| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00380/и |
| Дугаар | 389 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 389
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Сутай 1-45 тоотод оршин суух Буриадын Мөнхжаргалд холбогдох
зээлийн нийт төлбөр 3.481.525,03 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.654,4 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөгийг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө орлогоор хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Буриад овогтой Мөнхжаргал нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хас банктай зээлийн 1200012920 дугаар гэрээ байгуулж 5,554,032.32 /таван сая таван зуун тавин дөрвөн мянга гучин хоёр төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар, гучин зургаан сарын хугацаатай, 18 хувийн тогтмол хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Б.Мөнхжаргалд гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч нь ажлаасаа гарсан зээл төлөх чадваргүй болсон зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж цаашид зээлийн 1200012920 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Б.Мөнхжаргал нь зээлийн 1200012920 дугаар гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Б.Мөнхжаргалын зээлийн үлдэгдэл 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар: Зээлийн 1200012920 дугаар гэрээний үндсэн төлбөр 3.014.574,03 төгрөг, хүү 447.697 төгрөг нэмэгдүүлсэн хүү 19.254 нийт 3.481.525,03 төгрөг болоод байна. Зээлдэгч зээлээ төлж хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн нийт төлбөр болох 3,481,525.03 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 70654,4 төгрөг, нотариатаар гэрээ батлуулсны төлбөрт төлсөн 10,000 төгрөгийг тус тус Б.Мөнхжаргалаас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоор хангуулж, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Буриад овогтой Мөнхжаргал би 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хас банктай 1200012920 дугаар гэрээ байгуулж 5.554.032,32 /таван сая таван зуун тавин дөрвөн мянга гучин хоёр төгрөг, гучин хоёр мөнгө/ төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай, 18 хувийн тогтмол хүүтэйгээр авсан. 2015 оны 02 дугаар сард тодорхой бус шалтгаанаар Мандал Хүдэр ХХК /Мандал-Алтай/-ийн захирал н.Хуягбаатар халсан. Үүнээс хойш ажил хайсан боловч ажил олдоогүй. 2015 оны 11 дүгээр сард эрүүл мэндийн байдлаас болон Улаанбаатар хотод ирсэн. Элэгний В, С вирустай тул эмчилгээ хийх шаардлагатай болсон. Энэ хугацаанд эмчилгээ хийлгэсний үр дүнд одоо буцаад ажил хийх чадвартай болсон Хас банкнаас авсан зээлийг хэрэгжүүлэхээс санаатай татгалзсан зүйл байхгүй. Зээлийн нийт төлбөр 3.481.525,03 төгрөгийг төлж барагдуулна. Нотариатаар батлуулсны төлбөрт төлсөн 10.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хас банкны Говь-Алтай салбар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Сутай 1-45 тоотод оршин суух Буриадын Мөнхжаргалд холбогдуулан зээлийн нийт төлбөр 3.481.525,03 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.654,4 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөгийг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө орлогоор хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Б.Мөнхжаргал нь “....зээлийн нийт төлбөр 3.481.525,03 төгрөгийг төлж барагдуулна, нотариатаар батлуулсны төлбөрт төлсөн 10.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.654,40 төгрөгний тал хувь болох 35.327,20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35.327,20 /гучин таван мянга гурван зуун хорин долоон төгрөг хорин мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.Мөнхжаргалаас 35.327,20 /гучин таван мянга гурван зуун хорин долоон төгрөг хорин мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, зээлийн нийт төлбөр 3.481.525,03 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.654,4 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөгийг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө орлогоор хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Сутай 1-45 тоотод оршин суух, /РД:ДЭ73012506/, Буриадын Мөнхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.654,40 төгрөгний тал хувь болох 35.327,20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35.327,20 /гучин таван мянга гурван зуун хорин долоон төгрөг хорин мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.Мөнхжаргалаас 35.327,20 /гучин таван мянга гурван зуун хорин долоон төгрөг хорин мөнгө/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН