Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 216

 

 

                                                           

 

 

 

 

   

2020        03          20                                  2020/ШЦТ/216           

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Солонго,  

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Төмөрчөдөрийн Ад холбогдох эрүүгийн 2011006110237 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Сурагчийн 21 дүгээр гудамж 208б тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Т. А, /.............

Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.А нь 2020 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 20 дугаар гудамжны 184 тоотод С.Болдсүхийн бүсэлхийн орчим хутгалж эрүүл мэндэд нь "...бүсэлхийн зүүн хажуу хэсгийн шарх..." бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би эхнэр хүүхдийн хамт найз Чойжинжавын аав ээжийнх нь хашаанд монгол гэр бариад амьдарч байгаа бөгөөд ойролцоогоор нэг жил орчим болж байна. Манайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруун хараагаас миний төрсөн эцэг Төмөрчөдөрийн төрсөн дүү Төмөрчулууны охин Халиунаа нөхөр Болдсүх 2 хүүхдийн хамт 4-5 хоногийн өмнө ирээд байж байгаа, битүүний орой бид нар битүүлгээ хийж дуусчихаад ганц хоёр пиво ууж яриа өрнүүлье гэж ярилцаад орой 21 цаг өнгөрч байхад Чойжинжав эхнэр Намуунаагийн хамтаар манай гэрт орж ирээд 3-н гэр бүл бүлээрээ нийлж Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво 4 ширхэгийг “Тайгер” нэртэй пиво лаазтайгаас нь 15 ширхэгийг уугаад юм яриад сууж байтал манай дүү Халиунаа нь манай эхнэр Золжаргал руу дуугаа өндөрсгөж хэрүүлийн чанартай зүйлийг ярьж эхэлсэн. Тэгэхээр нь манай эхнэр өөдөөс нь хэрүүл хийж сууж байгаад хоёр хүүхдээ унтуулах гээд орруугаа босоод явтал Халиунаа босч ирээд манай эхнэрийн араас нь үсдээд авсан. Тэгэхээр нь би салгах гэж очоод хоёр тийш нь болгохдоо Халиунаагийн үснээс нь татах гэж байгаад эхнэрийнхээ үснээс татсан байсан. Тэгтэл Болдсүх гэнэт хажуунаас орж ирээд миний зүүн талын өөр нуруунаас өшиглөсөн. Тэгээд Болдсүх бид хоёр хоорондоо зодолдсон. Тэгээд бид хоёрын манай эхнэр болон дүү Халиунаа Намуунаа 3 салгасан. Тэр хооронд Чойжилжав хүүхдээ аваад гэр рүүгээ орох гээд гараад явчихсан бид хэд хоорондоо зодолдохоо больсон байхад Болдсүх, Халиунаа хоёр эхнэр бид хоёрыг есөн шидийн муу үгээр хэлж доромжилсон. Эхнэр бид хоёр ч гэсэн өөдөөс нь хэрэлдээд би Болдсүх, Халиунаа хоёрыг манайхаас зайл, яг одоо яв гэж хэлсэн чинь манай гэрээс гараад явсан. Тэгснээ эргээд Болдсүх орж ирээд чи хүн хөөдөг хэн юм чамайг ална шүү, чи хүний хашаанд гуйж амьдарч байгаа гуйлгачин байж гэж хэлээд хоёулаа гадаа үзий гээд байхаар нь би Болдсүхийг айлгах гээд гал тогооны шүүгээн дотор байсан модон иштэй хутгийг авч гараад Болдсүх дээр очиход шууд намайг барьж аваад бид хоёр зодолдсон. Бид хоёр барилцаж аваад газар шороон дээр өнхөрсөн. Тэгээд дээш босоод иртэл Болдсүх хутгалчихлаа хутгалчихлаа гэж хэлсэн. Тухайн үед би хутгална гэж бодоогү. Яаж ч хутгалсан болохоон мэдэхгүй байгаа. Тэгээд би сандраад Болдсүхийг гаднаас өргөж гэр рүү ороод цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөрэй гэж найздаа хэлсэн...” гэх /хх-ийн 30х/,

Хохирогч С.Болдсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эхнэрээ өмөөрч А бид хоёр маргалдсан. Тэгсэн Чойжинжав дундуур орж бид хоёрыг салган эхнэр Халиунаа бид хоёрыг хойд талын байр руу оруулсан. Тухайн үедээ А бид хоёр бие биетэйгээ маргалдахад хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэрэндээ миний уур хүрээд байшингаас гарч Алтанбаганы гэрлүү орж гараад ир үзье гэхэд А гарч ирэхдээ гартаа хутга барьсан байсныг нь хараад надруу дайрахад нь би Ад хандан гартаа байгаа хутгаа хаячих гэж хэлэхэд хутгаа хаяхгүй надруу дайрахаар нь би зугтаагаад машин тойрсон. Тэгээд би Алтанбаганы хоёр хөлнөөс барьж аваад унагасны дараа хутгыг нь булаан авах гэхэд А хутгаараа миний бүсэлхийн зүүн хажуу хэсэг рүү хутгалсан... Эмнэлэгт хэвтэж үзүүлсэн 400,000 төгрөгийн эм тариаы мөнгө болох 39,600 төгрөг гарсан байна. Үүнийг А төлсөн учир надад гомдол санал байхгүй...” гэх /хх-12-13х/,

Гэрч Т.Халиунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Манай ах болох А манай нөхөр Болдсүх нар нь муудалцсан. Тэгээд би явъя гэж хэлээд байж байсан чинь над руу хутгалчихлаа гэж хэлээд хүрээд ирсэн. Манай нөхрийн зүүн бөөрний харалдаа хутгалсан байсан...” гэх /хх-18-19х/,

Гэрч Б.Чойжинжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...гадаа хүмүүс маргалдаад байхаар нь гараад хартал Болдсүх, А 2 хоорондоо маргалдаж байсан. Тэгээд би салгах гэж очоод Болдсүхийн биед нь хүрээд юу болсон тухай асуухад цамц нь цус болчихсон байсан. Тэгээд гараа хартал гар маань цус болчихсон байсан. Тэгээд би сандраад 103-т дуудлага өгсөн. А Болдсүхийг хутгалсан ...” гэх /хх-21х/,

Гэрч Г.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Манай гэр рүү Болдсүх байн байн орж ирээд хэл амаар доромжилж, Алтанбаганыг гараад ир, чаддаг юм бол гараад ир гээд үгээр дайраад байсан. Манай нөхөр А гарч хоорондоо барьцалдаж байгаад Болдсүх гэнэтхэн газар унаад өгсөн. Халиунаа гарч ирээд нөхрөө барьж авахад Болдсүхийг хутгалуулчихсан байна гэж хэлээд 102, 103-т дуудлага өгсөн ...” гэх /хх-24-25х/,

Гэрч Г.Сэргэлэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...халиунааг гаргахгүй гээд байшинд байсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа Халиунаа байшингаас гараад манай нөхрийг хутгалчихлаа ш дээ гээд орилоод эхэлсэн. ...” гэх /хх-27-28х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3039 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. С.Болдсүхийн биед бүсэлхий зүүн хажуу хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх /хх-ийн 38-39х/,

Шүүгдэгч Т.Алтанбаганы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61х/,

Шүүгдэгч Т.А хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 52х/,

Хохирогч С.Болдсүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 69х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Шүүгдэгч Т.Алтанбаганыг 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн иштэй 26 см-ын урттай хутга 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шйитгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигин овогт Төмөрчөдөрийн Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Алтанбаганыг 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй 26 см-ын урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД