| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0654/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 194
2020 03 16 2020/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Ц.Батбямба,
Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Л Бд холбогдох эрүүгийн “1911008070659” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1956 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эвлэрүүлэн зуучлагч ажилтай, ам бүл 1, Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр баг Номт, 27 дугаар байр, 9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Л Б, /РД: ................
Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт хохирогч Т.Туяацэцэгт “өмгөөлөгч байна” гэж танилцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 900,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Олон сар энэ хэргээр явлаа. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрнө. Би 65 настай. Болсон үйл явдал нь 10 дугаар сарын эхээр Энхтайван гэх хүн над руу залган “...Би нэг хүн явуулъя. Чи иргэний хэрэгт гаагүй юм чинь туслаад өгөөрэй. Орон сууцны маргаантай хүн байгаа...” гэж хэлсэн. Удалгүй 2 хоногийн дараа Туяацэцэг надтай холбогдсон. 11 дүгээр сарын 5-ны өдөр анхны уулзалт болж итгэмжлэл хийгээд эвлэрүүлэн зуучлалаар орсон. Эвлэрүүлэн зуучлалын гэрээ 7-10 хоногийн дараа гардаг учир 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ гарсан. Хамаатных нь Тунгалаг гэх хүнтэй уулзсан. Тэрээр “...Эвлэрэх боломжгүй байна. Би 1 дүгээр сарын 16-ны орой утасдаад “...Маргааш эвлэрүүлэн зуучлалын гэрээ гарна. мөнгөө авчраарай...” гэж хэлсэн. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт уулзан хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэл хийх гэсэн боловч итгэмжлэлийн маягт нотариатын байгууллагуудад байхгүй байсан. Би Туяацэцэгт хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэл надад байдаг. Одоогоор байхгүй байна. Гэхдээ би чиний өргөдлийг бичээд цагдаагийн байгууллагад өгье гэж хэлсэн. Туяацэцэг машинаа ломбарданд тавьж надад мөнгө өгсөн. Би цагдаад өгөх өргөдлийг нь бичиж өгөөд 400,000 төгрөг авсан. Урьд нь надад 100,000 төгрөг өгсөн байсан. 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар би нийт 600,000 төгрөг авсан байсан. Би өргөдлийг нь бичээд шууданд өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох бланк олдоогүй учир би хийгээгүй. Хүний нэр дээр бичигдсэн №74 дүгээр маягт гээд байгаа нь гэрээний нүүрэн дээр Рашзэвэг даргын нэртэй байсан. 12 дугаар сарын 3-ны өдөр хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэл хийсэн. Би арван жилийнхээ хүний ажил явдалд оролцоод ирээд байж байтал. Золжаргал мэдүүлэг авах гээд байна гээд хамт явъя гээд Туяацэцэг намайг дуудсан. Би хувцасаа солиод ирье гэтэл яах юм бэ? гэсэн. Өмссөн зүүсэн зүс царайгаар намайг дүгнэж намайг оруулахгүй гэснээс болж бид маргасан. Хууль ёсны төлөлөөгчөөр бөглөсөн итгэмжлэлээ би үзүүлсэн боловч өмгөөлөгч биш байна гээд намайг оруулаагүй. Прокурор Булганчимэг, Золжаргал нар дарамталсан тул Туяацэцэг мэдүүлгээсээ буцсан. 16-ны өдөр гэхэд би 1,300,000 төгрөг авсан. Би буцаагаад 1,300,000 төгрөг өгсөн. Туяацэцэг цагдаа шүүх болоод ирхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан байсныг Н.Булганчимэг прокурор сэргээн яллах дүгнэлт үйлдээд Төв аймагт байсан миний хүүтэй ижил хүнийг прокурор оруулж намайг мэтгэлцүүлж байгаа нь харамсалтай байна. Хүмүүс надаас тусламж гуйдаг учраас би тусалдаг. Надад зарим нь та өмгөөлөгч биш гээд мөнгөө буцааж авдаг. Цагдаа дээр би нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан. Танд эрүү үүссэн байна гэж миний амьдралд хар толбо боллоо...” гэх
Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Туяацэцэг гэх эмэгтэй өөрийн байрныхаа бичиг баримтыг өөрийн ах, дүүдээ алдаад удаж байгаа талаар 2018 оны 10 дугаар сард хэлсэн. Тэгээд би 20 хоногийн дараа Туяацэцэгтэй Чингэлтэй дүүргийн эвлэрүүлэн зуучлах газар уулзаад эхний ээлжинд эмээ нь нас барсан ажил явдалтай 7 хоноогүй байг аа юм байна хүн чанарын хувьд цагдаа, шүүх болох эвгүй байна эвлэрүүлэн зуучлахаар оръё гэж хэлээд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний итгэмжлэл хийгээд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон. Энэ ажиллагаанд Туяацэцэг эгч Тунгалаг ирээд бид нар эвлэрээгүй. Яагаад гэхээр Туяацэцэгийн нөхөр нь дарамталдаг бөө гэж хэлснээс болсон. Тэгээд иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жилийн дотор дуусах гээд 2 дугаарт ах Содгэрэл гэх хүн нь Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа тэндээсээ ирэхгүй байсан учраас ийм зүйл болсон. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгч Золжаргал гэгч байцаагч дуудсан гэж хэлсний дагуу Туяацэцэгийн хамт Золжаргал байцаагч дээр ирсэн чинь Золжаргал та өмгөөлөх эрхгүй юм байна гэж хэлэхээр нь би хууль ёсны төлөөлөгчөөр орно гэсэн чинь орж болохгүй гээд оруулахгүй болохоор нь би байцаагч Золжаргалтай маргачихаад гарч яваад Нямсүрэн прокурор дээр очиж уулзаж хэлсэн чинь хувь хүн өөрөө мэдэж байгаа байх гэж хэлсэн. Тэгээд би Туяацэцэгийн гаргасан гомдол татгалзсан гэдгийг мэдээд тогтоолыг аваад өөрөө ерөнхий прокурорт гомдол гаргаж дараа нь улсын прокурорт дахин гомдол гаргасан тухайн үед би Туяацэцэгтэй уулзаад тохиролцсоны үндсэн дээр мөнгийг нь аваад нотариатаар орох гэсэн чинь нотариатаар орж батлуулах гэтэл батлахгүй гэж хэлсэн. Тэр үед би миний цүнхэнд 1 хуудас өмгөөллийн туслалцаа үзүүлэх гэрээ маягт байсан дээр нэрийг нь дараад Туяацэцэгээр мөнгөний хэмжээ бичүүлээд өгч явуулсан. Нөхөр нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаа авч ир гэж хэлсэн гэж хэлж байсан. Би Туяацэцэгтэй өмгөөллийн гэрээ хийгээгүй би хийдэг ч үгүй. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр нилээн их хэрэгт орсон. Урьдчилгаа мөнгөө авахгүй бол миний мэдлэг, оюун ухааныг ашиглаад замын дундаас буцдаг хүмүүс их байдаг...”, “...Хэрэгт авагдсан хууль ёсны туслалцаа үзүүлэх гэрээн дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн учир нь Туяацэцэгийн нөхөр нь мөнгө хүлээлцсэн тухай баримт авч ирээрэй гэсний дагуу би гарын үсэг зурж мөнгөний хэмжээг бичүүлсэн байгаа. Миний авсан мөнгөн дүн тохирч байна. Би гэрээ хийгээгүй. Угаасаа л хийдэггүй ...” гэх /хх-ийн 47-48х/,
Хохирогч Т.Туяацэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байрны маргаантай асуудлаар хууль зүйн туслалцаа авахаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Орчуулгын товчоон дотор нэгэн нотариатын газарт өмгөөлөгч гэх Б гэх хүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж нийт 800,000 төгрөгөөр гэрээ байгуулж урьдчилгаа 400,000 төгрөг бэлнээр өгч байсан ба энэ асуудлыг Б авч танилцаад би өмгөөллийн ажлыг олон жил хийж байна. Шүүх хуралд оролцоод явдаг гэж хэлж байсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрүүлэн зуучлахаар орж хурал болж энэ хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй. Ингээд би хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд цагдаад хандахаар болсон. Энэ үед өмгөөлөгч гэх Л.Б нь өмгөөллийн мөнгөний үлдэгдэл 500,000 төгрөг мөн цагдаагийн байгууллагад хандаж байраа үнэлүүлвэл 400,000 төгрөг болдог юм гэж хэлж надаас 900,000 төгрөгийн бэлнээр авч байсан...”, “...Тэр өдрөө өмгөөлөгч байна хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийнэ гэж хэлээд өөрийнхөө цүнхнээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн бичигтэй өөр хүний нэртэй цаас гаргаж ирээд нэрийг нь дарж байгаад гэрээ хийж байсан....”
гэх /xx-ийн 17-18, 41х/,
Гэрч Ж.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би Эрүүгийн 191100455 дугаартай Туяацэцэгийн гомдол гаргасан хэргийг шалгаж байгаа ба анх Туяацэцэг нь өргөдөл гаргаж ирэхдээ Л.Б гэх настай эмэгтэйгээр өргөдөл өгч оруулсан. Би Б гэх хүнээс өргөдөл гаргаж байгаа хүн нь хаана байгаа вэ гэж асуухад гадаа байгаа би энэ Туяацэцэг гэх хүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох гэж байгаа юм гэж хэлээд гэрээг надад үзүүлэхээр нь би хохирогч нь өөрөө байна шүү дээ энэ гадаад яваагүй, өөрөө байгаа учраас хохирогч өөрөө орно шүү дээ, таныг оролцуулахгүй гэхэд Б нь уурлаад чи хуулиа унш би өчнөөн олон жил шүүгч хийсэн хүн гэж хэлээд загнаад гараад явчихсан. Түүний дараа удалгүй Туяацэцэгийг дагуулж орж ирэхээр нь би Туяацэцэгээс гэрчийн мэдүүлэг авах гэж байна. Та гарч бай гэсэн чинь би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхтэй хүн учраас байцаалтад хамт сууна гэхээр нь би Туяацэцэг гэх хүн чинь өөрөө биеэрээ байж байна. Танд ямар нэг өмгөөллийн гэрээ байгаа юм уу гэхэд надруу уурлаад Туяацэцэгийн мэдүүлэг өгөх хэрэггүй явъя гээд дагуулаад гарах гэхээр нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэснээр байцаалтыг дуусгаж Туяацэцэгээр гарын үсэг зуруулсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Б дахин Туяацэцэгийг дагуулж орж ирээд мэдүүлгийг нь өгүүлье гэж хэлээд Туяацэцэгийг үлдээгээд гараад явсан. Тухайн үед Туяацэцэг ганцаараа мэдүүлэг өгч би тус материалыг татгалзах саналтай прокурорт шилжүүлж хяналтын прокурор гэмт хэргийн шинжгүй гэдгээр татгалзаад Улсын Ерөнхий Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж ирүүлсэн байсан. Туяацэцэг надад хохирогчоор мэдүүлэг өгч байхдаа Л.Б гэх хүн надад анх танилцаж хэлж байхдаа өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ гэж хэлээд надаас мөнгө авсан. Энэ талаар би танай хэлтэст өргөдөл гаргах гэж байгаа гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа Б ганцаараа миний өрөөнд орж ирээд чи Туяацэцэгт янз бүрийн юм ярьж намайг өмгөөллийн эрхгүй залилсан байна өргөдөл өг гэж өгүүлсэн байна. Би түүнээс авсан хэдэн төгрөгөө эргүүлээд өгчинө гэж надтай маргалдаж орж ирсэн ...” гэх /хх-ийн 43х/,
Гэрч М.Мягмарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Б гэх хүний танина. Манай эхнэр Туяацэцэг ах, дүү нартайгаа эд хөрөнгийн маргааны улмаас өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авах хэрэгтэй болсон юм. Манай эхнэр Туяацэцэг таньдаг хүнээрээ дамжуулаад өмгөөлөгч олсон гэж хэлсэн. Тэр өмгөөлөгч нь Л.Б гэдэг хүн юм. Тэгээд би эхнэрийн хамт Б өмгөөлөгчтэй уулзахад өмгөөллийн хөлс 800,000 төгрөг болно байраа цагдаагийн газраас үнэлгээ хийлгээд 500,000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгээд өмгөөллийн гэрээ хийгээд өмгөөллийн хөлсний урдчилгаа 400,000 төгрөгийг бэлнээр Бд өгсөн...” гэх /хх-ийн 44х/,
Монголын Хуульчдын Холбооны албан тоот /хх-ийн 61х/,
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 74х/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Б зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй, хувийн байдал болох 64 настай зэргийг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б нь хохирогч Т.Туяацэцэгийн хохирлыг барагдуулсан мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Л Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД