| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00412/и/ |
| Дугаар | 384 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 384
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, далив хутагт жамсранжавын гудамж 42 дугаар байр 52 тоотод оршин суух, Хуунууз Ганпүрэвийн Нарангэрэлийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Нарангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Нарангэрэл миний бие 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Халиун сумын дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажилд орсон. 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сар хүртэл сумдаа ажиллаж байгаад аймаг руу шилжиж явсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажлаас гарсан тушаал бичигдээгүй зөрчилтэй байна. Халиун сумын дунд сургуулийн захирлын тушаал аймгийн архиваас шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарахад ажилласан жилээс 14 жил дутах болоод байна. Иймд тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, цалингийн жагсаалт, үйлдвэрчний эвлэлийн батлах, шагнал урамшуулал зэргийг үндэслэн Халиун сумын дунд сургуульд 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарыг хүртэл Халиун сумын дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарыг хүртэл Халиун сумын дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан нь Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай тушаалд “...багш бэлтгэх их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургуулийг 1981 онд төгссөн ба цэргийн алба хаагаад ирсэн багш, хүмүүжүүлэгчдийг хавсралтад заасны дагуу 07 дугаар сарын 05-ны өдрөөс томилон ажиллуулсугай..., ...Г.Нарангэрэлийг Халиуны 8 жилд дуу хөгжмийн багшаар...” гэсэн, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2/153 албан бичигт 1983 оны 06 дугаар сараас 1995 оны 05 дугаар сарыг дуустал авч байсан цалингийн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Халиун сумын дунд сургуулийн захирлын 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай “цалин тогтоох тухай” тушаалд “СНЗ-ийн 1956 оны 654, ХНХУХ оны 87 дугаар тогтоолыг үндэслэн Г.Нарангэрэлийг 11 жил ажилласан бага ангийн сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой багшаар сар тутам 660 төгрөгөөр мөн өдрөөс цалинжуулсугай...” гэсэн, Говь-Алтай аймгийн Халиун сумын үндсэн сургуулийн 1994 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаартай тушаалд “1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн багш, ажилчдад хавсралтад дурдсан цалинг сар тутам олгосугай..., ...Г.Нарангэрэл ажилласан жил 13, 1993 оны цалин 6800, 1994 оны 01 дүгээр сараас авах 8520, 1994 оны 07 дугаар сараас авах 11100 төгрөг...”, гэсэн болон Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн 1982 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Диплом”, Халиун сумын 8 жилийн дунд сургуулийн захиргааны 1985 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Баярын бичиг”, Бүх ард түмний урлагийн их наадмыг зохион байгуулах аймгийн салбар хорооны 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Диплом”, Халиун сумын намын үүр, клубын зөвлөлийн 1987 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Баярын бичиг”, Халиун сумын Намын үүрийн нарийн бичгийн дарга, МЗНН-ийн зөвлөлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Гэрчилгээ”, Халиун сумын дунд сургуулийн захиргаа 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Талархал”, Халиун сумын клубын зөвлөлийн 1992 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Сайшаалын үнэмлэх”, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний №402580 дугаартай бат илэрхийлэхэд 1979 оны 01 дүгээр сараас 1989 оны 05 дугаар сарыг дуустал татвар төлсөн бичилттэй байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хуунууз Ганпүрэвийн Нарангэрэлийг 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарыг хүртэл Говь-Алтай аймгийн Халиун сумын дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хуунууз Ганпүрэвийн Нарангэрэлийг 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарыг хүртэл Говь-Алтай аймгийн Халиун сумын дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН