,840,000 төгрөг гаргуулж Д.Од олгох, нэхэмжлэлээс 4,990,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулна. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 354 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/02667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т заасныг баримтлан Я.А, С.У нараас 2.840.000 төгрөг гаргуулж Д.Од олгож, нэхэмжлэлээс 4,990,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “...хариуцагчаас 140 500 төгрөг гаргуулан...” гэснийг “...хариуцагч нараас 59,850 төгрөг гаргуулан...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Я.Аоос төлсөн 140.230 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ