Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 253

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Б.Баярхүү

шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Сд холбогдох эрүүгийн 2002000240025 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод С.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч З.С нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 13 дугаар байрны 36 тоотод байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын  агууламжтай гялгар уутны хамт нийт 14.3 гр өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                      

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.С шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй. Би их харамсаж байна. Одоо миний эхнэр жирэмсэн тул надад гэр бүлээ тэжээх, гэр бүлээ авч явах боломжийг олгож ялыг минь хөнгөлж өгнө үү гэв.

Хавтаст хэргээс: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “Баянгол дүүргийн 17 дугаар хороо 13 дугаар байрны 36 тоотод үзлэг хийхэд З.С нь сайн дураараа 00-ын өрөөний угаалтуурын доод хэсгээс титэм өмссөн нохойн зурагтай хар өнгийн тагтай цагаан өнгийн сав, дээрээ бөөрөнхий хэлбэрт оруулсан 2 талаараа холбосон гуурс, тагны дээд хэсэгт тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, ягаан эрээн өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн өвс мэт зүйлийг гаргаж өгснийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...үзлэгийг цааш үргэлжлүүлэн 00-ын өрөөний зүүн хойд хананы шилэн тавиур дээрх шар өнгийн тагтай дөрвөлжин төмөр савыг онгойлгож үзэхэд дотор нь 5 ширхэг хуванцар гуурс байсныг 2 гэж дугаарлан хураан авав. Мөн тавиур дээр загасны хэлбэртэй цэнхэр өнгийн хуванцар сав байсныг онгойлгож үзэхэд ногоон өнгийн оруулгатай, саарал өнгийн гуурс 3 ширхэг байсныг шинжилгээнд хүргүүлэхээр 3 гэж дугаарлан хураан авав. ...З.Сийн сайн дураар гаргаж өгсөн өвс мэт зүйлийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 14.3 гр байсныг 1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав” гэсэн тэмдэглэл /хх-ийн 5-10/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...З.С миний биед ямар нэгэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байхгүй гэж хэлээд ширээн дээр өмсөж явсан ногоон өнгийн куртикнээс хар өнгийн хард, хар өнгийн түрийвч, түрийвчин дотор худалдаа хөгжлийн банкны карт, голомт банкны карт, юнителийн карт, сим карт, өмдний баруун халааснаар шаргал өнгийн самсунг эс 5 маркийн гар утсыг үзлэг хийхээр түр хураан авав...З.С нь өмсөж явсан хувцасыг тайлуулан нүцгэлж биед үзлэг хийхэд нүдэнд ил харагдах шарх, сорвигүй, шивээсгүй байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 10-13/

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлд “...4, 5, 8, 9, 10 дугаар багананд 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” ... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/, Эд зүйлд үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-42/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 618 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар уутны хамт 14.3 гр жинтэй өвс мэт зүйл, №2 гэж дугаарласан шар өнгийн тагтай, дөрвөлжин төмөр сав, дотроо 5 хэсэг хуванцар гуурс мэт зүйл, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн савтай, дотроо 3 хэсэг хуванцар гуурс, титэмтэй нохойн зурагтай цагаан өнгийн сав, хар өнгийн тагтай, таган дээрээ дугуй хэлбэрт оруулж холбосон хуванцар гуурс, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан 2020 оны 01.14 ягаан өнгийн ууттай 14.3 гр  өвс №1 гэж хаягласан зиплок түгжээ бүхий уутанд 12.3158 гр цэвэр жинтэй өвс мэт зүйл, шар өнгийн тагтай төмөр хайрцаг дотроо 5 хэсэг гуурстай хэрэглэлүүр №2 гэж хаягласан дөрвөлжин төмөр сав, №4 дугаартай титэмтэй нохойн зурагтай цагаан өнгийн хуванцар сав түүний доторх шингэн, таган дээрээ дугуй хэлбэрт оруулж холбосон бохирлогдсон хуванцар гуурс, тогоо хэлбэртэй тугалган цаас зэрэгт тус тус дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн тагтай төмөр хайрцаг дотор 5 хэсэг гуурстай хэрэглэлүүр №2 гэж хаягласан дөрвөлжин төмөр саванд байх 5 ширхэг өөрөөр хэмжээтэй гуурснуудын уртаас нь богино руу 1,3,5 гэж дугаарлан шинжилсэн гуурснуудад, хуванцар цэнхэр өнгийн сав дотор гуурс мэт хэрэглэлүүртэй №3 гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай загас хэлбэртэй цэнхэр өнгийн саванд байх үзүүр, дунд, сүүл хэсэг бүхий 3 хэсэг гуурс мэт зүйл, хар өнгийн дугуй хэлбэрт оруулсан гуурс мэт зүйл зэрэгт тус тус метамфетамин илрэв. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн тагтай төмөр хайрцаг дотроо 5 хэсэг гуурстай хэрэглэлүүр №2 гэж хаягласан  дөрвөлжин төмөр саванд байсан 5 ширхэг өөр өөр хэмжээтэй гуурснуудын уртаас нь богино руу 2, 4 гэж дугаарлан шинжилсэн гуурс мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-51/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 619 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн хуванцар савтай шээсний дээж нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн З.С 2020.01.14 гэж хаягласан 65 мл хэмжээтэй шээсэнд фентиламин /MDMA/, метамфетамин /MAMP/, тетрагидроканнабинол/THC/ илрэв. Шинжилгээгээр илэрсэн  фентиламин /MDMA/, метамфетамин /MAMP/, тетрагидроканнабинол /THC/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд тус тус багтдаг” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 54-56/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 109 дугаартай “З.С нь урьд өмнө олон төрлийн сэтгэцэд идэвхит бодисын хараат байдлын хам шинж өвчнөөр өвчилж байсан эмнэлгийн бичиг баримт байна. Олон  төрлийн сэтгэц идэвхит бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Сд мансуурах донтой, мансууруулах бодисын  хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 60/

З.С гэрчээр мөрдөн байцаалтанд “ Намайг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагийн үед гэрийн гаднаас хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар барьж цагдаагийн байгууллага дээр авчирсан. Тэгээд миний шээсэнд тест тавихад мансууруулах бодис илэрсэн. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн гэртээ байхдаа өвс татсан. Харин бусад гарч ирсэн мансууруулах бодисыг мэдэхгүй байна. Би хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хар тамхины хэргээр ял эдэлж байгаад гарч ирсэн. Тэгээд саяхан 12 сард хүүдээ гацуур мод засаж өгөх санаатай тагтан дээрх эд зүйлсийг холдуулаад,  хамгийн доод талд нь байсан гацуур модыг авах үед гацуур модны доод хэсэгт саяны хэргийн газрын үзлэгээр хураан авсан гялгар ууттай өвс мэт зүйл бас савтай гуурс, 2 ширхэг төмөр савыг олсон. Тэгээд би олсон өвс шиг зүйлээ юу гэдгийг нь мэдэхгүй байсан юм. Тэгээд саяхан хэрэглэж үзсэн юм. Өөр мансууруулах зүйл хэрэглээгүй. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би сайн дураараа цагдаагийн байгууллагын алба хаагч нарт хэрэглэсэн зүйлээ гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 92/, өмнө нь 2 удаа ял шийтгэгдэж байсныг нотолсон ял шалгах хуудас /хх-ийн 106/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-116/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 109-112/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч З.С 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 36  тоот  өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын  агууламжтай цэвэр жин 12.3158 грамм өвс /гялгар уутны хамт нийт 14.3 грамм/ гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн З.Сийн“...гацуур модыг авах үед гацуур модны доод хэсэгт хэргийн газрын үзлэгээр хураан авсан гялгар ууттай өвс мэт зүйл бас савтай гуурс, 2 ширхэг төмөр савыг олсон. Тэгээд би олсон өвс шиг зүйлээ юу гэдгийг нь мэдэхгүй байсан юм. Тэгээд саяхан хэрэглэж үзсэн юм...” /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...үзлэг хийхэд...З.Сийн сайн дураар гаргаж өгсөн өвс мэт зүйлийг албаны цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 14.3 гр байсныг 1 гэж дугаарлан шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлд “...ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” ... гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/, шинжээчийн 618 дугаартай “...2020 оны 01.14 ягаан өнгийн ууттай 14.3 гр  өвс №1 гэж хаягласан зиплок түгжээ бүхий уутанд 12.3158 гр цэвэр жинтэй өвс мэт зүйл...тус тус дельта-9 тетрагидроканнабинол илрэв...тус тус метамфетамин илрэв...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-51/,  шинжээчийн 619 дугаартай “...З.С 2020.01.14 гэж хаягласан 65 мл хэмжээтэй шээсэнд фентиламин /MDMA/, метамфетамин /MAMP/, тетрагидроканнабинол /THC/ илрэв. Шинжилгээгээр илэрсэн  фентиламин /MDMA/, метамфетамин /MAMP/, тетрагидроканнабинол /THC/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд тус тус багтдаг” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 54-56/, шүүх сэтгэц эмгэг судлалын 109 дугаартай “З.С нь...олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 60/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. З.С өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай цэвэр жин 12.3158 грамм өвс /гялгар уутны хамт нийт 14.3 грамм/ гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, нийгэмд аюултай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос З.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч З.Сийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч З.Сийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч З.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч З.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулах” шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “З.С бусдад төлөх төлбөргүйг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан тэнсэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул бусдад төлөх бодит хохиролгүй үндэслэлээр шүүгдэгч З.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Иймд өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи дээрхи санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт  удаа дараа шүүхээр ял шийтгэгдсэн хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр  шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгч З.Сд оногдуулсан хорих ялыг түүний үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан 12.3158 гр жинтэй өвс, №2 гэж дугаарласан шар өнгийн тагтай, төмөр сав, дотроо 5 хэсэг хуванцар гуурс мэт зүйл, №3 гэж дугаарласан хуванцар цэнхэр өнгийн савтай, дотроо 3 хэсэг хуванцар гуурс, титэмтэй нохойн зурагтай цагаан өнгийн сав, хар өнгийн тагтай, таган дээрээ дугуй хэлбэрт оруулж хоёр үзүүрээр нь холбосон хуванцар гуурс, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурьдсан байна. Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.