Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 385

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын 3 дугаар баг, Алтайн-Оргилд оршин суух Оничуул овогт Баарайн Занданбалын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Занданбал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Оничуул овогтой Баарайн Занданбал нь 1972 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс Тонхил сумын Үнэн нэгдлийн малчнаар Алтансоёмбо бригадад ажиллаж байгаад 1974 онд АА-ийн 150 дугаар ангид цэргийн алба хааж, 1977 оны 06 дугаар сард халагдаж ирснээс хойш 1990 оны 12 дугаар сар хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд 1987, 1988 онуудад сумын аварга малчин, 1989 онд аймгийн аварга малчин, 1992 онд улсын аварга малчин цол хүртэж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт архивын лавлагаатай зөрүүтэй учраас дээрх онуудад ажилласан жилээ шүүхээр тогтолгох шаардлагатай болсон тул ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Занданбал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Хүсэлт гаргагч Б.Занданбал миний бие Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад 1972 оноос 1973 оны хооронд мөн малчнаар ажиллаж байсан. Иймд 1972 оны 08 дугаар сараас 1973 оны 12 дугаар сарын дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1972 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 396 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчин байсан Баарай овогтой Занданбал нь 1972 онд 80 хөд/өдөрт 330 төгрөг, 1973 онд 120 хөд/өдөрт 1378 төгрөг, 1977 онд 180 хөд/өдөрт 973 төгрөг, 1979 онд 336 хөд/өдөрт 1781 төгрөг, 1981 онд 335 хөд/өдөрт 3087 төгрөг, 1982 онд 150 хөд/өдөрт 2584 төгрөг, 1983 онд 180 хөд/өдөрт 1438 төгрөг, 1984 онд 2084 төгрөг, 1987 онд 360 хөд/өдөрт 2951 төгрөг, 1989 оны 1-12 сард 6648 төгрөг, 1990 онд 306 хөд/өдөрт 3944 төгрөгний цалин авч байсан байна. Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадын 1986 он, 1988 оны цалингийн  баримт шилжиж ирээгүй, Алтансоёмбо бригадын 1974 он, 1980  он, 1985 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд Б.Занданбалд холбогдох баримт байхгүй болно...” гэсэн, Тонхил сумын Намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөлийн 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Аврагын диплом”, Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/243 дугаартай албан бичигт “...Б.Занданбал нь 1987, 1988 онд сумын аварга, 1989 онд аймгийн аварга, 1991 онд Монгол улсын аварга малчин цол хүртэж байсан болно...” гэсэн байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна. Архивын лавлагаанд холбогдох зарим сарууд тасалдсан байгаа боловч тухайн үеийн нийгэм дэх малчны хөдөлмөрийн онцлогийг харгалзан ажилласнаар тогтоосон болно.

Иймд Оничуул Баарайн Занданбалыг 1972 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Оничуул Баарайн Занданбалыг 1972 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Алтансоёмбо бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН