Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2041

 

   Н.Энхбатын нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/00734 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Энхбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Зулд холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 33 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Зээлийн хүүгийн хэмжээг арилжааны банкны хэмжээ буюу 1,7 хувиар тогтоолгох тухай  хариуцагч Ч.Зулын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Энхбат

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Заантогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Ч.Зулд 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг зээлсэн. Улмаар 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг 7 сараар сунгасан. Ч.Зул энэ хугацаанд 2014 оны 10 дугаар сард 1 сарын зээлийн хүү 1 500 000 төгрөг төлснөөс өөр мөнгө төлөөгүй.  Иймд Ч.Зулаас үндсэн зээл 15 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх 7 сарын хүү 10 500 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцоход үндсэн зээлээс илүү гарсан тул 50 хувиар тооцон 7 500 000 төгрөг нийт 33 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Зулаас шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Б.Заантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Энхбатаас 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөг авсан. Мөн гэрээг 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгасан нь үнэн. Уг зээлийн хүү сарын 10 хувь буюу Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкнуудын зээлийн хүүгийн хамгийн өндөр хэмжээнээс 5 дахин их хүү нь зээлдэгч миний эрх ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байдаг тул хүүтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин зээлийн үндсэн төлбөр 15 000 000 төгрөгөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 500 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 13 500 000 төгрөг түүнд ногдох алданги 6 750 000 төгрөгийн хамт төлөхөд татгалзахгүй. Би 1 500 000 төгрөгийг зээлийн хүүнд биш харин үндсэн зээлд төлсөн гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Ч.Зулаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасны дагуу хүүг багасгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлийн хүүг арилжааны банкны хэмжээ буюу 1,7 хувиар тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Энхбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид харилцан зээлийн хүүг 10 хувиар тохиролцсон тул зээлийн хүүг банкны буюу 1,7 хувиар тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Зээлийн хүүг багасгах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.2, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Зулаас 27 000 000 төгрөгийг  гаргуулж  нэхэмжлэгч  Н.Энхбатад  олгож,  нэхэмжлэлийн  шаардлагаас  үлдэх 6 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг 1,7 хувиар тогтоолгох тухай хариуцагч Ч.Зулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322 950 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 292 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Зул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр ...зээлийн хүүг 1.7 хувиар тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүг багасгуулгахаар гаргасан хүсэлт гэж үзэж, зээлийн хүүг 50 хувиар бууруулж, сарын 5 хувь болгон багасгаж тооцох нь зүйтэй гэж хүү багасгах хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн үеийн банкнуудын дундаж ханшаар тооцсон 1.7 хувийн хүүг харгалзахгүйгээр, үндэслэлгүйгээр 5 хувийн хүү тогтоосон байна. Шүүх төлөгдөх ёстой төлбөрийн тооцоо хийхдээ алдаа гаргаж, 5 хувиар хүү тооцсон боловч 10 дугаар сард төлсөн төлбөр 1 500 000 төгрөгийг шууд хүүд тооцсон. Өөрөөр хэлбэл, хүүг 5 хувь болгож бууруулсантай холбогдуулан төлөгдсөн 1 500 000 төгрөгийн 50 хувийг хүүд тооцож, 750 000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой байтал үндсэн хүүгээс хасаагүй. Цаашлаад шүүх 8 сарын хүүг тооцсон явдал нь бодит нөхцөл байдалд нийцээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 7 сарын хүүг нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа нэмэгдүүлж, 8 сарын хүү тооцон шийдвэртээ заасан. Иймд үндсэн төлбөр 14 250 000 төгрөгөөс 7 сарын хүү 4 987 500 төгрөг, түүнээс хүүнд төлөгдсөн 750 000 төгрөгийг хасч хүүнд 4 237 500 төгрөг, төлөгдөөгүй үндсэн зээлд ногдох алданги 7 125 000 төгрөг буюу нийт 25 612 500 төгрөг төлөх ёстой. Иймд шүүх шийдвэр гаргахдаа тооцооллын алдаа гаргаж 1 387 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Энхбат нь  хариуцагч Ч.Зулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Н.Энхбат, Ч.Зул нар 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 15 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай байх нөхцлийг тохирч зээлийн гэрээ /хх-3/-г бичгээр байгуулж, талууд уг гэрээг 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 7 сарын хугацаагаар сунгасан /хх-4/ байна. Талууд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн үйл баримтын талаар маргаагүй, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

          Дээрх зээлийн гэрээний хүү илт их, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой гэж хариуцагчийн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зээлийн хүүгийн хэмжээг сарын 5 хувь болгон бууруулж тогтоосныг буруутгах үндэслэлгүй. Мөн энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

          Хариуцагч нь зээлийн төлбөрт 1 500 000 төгрөгийг төлсөн ба уг төлбөрийн хугацааны талаар хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сард төлсөн гэж маргасныг хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох зээлийн гэрээ болон гэрээ сунгасан баримтыг харгалзан үзэж, уг хугацааг 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэж тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Ч.Зул нь зээлийн гэрээний дагуу 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 15 000 000 төгрөг, сарын хүү 750 000 төгрөг нийт 15 750 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд үүнээс түүний төлсөн 1 500 000 төгрөгийг хасаж тооцоход зээлийн гэрээний үүрэг 14 250 000 төгрөгөөр тодорхойлогдож байна. Иймд тэрээр  зээлийн  гэрээний дагуу нийт 19 237 500 төгрөг /14 250 000+4 987 500 /14 250 000* 5 хувь* 7 сар/ төлөх үүрэгтэй байна.

 

         Нэхэмжлэгч Н.Энхбат нь алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон, хуульд зааснаар алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

         Талуудын  байгуулсан  зээлийн  гэрээний  дагуу  хуульд зааснаар алданги тооцоход 9 618 750 төгрөг болох боловч нэхэмжлэгч алдангийн хэмжээг 7 500 000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн хэмжээгээр тодорхойлох боломжтой байна.

 

Иймд хариуцагч Ч.Зулаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 26 737 500 /үндсэн зээл 19 237 500+7 500 000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхбатад олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 262 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

          Шүүх зээлийн гэрээний үүргийн шаардах эрхийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлаагүй тул зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

         Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Ийм дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/00734 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

     1 дэх заалтад “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1” гэж нэмж, “282.3“  гэснийг хасч, “27 000 000” гэснийг “26 737 500” гэж, “6 000 000” гэснийг “6 262 500” гэж,

              3 дахь заалтад “292 950” гэснийг “291 637” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Зулаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                        ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                             Д.БАЙГАЛМАА