| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 475 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч Ц.Уранцэцэг,
Гэрч Г.Отгонбаяр,
Хохирогч Б.Батчулуун, түүний өмгөөлөгч С.Сансартуяа,
Шүүгдэгч Ж.О , түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.О ид холбогдох эрүүгийн 1906 05684 0113 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 6 дугаар сарын 22-нд Төв аймаг Зуунмод хотод төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, 63 настай, эрэгтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, ачийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн тоотод түр оршин сууж байгаа, гавъяа шагналгүй,
Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил албадан ажил хийлгах ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ж.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Давааны ам гэх газарт Д.Батчулууныг модоор цохиж биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би гэртээ байхад ар талын хашаанд машин дуугарч байсан. Би гадаа хашаа хадаад сууж байхад манай хүүхэд “гадаа согтуу хүн байна” гэж хэлэхэд би хөгшнөө явуулсан. Удалгүй манай хүн “амь авраарай” гэж орилоход нь би очсон. Намайг очиход Б.Батчулуун нь манай хөгшнийг багалзуурдсан зогсож байсан. Би очиж салгаад 2 мөр рүү нь цохисон. Далан дундуур нь 2-3 удаа цохисон нь үнэн. Дараа нь цагдаа ирсэн. Одоо хохирогчоос уучлал гуйж байна. Миний буруу.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батчулуун мэдүүлэхдээ: “...Би тухайн өглөө усанд явж байхдаа би С.Батболдтой уулзсан. С.Батболд бид 2 муудалцаж байхад “аллаа” гэж орилоход эхнэр нь гарч ирээд бас муудалцаад орилоод явахад Ж.Отгонжаргал намайг ирж хэрцгийгээр зодсон. Шүүгдэгч буруугаа хүлээн зөвшөөрч надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй, хохирол төлбөрөө төлөөгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Отгонбаяр мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Б.Батчулуун манайд ус авчирч өгсөн. Би гэртээ байж байхад “аллаа” гэж хүн орилж байхад Ж.О ийн эхнэртээ муудалцаж байгаад Б.Отгондорж ах Д.Батчулууныг зодсон. Ж.О нь Батчулууны хөл рүү нь цохисон.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Батчулууны өгсөн мэдүүлэг /хх-23-33, 34-35/, гэрч Г.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-37-38/, гэрч Б.Оргилболдын өгсөн мэдүүлэг /хх-44-46/, гэрч С.Батболдын өгсөн мэдүүлэг /хх-48-49/, гэрч Д.Сарангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-61-62/, гэрч О.Буяннэмэхийн өгсөн мэдүүлэг /хх-66-67/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11544 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-21/, шинжээч эмч Ц.Бадралын өгсөн мэдүүлэг /хх-73-74/, Ж.О ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-36-37/, С.Түмэндэмбэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-50-51/, гэрч Ц.Долгорсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-52-54/, хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-128-130/, Гэмтэл Согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн өвчтөн Б.Батчулууны өвчний түүх /хх-132/, шүүгдэгч Ж.О ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-86/, шинээр хохирол нэхэмжилсэн 7 хуудас баримт, 1 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт, банкны дансны хуулга зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Давааны ам гэх газарт Д.Батчулууныг модоор цохиж биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батчулууны өгсөн: “...Манайх 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр унага тамгалах найр хийсэн. Маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Н.Төмөрхүүгийн нөхөр бүдүүн шургаа мод бариад хүрээд ирсэн. Тэгээд нөгөө модоороо миний ууц, нуруу руу нилээн хэдэн удаа цохихоор нь би машин руугаа гүйсэн. Тэгсэн миний араас нөгөө шургааг модоороо нуруу, сээр рүү цохиод гүйгээд байсан. Тэгсэн би машин руугаа хүрч чадалгүй ухаан алдаад уначихсан. Би нэг ухаан ороход газар хэвтэж байсан. Тэгсэн Ж.О гүйж ирэнгүүтээ баруун талын шанаан тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгснээ дахиад миний зүүн талд гараад миний зүүн талын шанаан тус газар хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэгснээ намайг газар дээшээ хараад хэвтэж байтал миний цээжин дээр хөлөөрөө дэвслээд байсан. Хэдэн удаа дэвсэлснийг мэдэхгүй би гараараа нүүрээ дараад л хэвтэж байсан. Би өөрийнхөө цагаан өнгийн пронтер маркийн автомашинаар усандаа явсан. Намайг газар унасан хойно Ж.О шургаа модоор цохиод 2 талын шанаан тус газар хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би хоёр хөлөөрөө атиртал миний хоёр хөл рүү нөгөө шургааг модоороо хаа хамаагуй цохиод байсан. Миний биед учирсан гэмтлийг Ж.О намайг зодож, надад учруулсан. Би Ж.О ид зодуулахаасаа өмнө 2 хөл дээрээ зүгээр яваад машинаа бариад явж байсан. Намайг Ж.О ид зодуулаад газар хэвтэж байхад түргэний машин ирээд намайг аваад явах гээд босгох гэтэл би хоёр хөл дээрээ зогсож чадахгүй. Хоёр хөл өвдөөд намайг носелкон дээр хэвтүүлээд гэмтлийн эмнэлэг рүү авч яваад би гэмтлийн эмнэлэгт очоод хоёр хөлөө гипсдүүлсэн. Би Ж.О оос 6.500.000 төгрөг нэхэмжилж байна.” /хх-22-23, 25-27, 29-31/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Отгонбаярын өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Батчулуун манайд ус авчирч өгсөн юм. Тэгээд жаахан ус үлдээд дээд айлдаа хүргэж өгөхөөр болсон юм. Гэтэл Б.Батчулууны өвөлжөөнд бадаг хүн тэр айлд ирсэн Б.Батчулуун нь С.Батболдод манай өвөлжөөнд олон жил боллоо сайхан цэвэрлээрэй гэж хэлсэн. Тэгтэл урд айлд нь байдаг хүий эхнэр гарч ирээд Б.Батчулууныг “чи хүн дээрхлээ” гэсэн. Удалгүй Ж.О гарч ирээд том мод бариад Б.Батчулууныг зодсон. Шургаа модоор хөл рүү нь нилээн хэдэн удаа цохисон. Нуруу болон толгой руу нь цохиж байсан.” /хх-37-38/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Төмөрхүүгийн өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр газар байсан Монгол гэрийн хугархай унь модоор Б.Батчулууныг 2-3 удаа цохисон. Б.Батчулууныг Ж.О оос өөр зодож цохисон хүн байхгүй.” /хх-42-43, 59-60/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оргилболдын өгсөн: “...Аав Ж.О яваад очтол Б.Батчулуунтай хэрэлдэж маргалдаад манай аав Ж.О газар байсан мод аваад Б.Батчулууны нуруун тус газар нь нөгөө модоороо 2 удаа цохисон. Б.Батчулууныг Ж.О оос өөр зодож цохисон хүн байхгүй.” /хх-44-46/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батболдын өгсөн: “...Тэгсэн цаанаас Ж.О гэрийн унь шиг урт, өргөнтэй мод барьчихсан гүйж ирээд Б.Батчулууны ар нуруу, дал хэсэгт нь нөгөө модоороо цохисон. Тэгээд л би тэндээс яваад өгсөн. Намайг С.Түмэндэмбэрэлийн гэрт байж байхад Б.Батчулууны 2 хөл зүгээр өөрөө машинаа согтуу унасан ирсэн. Б.Батчулууны 2 хөл зүгээр өөрөө алхаж гишгээд гүйж байсан.” /хх-49-50/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Түмэндэмбэрэлийн өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би гэртээ байж байтал Б.Батчулуун согтуугаар машинаа уначихсан манай гэрт ирсэн. Тэгээд С.Батболдтай маргалдаж түүний толгой тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн С.Батболд нь хажуугаар нь гүйгээд гарсан нь араас нь Б.Батчулуун гүйсэн. Тэгсэн Н.Төмөрхүү ирээд Б.Батчулуунтай маргалдсан. Тэгсэн Н.Төмөрхүүгийн нөхөр Ж.О гартаа монгол гэрийн унь барьж хүрч ирээд Б.Батчулууны нуруун тус газар нь нөгөө модоороо 2 удаа цохисон. Тэгсэн түргэний машин цагдаагийн машин ирсэн.” /хх-51-52/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сарангэрэлийн өгсөн: “...Миний мэдэхээр бол нуруу, хөлөндөө гэмтэл авч байгаагүй. Би Ж.О ийн гэр рүү гүйгээд очтол манай нөхөр ганцаараа газар шороотой холилдчихсон ёолоод хэвтэж байсан. Цагдаа ирэхэд Б.Батчулуун газар хэвтээстэй чигээрээ байсан. Б.Батчулууны “нуруу, хөл нь өвдөөд байна” гээд газраас босч чадахгүй байсан. Тэгээд удалгүй түргэн ирээд Б.Батчулууны биеийн байдлыг үзээд “энэ хүн босч явж чадахгүй юм байна” гээд эмнэлэгийн насоликон дээр өргөж хэвтүүлээд түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү шууд авч явсан.” /хх-62-65/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Буяннэмэхийн өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 24 цагийн машинтай эргүүлийн үүргийг тус хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Сэрчиндоогийн хамтаар гүйцэтгэж байхад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дунд давааны ам гэх газар хүмүүс зодолдсон байна гэх дуудлага мэдээлэл ирсэний дагуу дуудлага мэдээлэл өгсөн иргэний утасны дугаар руу холбогдож тухайн хэрэг, зөрчил болсон гэх газар очсон. Бид хоёрыг дуудлага мэдээлэлийн дагуу очиход газар нэг том биетэй, өндөр махлаг хүн дээшээ хараад хэвтсэн. “Цагдаа нар наад хулгайчаа авч яв, наад хулгайч чинь намайг зодсон” гээд нэг настай эрэгтэй хүнийг заагаад орилоод байсан. Би тэр эмэгтэйн гэрт очоод дуудлага мэдээллийн хуудас бөглүүлчихээд, газар хэвтэж байсан Б.Батчулуун гэгчийг Ж.О цохисон гэх модыг Б.Батчулууны эхнэрээр заалгаж тухайн модыг нь эд зүйл түр хураан авах тэмдэглэл үйлдэн хураан авсан. Тэгээд нөгөө газар хэвтэж байсан Б.Батчулууныг босгох гэтэл “би босч чадахгүй байна” гээд орилоод байсан. Тэр үед Б.Батчулууны хүүхдүүд гэх залуучууд ирсэн өнөөх Б.Батчулууныг зодсон гэх Ж.О руу дайраад зодох гээд байхаар нь Ж.О ийг машиндаа суулгачихаад би түргэн тусламж дуудсан. Түргэн бараг 1 цагийн дараа ирээд Б.Батчулууныг үзээд босгох гэтэл Б.Батчулуун босож гишгэж чадахгүй орилоод байсан. Би эд зүйл түр хураан авах тэмдэглэл үйлдэж Б.Батчулууныг цохисон гэх модыг хураан авч, жижүүрийн конторын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Амарбаярт хүлээлгэн өгсөн. Миний түр хураан авах үйлдэж хураан мод нь Монгол гэрийн хугархай унь мод байсан. Тэр хугархай унь мод нь улаан 1 метр арай хүрэхгүй 80 см хэмжээтэй мод байсан.” /хх-66-68/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11544 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Д.Батчулууны биед хоёр хөлийн тавхайн чигчий хурууны угийн шивнүүрийн ясны хөндлөн сэлтэрсэн далд хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-21/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: “...Тухайн гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Хоёр хөлний тавхайн чигчий хурууны угийн шивнүүрийн ясны хөндлөн сэлтэрсэн далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэвлийд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хоёр хөлний тавхайн чигчий хурууны угийн шивнүүрийн ясны хөндлөн сэлтэрсэн далд хугарал гэмтэлтэй хүн маш их зовиур шаналгаатай, өвдөлт ихтэй байдаг. Нэг удаагийн үйдлээр цохих үед үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь үүссэн дариудаа шууд өвдөлт үүсэж эхэлдэг. Ямар нэгэн зүйлээр цохих үед үүссэн гэмтэл байна.” /хх-73-74/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.О ийн яллагдагчаар өгсөн: “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт алга.” /хх-151-152/ гэх мэдүүлэг,
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-7/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-126-130, 172-180/,
Гэмтэл Согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн өвчтөн Б.Батчулууны өвчний түүх /хх-132-137/,
Шүүгдэгч Ж.О ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-86/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.О ийн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Давааны ам гэх газарт Д.Батчулууныг модоор цохиж биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Батчулууны нэхэмжилсэн эмчилгээ болон гэм хорын хохирол болох 7.198.485 төгрөгөөс нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 560.317 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэв. Үүнд: Шүүгдэгч Ж.О оос 203.317 төгрөгийг, мөн түүний Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд тушаасан 360.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн ба хохирогч Б.Батчулуун нь цаашид эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.Батчулууны нэхэмжилсэн өвчтэй байсан хугацаанд 2 малчинд сарын цалин хөлс тус бүрийн 1.500.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг, мөн адуу орон нутаг руу ачуулсан төлбөр 1.500.000 төгрөг, эмчилгээнд зарцуулсан гэх 2.138.168 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хэлэлцэхгүй орхисон болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Ж.О ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Ж.О ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.О нь шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Төрийн сангийн 100900005406 дугаартай данснаас 360.000 төгрөг, Ж.О оос 203.317 төгрөгийг тус тус гаргуулж нийт 560.317 төгрөгийг хохирогч Б.Батчулуунд олгосугай.
6. Хохирогч Б.Батчулуун нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.О ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.О ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС