Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 396

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 8-12 тоотод оршин суух Сай оюут Загдаагийн Энхтуяагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Энхтуяа, гэрч Д.Сугармаа, гэрч Б.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Сай оюут овогтой Энхтуяа нь 1961 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүлийг хамгаалах газрын 3 дугаар яслид асрагч багшаар 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1955 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сувиллын 2 дугаар яслид асрагч багшаар тус тус ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн гээгдүүлсэн. Мөн архивт бичиг баримт байхгүй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн готлох баримтыг үндэслэн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Эрүүлийг хамгаалах газрын харьяа 3 дугаар яслид асрагч, багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. 1992 оны 09 дүгээр сард 2 дугаар ясли руу шилжүүлэн ажиллуулсан. Энэ хугацаанд ашиглаж байсан хөдөлмөрийн дэвтэр алга болсон. Нийгмийн даатгалд хандахад шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн. Би Архиваас яслитай холбоотой баримт байхгүй байсан учир боломжит нотлох баримтуудаа цуглуулж өгсөн байгаа гэв.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Алтай хотын 3 дугаар яслид цэцэрлэгийн асрагч багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг

2

дуустал Алтай хотын 2 дугаар яслид асрагч багшаар ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн дэвтрийн хуулгад Загдаагийн Энхтуяа 1961 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, ажлын тухай мэдээ гээд “...1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Алтай хотын III яслид асрагчаар авч ажиллуулав, Говь-Алтай аймгийн Алтай хотын III яслийн эрхлэгчийн 1981 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн I-р тушаалаар…” гэсэн, Эрүүлийг хамгаалах газрын харьяа 3 дугаар яслид асрагч багш ажилтай байсан Загд овогтой Энхтуяагийн 1983 оны 02 дугаар сараас 1985 оны  05 дугаар сар хүртэл авч байсан цалингийн тодорхойлолт, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47/32 дугаар тогтоолоор VII жилийн гавшгайч тэмдэгээр шагнасан үнэмлэх, 1988 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Талархал”, Алтай хотын III яслийн эрхлэгчийн 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай “ажилд шилжүүлэх тухай тушаал”, 3 дугаар яслийн 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Алтай хотын III яслийн эрхлэгчийн 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаартай “яслийн бага тушаалын ажилчдын цалинг нэмэгдүүлэх тухай тушаал”, 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай “ажилчдын 1991 оны ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1991 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “өвчтэй хүмүүсийн оронд түр хугацаагаар хүн авч ажиллуулах тухай” тушаал, 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай “яслийн саалинд явсан зарим ажилчдад илүү цагийн хөлс олгох тухай” тушаал, 1991 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 1992 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “зарим хүмүүсийг түр ажиллуулах тухай” тушаал, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолт, 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “цалингийн сүлжээ мөрдөх тухай” тушаал, 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай “ажилчид ажилд томилох тухай” тушаал, Алтай хотын II яслийн эрхлэгчийн 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай “зарим ажилчдын ажил өөрчлөх ба ажилчид түр ажиллуулах тухай” тушаал, 1993 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай “ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн”ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1992 оны 01 дүгээр сарын 2 дугаар хагасын цалингийн тооцооны хүснэгт, 1992 оны 01 дүгээр сард хүчээ түр алдагсдад олгосон тэтгэмжийн хүснэгт, 1992 оны 01 дүгээр сараас 1995 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалингийн тодорхойлолт болон гэрч Д.Сугармаа, Б.Сарангэрэл нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймд Сай оюут Загдаагийн Энхтуяаг 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Алтай хотын 3 дугаар яслид цэцэрлэгийн асрагч багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Алтай хотын 2 дугаар яслид асрагч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сай оюут Загдаагийн Энхтуяаг 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Алтай хотын 3 дугаар яслид цэцэрлэгийн асрагч багшаар, 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Алтай хотын 2 дугаар яслид асрагч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН