| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2016/00997/и |
| Дугаар | 1052 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 1052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00997/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, ** тоотод оршин суух Б*** овогт В.Э***/РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, *******ийн ** тоотод оршин суух Т*** овогт Б.Г***/РД: ****/-д холбогдох,
"Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Э***, хариуцагч Б.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Э***шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Г***тэй 2000 онд танилцан гэр бүл болж, 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин Б.А*** төрсөн. Б.Г***байнга архи ууж, агсам тавьж зоддог байсан. Энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй болсноор 2010 оноос хойш тусдаа амьдарч байна. Охин маань одоог хүртэл миний асрамжинд байгаа. Одоо миний бие өөр хүнтэй хамтын амьдралтай болж, хүүхэдтэй болсон. Бид тусдаа амьдраад 6 жил болж байна. Иймээс цаашид хамтын амьдрал үргэлжлэх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин А***г өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг эцгээс нь гаргуулах хүсэлттэй байна” гэв.
Хариуцагч Б.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 1999 онд гэр бүл болж, 2002 онд охин А*** төрсөн. Хааяа архи уух үе байсан, гэхдээ зоддоггүй байсан. Эрүүлжүүлэхэд 2 удаа орж байсан. Би улирлын ажилтай тул хөдөө ажлаар явсан байхад энэ хүн өөр хүнтэй холбогдсон байсан. Тэгээд бид тусдаа амьдраад 6 жил болж байна. Энэ хүн өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болсон нь үнэн. Гэхдээ миний бие гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна. Харин охиноо ээж дээр нь үлдээж тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Бид цаашид хамт амьдрахгүй ч гэсэн гэрлэлтийн баталгааг салгахгүй байвал охин маань сургууль төгсөхөд нь хэрэгтэй гэж бодож байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Э***нь хариуцагч Б.Г***ээс гэрлэлтээ цуцлуулж, 1 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох В.Э***, Б.Г***нар нь 2000 онд гэр бүл болж, 2006 оны 12 сарын 15-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин Э.А***г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г№** дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн тайлбар зэргээр нотлогдож байна.
В.Э***, Б.Г***нар нь 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хамт амьдарч байх үедээ хариуцагч Б.Г***нь архи ууж, агсам тавьдаг байсан болох нь нэхэмжлэгч В.Э***гийн шүүхэд гаргасан “.. архи ууж, агсам согтуу тавьж, зоддог байсан...” гэсэн тайлбар, хариуцагч Б.Г***ийн шүүх хуралдаанд гаргасан “... хааяа архи уудаг байсан. Хоёр удаа эрүүлжүүлэхэд орж байсан...” гэсэн тайлбар, охин Э.А***гийн шүүхэд өгсөн : “... Аав гэхдээ архи уухаараа агсам согтуу тавьдаг байсан. Гэрээсээ гарч яваад архи их уудаг байсан ...” гэсэн санал, зохигчдын тайбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Б.Г***гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй гэж байгаа бөгөөд үүнийхээ үндэслэлийг “бодит байдал дээр хамт амьдрахгүй байж болно, харин гэрлэлтийн бүртгэлд цуцласан гэж бичүүлэхийг хүсэхгүй байгаа, энэ нь хүүхдийн сургуульд төгсөхөд хэрэгтэй. Харин охиноо ээж дээр нь үлдээж, тэтгэлэг төлнө” гэж тайлбарладаг болно.
Хариуцагчийн дээрх тайлбараас үзэхэд гэрлэлт цуцлуулахгүй гэх үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгч өөр бусадтай хамтын амьдралтай болж, хүүхэд төрүүлсэн, В.Э***, Б.Г***нар нь тусдаа амьдраад 6 жил болж байгаа, цаашдаа хамтын амьдрал үргэлжлэх бодит боломжгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Охин Э.А*** нь эх В.Э***гаар овоглож, төрсний гэрчилгээ авсан бөгөөд Э.А***гийн төрсөн эцэг нь Б.Г***мөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хүүхдийн эцгийн талаар талууд маргаагүй болно.
Гэрлэгчид нь охин Э.А***г эх В.Э***гийн асрамжид үлдээхийг харилцан зөвшөөрч байгаа, гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш охин Э.А*** нь эхийн асрамжинд байгаа, хүүхдийн санал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Э.А***г эх В.Э***гийн асрамжид үлдээж, эцэг Б.Г***ээс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан Б.*** В.Ж***, Т***овогт Б.Г***нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Боржигон овогт Э.А***гийн төрсөн эцэг нь Т*** овогт Б.Г*** мөн болохыг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э.А***г эх В.Э***гийн асрамжид үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э.А***г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Г***ээс тэтгэлэг гаргуулсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч В.Э***гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г***ээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В.Э***д олгож, 46,495 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгончимэгт даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ