Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 261

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Боорчи хөтлөн

улсын яллагч А.Марал

хохирогч Ц.Б

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Борхүүгийн Бд холбогдох эрүүгийн 1905045270139 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Б.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Винсвэй шөнийн цэнгээний газарт  иргэн Ц.Бтэй маргалдаж зүүн чамархай хэсэгт нь гараараа цохиж зүүн дотор чихний үйл ажиллагаа алдагдал, зүүн чихний сонсгол их хэмжээгээр бууралт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт:  Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохиролыг төлнө гэв.

 

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Бд цохиулсны улмаас одоо миний өрөөсөн чихний сонсгол муудсан. Чихэнд байнга юм дүнгэнээд байгаа. Нөгөө чихэндээ цаашид нөлөөлөхийг ч үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар эмчилгээний зардал 1.312.292 төгрөг нэхэмжилж байна. Харин ажилгүй байсан хугацааны цалинд 4.495.440 төгрөг нэхэмжилнэ. Бд их гомдолтой байна гэв.

 

Хавтаст хэргээс:        

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед гэртээ байж байтал манай ажлын залуу Хүсэлбаяр над руу залгаад хорооллын “Винсвэй”-д байна хүрээд ирээч гээд залгаад байсан би эхнэрээсээ асуугаад гэрээсээ гараад 22 цаг 30 минутын үед хорооллын “Винсвэй”  нэртэй паб руу явж ороход надтай хамт ажиллаж байсан Г.Мөнхбаяр, Хүсэлбаяр, Б, Э.Мөнхбаяр, Хүрэлбаатар, Батхолбоо нар пабад сууж байсан. Тэгээд намайг ороход бүгд нэлээд архи уугаад халчихсан сууж байсан намайг орсон чинь дахин нэг шил 0,75 литрийн эдэн нэртэй архи авч ууж дуусгаад бид бүгдээрээ пабаас гарч “Винсвэй” нэртэй баар руу нь орсон. Тэгээд баарандаа ороод бид нар 2 шил 0,75 литрийн архи хувааж уугаад 03 цаг 30 минутын үед баарнаас гарах гээд бүгд нийлж тооцоогоо хийх гээд бэлэн мөнгөгүй явж байсан болохоор Мөнхбаярын данс руу мөнгөө шилжүүлж бөөгнүүлээд баарны тооцоогоо хийх гээд манай хамт явж байсан залуучууд шилжүүлчихээд би яг шилжүүлэх гэж байтал Мөнхбаяр миний данс болохгүй байна гэсэн. Тэгэхээр нь өө юу яриад байгаа юм  яахаараа данс чинь болохгүй байдаг юм энэ олон хүнээс мөнгө авчихаад одоо тооцоогоо яаж хийх юм гэтэл Мөнхбаяр “Винсвэй” баарны шатан дээр чи муу намайг юу гээд байгаа юм гэж хэрүүл хийж түлхэж байснаа миний уруул руу толгойгоороо мөргөсөн би чи яаж байна гэтэл баарны хамгаалагчид ирж салгасан. Тэгээд Мөнхбаярыг баарнаас гаргасан. Би баарны шатан дээр уруулнаасаа цусаа гоожуулсан чигээрээ та нар тооцооноос болж хүн алах нь уу гэж Мөнхбаярын араас хэлээд зогсож байтал миний зүүн талын чихний дээд чамархай хэсэг рүү гэнэт нэг хүн цохих шиг болоод би шатруу унасан. Тэгээд би шатнаас унаад өндийхдөө харсан чинь надтай хамт явж байсан Б намайг цохисон байсан. Надад учирсан гэмтэл Б цохисноос болсон гэмтэл учирсан. Миний эмнэлэгт хэвтээд ажлаасаа чөлөөлөгдсөн 28 хоногийн цалинг Бэс нэхэмжилнэ. 28 хоногийн цалин нийт 4 сая төгрөг байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

 

Гэрч Г.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө найзууд болох Б, Б, Хүсэлбаяр, Батхолбоо, Э.Мөнхбаяр нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Винсвэй” нэртэй караоке руу орж сууж дуулж байгаад нэг шил архи хувааж уугаад байцгааж байгаад баарнаас бүгдээрээ гарах болоод тооцоогоо хийх гэтэл Б миний данс руу 60.000 төгрөг явуулсан. Тэгтэл тэр мөнгө нь орж ирэхгүй удаад байсан. Б тооцооныхоо мөнгийг Хүсэлбаяраас нэхээд байсан. Урьд нь Хүсэлбаяр Бд өртэй байсан гэсэн. Тэгэхээр нь би Бг өмнөх өрөө дараа нь болооч дээ гэж Бд хэлсэн юм. Тэгтэл Бат-Эрдэнийн миний данс руу шилжүүлсэн мөнгө нь орж  ирэхгүй байхаар нь Бтэй ярилцаад зогсож байтал Б, Б бид хоёр дээр ирээд яахаараа мөнгө төгрөг чинь шилждэггүй юм гээд маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би Бтэй заамдалцаад уруул руу нь зөөлөн мөргөсөн. Тэгтэл  баарны хамгаалагч нь намайг бариад авсан тэгтэл Б намайг цохиод авсан. Тэгтэл Б бид хоёрыг салгах гээд иртэл Б Б рүү та нар угаасаа намайг нийлж зодох гэсэн байна гэтэл Б Бг цохиод авсан. Би баарнаас гарчихаад буцаад ороод иртэл Б баарны шат үүд хоёрын голд газар уначихсан байсан. Юу болсон гэтэл Б намайг цохисон миний чих янгинаад байна гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13594 дугаартай “Ц.Бгийн биед гэмтлийн гаралтай зүүн дотор чихний үйл ажиллагааны алдагдал, зүүн чихний сонсгол их хэмжээгээр бууралт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулд язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8.39.2-т зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 24/

 

Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтанд: “Уруулд язралт бүхий гэмтлээс бусад нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулд язралт  нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бгийн биед учирсан зүүн дотор чихний үйл ажиллагааны  алдагдал, зүүн чихний сонсгол их хэмжээгээр бууралт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь зүүн шанаа орчим руу  нь нэг удаа гараараа цохиход үүсэх боломжтой”   гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

 

Хохирогч Ц.Бгийн хохиролтой холбогдох баримтуудын хуулбар /хх-ийн 36-40/

 

Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтанд: “2019 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “ Винсвэй” нэртэй бааранд хамт ажилладаг Батхолбоо, Б, Г.Мөнхбаяр, Э.Мөнхбаяр, Хүсэлбаяр нарын хамт орсон. Тэндээ бид нар 4 шил архи уусан. Баарнаас шөнө 02 цагийн үед гарах гээд баарны үүдэнд тооцооноос болж Г.Мөнхбаяр, Б хоёр хоорондоо маргалдсан. Би Мөнхбаярын данс руу тооцооны мөнгө хийчихээд энийг тооцоондоо хийчихээрэй гэж хэлээд...түрүүлээд гарсан чинь Б, Г.Мөнхбаяр хоёр баарнаас гарч ирэхгүй удаад байсан. Тэгэхээр нь би баар руу буцаж ороод шатаар доош буугаад очтол Г.Мөнхбаяр, Б хоёр хоорондоо маргалдаж зодолдсон бололтой баарны хамгаалагч Мөнхбаярыг бариад зогсож байсан. Тэгтэл Б, Мөнхбаярын нүүр рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би Б, Мөнхбаяр хоёрыг салгах гэтэл Б намайг зайлаач пизда минь гэсэн. Би Бгийн зүүн шанаа руу нь нэг удаа цохисон...Бгийн биед учирсан гэмтлийг би учруулсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 61/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                                                                                                                  

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Винсвэй” шөнийн цэнгээний газарт иргэн Ц.Бтэй маргалдаж зүүн чамархай хэсэг нь гараараа цохиж зүүн дотор чихний үйл ажиллагаа алдагдал, зүүн чихний сонсгол их хэмжээгээр бууралт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар Б.Бат-Эрдэнийн “...Б, Мөнхбаярын нүүр рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би Б, Мөнхбаяр хоёрыг салгах гэтэл Б намайг зайлаач пизда минь гэсэн. Би Бгийн зүүн шанаа руу нь нэг удаа цохисон...Бгийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 61/, хохирогч Ц.Бгийн“...миний зүүн талын чихний дээд чамархай хэсэг рүү гэнэт нэг хүн цохих шиг болоод би шат руу унасан. Тэгээд би шатнаас унаад өндийхдөө харсан чинь надтай хамт явж байсан Б намайг цохисон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,  гэрч Г.Мөнхбаярын“...би баарнаас гарчихаад буцаад ороод иртэл Б баарны шат үүд хоёрын голд газар уначихсан байсан. Юу болсон гэтэл Б намайг цохисон миний чих янгинаад байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,  шинжээчийн 13594 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/, шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн“...би Б, Мөнхбаяр хоёрыг салгах гэтэл Б намайг зайлаач пизда минь гэсэн. Би Бгийн зүүн шанаа руу нь нэг удаа цохисон...Бгийн биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/, хохирогч Ц.Бгийн хохиролтой холбогдох баримтуудын хуулбар /хх-ийн 36-40/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Б.Б, Бгийн зүүн шанаа руу нь нэг удаа цохиж зүүн дотор чихний үйл ажиллагааны алдагдал, зүүн чихний сонсгол их хэмжээгээр бууралт, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрөв.

 

Шүүх, Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнээд шүүгдэгч Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. 

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Бгийн эмчилгээний зардалтай холбогдох нийт 1.312.293 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Б.Бэс 1.312.293 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Ц.Б ажилгүй байсан хугацааны цалинд 4.495.440 төгрөг нэхэмжилснийг холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй учир энэ шүүх хуралдаанаар тооцоолон бодох боломжгүй тул хэлэлцэхгүй орхив.

 

Хохирогч үүнтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь  нээлттэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Б.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрх, эрх чөлөөнд халдаж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэмтэл, хор уршгийн шинж чанар болон хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.