Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 215

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Д.Агар

шүүгдэгч Э.Б

хохирогч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Быг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000010068 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Б.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт явж байсан Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн суудлын 275 дугаар галт тэргэнд иргэн Х.Ттай маргалдан улмаар нүүрэн тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 11 дүгээр сарын 25-нд Улаанбаатар чиглэлтэй вагонд суусан. Хохирогчтой вагоны суудлаас болоод маргалдаж нүүр рүү нь  нэг удаа цохиж гэмтээсэн. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогч Тыг дагуулаад би эмнэлэгээр явж  251.280 төгрөгийн эмчилгээний  тусламж үзүүлсэн. Хэрэг хийсэндээ гэмшиж байна. Бодит хохиролыг төлнө гэв.

Хохирогч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт:  2019 оны 11 дүгээр сарын 25-нд Зам-Үүд Улаанбаатар чиглэлийн вагоны 16 дугаар суудалд суугаад явж байхад суудал дүүрэн байсан. Энэ залуу гаднаас орж ирчихээд чи цаашаа суу гэж намайг хэлээд миний нүүрэн тус газар цохисон. Удалгүй  вагоны цагдаа нар ирсэн. Маргааш өглөө нь эмнэлэгээр явж зураг авахуулахад тооцоог Б хийсэн. Би бүх шинжилгээгээ өгсөн. Шинжилгээний мөнгийг нэхэж байна өөр мөнгө нэхэхгүй гэдгээ хэлсэн. Миний үзлэг оношлогооны зардалд 251.280 төгрөг Б өгсөн. Үүнд Лазер мед толгойны томографикийн зураг авахуулахад 100.000 төгрөг, Нэгдүгээр эмнэлэгийн чих хамар хоолойн үзлэгийн төлбөрт 16.200 төгрөг, Асралт мед эмнэлэгт 25.000 төгрөг,  Монос эмийн сан 90.080 төгрөг, Сод монгол группын 20.000 төгрөг нийт 251.280 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн. Шинээр нийт эмчилгээ хийлгэсэн баримтууд буюу эмийн сангаас эм тариа авахад 13.000 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээ гээд шинжилгээ хийлгэхэд 50.000, Эм Жи Жи эмнэлэгт үзүүлсэн 20.000 төгрөг, Хамрын хөндийд хийгдэх хагалгаанд 283.000 төгрөг, Мэс засалд 601.000 төгрөг, Асралт мед эмнэлэгт 24.500 төррөг,  Сод монгол бинзен колонкийн 19.400 төгрөгийн баримт гаргаж өгч байна. Эдгээр баримтуудын хуулбар хувиуд хэрэгт байгаа эх хувиудыг би аваад ирсэн тул хэрэгт гаргаж өгч байна. Би малчин хүн. Энэ асуудлаас болж малаа маллаж чадахгүй, хүнд нэг сарын 300.000 төгрөгийн хөлс өгч 2019 оны 12 сарын 15-наас 2020 оны 3 сар хүртэлхи хугацаанд маллуулсан. 

Эдгээр хохиролуудаа нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Х.Т мөрдөн байцаалтанд: “ Миний дүүгийн хүүхэд Доржпүрэв нь Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 0129 дүгээр ангид цэргийн алба хааж байгаа ба 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цэргийн тангараг өргөх баярт нь би оролцсон. Тэгээд  би баярт оролцчихоод 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаан-Уул өртөөнөөс Улаанбаатар чиглэлд явж байсан 275 дугаар галт тэрэгний 15 дугаар вагоны 15 дугаар суудал дээр зорчиж явсан. Би Улаанбаатарт ирээд оторлож байгаа газар болох Төв аймгийн Заамар сум руу явах гэж байсан  юм. Би  вагонд ганцаараа явж байсан ба миний хажуу талын болон дээд талын суудалд суух ёстой байсан 5 хүний хамт явж байсан. Тэр 5 хүний 2 хүн буюу эрэгтэй,эмэгтэй хүн хоороноо маргалдаад байсан. Тэгж байгаад гэнэт нөгөө маргалдаад байсан залуу надад хандаж хөгшин зөнөг нохой минь бос би сандал дээрээ суумаар байна гэж хэлэхээр нь би уг залууд би өөрийнхөө сандал дээр сууж байна эсрэг талын сандалд зай байна тэр сандал руу суу гэж хэлэхэд уг залуу дахиад надад хандаж хөгшин зөнөг нохой минь 32 шүдийг чинь унагаана шүү гэж хэлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед хажууд байсан хүмүүс уг залууг салгаад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд тэр залууг авч явсан. Бид нар өглөө Улаанбаатар хотод ирээд галт тэргэнд явж байсан цагдаа нар бид хоёрыг Төмөр замын цагдаагийн газар авч ирсэн. Төмөр замын цагдаагийн газарт би өргөдөл өгөх гэсэн боловч надтай маргалдсан залуу надаас уучлалт гуйгаад хоёулаа хоорондоо учраа олъё 100 юань өгье гэхээр нь би аваагүй. Миний эмчилгээний зардлыг өгвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлээд бид хоёр хоорондоо зохицоод явсан боловч уг залуу надад 200.000  төгрөг өгье гэж хэлсэн. Би тэр залуугаас эмчилгээний мөнгөө бүрэн гүйцэд авмаар байгаагаа хэлсэн. Миний нүүрэнд нэг удаа цохисон учир миний хамар хугарсан байна”  гэсэн мэдүүлэг  /хх-ийн 8-9/

 

Гэрч Т.Баасанжав мөрдөн байцаалтанд: "би аавыг Улаанбаатар галт тэргэнд явж байгаад үл таних хүнд зодуулсан байна...гэж хэлэхээр нь очсон. Анх эмнэлгийн байгууллагаар явж байхад хамт явж байсан хүн нь зодсоноо хүлээн зөвшөөрч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

Гэрчээр Төмөр зам дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа ажилтай Т.Бат-Ирээдүй мөрдөн байцаалтанд: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Улаанбаатар-Замын-Үүд, Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн суудлын 276/275  дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгээд явж байхад Улаан-Уул өртөө өнгөрөөд явж байхад 15 дугаар вагонд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу яваад очиход нэг залуу арай настай ахыг зодсон байсан. Зодуулсан гэсэн хүний хамарнаас цус гарсан байсан. Зодуулсан болон зодсон гэх хүнийг цагдаагийн өрөөнд оруулж болсон явдлын талаар асуухад зодуулсан гэх хүн нь суудлаас болж маргалдаад энэ залуу миний нүүр рүү цохисон гэж шууд зааж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

 

Гэрчээр Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депод үйлчлэгч ажилтай А.Хунцэнгэл мөрдөн байцаалтанд “...Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд явахад ачаалал их байсан.  Миний мэдсэнээр бол цэргийн тангараг өргөх ёслолд  очоод буцаж байгаа хүмүүс байсан. Ингээд хүмүүс их байсан учраас суудал давхацсан зүйл бол байсан. Би хүмүүсээ зохицуулчихаад галаа хийхээр таамбарт гарсан. Галаа хийгээд байж байхад намайг вагон дотроос нэг хүн хүмүүс хоорондоо маргалдаад зодоон болчихлоо гэж дуудахаар нь уг хүний заасан газар яваад очиход нэг залуу арай настай хүнийг цохиод авсан байсан. Тэр ахын хамарнаас цус гарсан байсан. Цохисон гэх залуу настай ах руу орилж дайраад байсан.  Би шууд цагдаад дуудлага өгөхөд хоёр цагдаа ирээд хүний биед халдсан хүнийг аваад явсан. Тэр залуу уг настай хүнийг миний мест дээр суулаа гэж хэлээд цохисон. Эхлээд залуу нь хэрүүл өдсөн гэж хэлсэн. Зодсон залуу нь эхнэрийн хамт явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

 

Яллагдагчаар Э.Б мөрдөн байцаалтанд: “Би БНХАУ-ын Эрээн хотод цайны газарт эхнэрийн хамт ажилладаг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө Монгол Улсад орж ирээд Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явах суудлын 275 дугаар галт тэргэнд суусан. Замын-Үүдээс галт тэргэнд суухдаа тасалбар худалдаж аваагүй байж байгаад би галт тэрэгний үйлчлэгчээс тасалбар худалдаж аваад явж байхад Улаан-Уул өртөөнөөс хүмүүс нэмэгдэж орж ирсэн. Миний сууж байсан суудал дээр нэмэгдээд 2-3 хүн орж ирсэн. Тэгтэл Улаан-Уул өртөөнөөс нэмэгдэж орж ирсэн хижээл насны ах сандал дээр ганцаараа хөлөө алцаагаад суугаад байсан. Би уг ахаас хөлөө цаашлуулчих гэж 20-30 минут гуйсан. Гэвч хөлөө хумихгүй байсан. Тэгээд би уурлаад тэр ахын хамар руу нэг удаа гараараа цохисон. Тэгтэл тэр ахын хамарнаас цус гарсан. Энэ үйл явдлаас болоод цагдаа ирээд намайг авч явсан. Улаанбаатарт хотод ирээд тэр ахтай тохиролцоод явсан боловч хохирогч Тын  эхнэр мөнгө нэхээд түүнээс болоод үл ойлголцоод цагдаа дээр дахин ирж байсан.  Тухайн үед би 0 градустай пиво уусан байсан. Гэхдээ болсон үйл явдлыг бүгдийг санаж байна. Би бодит гарсан зардлыг барагдуулахад бэлэн байна. Гэхдээ миний цалин буугаагүй байна. Цалин буувал хохиролыг барагдуулахад бэлэн байна” /хх-ийн 95/ гэсэн мэдүүлэг 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 704 дугаартай “Х.Тын биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл  мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 26/

 

 

Хохирогч Х.Тын хохиролтой холбогдох баримт /хх-ийн 86-89/ болон шүүх хуралдаан дээр шинээр гаргасан 22 хуудас баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 914 дүгээртэй шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-39/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Улаан-Уул өртөө орчимд зорчиж явсан Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн суудлын 275 дугаар галт тэргэнд зорчигч Х.Ттай маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар Э.Бын“...би уурлаад тэр ахын хамар руу нэг удаа гараараа цохисон. Тэгтэл тэр ахын хамарнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95/, хохирогч Х.Тын “...би уг залууд би өөрийнхөө сандал дээр сууж байна эсрэг талын сандалд зай байна тэр сандал руу суу гэж хэлэхэд уг залуу дахиад надад хандаж хөгшин зөнөг нохой минь 32 шүдийг чинь унагаана шүү гэж хэлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/, гэрч Т.Баасанжавын"...би аавыг Улаанбаатар галт тэргэнд явж байгаад үл таних хүнд зодуулсан байна...гэж хэлэхээр нь очсон. Анх эмнэлгийн байгууллагаар явж байхад хамт явж байсан хүн нь зодсоноо хүлээн зөвшөөрч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/, гэрч Т.Бат-Ирээдүйгийн“...Улаан-Уул өртөө өнгөрөөд явж байхад 15 дугаар вагонд очиход нэг залуу арай настай ахыг зодсон байсан.   Зодуулсан гэсэн хүний хамарнаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, гэрч А.Хунцэнгэлийн“...нэг хүн хүмүүс хоорондоо маргалдаад зодоон болчихлоо гэж дуудахаар нь уг хүний заасан газар яваад очиход нэг залуу арай настай хүнийг цохиод авсан байсан. Тэр ахын хамарнаас цус гарсан байсан. Цохисон гэх залуу настай ах руу орилж дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/ болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 704 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/ хохиролын баримтууд  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Х.Ттай маргалдаж түүний нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд хяналтын прокуророос Э.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Э.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Улсын яллагчаас Э.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт авагдсан хохирол, хор уршигтай холбогдох баримтуудаас “ 2019 оны 12 сарын 15-наас 2020 оны 3 сарын 20-ны өдрийг дуустал сар тутамд 300.000 төгрөгийн хөлс өгч хүнээр малаа маллуулсан” гэх энэ өдрийн байдлаар тооцоолсон нийт 600.000 төгрөгийн нэхэмжлэл  нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин шүүгдэгч Э.Бын үйлдлийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдох хохирогч Х.Тын шинжилгээ, эмчилгээ, мэс засалд орсон болон эдгээртэй холбогдох нийт 1.451.380 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.   Үүнээс мөрдөн байцаалтын явцад хохирогчид шүүгдэгчээс төлөгдсөн 251.280 төгрөгийг хасаж тооцон үлдэх 1.200.100 төгрөгийг шүүгдэгч Э.Боос гаргуулж хохирогч Х.Тад олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

Э.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу өөрөөс нь олон насаар ах 52 настай Х.Тын эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.