Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00988

 

Г.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   

          2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэр,

      Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

          2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Н

          Хариуцагч: С.Б

          Хариуцагч: С.П нарт холбогдох

          Гуравдагч этгээд: “Т” ХХК

         Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгч Г.Нийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух С.Паас 2011-11-16-ны өдөр 3 дугаар багт байрлах 30 айлын орон сууцны 10 тоот, 1 өрөө, 22,8 м.кв байрыг анх 16.740.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, урьдчилгаа болгож 10 сая төгрөг, үлдэгдэл мөнгийг сар бүр 165.000 төгрөг төлөхөөр санал болгосны дагуу 2011-11-16-ны өдөр 1 сая төгрөг өгсөн. Дахин иргэн С.П нь орон сууцны бичиг баримт, ордер гаргаж өгнө гэж 1сая төгрөгийг 2011-12-26-ны өдөр авсан. Байрны үнээс үлдсэн 7.740.000 төгрөгийг иргэн С.Пын Хаан банкны  дансанд сар бүр 165.000 төгрөг буюу /2012 оны 1 дүгээр сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл буюу 2 жил 7 сар буюу 31 сарын туршид/ нийт 5.163.000 төгрөгийг төлж байтал үлдэгдэл мөнгөө өг, нэг сарын дараа байрны ордерийг чинь өгье гэж үлдэгдэл болох 4.5сая төгрөгийг 2014-09-01-ний өдөр авсан. 2014-09-01-ний өдөр 4.5сая төгрөгийг банкнаас зээл авч өгөхдөө 2014-10- 01-ний өдрийн дотор байрны ордер авах талаар тохиролцож хэлцэл байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл С.Паас удаа дараа уг 1 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шаардсан боловч одоо хүртэл миний байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгөлгүй, намайг олон жил хохироож байна. С.Пт 2011-11- 16-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд нийт ...20.663.000 төгрөг төлсөн байна. Гэвч иргэн С.П нь байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг надад шилжүүлж өгөлгүйгээр миний байрыг барьцаалж 2012-05-16-ны өдөр Тнаас орон сууцны зээл авч, уг зээлээ төлөөгүй тул шүүхийн шийдвэр гарч, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг 2017-06-23-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас намайг дуудаж танилцуулсан. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт орших, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах, 22.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Нт 1 байр өгч, тал мөнгө 11сая төгрөг авсан нь үнэн. Мөн үлдэгдэл мөнгийг Г.Нийн хэлснээр авсан нь үнэн.  Тэр байранд 2 байр орон сууц санхүүжилтийн корпорациас цэцэрлэгийн квотоор авсан. 1 квотоор 40-өөс дээш м.кв байр өгөх ёстой гээд 17.6 м.кв, 34.2 м.кв талбай бүхий 2 байр өгсөн. Г.Н 1 байрыг нь 11сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь 5 жилийн хугацаатай сард 165.000 төгрөгөөр төлнө гэж тохирч өгсөн. Би сүүлд хувийн цэцэрлэг барих гэж яваад үлдэгдэл 4.500.000 төгрөг ярьж тохироод авсан. 2017 онд ордер гаргаж өгөх ёстой. Сүүлд хуурч мэхэлж ордерийг банкинд тавьсан гэж худал бичсэн байна. Яагаад гэвэл анхнаасаа 2 байрны ордерийг барьцаанд авч над дээр 2012 онд зээл гарсан. Г.Н 2017 онд ордероо авах ёстой, гэтэл мэдсээр байж намайг залилагч болгох гээд байгаад гомдолтой байна. Одоо тус ордер 8сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа. 8сая төгрөгөө төлж барагдуулаад ордерийг нь гаргаж өгнө. Ордер нь барьцаанд байгаа боловч Г.Н байрыг цоо шинээр нь хүлээж аваад 5 жил өөртөө ашиглаж байгаа гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарбаатар гаргасан тайлбартаа: С.П 2011-11-18-ны өдөр Орон сууц санхүүжилтийн корпораци төрийн өмчит компанитай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан урьдчилгаа 10 хувийн төлбөрийг 2012-01-16-ны өдөр төлсөн. 2012-01- 03-ны өдөр 404062 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан, 34,4 м.кв талбай бүхий 2 өрөө, 22,8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус зээлээр худалдан авсан. С.П нь зээлийн гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүйн улмаас манай банк 2016-04- 18-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу 2016-06- 09-ний өдрийн 389 дүгээр шүүхийн шийдвэр гарч, уг шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан. Дээрх шийдвэрийн дагуу Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран ажиллаж, 34,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, 2017-08- 31-ний өдөр 30сая төгрөгийн зээлийг төлүүлсэн. Одоо тус зээлээс 8.542.428 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр үлдсэн бөгөөд барьцаанд Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах 22,8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байна. Манай банкны барьцаанд байгаа орон сууцны гэрчилгээг гомдол гаргагч Г.Нийн нэр дээр шилжүүлэх эрх зүйн үндэслэлгүй гэж бидний зүгээс үзэж байна. Иймд иргэн Г.Нийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Нийг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах, 22,8 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520003343 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.П, С.Б нараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д заасныг баримтлан хариуцагч С.П, С.Б нарт холбогдох Г.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...2011 онд Улаангом суманд баригдсан орон сууцнаас С.П нь цэцэрлэгийн квотоор 17.6 м.кв, 34.2м.кв 2 байр авахаар болсон бөгөөд нэг өрөө орон сууцаа Наранцэцэгт зарахаар болж бэлнээр 11 сая төгрөг авч хэлцэл хийн түлхүүр гардуулжээ. Тухайн үедээ одоогоор ордер гараагүй байгаа 2014 онд төлбөрөө бүрэн төлж дуусаад ордероо авахаар хэлцэл хийсэн. Наранцэцэг нь байрны үнэнд нийт 20.663.000 төгрөг төлсөн бөгөөд ордер авах гэхэд банкны барьцаанд байгаа гээд өгөөгүй гэтэл тухайн байранд хэн хэзээнээс эхлэн амьдарч байгаа талаар болон байрны зээл төлөгдөхгүй байгаа талаар Т нэг ч удаа ирж уулзаагүй бөгөөд 2017-06- 23-нд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас энэ байрыг албадан дуудлага худалдаанд оруулна гэж битүүмжилхээр ирэх үед байдлыг мэдсэн. Энэ байр нь анх Тны барьцаанд байгаагүй бөгөөд Төрийн орон сууцны корпорацын мэдэлд байсан, анх С.П Наранцэцэгтэй хэлцэл хийснээс 2 хоногийн дараа ТОСК-той гэрээгээр орон сууц бариулах гэрээ хийсэн гэтэл сүүлд 2012 онд энэ зээл Тинд шилжсэн үүнийг Т орон сууц эзэмшиж байсан Наранцэцэгт мэдэгдээгүй, тухайн хаяг байршлаар шалгаж үзээгүй нь банкны алдаа юм. Гэтэл өнөөдөр 38 сая төгрөгийн зээлд хоёр орон сууц хурааж аваад 34.2м.кв байрыг 30 сая төгрөгөөр тооцож зарж борлуулаад үлдсэн 8 сая төгрөгт нь Наранцэцэгийн орон сууцыг авах гэж байгаа нь шударга бус байна. Өнөөдөр Улаангом суманд орон сууцны 1 м.кв нь 1.200.000 төгрөгөөс 1.750.000 төгрөгтэй байхад хүний өмчийг хэт хямд зарсан нь ямар нэг ашиг сонирхлын зөрчил байна гэж хардахад хүрч байна. Хариуцагч С.П болон хамтран хариуцагч С.Б нар нь хоёул төрийн албан хаагч бөгөөд эдгээр хүмүүст тохирох хэмжээнд нь цалингийн зээл олгоод үлдсэн 8 сая төгрөгийг төлүүлж зээлийн барьцаанаас байр чөлөөлж өгнө үү гэж банктай удаа дараа хариуцагч, нэхэмжлэгч нар хамт очиж уулзахад дээрээс зөвхөн байр ав гэсэн одоо байрыг чинь эхний хүнд хямд зарна гэж байгаа нь өөр сонирхолтой байгааг нотолж байна. Түүнчлэн, хариуцагч С.П, С.Б нар нь тухайн байрыг зарснаа хүлээн зөвшөөрч банкны зээлийн үлдэгдлээ өөр эх сурвалж болох хувийн цэцэрлэгийн орлого болон цалин зэргээс төлөх хүсэлтээ илэрхийлээд байхад банк хүлээж авахгүй байна. Наранцэцэг нь анх байр худалдан авч байхдаа С.Пыг өөр газар давхар барьцаална гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, хийсэн хэлцлийн дагуу төлбөрөө бүрэн төлсөн, 6 жилийн хугацаанд эзэмшиж ашиглаж байсан зэргээс үзэхэд Наранцэцэг нь шударга өмчлөгч болох нь харагдаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 109, 114, 236-р зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Г.Н нь С.Б, С.П нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 30 айлын орон сууцны 10 тоот нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаарджээ. /хх 1, 59, 105/

      Хариуцагч С.П нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа “...8,000,000 төгрөгийн барьцаанд байгаа...тэр мөнгийг нь төлөөд байрыг шилжүүлж өгөхөөр тохирсон ...” гэжээ. /хх 47/

      Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК нь “...маргааны зүйл болсон орон сууц зээлийн барьцаанд байгаа...шүүхийн шийдвэр гарсан...” гэсэн тайлбар өгсөн байна. /хх 69, 85/

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

      Магадлалыг хүчингүй болгож,  шийдвэрт өөрчлөлт оруулах дараах үндэслэл тогтоогдлоо.

      1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсгийн  зохицуулалтыг анхаарч үзээгүйгээс гадна хэрэглэх ёсгүй буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгоно.

       2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу биш боловч Иргэний хуулийг тухайн маргаантай харилцаанд оновчтой хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.

      а/. Маргааны зүйл болсон орон сууцыг нийт 20.663.000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар талууд тохиролцсон, нэхэмжлэгч мөнгийг бүрэн /хх 48, 54/ төлсөн, С.П орон сууцны өмчлөх эрхийг 2014-10-01-ний өдрийн дотор шилжүүлэхээр талууд 2014-08-31-ний өдөр тохиролцсон нь тогтоогджээ.

      Г.Н Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 30 айлын 10 тоот нэг өрөө орон сууцыг худалдан авсан, С.П худалдсан, үүнийг С.Б татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, С.П зээлээ төлж дууссаны дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхээр зохигч тохиролцсон нь нотлогдсон байна.

      10 тоот нэг өрөө  орон сууц С.П, С.Б нарын өмчлөлд 2011-12-12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн /хх 35/ бөгөөд уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг буюу худалдах-худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч нар татгалзаагүй тул  анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1,8, 56.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчөөгүй гэж үзнэ.

       Иймд шүүх Г.Нийг Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 30 айлын орон сууцны 10 тоот нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосныг буруутгах боломжгүй.

        б/. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтооход өмчлөгчийн шаардах эрхийн талаарх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг бус, харин 243 дугаар зүйлийг баримтлах нь зөв тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.

        в/. Барьцааны зүйлийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ. 

        Иймд Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 30 айлын орон сууцны 10 тоот нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Н тогтоогдсон нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхэд саад болохгүй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...106 дугаар зүйлийн 106.1, 106.2…” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ