Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 228

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Цээлээгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005004490253 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Б.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинотеатрын орчимд иргэн Ж.Гт “Япон улсын төсөл хэрэгжүүлж байна” хэмээн хуурч зохиомол байдлын зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн 84-88 УБТ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины янданг залилан авч 1.000.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялыг би зөвшөөрч байгаа гэв.

 

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Г мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын эхээр 84-88 УБТ дугаартай Тоёота Приус-20 машинтайгаа Өргөө кинотеатрын урд талын зогсоол дээр хүн хүлээгээд зогсож байхад 40-45 насны орчим шар царайтай туранхай ах ирж уулзаад миний машиныг хэдэн оных вэ гэж асуухаар нь 2008 он гэж хэлсэн. Гэтэл нөгөө ах “Япон улсын 3 хоногийн хугацаатай төсөл явагдаж байгаа юм янданг чинь үнэгүй сольж өгч байгаа юм утаа тортоггүй болгох юм бензины  идэлтийг бага болгодог юм. Манай компани уг төслийг хэрэгжүүлснээр тендэр авах гэж байгаа юм” гэсэн. Компанийн талаар ямар нэг нэр хэлээгүй. Манай ажилчид ирээд газар дээр нь солиод өгчихнө чамд мөн 100.000 төгрөг нэмж өгнө гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд солиулахаар болсон. Өргөө кинотеатрын арын дугуй засварын цаана талбай дээр машинаа гаргаад зогсоосон. Гэтэл цагаан өнгийн портер машин ирж зогсоод  дотроос нь миний үеийн бололтой хоёр залуу бууж ирээд машиныг данхраадаад янданг бүтнээр нь тайлж авсан. Тэгснээ шүүлтүүртэй яндан гэж хэлсэн өөр нэг яндан тавиад яваад өгсөн. Тэр доороо миний хаан банкны  5027699852 дугаарын дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд явсан. Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны хавьцаа машинаа зарахаар Да хүрээ зах орж ченж нарт үзүүлэхэд машиныг үзэж байгаад нүүрсэн яндан нь алга байна зарагдах үнээсээ 1000.000-1.500.000  төгрөг буудаг юм хасаад өгнө гэвэл өг гэсэн. Би өмнө нь солиулж байхдаа манай нэг дүүгийн 2004 оны приус байгаа дуудчих уу гэхэд хэрэггүй ээ 2007 оноос хойшхи машины янданг сольж байгаа юм гэж байсан. Ченж нар хэлэхдээ 2007 оноос хойшхи приус-20 машин нүүрсэн яндантай байдаг. Нүүрсэн яндан нь бага зэрэг цагаан алтны хольцтой байдаг юм гэсэн. Тэгээд би залилуулсанаа мэдсэн. Би хуучин яндангаа уг хүнээс буцааж аваад өөрийнхөө машинд суурилуулсан байгаа. Одоо надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг хх-ийн 14/

100.000 төгрөгийн орлогын хуулга /хх-ийн 6/

Damno хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн тайланд “2008 онд үйлдвэрлэсэн Тоёота Приус-20 машины яндан 1000.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэжээ.  /хх-ийн 23/

Гэрч Э.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд: “Би 2017 оноос хойш Да хүрээ захын ард машины жижигхэн граштай юм. Энэ грашдаа машин засаж янзална, машины яндан цэвэрлэдэг ажлыг хийдэг. 2004-2010 онуудад Да хүрээ зах дээр би машин зардаг байсан ба тухайн үед Да хүрээ захын урдуур машин зардаг байсан Б гэх хүнтэй танилцаж байсан... 2019 оны 9 дүгээр сарын үед өөрийнхөө машиныг засуулах гээд явж байхдаа манай засварын газар ирээд надтай тааралдаад Б өөрийнхөө машины яндангаа солиулаад явсан. Б нь надад хэлэхдээ ах нь одоогоор ажиллгүй байна чи яндан засдаг юм чинь би гадуур хямдхан яндан олж ирээд чамд өгөөд би дундаас нь мөнгө авъя гэх санаа гаргахаар нь би хүнтэй сайн уулзаад ярьж тохироорой сүүлд нь асуудалтай бол хэрэггүй шүү гэж хэлээд хүлээн зөвшөөрсөн. Б бид хоёр 2019 оны 9 дүгээр сарын 20-нд янданг худалдаж аваад Б дундаас нь мөнгө унагасан гэхдээ ямар нэгэн цагдаа шүүхийн асуудал болж байгаагүй. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шиг санаж байна Б над руу залгаад Өргөө кино театрын хойно байрлах дугуй засвар дээр хүрээд ир гээд би очсон. Тухайн үед Б нь дугуй засварын хажуу талд зосгож байна би хүнтэй уулзаад ажлаа яриад ирье гээд явсан. Удалгүй мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн 84-88 гэсэн дугаартай машинтай Б нь хүрч ирээд энэ хүнтэй тохирсон байгаа чи янданг нь тайлж аваад сольчих 100.000 төгрөгөөр ярьсан байгаа чи данс руу нь шилжүүл гэсэн. Би уг машины нүүрсэн янданг солиод зөрүүлээд яндан тавьж өгөөд 100.000 төгрөгийг Гт шилжүүлж, Бын данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 17/

Яллагдагчаар Ц.Б мөрдөн байцаалтанд: “Миний таньдаг Мөнхбаяр гэх залуу нь Да хүрээ захын ойролцоо машин засварын газар ажиллуулдаг. Би очиж машинаа засуулж, яндангаа цэвэрлүүлээд өөрийнхөө хуучин янданг өгөөд шинэ яндангаар солиулж байсан. Мөнхбаяр нь надад хэлэхдээ “ахаа эвдэрч хуучирч муудсан яндан байвал би худалдаж авч байгаа шүү харин оронд нь хятад шинэ яндан тавьж өгнө шүү мөн хулгайн яндан авахгүй шүү” гэж хэлж байсан. Ингээд би Мөнхбаярт ах дүү нар найз нөхөд гээд нийт 20-иод хуучин яндан өгөөд шинэ яндангаар солиулж байсан. Гэхдээ би нэг ч удаа хулгайн яндан өгч байгаагүй. Би дундаас нь ойролцоогоор 100.000-200.000 төгрөгийг унагадаг. 2019 оны 11 дүгээр сарын эхээр би согтуу байсан шиг санаж байна архины халуундаа хэн гэдэг хүн дээр очсоноо санахгүй байна Өргөө кинотеатрын зогсоол дээр мөнгөлөг саарал өнгийн Приус-20 машин зогсож байхад нь “Японы төсөл хэрэгжиж байгаа хуучин янданг чинь худалдаж аваад Японоос орж ирсэн шинэ яндан тавиад зөрүүнд мөнгө өгч байгаа шүү гэж хэлэхэд уг залуу өө ямар аятайхан юм” гээд хүлээн зөвшөөрсөн. Ингээд би Мөнхбаяр руу залгаад Өргөө кинотеатрын автобусны буудал дээр хүрээд ир гэж дуудсан. Мөнхбаяр ирээд хуучин янданг нь аваад шинэ яндан тавьж өгөөд Мөнхбаярт би энэ хүний данс руу 100.000 төгрөг шилжүүлчих харин миний данс руу 200.000 төгрөгийг хийгээрэй гэж хэлэхэд мөнгө шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 42/ болон шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотойгоор Ц.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинотеатрын орчимд иргэн Ж.Гт япон улсын төсөл хэрэгжүүлж байна” хэмээн хуурч зохиомол байдлын зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн 84-88 УБТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины янданг залилан авч 1.000.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар Ц.Бын“...зогсоол дээр мөнгөлөг саарал өнгийн Приус-20 машин зогсож байхад нь Японы төсөл хэрэгжиж байгаа хуучин янданг чинь худалдаж аваад Японоос орж ирсэн шинэ яндан тавиад зөрүүнд мөнгө өгч байгаа шүү гэж хэлэхэд уг залуу өө ямар аятайхан юм гээд хүлээн зөвшөөрсөн. Ингээд би Мөнхбаяр руу залгаад Өргөө кинотеатрын автобусны буудал дээр хүрээд ир гэж дуудсан. Мөнхбаяр ирээд хуучин янданг нь аваад шинэ яндан тавьж өгөөд Мөнхбаярт би энэ хүний данс руу 100.000 төгрөг шилжүүлчих харин миний данс руу 200.000 төгрөгийг хийгээрэй гэж хэлэхэд мөнгө шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/ хохирогч Ж.Гын“...40-45 насны орчим шар царайтай туранхай ах ирж уулзаад миний машиныг хэдэн оных вэ гэж асуухаар нь 2008 он гэж хэлсэн. Гэтэл нөгөө ах Япон улсын 3 хоногийн хугацаатай төсөл явагдаж байгаа юм янданг чинь үнэгүй сольж өгч байгаа юм утаа тортоггүй болгох юм бензины  идэлтийг бага болгодог юм. Манай компани уг төслийг хэрэгжүүлснээр тендэр авах гэж байгаа юм” гэсэн...Цагаан өнгийн портер машин ирж зогсоод  дотроос нь миний үеийн бололтой хоёр залуу бууж ирээд машиныг данхараадаад янданг бүтнээр нь тайлж авсан. Тэгснээ шүүлтүүртэй яндан гэж хэлсэн өөр нэг яндан тавиад яваад өгсөн. Тэр доороо миний хаан банкны  5027699852 дугаарын дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/ болон гэрч Э.Мөнхбаярын “...мөнгөлөг саарал өнгийн приус 20 84-88 гэсэн дугаартай машинтай Б нь хүрч ирээд энэ хүнтэй тохирсон байгаа чи янданг нь тайлж аваад сольчих 100.000 төгрөгөөр ярьсан байгаа чи дансруу нь шилжүүл гэсэн. Би уг машины нүүрсэн янданг солиод зөрүүлээд яндан тавьж өгөөд 100.000 төгрөгийг Гт шилжүүлж, Бын дансруу 200.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/ болон хохирогч Ж.Гын дансанд Э.Мөнхбаяраас 100.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /хх-ийн 6/, Damno хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Ц.Быг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Быг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “гэм буруугаа сайн дугаараа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулж, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол санал байхгүй” мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг Ц.Бд танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.