Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 207

 

   2020        03          17                                   2020/ШЦТ/207

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр , 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Б.А  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэвш овгийн Б.А д холбогдох эрүүгийн 1911021930122 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Гэвш овгийн Б.А , 1992 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, ах, эгч, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 1-156 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2013 оны 05 дугаар сарын 22-ний өдөр 11 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.А  нь 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 7521 УББ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” баарны гаднаас хохирогч Д.Бат-Эрдэнийг суулгаж гэр рүү нь хүргэж өгөхөөр явах замдаа хохирогчийн итгэмжлэн хариуцуулж өгсөн гар утасны мобайл банкийг ашиглан өөрийнхөө данс руу 260.000 төгрөг шилжүүлж, гар утсыг нь буцааж өгөлгүй завшиж нийт 444.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг гардаг өдрийн орой хуурай ах болох н.Отгонжаргалын машиныг таксинд явъя гэж гуйсан. Таксинд явж байхад “Дуулга” нэртэй баарны үүдэнд 3 залуу муудалцаж гарч ирээд машинд зодолдоод байсан тул би тэднийг  57-гийн автобусны буудал дээр буулгасан. Бат-Эрдэнэ надад 40.000 төгрөг машин цус болгосон болон шатахууны төлбөрт өгөхөөр тохирч утас болон интернэт банкны нууц кодоо хэлж өгсөн. Би 40.000 төгрөгийг хуурай ах болох н.Отгонжаргалын дансанд шилжүүлсэн. Бат-Эрдэнийг автобусны буудал дээр буухад нь утсыг өгөлгүй авч явсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 12/,

Хохирогч Д.Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хамт ажилладаг байсан Болдоо гэх ахтай Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Дуулга” бааранд орж үйлчлүүлж байгаад түүний хамаатны залуу гэх Амараатай танилцаад дотор ууж сууж байгаад гэр рүүгээ явахаар гарч ирэхэд Амараа баарны гадна талд 2 залуутай хамт зогсож байсан. Надаас архи нэхсэн тэгэхээр нь би надад архины мөнгө байхгүй, архи авч өгөх алба байхгүй гэхэд түүнтэй хамт зогсож байсан хоёр залуу над руу уурласан. Тэгэхээр нь би такси барихаар гүйж очоод нэг таксинд суутал намайг машины цонхоор нүүр рүү цохисон. Тэрнээс хойш би болсон зүйлийн талаар нээх санахгүй байгаа юм. Нэг ухаан ороход би гэрийнхээ орцонд сууж байсан. Миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод байж байгаад өөрийнхөө дансны хуулгыг банкнаас аваад үзэхэд миний данснаас миний гар утасны мобайл банкаар 5032903191 данс руу 40.000 төгрөг, 5042460917 дугаарын дансанд 260.000 төгрөгийн гүйлгээг хийж авсан байсан. ...би гар утсаа болон 260.000 төгрөг нэхэмжилж байна. 40.000 төгрөгийг таксины угаалгын мөнгө гэж өгсөн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх 27-30/,

Гэрч С.Отгонжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед хуурай дүү болох Б.А  нь миний 7521 УББ улсын дугаартай усан цэнхэр өнгийн Приус-30 маркийн автомашиныг халтуур хийчхээд ирье гэж гэрээс авч явсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед миний 5032903191 гэх Хаан банкны данс руу 40.000 төгрөгийг халтуур хийхэд түрээсэлсэн болон бензиний мөнгө гэж шилжүүлсэн. ...Алтангэрэл 2019 оны 03 дугаар сарын 05-ны өглөө машин авчирч өгсөн. Тэр үед би анзаараагүй машинаа авсан юм. Өдөр машинаа үзэхэд ар талын суудал цус болсон байсан. Тэгээд Алтангэрэлээс асуухад “уучлаарай ахаа харин хүнд зодуулсан бололтой хувцас нь цус болсон хүн суусан байна лээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 38-39/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЧД2-19-630 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Samsung galaxy S7 edge маркийн, 2018 онд хүнээс хэрэглэж байсан, дэлэц хагархай гар утсыг худалдаж авч байсан гар утас нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 184.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх- 44-45/,

Шүүгдэгч Б.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 04-ний орой зүс таних ах Отгонжаргалын 75-21 УББ улсын дугаартай усан цэнхэр өнгийн Приус-30 авто машиныг гуйж авч таксинд явж байсан юм. Гэтэл орой 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо “Дуулга” баарны урд талын автобусны буудалд дээр зогсож байсан чинь миний машинд 3 залуу орж ирж суусан юм. Тухайн 3 залуу машинд суугаад хоорондоо маргалдаад бие биеэ ганц нэг цохиод байсан. Би хөдлөөд явж байгаад зодолдоод байх юм бол буу гэж хэлээд 32-ын автобусны буудал орчимд зогссон чинь 2 залуу нь буугаад яваад өгсөн.  ...Тэгээд би тэр хүний гар утаснаас Мобайл банкаар машины эзэн Отгонжаргал ахын данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нөгөө залуу гэрээ зааж өгөөд Жуковын автобусны буудал дээр буугаад яваад өгсөн. Харин би тэр үед нь нөгөө хүнийг гар утаснаас мобайл банкаар дахин 260.000 төгрөг өөрийн данс руу шилжүүлж аваад гар утсыг нь авч явж байгаад дэлгэц нь хагарсан байсан сүүлд танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Тухайн залуу надад гар утсаа өгөөд мөнгө шилжүүлж ав гэж өгөх үед нь гар утсыг нь аваад буцааж өгөөгүй юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан болохоор ийм гэмт хэрэг үйлдсэн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 52-53/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 57/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 58/, шүүгдэгч Б.А д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 62-69, 72-77/, хохирогч Д.Бат-Эрдэнийн Хаан банкны 5411106652 дугаартай дансны хуулга /хх 23/, яллагдагч Б.А ийн Хаан банкны 5042460917 дугаартай дансны хуулга /хх 24/, хохирогч Д.Бат-Эрдэнэд хохирлын мөнгө болох 150.000 төгрөгийг шилжүүлсэн баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А  нь 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 7521 УББ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” баарны гаднаас хохирогч Д.Бат-Эрдэнийг суулгаж гэр рүү нь хүргэж өгөхөөр явах замдаа хохирогчийн итгэмжлэн хариуцуулж өгсөн гар утасны мобайл банкийг ашиглан өөрийнхөө данс руу 260.000 төгрөг шилжүүлж, гар утсыг нь буцааж өгөлгүй завшиж нийт 444.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 12/, хохирогч Д.Бат-Эрдэнийн “...Тэгэхээр нь би гэртээ ороод байж байгаад өөрийнхөө дансны хуулгыг банкнаас аваад үзэхэд миний данснаас миний гар утасны мобайл банкаар 5032903191 данс руу 40.000 төгрөг, 5042460917 дугаарын дансанд 260.000 төгрөгийн гүйлгээг хийж авсан байсан. ...би гар утсаа болон 260.000 төгрөг нэхэмжилж байна. 40.000 төгрөгийг таксины угаалгын мөнгө гэж өгсөн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх 27-30/, гэрч С.Отгонжаргалын “...Тэгээд Алтангэрэлээс асуухад “уучлаарай ахаа харин хүнд зодуулсан бололтой хувцас нь цус болсон хүн суусан байна лээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 38-39/, дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЧД2-19-630 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх- 44-45/, шүүгдэгч Б.А ийн  “...Тэгээд би тэр хүний гар утаснаас Мобайл банкаар машины эзэн Отгонжаргал ахын данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нөгөө залуу гэрээ зааж өгөөд Жуковын автобусны буудал дээр буугаад яваад өгсөн. Харин би тэр үед нь нөгөө хүнийг гар утаснаас мобайл банкаар дахин 260.000 төгрөг өөрийн данс руу шилжүүлж аваад гар утсыг нь авч явж байгаад дэлгэц нь хагарсан байсан сүүлд танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх 52-53/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.А д ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Энэ гэмт хэргийг улмаас учирсан хохирол болох 444.000 төгрөгнөөс 150.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, үлдэх 294.000 төгрөгийг шүүгдэгч Б.А ээс гаргуулан хохирогч Д.Бат-Эрдэнэ /ЖЕ98030311/-д олгуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэвш овгийн Б.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А ээс 294.000 /хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бат-Эрдэнэ /ЖЕ98030311/-д олгосугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН