Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 943

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “К” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Б 

Гомдлын шаардлага: “Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000119 дүгээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолтой хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.С , хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 “К” ХХК шүүхэд гаргасан гомдол болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , өмгөөлөгч Б.С  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“К” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Энканто таун хотхоны барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний шугам татах зорилготой төмөр хоолойг зам доогуур сүвлэх ажил хийлгэхээр иргэн Д.Г*******той 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/16 дугаар бүхий гэрээ байгуулсан. 

Гэтэл Д.Г******* нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дээрх ажлыг гүйцэтгэх явцдаа нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах харилцаа холбооны сувагчлал болон шилэн кабелуудыг тасалсан ба 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Харилцаа холбооны улсын байцаагч Б.Б  “К” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шийтгэл оногдуулсан.

“К” ХХК болон Д.Г******* нарын хооронд байгуулагдсан “Авто зам сүвлж буудах ажлыг хийж гүйцэтгэх гэрээ”-ний 5.2-т “Ажлыг гүйцэтгэхдээ бусад гуравдагч этгээдэд саад болохгүй, хохирол учруулахгүй, авто зам эвдэхгүй, бусад шугам сүлжээ кабель гэмтээвэл хохирлыг гүйцэтгэгч тал өөрөө барагдуулах, засаж сэлбэх үүрэгтэй” гэж заасан болно. 

Зөрчлийн тухай хуульд заасан нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан шугам сүлжээг гэмтээсэн гэсэн зөрчилд холбогдуулан улсын байцаагч шийтгэл оногдуулсан. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасан. Өөрөөр хэлбэл зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулахаар тодорхой зааж өгсөн байна. Хариуцагч барилгын захиалагч өөрөө зөрчил үйлдээгүй байсан ч хариуцлага хүлээх ёстой гэж тайлбарлаж байна. Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд барилгын тухай хууль зөрчих гэсэн заалт байдаг. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг зөрчлүүдийг нэг бүрчлэн зааж өгсөн. Гэтэл өнөөдрийн зөрчил гаргасан гэж маргаж буй зөрчил маань нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан шугам сүлжээг гэмтээсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байна. 

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасан. Гэтэл зөрчлийг үйлдээгүй этгээдэд хамаатуулж шийтгэл оногдуулж байгаа нь буруу юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна”, 4-д “Эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг /эх/, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа амаар явагдахгүй, албан даалгавраар  явагдах   ёстой.  Иймд  утсаар   болон   амаар   ярьж  зөрчил  шалгах 

ажиллагааг явуулахгүй.

Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд харилцаа холбооны тухай хууль зөрчих гэж заасан бөгөөд уг зүйлийн 6-д “Нийтийн эзэмшлийн газарт байрлуулсан харилцаа холбооны тоног төхөөрөмжийг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Гэтэл хариуцагч нь шугам сүлжээг эвдсэн, гэмтээсэн талаар холбогдох нотлох ажиллагааг хийгээгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.4, 4.8, 4.15 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрхэн явуулж, зөрчлийг яаж нотлох байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий зөрчилтэй “К” ХХК-ийг холбох боломжгүй байна.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000119 дүгээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”К” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д “Барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцлийг биелүүлэх” гэж заасны дагуу техникийн нөхцөл, барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын зөвшөөрөл болон сүвлэгээний ажилтай холбогдолтой баримт бичгийг шалгуулаагүй.

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д “Барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл хохирлыг хариуцах”, Харилцаа холбооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, барилга байгууламж барих, шугам, сүлжээ байгуулахдаа үйлчлэгчээс зөвшөөрөл авах, түүнийг шилжүүлэх шаардлагатай бол уг ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх” гэж заасныг тус тус зөрчсөн.

“К” ХХК болон иргэн Д.Г******* нарын хооронд байгуулсан гэрээ нь хоёр этгээдийн хоорондын харилцааг зохицуулсан Төрийн хяналт, шалгалтад нөлөөлөхгүй гэж үзэж байна. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн Чанар хяналтын инженер Б.М******* шуурхай дуудлагын утсанд холбогдон зөрчил гарсан талаар мэдэгдсэн. Миний бие газар дээр нь очиж инженер Д.М*******тай уулзахад “К” ХХК нь эрчим хүчний сүвлэгээний ажил хийж байгаад манай шугамыг тасалсан байна гэж мэдэгдсэн. Тус компанийг төлөөлж буй хүн байна уу гэхэд н.Төгсөө гэж хүн байна гэсэн. н.Төгсөөтэй утсаар холбогдоход “Гэртээ очиж цай уучхаад ирье” гэсэн тайлбар өгсөн. Гэтэл “К” ХХК-иас дараа н.Алтанбагана гэх хүн ирж гэмтэл гарсан байна, компаниудаар нь кабель шугамыг засуулан хэрэглэгчдэд үйлчилгээг нь үзүүлье гэсэн. Миний бие зохих газруудаас зөвшөөрлөө аваад техникийн нөхцөлийн дагуу ажлаа хийгээрэй, маргааш надад холбогдох бичиг баримтуудаа шалгуулаарай гэхэд ойлголоо гэсэн. Тэгээд дахин ирж уулзаагүй. 

Иймд Харилцаа холбооны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 6-д “Нийтийн эзэмшлийн газарт байрлуулсан харилцаа холбооны тоног төхөөрөмжийг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу  илэрсэн зөрчилд прокурорын хяналтан дор 1702000119 дугаартай зөрчлийн хэрэг нээж шийтгэлийн арга хэмжээ авсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зөрчлийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр “К” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

“К” ХХК нь гомдлын шаардлагаа “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1702000119 дүгээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж маргажээ. 

Маргаж буй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1702000119 дүгээр  Шийтгэлийн хуудсаар “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд эрчим хүчний шугам сүлжээ татах зориулалттай төмөр хоолойг зам доогуур сүвлэхдээ нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах харилцаа холбооны сувагчлал болон кабель шугамыг тасалсан” зөрчил гаргасан нь ...нотлогдон тогтоогдож ...байх тул “К” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

“К” ХХК-иас гомдлын үндэслэлээ “...Тус компани болон иргэн Д.Г*******ын хооронд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Авто зам сүвлэж буудах, ажлыг хийж гүйцэтгэх“ 05/16 дугаар гэрээний 5.2-т “Ажлыг гүйцэтгэхдээ ...авто зам эвдэхгүй, бусад шугам сүлжээ кабель гэмтээвэл хохирлыг гүйцэтгэгч тал өөрөө барагдуулах, засаж сэлбэх үүрэгтэй” гэж заасан. Д.Г******* нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцдаа нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах харилцаа холбооны сувагчлал болон шилэн кабелуудыг тасалсан. Дээрх зөрчил гаргасан этгээд нь Д.Г******* байхад “К” ХХК-ийг 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус байна” гэж маргаж байгаа.

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж зорилгыг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан нь гагцхүү зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, улмаар зөрчил үйлдсэн бол түүнд тохирох хариуцлага гарцаагүй байх зарчим бүрэн хэрэгжиж байх агуулгаар хуульчилжээ.  

“К” ХХК-ийн гаргасан гомдолд хавсаргасан материал болон “Зөрчлийн хэрэг”-т авагдсан баримтуудаас үзвэл, К” ХХК болон иргэн Д.Г*******ын хооронд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Авто зам сүвлэж буудах, ажлыг хийж гүйцэтгэх“ 05/16 дугаар гэрээ  байгуулагдсан байх ба уг гэрээний 5.2-т “Ажлыг гүйцэтгэхдээ ...авто зам эвдэхгүй, бусад шугам сүлжээ кабель гэмтээвэл хохирлыг гүйцэтгэгч тал өөрөө барагдуулах, засаж сэлбэх үүрэгтэй” гэж тусгагджээ. 

Иргэн Д.Г******* дээрх гэрээний дагуу 2017 оны 10 дуаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энканто таун хотхоны эрчим хүчний шугам сүлжээ татах зорилготой төмөр хоолойг зам доогуур сүвлэх ажил хийхдээ нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах харилцаа холбооны сувагчлал болон кабель шугамыг тасалсан байна. 

Энэ талаарх мэдээллийг “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ийн чанар хяналтын инженер Б.М*******гаас ирүүлсний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Б  хяналт шалгалтыг хийж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол”-оор  зөрчлийн хэрэг нээсэн байна. 

Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно”, 4.8 зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хийж баримтаар тогтоож, нотлох ёстой.

Гэтэл хариуцагч Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Б  нь зөрчил үйлдсэн газар дээр очиж үзлэг хийж , фото зургаар  баримтжуулсан байх ба харин зөрчлийг үйлдсэн этгээдийн тогтоох ажиллагааг хангалттай хийлгүйгээр Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1702000119 дүгээр Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу “К” ХХК-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус болжээ.

Тухайлбал, хариуцагч нь шалгалтын явцад “К” ХХК-иас тусгай зөвшөөрөл, зураг төсөл, холбогдох баримт бичгийг ирүүлэхийг мессэжээр болон утсаар удаа дараа ярьж мэдэгдсэн, шаардсан боловч ирж уулзаагүй, баримт бичгээ авчирч шалгуулаагүй учир “К” ХХК-д шийтгэл оногдуулсан гэж тайлбарлах боловч эрх бүхий албан тушаалтан нь хяналт шалгалтыг хийж, хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа холбогдох нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, нотлох зарчмыг хэрэгжүүлсний үндсэн дээр шийтгэл оногдуулах ёстой юм.

Иймээс харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Б  нь холбогдох хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа бүрэн дүүрэн явуулж, зөрчлийг үйлдсэн талаарх холбогдох нотлох баримтыг хангалттай цуглуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог хангах шаардлагатай байсан бөгөөд уг ажиллагааг хуульд заасны дагуу хийснээр тухайн зөрчил үйлдсэн этгээд нь хэн болохыг тогтоох, цаашлаад зөвхөн зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулах боломжтой байсан гэж үзлээ. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн зорилт нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний дагуу авто замын доогуур сүвлэж буудах ажлыг гүйцэтгэх явцдаа “нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах харилцаа холбооны сувагчлал болон кабель шугамыг тасалсан” зөрчил гаргасан этгээд нь Д.Г******* байхад “К” ХХК-д шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул “К” ХХК-ийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Б  нь шүүх хуралдаанд “...хүмүүс нь ирж уулзаж холбогдох баримт бичиг болон иргэн Д.Г*******той 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Авто зам сүвлэж буудах, ажлыг хийж гүйцэтгэх“ 05/16 дугаар гэрээг үзүүлж шалгуулсан бол “К” ХХК-д биш Д.Г*******од шийтгэл оногдуулах байсан” гэсэн тайлбарыг гаргасан болно.

Иймд маргаан бүхий Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000119 дүгээр Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасантай нийцээгүй, мөн зөрчил үйлдсэн бол хариуцлага гарцаагүй байх зарчим бодитой хэрэгжээгүй байх тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1702000119 дүгээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан “К” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1702000119 дүгээр Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Б ээс 70200 төгрөгийг гаргуулж, “К” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.ЦЭЦЭГМАА