Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 248

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн 1905048910087 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

А.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.А нь 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лойт хаус” зочид буудал дотор иргэн Ц.Хтай “миний хүүхдэд хүрлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүнийг цохиж зодон биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хацар, шанааны зулгаралт, зүүн гарын дунд хурууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт: Би болсон үйл явдлын талаар мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн гэм буруу дээр маргахгүй. Бүх зүйл миний буруу гэв.

 

Хавтаст хэргээс:

хохирогч Ц.Х мөрдөн байцаалтанд “2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө найз Идэрчулууны хамт Лойт хаус зочид буудлаар үйлчлүүлэх гээд ороход 2 настай хүүхэд шалдан уйлаад байж байсан. Тэгээд эцэг эхийг нь сурагласан. Тэгээд буудлын жижүүрээс асуухад юм дуугарахгүй нэг өрөө рүү аваачаад хийсэн тэгээд би хамгаалах 108 дугаарт дуудлага өгсөн. Тэгсэн тэр өрөөнөөс хүүхдийг гаргасан. Тэр үед би хүүг өвөр дээрээ аваад сууж байсан. Тэгтэл хүүгийн ээж нь гэх эмэгтэй бас нэг эмэгтэй найзтайгаа хамт хоёулаа гаднаас орж ирсэн. Тэгтэл ээж нь гэх эмэгтэй намайг утасны цаанаас ямар том ярьдаг гичий вэ гээд намайг шууд үсдэж газар унагаагаад тэр хоёр эмэгтэй хоёулаа хамт зэрэг толгой руу маш олон удаа цохиод миний нүүрийг маажсан. Тэр хүмүүст зодуулснаас болж нүүр маажсан сорвитой болсон. Утас эвдэрсэн.  Утсаа би 2.950.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 23/

 

Гэрч Ш.Сэлэнгэмөрөн мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр намайг гэртээ байж байтал найз А над руу залгаад хаана байгаа юм Эх нялхасын ард байдаг МТ колонкын ард талын зочид буудалд байна хүрээд ир уулзъя гэхээр  нь би яваад очиход А хоёр ортой буудалд хүүтэйгээ хамт байж байсан. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байтал манай эрэгтэй найз Чинзо над руу залгаад хаана байгаа юм уулзаж караокед орьё гэхээр нь би байгаа буудлаа зааж өгтөл удалгүй Чинзо би ирчихлээ  гараад ир гээд А хүүгээ унтуулчихаад бид хоёр хүүхдийг нь буудлын өрөөнд орхичихоод гараад явсан.  Тэгээд А Чинзо бид гурав караокед ороод хоёр цаг гаран дуулж байтал А руу Уки гэдэг эрэгтэй найз нь залгаад хүүхэд чинь буудалд уйлаад байна. Хурдан ир гэж хэлэхээр нь А бид хоёр караокеноос гараад буудал руу яваад ороход нэг танихгүй эмэгтэй Агийн хүүхдийг тэврээд зогсож байсан. Тэгсэн чинь А нөгөө эмэгтэйгээс хүүхдээ булааж аваад Укид өгөөд шууд нөгөө эмэгтэйг толгойноос нь хоёр гараараа үсдэж доош нь дарж байгаад нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэйтэй хамт явж байсан эрэгтэй Аг үсдээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход А тэр эмэгтэйгийн үснээс нь үсэдсэн чигээрээ газар гараараа тулаад босож ирсэн” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 26/

 

Гэрч Ч.Отгонтуяа мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 15-нд би гэртээ байж байтал манай нэг хуурай эгч Баянгол дүүргийн ЭХЭМҮТ-ийн ард байрлах ЛОЙТ гэдэг буудал ажиллуулдаг юм. Тэгээд тэр өдөр манай нэг ресепшин чөлөө аваад ажилдаа ирж чадахгүй болчихлоо манай буудалд ирээд ажиллаад өгөөч гэхээр нь за гээд тухайн буудал дээр очиж тэр өдөр ажилласан. Тэгээд  тухайн буудлын өмнөх өдөр гарсан ресепшин 204 номерын өрөөнд хоёр эрэгтэй хоёр эмэгтэй тэгээд нэг жоохон хүүхэд тавуулаа байгаа тэд нар өнөөдөр өрөөгөө сунгасан шүү гэж хэлсэн. Тэгээд тухайн өрөөнд байсан хүмүүс өдөр нь чимээ шуугиан гаргалгүй нам жим байсан. Тэгтэл шөнийн 10 билүү 11 цагийн үед би хяналтын камерын дэлгэцээ хараад сууж байтал нөгөө 204 номерын өрөөнөөс тэр өрөөнд байсан хоёр эмэгтэй хоёр залуу дөрвүүлээ гараад ирсэн. Тэгэхээр нь би эд нар хүүхдээ үлдээгээд гадагшаа гарах гэж байгаа юм байна гэж бодоод нөгөө залуучуудыг текэн дээрээ дуудаад та дөрөв өрөөндөө хүүхдээ орхичихоод хаачих гэж байгаа юм гэхэд ойрхон гарчихаад ирье гэхээр нь би нэг эмэгтэйгийнх нь утасны дугаарыг аваад үлдсэн. Тэгээд шөнийн 4-5 цагийн үед тухайн буудлын хажууд байрлах үйлдвэрт ажилладаг Жамц ажлаасаа буучихлаа одоо харилаа гээд орж ирэхээр нь би Жамцыг түр үлдээгээд паб руугаа ороод зардаг архи пивоо янзалж байтал буудлын хаалга дуугараад хүн өрөө асууж байсан. Тэгтэл хоёр давхарт хүүхэд уйлах чимээ гарахаар нь би хийж байсан ажлаа орхиод текэн дээрээ очтол өрөө асууж орж ирсэн залуу хоёр давхраас бууж ирээд ресепшин хаана байна гэхээр нь би байна гэхэд энэ танай буудалд юун хүүхэд уйлаад ганцаараа сууж байгаа юм хүний наймаа явагдаад байгаа юм бишүү гэж хэлээд буудлаас гараад явчихаар нь би дээшээ хоёр давхар руу гараад нөгөө хүүхдийг тэврээд нэг давхар руу буухад нөгөө залуу гаднаас нэг эмэгтэй дагуулаад орж ирж байсан. Би нөгөө хүүхдийг тэврээд паб руу ороод хийж байсан юмаа үргэлжлүүлээд байж байтал нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр миний араас паб руу ород ирчихсэн байсан...нөгөө эмэгтэй эрэгтэй хоёр энд хүний наймаа хийгдэж байгаа юм байна 108 дуудна гэхээр нь би нөгөө хүүхдийг пабаас гаргаж ирээд тэврээд текэн дээр очоод нөгөө эрэгтэй эмэгтэй хоёрт эцэг эх нь өрөөндөө үлдээчихээд ойрхон гарсан удахгүй ирнэ гэхэд тэр эмэгтэй эрэгтэй хоёр хүн ойлгохгүй эмэгтэй нь утсаараа 108-д дуудлага өгч байх шиг байсан. Тэгээд байж байтал нөгөө гарч явсан хоёр эрэгтэй хоёр эмэгтэй дөрвийн нэг эрэгтэй нь гаднаас ганцаараа орж иртэл нөгөө хүүхэд тэр залууг ааваа гэж дуудсан. Тэгтэл нөгөө залуу гар утсаараа нэг эмэгтэй рүү залгаад чи хаана яваа юм энд хүн цагдаа дуудаад бөөн юм болж байна гэхэд нөгөө эмэгтэй нь би одоо эргээд орлоо гээд утсаа таслаад удаагүй байтал гаднаас нөгөө гарч явсан хоёр эмэгтэй, нэг залуу гурав орж ирээд нөгөө 108-д дуудлага өгсөн эмэгтэй нөгөө хүүхдийг нь өхөөрдөөд гар хуруунаас нь барьж байсан юм. Тэгтэл гаднаас орж ирсэн хоёр эмэгтэйн нэг нь чи яах гэж миний хүүхдэд хүрээд байгаа юм гээд тухайн эмэгтэй нөгөө эмэгтэйгээс хүүхдээ аваад нэг залууд өгчихөөд нөгөө дуудлага өгөөд байсан эмэгтэйг толгойтой үснээс нь гараараа үсдээд тэр хоёр харилцан үсдэлцээд байсан” /хх-ийн 29/

 

Гэрч Ч.Идэрчулуун мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилших шөнө би найз охин .Хгийн хамт МТ колонкын ард байрлах буудалд орж амрахаар өрөө авах гээд ороход буудлын хоёр давхарт хүүхэд уйлаад байхаар нь гайхаад дээшээ 2 давхар руу гарахад 2-3 орчим насны эрэгтэй хүүхэд ямар ч хувцасгүй шалдан коридорын шалан дээр уйлаад сууж байсан. Би ресепшин дээр очоод энэ юун хүүхэд уйлаад байгаа юм эцэг эх нь хаана байна гэхэд ресепшин  би мэдэхгүй байна гэж хэлэхээр нь гараад .Хд тухайн хүүхдийн талаар хэлэхэд хамт орьё гээд бид хоёр ороод ресепшинд тэр хүүхдийн эцэг эхийн талаар лавлаж асуухад хариулт өгөхгүй байхаар нь 108 дугаарт дуудлага өглөө шүү гэхэд ресепшин тэг тэг гэж хэлсэн. Би өөрийнхөө дугаараас залгаж болсон асуудлын талаар дуудлага өгсөн.  Тэгээд байж байтал тухайн хүүхдийн эцэг гэх эрэгтэй гаднаас орж ирэхээр нь би та хүүхдээ яагаад хараа хяналтгүй орхиж байгаа юм гэхэд нөгөө эрэгтэй гар утсаа гаргаж ирээд нэг хүн рүү залгаснаа чи хүүхдээ орхиод хаашаа гараад явчихсан юм энд цагдаа сэргийлэх дуудчихсан гээд асуудал болоод байна хурдан ир гээд нэг хүнтэй ярьсан. Тэгээд би гадаа гарч утсаар ярьчихаад эргээд буудал руу ороход .Хг нэг эмэгтэй үсдээд газар чирч байхаар нь би очиж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13891 дугаартай “Ц.Хгын биед зүүн хацар, шанааны зулгаралт, зүүн гарын дунд хурууны шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 35/

 

Яллагдагчаар Г.А мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө би зурагтын тэнд байрлах ЛОЙТ гэдэг нэртэй буудалд найз эмэгтэй Сэлэнгэмөрөн болон хоёр эрэгтэй найз Чинзориг, Улаанаа болон өөрийн хүүхдийн хамт тавуулаа байсан юм. Тэгээд би хүүхдээ унтуулчихаад  буудлын өрөөндөө үлдээгээд шөнийн 2-3 цагийн үед тухайн буудлаас бид 4 караоке орохоор гарсан. Тэгээд бид 4 караокед ороод 1 цаг дуулаад пиво уугаад сууж байтал манай найз Нямдорж над руу залгаад танай хүүхэд буудалд уйлаад байж байна буудалдаа хурдан ир гэж хэлсэн. Тэгээд бид 4 караокеноос гараад буудалдаа очтол манай хүүхдийг нэг танихгүй эмэгтэй тэвэрчихсэн байж байсан. Би нөгөө эмэгтэй дээр очоод хүүхдээ авъя гэтэл  нөгөө эмэгтэй би 108 дуудчихсан хүүхдийг чинь өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө эмэгтэйг чи утасны цаанаас томроод байсан эмэгтэй мөн үү гэж асуухад хариу хэлэхгүй байхаар нь би тухайн эмэгтэйгээс хүүхдээ булааж аваад найздаа өгчихөөд  нөгөө эмэгтэйн толгойноос хоёр гараараа үсдэж доош нь дараад тухайн эмэгтэйгийн нүүр рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь нэг танихгүй залуу хажуунаас миний нүүр рүү гараараа нэг удаа цохичихоод нөгөө эмэгтэйг надаас салгасан....Хд би хөнгөн гэмтэл учруулсан. .Хг үсдэх гэж байгаад зүүн талын хацар дээр нь хоёр удаа хумсаараа маажсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лойт хаус” зочид буудал дотор иргэн Ц.Хтай “миний хүүхдэд хүрлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүнийг цохиж зодон биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хацар, шанааны зулгаралт, зүүн гарын дунд хурууны шарх, бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар Г.Агийн “..би нөгөө эмэгтэйг чи утасны цаанаас томроод байсан эмэгтэй мөн үү гэж асуухад хариу хэлэхгүй байхаар нь би тухайн эмэгтэйгээс хүүхдээ булааж аваад найздаа өгчихөөд  нөгөө эмэгтэйн толгойноос хоёр гараараа үсдэж доош нь дараад тухайн эмэгтэйгийн нүүр рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/, хохирогч Ц.Хгын“... ээж нь гэх эмэгтэй намайг утасны цаанаас ямар том ярьдаг гичий вэ гээд намайг шууд үсдэж газар унагаагаад тэр хоёр эмэгтэй хоёулаа хамт зэрэг толгой руу маш олон удаа цохиод миний нүүрийг маажсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Ш.Сэлэнгэмөрөнгийн“...нэг танихгүй эмэгтэй Агийн хүүхдийг тэврээд зогсож байсан. Тэгсэн чинь А нөгөө эмэгтэйгээс хүүхдээ булааж аваад Укид өгөөд шууд нөгөө эмэгтэйг толгойноос нь хоёр гараараа үсдэж доош нь дарж байгаад нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч Ч.Отгонтуяагийн“...гаднаас орж ирсэн хоёр эмэгтэйн нэг нь чи яах гэж миний хүүхдэд хүрээд байгаа юм гээд тухайн эмэгтэй нөгөө эмэгтэйгээс хүүхдээ аваад нэг залууд өгчихөөд нөгөө дуудлага өгөөд байсан эмэгтэйг толгойтой үснээс нь гараараа үсдээд тэр хоёр харилцан үсдэлцээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/, гэрч Ч.Идэрчулууны “... би гадаа гарч утсаар ярьчихаад эргээд буудал руу ороход .Хг нэг эмэгтэй үсдээд газар чирч байхаар нь би очиж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, шинжээчийн 13891 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.А нь Ц.Хгийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Г.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Г.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Г.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ц.Х нийт 808.000 төгрөгийн үнийн дүн бүхий 2 ширхэг баримт хэрэгт хавсаргуулсан байгаагаас шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлөгдсөн 8000 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангаж байх тул Г.Агаас 8000 төгрөгийг гаргуулж Ц.Хд олгохоор шийдвэрлэв.

Харин хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан Кости эстимэйт ХХК-ийн тодорхойлолт нь дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй тул хохирогчийн нэхэмжлэлээс гар утастай холбогдох 800.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч холбогдох бусад хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.   

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Аг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Г.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.А шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, өмнөх шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлүүдээр тус шүүхийн шүүгчийн 516 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 8 хоног цагдан хоригдсон.

Иймд Г.Агийн цагдан хоригдсон 8 хоногийг түүнд шүүхээс оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар 8х15000=120000 төгрөгийг  хасаж тооцон эдлэх ялыг 380.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.

 

Г.Ад урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  энэ тогтоолоор түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.