Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 394

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 1-26 тоотод оршин суух, Харчин овогт Сэвжжавын Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай Эм хангамж ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажиллаж байх хугацааны буюу 2016 оны 07 дугаар сарын цалин мөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Отгонцэцэг, хариуцагч Ц.Ганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сэвжжав овогтой Отгонцэцэг нь 1990 оны 10 дугаар сард Говь-Алтай аймгийн “Эм Хангамж” ХХК-д анх ажилд ороод 27 жил энэ байгууллагад ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүрэг даалгаврыг хангалттай сайн биелүүлэн үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл захирал Ц.Ганчимэг нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халсан тул гомдолтой байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Ганчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай “Говь-Алтай Эм хангамж ХХК-д С.Отгонцэцэг нь 1990 онд анх үйлчлэгч, шил угаагчийн ажилд томилогдон ажиллаж байх хугацаандаа 2009-2011 оны хооронд АУК-ийн төгсөн өөрийн хүсэлтээр Капитал эмийн санд жор баригчийн албан тушаалд орсон. С.Отгонцэцэг нь эмийн сангийн жор баригчийн ажлыг хийж байхдаа сар бүрийн тооллогоор дутагдал гаргаж өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд улмаар 2016 оны 04 дүгээр сарын тооллогоор 866.623,91 төгрөгийн дутагдал гаргасан тул 2016 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн 04 тоот тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл, 2016 оны 05 дугаар сарын тооллогоор 437.318 мянган төгрөгийн дутагдал дахин гаргаж компанид 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1347403.91 мянган төгрөгийн хохирол учруулсан тул №05 тушаалаар цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл тус тус ногдуулж, дахин зөрчил гаргавал  ажлаас  халахыг  анхааруулж  байсан. Мөн төв компаниас 2016 оны 08 дугаар

2

сарын 01-ний өдөр орон нутаг хариуцсан албанаас хяналт, шалгалт ирж 08 дугаар сарын 02-ны өдөр С.Отгонцэцэгийн хариуцаж буй эд хөрөнгөд тооллого хийхэд 60899 төгрөгийн дутагдал гаргаж нийт 1408302,91 мянган төгрөгийн хохирлыг компанид учруулсан бөгөөд байгууллагын хөрөнгийг дур мэдэн өөр байгууллагад зээлдэг, байгууллагын орлогоос хувьдаа бэлэн мөнгө завшиж санаатайгаар хөдөлмөрийн ноцтой зөрчлийг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан тул 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 тоот тушаалаар ажлаас халсан. Шалгалтын ахлагч С.Отгонцэцэгийг тус компанид олон жил ажиллаж байгаа тул албан тушаал бууруулж үйлчлэгчийн албан тушаалд авах санал тавихад хүлээн зөвшөөрөөгүй тооллогын дараа эмийн сангийн түлхүүрийг хүлээлгэн өгөх шаардлага тавихад санаатайгаар түлхүүрийг авч зугтаасан, компанийн 2 өдрийн борлуулалтыг санаатайгаар тасалдуулж компанид хохирол учруулсан бөгөөд компанид учруулсан өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Иймд манай компани нь С.Отгонцэцэгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч С.Отгонцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч С.Отгонцэцэг нь Говь-Алтай Эм хангамж ХХК-д жор баригчаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ажилд томилсон болон тушаал,  ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч С.Отгонцэцэг нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаартай ажлаас халах тухай тушаалыг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт  нөхөн  бичилт  хийлгэх  гэсэн шаардлагыг бүхий нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явц, ажлаас халах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч ажилтанг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байна.

Монгол Эм Импекс концерн Говь-Алтай аймгийн Эм хангамж ХХК нь С.Отгонцэцэгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 44 дүгээр зүйлийн 44.2.1 , 44.2.13 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.8, 8.2 дахь заалт болон эм барааны тооллогын акт, төв компаниас очсон хяналт шалгалтын багийн хурлын тэмдэглэл, ажилтны гэм буруугаа хүлээсэн тайлбар зэргийг тус тус үндэслэн С.Отгонцэцэг нь сар бүрийн тооллогоор дутагдал гаргадаг байсан,  улмаар 2016 оны 04 дүгээр сарын тооллогоор 866.623,91 төгрөгийн дутагдал гаргасан тул 2016 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн 04 тоот тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл, 2016 оны 05 дугаар сарын тооллогоор 437.318 мянган төгрөгийн дутагдал дахин гаргаж компанид 2016 оны 06 дугаар сарын  25-ны  өдрийн байдлаар 1347403.91 мянган төгрөгийн хохирол учруулсан

3

тул №05 тушаалаар цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл тус тус ногдуулж, дахин зөрчил гаргавал ажлаас халахыг анхааруулж байсан, мөн төв компаниас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр орон нутаг хариуцсан албанаас шалгалт ирж 08 дугаар сарын 02-ны өдөр С.Отгонцэцэгийн хариуцаж буй эд хөрөнгөд тооллого хийхэд 60899 мянган төгрөгийн дутагдал гаргаж, нийт 1408302,91 мянган төгрөгийн хохирлыг компанид учруулсан бөгөөд байгууллагын хөрөнгийг дур мэдэн өөр байгууллагад зээлдэг, байгууллагын орлогоос хувьдаа бэлэн мөнгө завшиж санаатайгаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан, мөн зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан байгаа боловч уг ноцтой гэж үзэх зөрчил болон удаа дараа гаргасан сахилгын зөрчлүүд нь тус бүрдээ баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг. Ажлаас чөлөөлөх тухай тушаалд бичигдсэн зөрчил тус бүрийг шалгасан талаарх материал, зөрчил гаргагчийг оролцуулан хэлэлцсэн хурлын тэмдэглэл, санхүүгийн баримт, зөрчил гаргагчийн тайлбар, удаа дараагийн зөрчилд тухай бүр шийдвэрлэж байсан зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй байх бөгөөд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй юм. Хариуцагчаас хэрэгт гаргасан баримтууд нь тайлбар, тодруулгын байдалтай, зөвхөн нэг талын шинжтэй баримтууд байх тул тушаалуудын үндэслэлийг нотолж чадахгүй байна.

Иймд С.Отгонцэцэгийг урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай Эм хангамж ХХК-ийн жор баригчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Отгонцэцэгийн сүүлийн 3 сарын цалин буюу 2016 оны 5, 6, 7 дугаар саруудад ажиллан авсан цалингийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 420.000 + 420.000 + 336.000  = 1.176.000 : 3 сар = 392.000, 392.000 * 3 сар = 1.176.000, 8 дугаар сарын дутуу ажилласан ажлын хоног болох 13 хоногт ноогдох цалин 1.176.000 : 21.5 = 18.233 төгрөг, 18.233*13=237.029 төгрөг, 1.176.000 + 237.029 = 1.413.029 төгрөг байх тул 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл олговорт 1.413.029 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч 2016 оны 7 дугаар сарын цалинг төлбөрт суутгаж аваад олгоогүй гэх үндэслэлээр нэхэмжилсэн байгаа боловч энэ байдлаа хэрэгт нотлоогүй, нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийгдсэн байгаа зэргээс шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон С.Отгонцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай Эм хангамж ХХК-д даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай Эм хангамж ХХК-аас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн  шаардлагад  70.200  төгрөг,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах

4

шаардлагын хангагдсан хэмжээ 1.413.029 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 37.558 төгрөг, нийт 107.758 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Харчин Сэвжжавын Отгонцэцэгийг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай Эм хангамж ХХК-ийн жор баригчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С.Отгонцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин болох 1.413.029 төгрөгийг хариуцагч Говь-Алтай Эм хангамж ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2016 оны 07 дугаар сарын цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон С.Отгонцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай Эм хангамж ХХК-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай Эм хангамж ХХК-аас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.413.029 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 37.558 төгрөг, нийт 107.758 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН