Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч  Г.Хатанцэцэг

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Эод холбогдох эрүүгийн 2005008250371 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

Г.Э нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Вилла хотхоны 104а байрны 146 тоотод эхнэр Г.Уийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Эхнэртээ гар хүрсэндээ гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.У мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд манай нөхөр Э гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд хүүхэд маань уйлсанаас болоод нөхөр миний нүүрний баруун шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгээд миний цээжний зүүн хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Манай дүү гаднаас орж ирээд салгах гэхэд манай дүүг заамдаж авсан. Тэгээд хоорондоо барьцалдаж байгаад салаад манай дүү цагдаа дуудсан...гомдол санал байхгүй...миний баруун шанаа, дух орчим руу 1 удаа гараараа цохисон. Тэгээд би газар унасан байхад миний зүүн хавирга бөөр рүү 1 удаа өшиглөсөн...тухайн үед намайг баруун шанаа нүд орчим цохиод удалгүй баруун нүд зовхи орчим хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 28/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 13/

 

Гэрч Г.Бямбасүрэн хохирогчоор мөрдөн байцаалтанд “Би 21 цагийн үед гэртээ орж ирэхэд хүргэн ах өмдөө өмсөөд гарах гэж байсан. Би хүргэн ахаас юу болсон талаар асуухад учир зүггүй орилж байгаад над руу дайрсан. Тэгээд надтай ноцолдохдоо миний хүзүүг урсан байсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2435 дугаартай “Г.Уийн биед дух болон зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 40/

 

Яллагдагчаар Г.Э мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед ажлаа тараад ажлынхаа хүмүүстэй машин дотор нь 4-үүлээ 1 шил виски, 1 том савтай пиво хувааж уусан. Тэгээд орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо Гранд вилла 104а-146 тоот гэртээ ороод орондоо унтаж байхад манай том хүүхэд уйлаад эхнэр уурлаад зодоод байгаа юм шиг санагдаад байхаар нь би босч очоод юу болсон гэхэд эхнэр өөдөөс уурлаад тэгээд маргалдсан. Тэгээд уурандаа би эхнэрийнхээ дух руу нь 1 удаа цохисон. Тэгээд гаднаас эхнэрийн дүү Бямбасүрэн орж ирээд маргалдаад цагдаа дуудсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Э нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 05-нд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Вилла хотхоны 104а байрны 146 тоот гэртээ эхнэр Г.Уийг зодож биед нь “дух болон зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Г.Эын“...уурандаа би эхнэрийнхээ дух руу нь 1 удаа цохисон. Тэгээд гаднаас эхнэрийн дүү Бямбасүрэн орж ирээд маргалдаад цагдаа дуудсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/, хохирогч Г.Уийн“...нөхөр миний нүүрний баруун шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгээд миний цээжний зүүн хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 13/, гэрч Г.Бямбасүрэнгийн “...гэртээ орж ирэхэд хүргэн ах өмдөө өмсөөд гарах гэж байсан. Би хүргэн ахаасаа юу болсон талаар асуухад учир зүггүй орилж байгаад над руу дайрсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/, шинжээчийн 2435 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Г.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Г.Эод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Г.Эод танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.