Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 307

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга  хөтлөн

улсын яллагч  Н.Энхболд

шүүгдэгч Г.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Ид холбогдох эрүүгийн 2005007310363 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

Г.И нь 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37а байрны 18 тоотод хамтран амьдрагч иргэн Э.Ныг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, 2 нүдний салст, бүсэлхий шилбэ, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн өгзөг, дээд уруулын зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.И шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Н мөрдөн байцаалтанд: “2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 2020 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө нөхөр Игийн хамт “Аяз” караокед 23 цагийн үед ороод нэг, нэг шилтэй Калтенберг пиво аваад би ууж дуусгаад И талыг нь уугаад дуулаад сууж байтал нөхөр утсан дээрээ байсан порно бичлэгээ надад үзүүлээд энэ хүүхэн чи байна гэсэн. Тэгэхээр нь би зүгээр байгаарай гээд уйлаад зайлаач гээд утсыг нь цааш түлхсэн чинь миний баруун хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би уйлаад дээшээ гарч гүйсэн. Тэгсэн чинь зөөгч нь тооцоогоо гээд зогсож байтал И араас гарч ирээд хэрэлдсэн. Тэгээд би гараад явсан. И тооцоогоо хийчихээд караокед үлдсэн. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь утас руу нь залгасан чинь И би гэртээ байна хүрээд ир гэсэн. Тэгээд би гэрт очиход И гэртээ ганцаараа байсан. Тэгснээ надад хүрч ирээд чи ямар даварсан гичий вэ гээд миний үснээс арагшаа татсан.  Тэгэхээр нь би чи яагаад хүний үснээс зулгаагаад байгаа юм давраад байгаарай гэсэн чинь миний үснээс татаж арагшаа унагасан. Тэгээд миний амруу даавуу чихсэн. Тэгээд би даавууг нь сугалж аваад болиоч гэсэн чинь миний бөгс, бөөр рүү өшиглөөд хамар руу бас цохисон. Тэгээд хамарнаас цус гарсан. Иэдэрбаясгалан миний нүд, хамар, уруул руу цохиж, өгзөг рүү өшиглөж учруулсан...өмнө  нь намайг 1 удаа зодож нүд айхтар хөхрүүлж байсан. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2192 дугаартай “Э.Нын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, 2 нүдний салст, бүсэлхий, баруун шилбэ, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн өгзөг, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь 2020 оны 2 дугаар сарын 01-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 28/

 

Яллагдагчаар Г.И мөрдөн байцаалтанд: 2020  оны 01 дүгээр сарын 31-ний 22 цагийн үед би хүргэн ахын гэрээс гараад явж байтал Н хаана байна гээд залгасан. Өглөө нь бид хоёр жаахан маргалдсан байсан. Н уулзаад эвлэрье гээд залгасан. Тэгэхээр нь би гэрийн гадаа ирэхэд Н гэрийн гадаа зогсож байсан. Тэгээд бид хоёр гэртээ ороод амрахаар болсон чинь Н хоёулаа ганц пиво уугаад ганц цаг дуулчихаад орьё гэхээр нь караокед ороод 0,5 гр шилтэй 1, 1 ширхэг пиво уусан. Тэгээд дуулцгааж байгаад хэрүүл болсон. Н миний утсыг авч үзсэн. Н миний утсанд байсан порно кино үзчихээд чи байна гээд тэрүүгээр нил орилж чарлаад эхэлсэн. Тэгсэн зөөгч охин яагаад орилоод байгаа юм гэсэн чинь Н халтар минь чамд хамаагүй зайлаач гэхээр нь би наад хүн чинь ажлаа хийж байна гэсэн чинь Н чи яасан энэ хүүхэнд хандраад байгаа юм уу гээд хэрэлдсэн. Тэгээд миний утсыг Н хана руу шидсэн. Би утсаа аваад хоёулаа гаръя гэсэн чинь над руу нулимсан. Тэгэхээр нь би зүүн хацар руу нь алгадсан. Тэгээд намайг зодчихлоо гээд Н хашгираад байхаар нь өрөөнөөс гараад явсан. Тэгээд бид караокены гарах хаалганы тэнд зогсож байтал Н над руу үүдэнд байсан ус буцалгагчтай усыг шидсэн. Тэр буцалгагч намайг оноогүй. Тэгээд нэг эрэгтэй зөөгчтэй хамт бид хоёр Ныг караокеноос 00 цагийн үед гаргасан. Би тооцоо хийх гээд буцаж ороод байж байтал Н караокены хаалга өшиглөөд байсан. Тэгэхээр нь би гараад чи яах гээд байгаа юм гэртээ хариад унтчих гэсэн чинь үгэнд орохгүй байсан. Намайг тооцоо хийж байх хооронд Н миний машины улсын дугаарыг унагаагаад толь хагалсан байсан. Өмнө нь миний машины шилийг бас хагалж байсан. Тэгээд би тоолгүй харьж унт гэсэн чинь Н такси бариад яваад өгсөн. Тэгээд 4-5 минутын дараа Н над руу залгаад яасан зүгээр үү гөлөг минь гэхээр нь би чи яагаад миний машины толийг хугалж байгаа юм гэхэд яадаг юм хохино гэсэн. Тэгээд би утсаа салгаад гэр рүүгээ орж байхад Н байн байн залгаад байсан. Тэгэхээр нь би утсаа унтраагаад гэртээ ороод хэвтэж байтал гэрийн хаалга өшиглөөд хаалга онгойлго, гөлөг минь чамтай би алалцмаар байна гээд орилоод байсан. Хаалганы бариул хугалсан байсан. Би палкон дээр гараад би гадаа машиныхаа энд зогсож байна хүрээд ир гээд Н руу худлаа хэлж залгасан. Тэгсэн чинь хэсэг чимээгүй байж байгаад дахиад ирээд хаалга нүдсэн. Утасны чинь гэрэл цонхоор чинь харагдаад байна гөлөг минь айгаагүй бол цонхоо онгойлго гээд орилоод байсан. Тэгээд би хаалга онгойлгосон чинь намайг маажих гээд дайрсан. Тэгээд би хоёр гарыг нь бариад авсан чинь миний гуя руу өшиглөсөн. Тэгээд намайг нулимахаар нь би хацар руу нь 2 удаа алгадсан. Тэгсэн аймаар орилоод уйлаад байсан. Тэгээд би буйдан дээр суугаад одоо яв гэхэд Н хутга авах гээд гал тогооны өрөө рүү гүйсэн тэгэхээр нь би яах гээд байгаа ядаргаа вэ гээд 3 удаа баруун зүүн хацар руу нь алгадсан. Тэгсэн хамарнаас нь цус гарсан...би дахиад алгадаад зүүн гуяны ар тал руу нь 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотолсон ял шалгах хуудас /хх-ийн 52/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 56-61/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.И 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37а байрны 18 тоотод хамтран амьдрагч Э.Нтай маргалдан зодож бие махбодид нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, 2 нүдний салст, бүсэлхий шилбэ, дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн өгзөг, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь: 

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Г.Игийн “...тэгээд намайг нулимахаар нь би хацар руу нь 2 удаа алгадсан. Тэгсэн аймаар орилоод уйлаад байсан. Тэгээд би буйдан дээр суугаад одоо яв гэхэд Н хутга авах гээд гал тогооны өрөө рүү гүйсэн тэгэхээр нь би яах гээд байгаа ядаргаа вэ гээд 3 удаа баруун зүүн хацар руу нь алгадсан. Тэгсэн хамарнаас нь цус гарсан...би дахиад алгадаад зүүн гуяны ар тал руу нь 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/, хохирогч Э.Нын“...миний баруун хацар руу нэг удаа алгадсан...чи ямар даварсан гичий вэ гээд миний үснээс миний үснээс татаж арагшаа унагасан. Тэгээд миний ам руу даавуу чихсэн. Тэгээд би даавууг нь сугалж аваад болиоч гэсэн чинь миний бөгс, бөөр рүү өшиглөөд хамар руу бас цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/ болон шинжээчийн 2192 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Г.Иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Г.Ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Ид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.И гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.И гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Г.Ид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.