Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 252

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч Б.Г түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батболдын Гт холбогдох эрүүгийн 1905038760161 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Г.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо 53 дугаар байрны В1 давхарт байрлах оёдлын үйлдвэрийн вакум цонхыг хагалж орон байранд нууцаар хууль бусаар нэвтрэн орж Dell загварын 1 ширхэг нөүтбүүкийг хулгайлан авч бусдад 402.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Л.Ж мөрдөн байцаалтанд:  “2019 оны 9 дүгээр сарын 21-ний орой Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 53 дугаар байрны В1 давхарт байрлах оёдолын үйлдвэрийн ажил дээрээ байж байгаад 21 цагийн орчимд эхнэр Должинсүрэнгийн хамт ажлаа хаагаад гарсан. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 9 цагийн үед ажил дээрээ ирээд өрөө рүүгээ ортол ширээн дээр байсан нөүтбүүк алга болсон байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд СӨХ-ийн камер шүүж байтал технологич Дуламсүрэн цонх онгорхой байна гэж хэлэхээр нь цагдаа дуудсан. Хар өнгий Делл загварын нөүтбүүк алдсан. 2018 оны 7 дугаар сард 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нөүтбүүкээ олж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Гэрч Б.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд: “Би сайн санаж байна. Энэ үед хохирогч гээд эрэгтэй хүн явж байхаар нь СӨХ-ийн камер шүүж өгсөн. Тухайн үед машины гэрэлд хар бараан өнгийн богино куртик, саравчтай малгайтай эрэгтэй хүн ууттай юм аваад явж байгаа бичлэг байсан...царай нь сайн харагдахгүй, тэнэмэл гэмээр хүн камерт бичигдсэн байсан. Манай камер гацаад байсан тэгээд цагдаа нар хуулж авч чадаагүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 24/

 

Damno ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “  Dell брэндийн нөүтбүүк” 390.000 төгрөгөөр, “20*80 хэмжээтэй вакум цонх” 12000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байна. /хх-ийн 30, 34/

 

Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...баруун талын хана хэсэгт том вакум цонх онгорхой хэсгээс 4 ш гарын мөр бэхжүүлж авсан... 2 ширхэг гарын мөр бэхжүүлж авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 01/562 дугаартай “1,2,3,4,5,6 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 3 гэж дугаарласан гарын мөр нь Лхагва овогтой Жы зүүн гарын долоовор хурууны мөрөөр, 2 гэж дугаарласан гарын мөр нь Батболд овогтой Гын зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-48/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...53 дугаартай улаан хүрэн өнгийн 9 давхар байшинг зааж 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Улаанбаатар паласын ард байрлах улаан хүрэн өнгийн байр байхаар нь подвалынх нь цонхоор шагайж үзтэл ширээн дээр хар өнгөтэй нөүтбүүк байхаар нь цонхыг нь хөлөөрөө жийгээд дотор нь ороод нөүтбүүк аваад гарсан гэж мэдүүлсэн. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг гар утсаар 5 ширхэг зураг авч оролцогч нараас санал хүсэлт гаргаагүй тул ажиллагааг дуусгав” гэжээ. /хх-ийн 76/

 

Сэжигтнээр Б.Г мөрдөн байцаалтанд: “2019 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө би гандан орж өмнө нь цуг ажиллаж байсан Энхболд гэх хүнтэй тааралдаад хоёр шил архи хувааж уугаад буцаад 10 дугаар хороолол руу явж байгаад Улаанбаатар паласын ард байрлах улаан хүрэн өнгийн байр байхаар нь подвалынх нь цонхоор шагайж үзтэл ширээн дээр хар өнгөтэй нөүтбүүк байхаар нь цонхыг нь хөлөөрөө жийгээд дотор нь ороод нөүтбүүкийг нь аваад гарсан. Тэгээд Драгон чиглэлд явж байгаад 32-ын гүүрний доор согтоод нойр хүрээд унтсан. Тэгээд өглөө сэрэхэд миний хажууд байсан нөүтбүүк байхгүй болсон байсан...тодорхой эрхэлсэн ажилгүй, мөнгө олох зорилгоор хулгай хийсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо 53 дугаар байрны В1 давхарт байрлах оёдлын үйлдвэрийн вакум цонхыг хагалж орон байранд нууцаар хууль бусаар нэвтрэн орж Dell загварын 1 ширхэг нөүтбүүкийг хулгайлан авч бусдад 402.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн сэжигтнээр Б.Гын “...би явж байгаад Улаанбаатар паласын ард байрлах улаан хүрэн өнгийн байр байхаар нь подвалынх нь цонхоор шагайж үзтэл ширээн дээр хар өнгөтэй нөүтбүүк байхаар нь цонхыг нь хөлөөрөө жийгээд дотор нь ороод нөүтбүүкийг нь аваад гарсан...мөнгө олох зорилгоор хулгай хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/,  хохирогч Л.Жы “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 9 цагийн үед ажил дээрээ ирээд өрөө рүүгээ ортол ширээн дээр байсан нөүтбүүк алга болсон байсан...хар өнгийн Делл загварын нөүтбүүк алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Б.Эрдэнэчимэгийн “...тухайн үед машины гэрэлд хар бараан өнгийн богино куртик, саравчтай малгайтай эрэгтэй хүн ууттай юм аваад явж байгаа бичлэг байсан...царай нь сайн харагдахгүй, тэнэмэл гэмээр хүн камерт бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 24/, хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...баруун талын хана хэсэгт том вакум цонх онгорхой хэсгээс 4 ш гарын мөр бэхжүүлж авсан... 2 ш гарын мөр бэхжүүлж авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/, криминалистикийн шинжээчийн 01/562 дугаартай “...2 гэж дугаарласан гарын мөр нь Батболд овогтой Гын зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-48/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 76/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Б.Гын оёдлын үйлдвэрийн вакум цонхыг хагалан орж нөүтбүүк авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

 

Хяналтын прокуророос Б.Гыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Гыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад  нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд эд хөрөнгийн үнэлгээгээр Dell брэндийн нөүтбүүк 390.000 төгрөгөөр, 20*80 хэмжээтэй вакум цонх 12000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн нийт 402.000 төгрөгийг Б.Гаас гаргуулж хохирогч Л.Жд олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Гт шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний урьд нь шүүхээр удаа дараа ял шийтгэгдсэн хувийн байдлыг харгалзаж хорих ял оногдуулж  шүүх шийдвэрлэлээ.

Түүнд оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж байна.