Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0309/3 |
Дугаар | 221/МА2021/0123 |
Огноо | 2021-03-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2021/0123
Д.Т-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Д.Т-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр:
“... Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6–д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаал хүчингүй болгохыг дурьдаж...” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нар давж
заалдах гомдолдоо:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүх хэргийг хянаад хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрдэхдээ “..хяналт шалгалт хийсэн ажлын хэсгээс Хэрэг бүртгэх тасаг болон тус тасгийн дарга Д.Т-ын үйл ажиллагааны үр дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/246 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх журмын дагуу үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна...” гэж дүгнэжээ.
Маргаан бүхий захиргааны актад Д.Т-т сахилгын шийтгэл оногдуулахдаа “... хуулиар харьяалуулсан гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн удирдлагаар хангах заавар, биелэлтийг тооцох үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагын хяналтыг сулруулсан, албан шалгалт бүрэн гүйцэт явуулаагүй, албаны шалгалт явуулсан мэдээг санд оруулаагүй, шууд удирдах албан тушаалтны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн...” гэж тус тусын бие даасан зөрчлийн шинж бүхий үндэслэлүүдийг дурдсан байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтуудад үнэлэлт өгөлгүй, “...үйл ажиллагааны үр дүнг буруу дүгнэсэн...” гэж ерөнхийлөн үзэж, шүүхийн шийдвэрт дээрх зөрчлүүдэд дүгнэлт хийж, дурдаагүй байна.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг тус тус хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийн хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч давж заалдах гомдолдоо:
“...Д.Т-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/935 дугаар тушаалын тухайд:
Нэг. Маргаан бүхий актын эрх зүйн гол үндэслэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” бол албанаас халах гэсэн заалт байна.
Нэхэмжлэгчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж ажиллаж байхад хариуцагч хуулийн энэ урьдчилсан нөхцөл бодит байдал бүрдээгүй, хангалттай тогтоогдоогүй байхад уг зүйл, заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг албанаас халсан нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/935 дугаар тушаал нь холбогдох хууль болон дүрэм журмыг буруу хэрэглэсэн алдаатай гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.
Тодруулбал, хариуцагч хариу тайлбартаа “... “Алба хаагчийн ажлыг үнэлэх /код 111/ журмыг тус тус үндэслэн алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний 10 сарын явц, байдалд үнэлгээ өгөхөд нэхэмжлэгч 63.3 оноогоор /D/ буюу “Дутагдалтай" дүгнэгдсэн, хуулиар харьяалуулсан гэмт хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцсан алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, заавар, зөвлөгөө өгөх, биелэлтийг тооцох үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн байдаг.
1.1. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын даргаас Цагдаагийн ерөнхий газрын даргад гомдол гаргасны дагуу Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн хэлтэст 2019 оны 10 дугаар сард төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалт хийсэн.
Уг шалгалтаар Говь-Алтай аймгийн Хэрэг бүртгэх тасгийг 100 онооноос эхлээд дүгнэхэд 84.6 оноотой дүгнэгдэж, тус тасгийн 3 алба хаагчаар гарын үсэг зуруулсан. Шүүх хуралдааны явцад гэрч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Уг дүнг Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.И-д үзүүлэхэд “... оноо нь өндөр байна гээд 80 онооноос дүгнэ” гээд дахин бүх үзүүлэлтийг 80 онооноос дүгнэхэд 70.4 оноотой дүгнэгдсэн тул мөн тасгийн 3 алба хаагчаар гарын үсэг зуруулсан. Энэ зөрүүтэй 2 баримтыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд өгсөн бөгөөд бусад тасгуудыг хэрхэн үнэлсэн талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Гэтэл нийт алба хаагч нарт шалгалтын комиссынхон урьдчилсан танилцуулга хийхдээ Хэрэг бүртгэх тасгийн үнэлгээг 69.4 оноо гэж өөрчилж, Хэрэг бүртгэх тасгийнханд танилцуулалгүй уншсан, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал дээр “69.4 оноотой дүгнэгдсэн” гэж танилцуулсан.
Үүнийг зөвшөөрөхгүй байгаа талаар нэхэмжлэгч шалгалтын санал, хүсэлтэд бичиж өгсөн байдаг.
Мөн ЦБҮАЖ-ын код 111 дүгээр зүйлийн 111.6.1-д Алба хаагчийн үйл ажиллагааны үр дүнд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгөхөөр, 111.6.3-т алба хаагчийн үйл ажиллагаанд өгсөн үнэлгээнд үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус заасан.
Тус зүйлд 80-89 оноо авсан бол “В” буюу “Сайн, 70-79 оноо авсан бол “С буюу" Сайн, 60-69 оноо авсан болд "D" буюу "Дутагдалтай" үнэлэхээр заасан байдаг.
Хэрвээ “В” буюу “Сайн” үнэлэгдсэн бол
а.одоогийн албан тушаалд нь хэвээр ажиллуулах, эсхүл өөрийнх нь хүсэлтээр сэлгэн ажиллуулах,
б.Зохих шатны сургалтад хамруулах,
в.Мөнгөн болон бусад хэлбэрийн шагналаар шагнах,
г.Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэх
д.Салбарын шагналаар шагнуулахаар тодорхойлох
"С" буюу “Хангалттай” үнэлэгдсэн бол
а.Одоогийн албан тушаалд нь хэвээр үлдээх
б.Зохих шатны сургалтад хамруулах
"D" буюу "Дутагдалтай" үнэлэгдсэн бол
а/албан тушаал бууруулах
б/дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтад хамруулах
в/ажлаа сайжруулах боломж олгох зорилгоор бичгээр зөвлөмж өгөх, тогтоосон хугацаанд үр дүнг тооцохоор тус тус заасан байна.
Эхний шалгалтаар Д.Т нь 84.6 оноогоор В буюу "сайн", дахин хийсэн шалгалтаар 70.4 оноогоор “С” буюу “Хангалттай” гэж үнэлэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон ажлын хэсэгт ажилласан С.М-ын гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.
Үүнээс үзэхэд хариуцагч Д.Т-ын үйл ажиллагааны үр дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/246 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх журмын дагуу үнэлэлгүй 80 онооноос дүгнэн “Дутагдалтай" үнэлж, сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэрийг сонгож шууд албанаас халсан нь хууль бус, үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийг хэрвээ “дутагдалтай” гэж үнэлэгдсэн гэж үзлээ гэхэд “албанаас халах” гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.
1.2 “... Хуулиар харьяалуулсан гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцсан алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх, биелэлтийг тооцох үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:
Хэрэг бүртгэх тасаг нь тасгийн дарга, ахлах мөрдөгч, мөрдөгч гэсэн 3 орон тоотой ажилладаг. Нэхэмжлэгчийн хувьд ахлах мөрдөгч, мөрдөгч нарыг мэргэжлийн удирдлагаар хангаж, өдөр тутмын ажилд хяналт тавьж, биелэлтийг тухай бүр нь тооцож ажиллаж ирсэн байдаг.
Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг нь 2019 оны хагас жилээр хэрэг бүртгэх албанаас гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланд өгсөн үнэлгээгээр 30 онооноос 24 оноо буюу 80%, Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжүүлэх заалтад өгсөн үнэлгээ 30 онооноос 25.1%, Ерөнхий үнэлгээ 30 онооноос 24.5% буюу “Хангалттай” гэж тус тус дүгнэгдсэн.
Мөн нэхэмжлэгчийг он дуусахын өмнө буюу 11 дүгээр сард ажлаас нь халсан. Гэтэл 2019 оны жилийн эцсээр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг 23.2 оноогоор “хангалттай” гэж дүгнэгдсэн. Иймд “хуулиар харьяалуулсан гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцсан алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх, биелэлтийг тооцох үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж албанаас халсан нь үндэслэлгүй. Энэ талаарх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж тус тус заасан.
Хэрвээ энэ үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан юм бол Төрийн албаны тухай хуулийн 45, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.3-д “ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах ёстой. Нэхэмжлэгчийн хувьд ийм зүйл огт байхгүй.
Мөн Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4-д “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох”, Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно”, “D” буюу дутагдалтай бол албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулахаар, “F” буюу хангалтгүй бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах”-аар тус тус заасан.
Үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь үр дүнгийн гэрээг үнэлж, холбогдох арга хэмжээг авахаар зохицуулсны дагуу нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг “D” буюу дутагдалтай гэж дүгнэсэн бол түүнд энэ талаар танилцуулж, нэхэмжлэгчийн тайлбарыг харгалзан үзэж албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах арга хэмжээний аль нэгийг авах боломжтой байхад тэрхүү эрхээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийг шууд албанаас халсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.
Хоёр. “2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн 8 албаны шалгалт явуулсан боловч ЦБҮАЖ код-1121-ын маягт /код-112.716/ албаны шалгалт явуулсан мэдээг цагдаагийн байгууллагын цахим санд оруулаагүй” гэх үндэслэлийн тухайд:
2.1 Цагдаагийн байгууллагын цахим санд тусгай эрх бүхий албан тушаалтан буюу Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Н нь албаны шалгалт явуулсан мэдээг тусгай кодоор шүүгч нэвтэрч уг мэдээг шивж оруулдаг бөгөөд Д.Т уг мэдээг цахим санд шивэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Б-ын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр баталгаажуулсан албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй буюу мэдээг санд шивж оруулах нь нэхэмжлэгч Д.Т-ын ажил үүрэгт хамааралгүй.
2.2 “Зам тээврийн осол гаргасан цагдаа, цагдаагийн ахлагч Б.Ц-ыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэх шалтгаанаар арга хэмжээ тооцуулаагүй, хууль бус явдалтай эвлэрсэн” гэсэн үндэслэлийн тухайд:
Зам тээврийн осол гаргасан цагдаагийн ахлах ахлагч Б.Ц-ын тухайд албаны шалгалтыг ослын газарт байсан болон холбогдох бусад иргэд, албан тушаалтан нараас тайлбар аван хэрэг бүртгэлтийн хэргээс хэргийн газрын анхны үзлэг, давтан үзлэгийн тэмдэглэл, фото зургуудыг хуулбарлан авч хуулбар үнэн тэмдэг даруулан хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийн цагдаагийн газрын дарга /дэд дарга Н.Э/-д танилцуулахад хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгагдаж байгаа тул хэргийг шийдвэрлэтэл албаны шалгалтыг түр хойшлуулах үүрэг өгсөн. Иймд албаны шалгалтын танилцуулгын илтгэх хуудсанд Б.Ц-ыг хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгагдаж байгаа тул хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа албаны шалгалтыг явуулах саналыг өгсөн.
Зам тээврийн осол гаргасан цагдаагийн ахлах ахлагч Б.Ц-ын тухай мэдээллийг өргөдөл гомдол хүлээн авах журмын дагуу цагдаагийн байгууллагын мэдээллийн санд оруулан Замын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнхнасан хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байсан тул ЦБҮАЖ /код-112.7.9 ийн а/-д “Шалгуулагчийн гаргасан зөрчил /үйлдэл/ нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол харьяаллын дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд шилжүүлнэ” гэсэн байдаг.
2.3 “Аймгийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 1/181 тоот "Арга хэмжээ авахуулах" тухай албан бичгийн дагуу нэр бүхий 2 алба хаагчид албаны шалгалт явуулсан боловч “Сургуулийн чөлөөтэй байсан”, “Хүүхэд өвчтэй байсан”... гэх шалтгаанаар арга хэмжээ тооцуулаагүй” гэх үндэслэлийн тухайд:
Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Л, Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч С.М нараас илтгэх хуудас болон тайлбар аван, албан бичигт дурдсан хэргүүдэд үзлэг хийн тэмдэглэл хөтлөн хийсэн ажлын талаарх саналаа Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Б, дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Э нарт танилцуулан Цагдаагийн албаны тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Цагдаагийн газрын дарга нь үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээний үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчийг зохих шатны сургалтанд хамруулах, цалингийн нэмэгдлийг тогтоох, албан тушаал дэвшүүлэх, бууруулах асуудлыг тухай бүр шийдвэрлэнэ” гэж зааснаар саналаа бичиж танилцуулсан. Эдгээр баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Мөн хариуцагчийн эдгээр тайлбаруудыг авч үзвэл маргаан бүхий акт буюу нэхэмжлэгчийг албанаас халсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/935 дугаар тушаалын эрх зүйн үндэслэлээр халсан, тушаалд дурдагдаагүй үндэслэлээр хариуцагч тайлбар хийсэн байна.
Гурав: “Ажлын байранд шууд удирдах албан тушаалтны зүй Албан ажлын үүрэг, шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, зүй бусаар авирлан ... хэм хэмжээг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон” гэх үндэслэлийн тухайд:
Д.Т-ын хувьд зүй бусаар авирлан маргалдсан зүйл байхгүй бөгөөд хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэн үр дүнгээ тооцуулан ажиллаж байсан.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасан.
Аймгийн Цагдаагийн газрын дарга хууль бус шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 39.1.1-д "албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах” 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах,... хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах” гэж заасныг тус тус зөрчсөн тул энэ талаар хурал дээр хэлсэн байдаг. Үүнийг зөвөөр ойлгох ёстой.
Дөрөв.“Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн талаар” хариуцагч хариу тайлбартаа дурдсан байдаг.
Шүүхэд хүчингүй болгуулахаар гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалд сахилгын шийтгэл ногдуулсан гэх үндэслэлүүдийг зааж өгсөн ба эдгээр үндэслэлүүд дотор дээрх үндэслэл огт ороогүй, маргаан бүхий актад хамааралгүй үндэслэлээр буруутгаж хариу тайлбарт бичсэн байна.
Нэхэмжлэгч энэ асуудлыг тодруулахаар Авлигатай тэмцэх газарт өөрийн биеэр хүсэлт гаргасан бөгөөд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 06/9839 дугаартай албан бичгээр “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш” гэсэн албан хариу өгсөн
Мөн Д.Т-ын эхнэр Ц.А-ийн данснаас Э.Д-ийн данс руу мөнгө шилжүүлсэн талаар хариу тайлбарт бичсэн байдаг. Нэхэмжлэгч Д.Т-ын Эхнэр нь Говь-Алтай аймагт хурдан морины витамин, тэжээлийн наймаа эрхэлдэг, энэ талаараа хөдөө орон нутгийн олон малчид, уяачидтай бизнесийн түншийн харилцаатай байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ”, 38.1.7.хууль тогтоомжоор хориглоогүй, албан тушаалын ашиг сонирхолд харшлахгүй арга хэлбэрээр хувийн аж ахуй эрхлэх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг өөрийн итгэмжлэгдсэн хүнээр хөтлүүлэх зэргээр орлого олох” гэж заасан.
Д.Т нь эхнэрийнхээ бизнес, мөнгөний асуудалд огт оролцдоггүй. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд энэ талаар мөн дурдаагүй бөгөөд Д.Т-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй.
Тав. Мөн хариу тайлбарт “... нэхэмжлэгч нь өмнө нь... албан тушаалын үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах "..." сануулах” сахилгын шийтгэл тус тус хүлээж, .... сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байх үед дахин давтан сахилга ёс зүйн зөрчил гаргасан” гэсэн байдаг.
Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалын үндэслэлд энэ талаар огт дурдаагүй, маргаан бүхий актад хамааралгүй үндэслэлээр буруутгаж хариуцагч хариу тайлбартаа бичсэн байна.
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа “... Б/29 дүгээр тушаалыг хариу тайлбартаа дурдсан боловч, цаашид уг актын талаар маргах шаардлагагүй” гэж гэдгээ илэрхийлсэн, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд ч гэсэн хэлсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 221/ШТ2020/0839 дүгээр тогтоолд “... Б/935 дугаар тушаалд ... Б/29 дүгээр тушаалыг болон уг тушаалаар хүлээсэн сануулах сахилгын шийтгэлийг үндэслэл болгоогүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн тул шүүх маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлээс хальж, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх ёсгүй.
Зургаа. Цагдаагийн Ерөнхий газраас Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт ирсэн төлөвлөгөөт бус шалгалтын дүнгийн танилцуулах илтгэх хуудсыг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч Д.Т-ыг албан тушаал бууруулах саналтай санал оруулсан байхад ажлаас халж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Ажлаас халсан Б/935 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй 47.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа ба түүнээс дээш /албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”/, 48.1-д заасныг харгалзан үзээгүй, 48.1.3 дахь заалтыг баримтлаагүй.
Мөн хуулийн 52.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэлгүйгээр хариуцлага хүлээлгэсэн. Үүний улмаас Төрийн албаны тухай хуулийн 62.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 83.1-д заасан баталгаагаар хангагдаж чадаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т “... төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэж заасан . Гэтэл аймгийн Цагдаагийн газрын даргаас Цагдаагийн ерөнхий газарт гаргасан хүсэлтдээ иймэрхүү зүйлийг бичсэн байдаг. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү.
Маргаан бүхий Б/935 дугаар тушаал нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь буруу юм.
Хэрвээ маргаан бүхий акт нь холбогдох хууль болон дүрэм, журмыг зөрчсөн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хуульд заасан урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдээгүй, тухайн зөрчлүүд нь хангалттай тогтоогдоогүй бол шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх ёстой байсан.
Иймд дээрх үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/935 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
2019 оны Б/148 дугаар тушаалын тухайд:
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалаар “Алба хаагчдын зохисгүй үйлдлийг таслан зогсоогоогүй, хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7 дахь хэсэг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.1, 2.3.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.13, 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Т-ын албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.
Уг тушаалыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй ” гэж заасан.
Мөн “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам" -ын 914.4-д “сахилгын шийтгэл оногдуулж болохгүй тохиолдол гээд 914.4.1-ийн а/-д “сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн” гэж заасан байдаг.
Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын дарга зөрчил гарснаас хойш 7 сар 22 хоногийн дараа хэрэглэх ёсгүй буюу Төрийн албаны тухай 2017 оны /хуулийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан.
Хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийг хэрэглэлгүй, сахилгын шийтгэл хүлээлгэхийн тулд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах зорилгоор “хэрэглэх ёсгүй” 2017 онд батлагдан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан.
Мөн нэхэмжлэгчийн 2019 оны цалингийн картнаас үзэхэд албан тушаалын нэг сарын цалинг 20 хувиар бууруулахдаа Б/148 дугаар тушаал гарахаас өмнө бууруулсан байдаг. /тушаал 3 сард гарсан. Гэтэл 2 сарын цалингаас хассан/
Түүнчлэн “Хүн амины хэрэг”-ийг хэрэг бүртгэх тасаг шалгадаггүй, Мөрдөн байцаах тасгийн чиг үүрэгт хамаардаг. Тухайн асуудлаас болж ноцтой хор уршиг учраагүй, нэхэмжлэгчийн хувьд уг алдааг /үйлдлийг/ харин ч таслан зогсоосон байдаг.
Маргаан бүхий акт болох Б/148 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан “илт хууль бус” захиргааны актын шинжийг агуулж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаалаар Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Т-ыг алба хаагчийн зохисгүй үйлдлийг таслан зогсоогоогүй, хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаалын сарын үндсэн цалинг 1 /нэг/ сар 20 /хорь/ хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Тодруулбал нэхэмжлэгч Д.Т нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэгийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахдаа хойшлуулшгүй ажиллагаа бүрэн явагдаж байгаа эсэхэд биечлэн хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Л-ын иргэнд зүй бус шаардлага тавьж ар гэрийнхнээр нь цогцос тээвэрлүүлсэн үйлдлийг таслан зогсоогоогүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дээрх маргаан бүхий тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулсан гэж маргаж байна.
Гэвч Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д “цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний болон эргүүл, харуулын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах” гэж зааснаар Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах нь Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарч байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэж үзэхгүй бөгөөд утга агуулгын илт төөрөгдөл үүсгэх илэрхий алдаагүй байна.
Мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй Төрийн албаны тухай хуулийг баримтлан шийдвэр гаргасан гэх гомдлыг хүлээж авах боломжгүй. Учир нь маргаан бүхий захиргааны актыг эрх бүхий албан тушаалтан гаргахдаа буруу хууль баримталсан нь илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.
Иймд шийдвэрийн энэ талаарх дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчилж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Уг тушаалаар Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Т нь хуулиар харьяалуулсан гэмт хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн удирдлагаар хангах, заавар, зөвлөмж өгөх, биелэлтийг тооцох үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагын хяналтыг сулруулсан, албаны шалгалтыг бүрэн гүйцэд явуулаагүй, албаны шалгалт явуулсан мэдээг санд оруулаагүй, албан тушаалын тодорхойлтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн төдийгүй шууд удирдах албан тушаалтны тавьсан шаардлагыг эсэргүүцэн, маргалдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халж, “цагдаагийн дэд хурандаа” цолыг хураажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн ажиллагааг 69.4 /D/ буюу хангалтгүй, Д.Т-ын үйл ажиллагааг 63,3 буюу дутагдалтай гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч нь хуулиар харьяалуулсан гэмт хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн удирдлагаар хангах, заавар, зөвлөмж өгөх, биелэлтийг тооцох үүргээ хангалтгүй биелүүлсэн байна.
Учир нь урьд эрхэлж байсан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Хэрэг бүртгэх тасгийн даргын албан тушаалын тодорхойлолтын зорилгод “...ажлын хэсэг удирдах... эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд удирдан зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах...” гэж тусгаснаар нэхэмжлэгчийн удирдлага дахь Хэрэг бүртгэх тасаг зохих үр дүнд хүрч ажиллаагүй буюу хангалтгүй гэсэн үнэлгээ авсан нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж байсан болохыг нотлон харуулж байна.
Гэтэл Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн ажиллагааг үнэлж, дүгнэсэн тухай тэмдэглэлд нэхэмжлэгч Д.Т нь “...манай тасгаас ямарч зөрчилгүй хүнийг 80 хувиар дүгнэсэн. Энэ тал дээр анхаарч үзнэ үү.” гэж тэмдэглэл үйлджээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/246 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх журмын 112.3.14-д Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх аргачлалд авбал зохих оноог 100 оноогоор тооцохоор заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шалгалтын ажлын хэсэгт ажилласан гэрч С.М-аас энэ талаар тодруулахад “...би буруу үнэлсэн байна, хангалтгүй гэсэн үнэлгээ үндэслэлтэй байна гэдгийг хэлсэн ...” гэх мэдүүлгийг өгсөн, мөн бусад хэлтэс тасгийг адил үнэлгээгээр үнэлсэн байгаагаас үзвэл дээрх төлөвлөгөөт бус шалгалтаар дүгнэсэн үнэлгээг үгүйсгэх боломжгүй.
Мөн дээрх шалгалтаар 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаа албаны шалгалтыг явуулсан боловч Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-112/-ын маягт /код-112.716/ Албаны шалгалт явуулсан мэдээг цагдаагийн байгуул лагын цахим санд оруулаагүй гэжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/181 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан бичгийн дагуу Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.М, Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн хошууч Ч.Л нарт албаны шалгалт явуулсан 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн илтгэх хуудсаар санал гаргасан боловч мэдээллийн цахим санд оруулаагүй, мөн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Албаны шалгалт явуулсан дүнгийн тухай илтгэх хуудсаар цагдаагийн ахлах ахлагч Б.Ц-ыг зам тээврийн осол гаргасан байхад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэх шалтгаанаар арга хэмжээ тооцуулаагүй байх тул удирдлагын хяналтыг сулруулсан, албаны шалгалтыг бүрэн гүйцэд явуулаагүй буюу албаны шалгалт явуулсан мэдээг цагдаагийн байгууллагын цахим санд оруулаагүй болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д “дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч биелүүлэх” гэж зааснаар цагдаагийн албан хаагч нь шатлан захирагдах ёсны дагуу удирдах албан тушаалтны өгсөн үүрэг, даалгаврыг ёсчлон биелүүлэх байтал нэхэмжлэгч нь энэ тохиолдолд шууд удирдах албан тушаалтны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн байна.
Өөрөөр хэлбэл, дээрх шалгалт хийсэн танилцуулга болон Цагдаагийн ерөнхий газрын ХШҮДАХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Н-ийн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга Д.Б, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга А.Э нараас, Цагдаагийн ерөнхий газрын АБХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Ж-ы Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга Н.Э, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Бичиг хэргийн эрхлэгч, архивч Ш.Б нараас авсан тайлбар мэдүүлэг болон Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлэл холбооны инженер цагдаагийн дэслэгч Б.Г, хүний нөөцийн мэргэжилтэн цагдаагийн ахмад С.О нарын илтгэх хуудас зэргээр нэхэмжлэгч Д.Т нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний рапортын үеэр цагдаагийн газрын даргын тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргасан болох нь тогтоогдож байх тул Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 13.5-д “Удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгавар, тушаалыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй...” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална”, 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж зааснаас үзвэл дээрх зөрчил гаргасан цагдаагийн албан хаагчийг ажлаас халсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дугаар тушаал болон Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өд рийн Б/29 дүгээр тушаалаар тус тус нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд маргаан бүхий 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байна.
Гэтэл анхан шатны шүүх зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны
10 дугаар сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийхдээ Цагдаагийн байгууллагын Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх журмын дагуу үнэлээгүй гэж дүгнэн маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй буюу “...Д.Т-ын гаргасан ноцтой зөрчил хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй…” гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Харин Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн талаарх хэргийн оролцогчдийн тайлбарын тухайд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 06/9839 дугаартай албан бичгээр “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш” гэсэн лавлагаа ирүүлсэн ба хүчингүй болгуулахаар маргаж буй актад энэ талаар дурдаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийх шаардлагагүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/148 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/935 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА