| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0104/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2020-03-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч М.Энхбаатар,
Хохирогч Б.Баярням, Б.Жүгдэррагчаа,
Хохирогч Б.Баярням, Д.Туяацэцэгийн өмгөөлөгч С.Халиунаа
Гэрч Б.Дамдин,
Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн С.Эт холбогдох эрүүгийн 1911 00604 0757 дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, Боржигон овогт 1976 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 203 дугаар байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, НБ76072926 регистрийн дугаартай
Шүүгдэгч С.Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Дамдины Даваажав, Онолын Номинхорол нарыг Канад улсад тэтгэлэгтэй, cap бүрийн тэтгэмжтэй сургуульд явуулж өгнө гэж хуурч 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд удаа дараагийн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Баярнямаас 13.200,000 төгрөг, Д.Туяацэцэгээс 21.000.000 төгрөг,
Д.Мягмарсүрэнгийн хүүхдийг Шинэ Эрин дунд сургуульд 5 дугаар ангиас нь оруулж өгнө гэж хуурч, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 5.300.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт,
Б.Жүгдэррагчаа, О.Мөнхсайхан нарыг Польш улсад 100 % тэтгэлэгтэй, cap бүрийн тэттэмжтэй магистрийн сургалтанд явуулж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд Б.Жүгдэррагчаагаас 6.250.000 төгрөг, О.Мөнхсайханаас 7.750.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах ҮЭХ-ны 1 давхарын "BUD" рестораны дотор тус тус залилан авч, 5 иргэнд нийт 53.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Эээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би хийсэн хэргээ ойлгож байгаа. Хохирогч нарт хохирлыг эхнээс нь төлж байгаа. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулна. Төрсөн ах дүүсийн хүүхдүүд ч гэсэн хоорондоо мөнгө өгсөн, авсан асуудал байсан. Дунд нь ажил амжуулах юм бол өр зээлээ төлөх талаар асуудал яригдсан. Би нилээн хэдэн жилийн өмнөөс таньдаг эмэгтэй болох Л.Мягмарсүрэн хааяа надад мөнгө зээлдэг байсан. Би энэ хүнээсээ гэрээ байгуулж 5.000.000 төгрөг зээлсэн. Мөн оныхоо хавар нь 300.000 төгрөг зээлээд буцаагаад өгч байсан. Д.Мягмарсүрэн нэг найзынхаа хүүхдүүдийг Шинэ эрин сургуульд хүүхэд бүртгүүлэх гээд чадахгүй байна, бүртгүүлээд өгөөч гэхээр нь бүртгүүлж өгсөн. Сургуульд оруулах гэж байсан хүүхэд Д.Мягмарсүрэнгийн өөрийн хүүхэд биш. Нэг бол найзын хүүхэд эсхүл хамаатны хүүхэд гэдэг байсан. Би зээлсэн мөнгөө төлсөн. Би Д.Мягмарсүрэнгийн өөрийнх нь хүүхэд биш гэсэн. Энэ талаар тодруулаад өг гэж мөрдөгчид хэлсэн. Нотариатаар зээлийн гэрээ байгуулаад би хохирлыг буцаан өгсөн. О.Мөнхсайхан, Б.Жүгдэррагчаа нарыг олон жилийн өмнө таньдаг байсан эмэгтэйнээрээ мөнгө зээлдэг хүн байна уу гэж зуучлуулж, танилцаж байсан. Надад О.Мөнхсайханыг эхлээд уулзуулсан. Дараа нь Б.Жүгдэррагчаа гарч ирсэн. Бид нар нотариат орж зээлийн гэрээ байгуулж, батлуулсан. Мөнгийг нэг дор бөөнд нь аваагүй. 2-4 хэсэг болгож хувааж авсан. Б.Жүгдэррагчаад графикаар төлөөд 300.000 төгрөг үлдсэн. О.Мөнхсайханд манай нөхрийн ажлын байр болох орон сууцны доод талын тохижуулсан грашийг барьцаанд өгсөн. О.Мөнхсайхан мөнгөнийхөө оронд авахаар тохиролцсон. Манай нөхөртэй О.Мөнхсайхан түрээсийн гэрээ байгуулсан. Сарын 450.000 төгрөгөөр үйл ажиллагаа явуулж, уг мөнгө нь зээлээсээ хасагдана гэсэн гэрээг хийсэн. Уг гэрээг манай нөхөр ажил дээрээ байлгаж байгаад алга болгочихсон. О.Мөнхсайхан манай нөхөр хоёрт хоёуланд нь нэг, нэг хувь гэрээ байгаа. О.Мөнхсайханд байгаа түрээсийн гэрээг хэрэгт хавсаргуулах талаар мөрдөгчид хэлсэн. О.Мөнхсайхан орон нутагт ажилладаг учраас холбогдоход хэцүү байгаа. Манай нөхөртэй гэрээ хийж тухайн грашийг албан ёсоор авах талаар ярьж байгаа..” гэсэн мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярнямаас мэдүүлэхдээ: “..Манай хүүхэд 12 дугаар ангиа төгсөх гэж байсан. Манай нөхөр Дамдин С.Этэй үеэлүүд. Манай нөхөр С.Этэй хүүхдээ сургуульд суралцуулах боломж байна уу гээд холбоо барьсан. Тэгэхэд С.Э боломжтой гэсэн. Маргааш нь би дахин гар утсаар ярихад болно, гол нь зардал шдээ гэж байсан. Тэгээд хүүдээ хэлэхэд би найз Номинхоролтой хамт явмаар байна та асуугаад өгөөч гэхээр С.Э эгчээс асуухад болно, хоёр хүүхэд байсан ч болно, хүссэн сургуульд чинь явуулж өгнө гэсэн. Би С.Этэй их сургууль, арван жилдээ хамт сурсан. С.Э бид хоёрт өр зээл байгаагүй. Хүүхдээ сургуульд явуулна гэсэн хүслээр С.Эт хандсан. Би хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Нийт 13.200.000 төгрөгнөөс эхлээд нөхөр нь 600.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Одоо 10.600.000 төгрөг үлдсэн. Уг мөнгөө нэхэмжилнэ..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Жүгдэррагчаагаас мэдүүлэхдээ: “..Манай найз О.Мөнхсайхан над руу гадагшаа сургуульд сурах боломж байна гэсний дагуу би уулзсан. О.Мөнхсайханы таньдаг хүн гэж итгээд 6.250.000 төгрөг өгсөн. Үүнээс 5.950.000 төгрөгийг авсан. Одоо 300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа..” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Зэсэндэмидээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2016 оны 4 дүгээр сард Австрали улсад амьдардаг манай дүү яриад охиноо Канад улс руу тэтгэлэгт сургуульд явуулах гэж байна. Яаралтай нэг хүнд 4.000.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн. Ямар хүн болох талаар асуухад Засгийн газрын ордонд референтээр ажилладаг хүн гэсэн. Хэрхэн таньдаг талаар асуухад Номинхоролын найз залуугийн ээжээр нь зуучлуулж, танилцсан. 2 хүүхдээ хамт сургуульд цуг явуулах гэж байгаа гэсэн учраас би мөнгө шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Дамдингаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..С.Этэй мөнгөний асуудал байхгүй. 2016 оны 4 дүгээр сард манай хүүхэд их сургуульд сурах болоход гадагшаа сургуульд сургана гэж уулзсан. Тэгээд гадаадад суралцуулахаар мөнгө өгсөн. 2016 онд сургуулиа төгсөөд их сургуульд орсон. 2016 оны эхний семистрт сургуульдаа сурч бай гэсэн. 2 дугаар семистрт гадаад руу суралцуулж болно гэж байсан. Одоо ийм зүйл болох гэж байна гээд мөнгө нэмж авдаг байсан. Манай хүүхэд одоо Тайвань улсад 1 дүгээр курсэд суралцаж байгаа..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч С.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-33-34, 133, 192-193/ “..Баярням манай хүүхдүүд сургуулиа төгсөж байна. Гадаад руу сургуульд улсын тэтгэлэгээр хүүхдүүдээ сургуульд явуулаад өгөх боломж байна уу гэхээр нь би хөөцөлдөөд үзье бүтэх юм бол явуулаад л өгье бүтэхгүй бол буцаагаад мөнгийг чинь өгнө гэсэн яриа хийгээд Баярням, Туяацэцэг нараас цувуулж мөнгө аваад 33.500.000 төгрөг авсан нь үнэн. Тэгээд хөөцөлдөж үзсэн боловч сургуульд явуулах боломж гараагүй, Баярням, Туяацэцэг нарын хүүхдүүд гадаад хэлгүй байсан болохоор хэлний оноо авч чадахгүй байсан болохоор хүүхдүүдийг нь гадаад улс руу сургуульд явуулж өгч чадаагүй юм. Тэгээд л мөнгийг нь буцааж төлөх гэж явсаар байгаад өнөөдрийг хүргэсэн..2019 оны 5 дугаар сард Д.Мягмарсүрэнтэй ойр зуурын юм ярьж байтал надаас хүүхэд сургуульд оруулж өгөх боломжтой юу гэж асууж байсан. Үүнээс өмнө нь би Д.Мягмарсүрэнгээс хэдэн төгрөгний мөнгө зээлсэн байсан. Тэгтэл дээрх асуудлыг хөөцөлдөөд өгвөл надаас мөнгө төгрөгөө авахгүй гэж хэлж байсан..Миний хувьд сургуульд оруулж өгөхөөр урьдчилж амласан зүйл байхгүй хүнээс мөнгө зээлчихсэн байсан учраас ажлын нь бүтээгээд өгчихсөн юмсан гээд мэдээлэл өгч байсан..Би 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Багшийн дээдийн урд талын нотариатын газар Б.Жүгдэррагчаатай зээлийн гэрээ байгуулж 12.500.000 төгрөгийг бэлнээр авсан. Харин үүнээс хойш хэд хоногийн дараа Мөнсайханаас 1.500.000 төгрөгийг нэмж авсан.. би энэ 2 хүнийг Польш улсад суралцуулна гэж хэлж мөнгө аваагүй, зээлж авсан юм. ..”
Хохирогч Б.Баярнямаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /62-63, 102-104/ “..С.Э нь манай нөхрийн хамаатан юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сард манай хүү Даваажавыг гадаад улсад 100 % тэтгэлэгтэй сургуульд явуулж өгнө гэхээр нь хүүдээ хэлтэл найз охинтойгоо явъя гэсэн. Тэгээд Энхцэцэгт 2 хүн байвал болох уу гэхэд болно ш дээ нэг хүүхэд 12 сая төгрөг, эхний ээлжинд нэг хүний 4 сая төгрөг өгөхөд болно, үлдсэн мөнгийг дараа нь өгөөрэй гэхээр нь яг хэдний өдрийг санахгүй байна, 2016 оны 4 дүгээр сард хүүгийнхээ 4 сая төгрөгийг Үндэсний музейн ард зогсоод машин дотроо дуудаж өгсөн. Тэр үед Энхцэцэг нь Засгийн газрын ордонд төсвийн байнгын хороонд референтээр ажилладаг гэж байсан. Би бэлнээр болон түүний ХААН банкны 5037327291 дугаарын дансаар мөнгөө шилжүүлдэг байсан. Ингээд мөнгө хэрэгтэй боллоо гэж авсаар сүүлд нь 2017 оны 2 дугаар сард 1.500.000 төгрөг өгсөн ба нийтдээ надаас 12.000.000 төгрөг, Номинхоролоос 21.500.000 төгрөг авсан байсан. Мөнгөө өгсний дараа юу болж байна гээд удаа дараа уулзахад одоо бүтэх гэж байна, засаг солигдоод удаад байна, Боловсролын яамны хүмүүс ажлаа хийхгүй байна гэх зэргээр худлаа яриад байхаар нь 2017 оны 12 сард больёо мөнгөө авъя гэхэд одоо Цогзолмаа сайд гарын үсэг зураад л боллоо гээд нэг цаас үзүүлнэ гэснээ ч үзүүлээгүй. 2018.11.14-ний өдөр уулзахад 33.500.000 төгрөгийг сарын дотор өгнө гэж баримт бичиж өгсөн. Өөрөө өмнө нь хэд хэдэн хүмүүсийг тэтгэлгээр явуулж байсан гэж яриад, тэгээд ч нөхөртэй маань үеэлүүд болохоор итгээд мөнгөө өгсөн. Ингээд бүтэхгүй болохоор манай хүү 2018 оны 10 сард Хятад руу хэлний бэлтгэлд явсан. Номинхорол одоо эцэг эхтэйгээ Австрали улсад амьдарч байгаа...Би хамгийн сүүлд 2016.10.18-ны өдөр Энхцэцэгийн дансанд 1.200.000 төгрөг шилжүүлснээ өмнө нь мэдүүлээгүй байна. Энхцэцэг Канад явах гэж байгаа бэлэг дурсгалын зүйл авла гэж авсан. Ингээд хүүгээ сургуульд явуулахын тулд 6 сарын хугацаанд нийт 13.200.000 төгрөг Энхцэцэгт өгсөн. Энэ мөнгөө нэхэмжилнэ. 2019.04.08-ны өдөр Энхцэцэгийн нөхрийн 5041392367 дугаарын данснаас 600.000 төгрөг орж ирснийг Номинхоролд шилжүүлсэн. Номинхоролын аав ээж байнга надаас мөнгө нэхээстэй байдаг..” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Туяацэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-17-18, 69-70/ “..2016 оны 4 сард намайг Австрали улсад байхад охин Номинхорол утсаар яриад Даваажавын хамаатны эгч нь Төрийн ордонд ажилладаг юм байна. Даваажав бид 2-г 100 % тэтгэлгээр Канадын Торонто хотын их сургуульд явуулах боломж байна гэнээ, материалаа бүрдүүлээд мөнгөө өгчихвөл 9 cap гэхэд явчихна гэж байна та 2 зөвшөөрөх үү гэхээр нь Даваажавын хамаатан юм бол худлаа хэлэхгүй байх гэж итгээд хүүхдүүдээ явуулахаар болоод мөнгө төгрөгийг нь зохицуулсан. Баярнямтай ярихад нэг хүүхдийн 20 орчим сая төгрөг юм шиг байна эхлээд 12 саяыг өгчих гэж байна гэхээр нь болох юм байна гэж бодсон. Тэгээд 2016.04.11-ний өдөр Баярням яриад нөгөө Энхцэцэг чинь мөнгөө өг гэнээ гэхээр нь ах Зэсэндэмид рүү яриад Номинхоролыг Канад явуулах гэсэн юм та 4 сая төгрөг шилжүүлээд өгчих гээд ахаар шилжүүлүүлсэн. 13, 14-ний үед өөрийн ажиллуулдаг дэлгүүрээс Номинхоролоор 4 сая төгрөг авхуулаад Даваажав тэр 2 Энхцэцэгийн ажлын байрны хажууд аваачиж өгсөн байсан. 2016.04.18-нд би Австралиас 4 сая төгрөг Баярням руу шилжүүлээд Баярням Энхцэцэгт өгсөн байсан. Тэгээд 2016 оны 5 сард би Монголд ирээд Энхцэцэгтэй уулзаж мэдээлэл авахад би төрийн ордонд ажилладаг болохоор мэдээлэлд ойрхон, ямар ч асуудлыг шийднэ хүүхдүүдийг чинь 9 cap гэхэд Канадын Торонто хотын их сургуульд явуулж өгнө, санаа зоволтгүй, бүх асуудлыг зохицуулсан байгаа гэсэн. Би тэр үед нь бүхэл бүтэн хүүхдийн амьдрал явагдаж байгаа шүү боломжгүй болбол надад хэлнэ шүү гэхэд надад 100 % итгэж болно, асуудалгүй гээд их бардам байсан болохоор нь итгэсэн. Боловсролын яамнаас гадаадад сургах хүүхдүүдийн бүх л мэдээ мэдээлэл над дээр байдаг болохоор энэ боломжийг ашиглаад хүүхдүүдийг чинь явуулах боломжтой байгаа болохоор л би чадна гээд байгаа юм гэсэн. Үүнээс хойш дахин дахин мөнгө хэрэгтэй гээд 2016.05.06-нд 4 сая, 11-нд 4 сая гэх зэргээр мөнгө аваад хамгийн сүүлд 2017 оны 2 сард Канад улсаас сургалт хариуцсан мэргэжилтэн нь ирээд буцаж байна, яаж хоосон явуулахав хоол унданд оруулж, бэлэг дурсгалын зүйл авч өгөх хэрэгтэй байна гээд 1.500.000 төгрөг авсан. Ингээд охин Номинхоролыг сургуульд явуулж өгнө гээд манайхаас нийт 21.500.000 төгрөг авсан. Энэ мөнгөө 'нэхэмжилж байна. Надаас гадна хүү Даваажавыг хамт сургуульд явуулах гэж Баярням 12 сая төгрөгөө өгч залилуулсан... Өмнө мэдүүлэгтээ 2017 оны 2 сард 1.500.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. баримтаа харсан чинь 1.000.000 төгрөг юм байна. энэ баримтаа хэрэгт хавсаргуулъя. Өмнө нэхэмжилсэн 21.500.000 төгрөгт Зэсэндэмид ахын өгсөн 4 сая төгрөг орсон байгаа. Ингээд андуурч мэдүүлсэн 500.000 төгрөгийг хасаад миний хувьд 17 сая төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Зэсэндэмидээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-24-25/ “..Миний төрсөн дүү Туяацэцэг нь Австрали улсад ажиллаж амьдардаг ба 2016.04.11-ний өдөр залгаад ахаа Номинхоролыг Канад улсад тэтгэлгээр явуулах гээд хүнээр хөөцөлдүүлж байгаа юм өнөөдрийн дотор Энхцэцэг гэж хүний дансанд 4 сая төгрөг шилжүүлээд өгчих гэхээр нь 5037327291 дугаарын Энхцэцэг гэж эзэмшигчтэй дансанд 4 сая төгрөг хийсэн. Дүүдээ тус болох гэж л ингэсэн. Дүү маань Австрали руу буцахдаа таны мөнгөтэй нийлээд 20 гаруй сая төгрөг байгаа Энхцэцэгийн утасны дугаар нь 99170279, та нэхэж байгаад авчихаарай гэсэн боловч намайг ярихаар нөхөртэйгээ нэг юм зарах гээд хөөцөлдөж байгаа тэрийг зарчихаад егнө гэж хойшлуулсаар байгаад өгөөгүй. Энэ мөнгийг Энхцэцэгээс нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Мягмарсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-128-131, 170/ “..2019 оны 05 дугаар сарын дундуур Энхцэцэг эгч надаас Ерөнхий боловсролын сургуульд орж чадахгүй байгаа хүүхэд байна уу, эгч оруулж өгч байгаа гэхээр нь Шинэ эрин гээд сургуульд манай хүүхдийг оруулаад өгөх боломж байна уу гэхэд эгч судлаад хариу хэлнэ гэсэн. Ингээд 2019 оны 05 дугаар сарын сүүлээр шиг санаж байна Энхцэцэг эгч яриад Шинэ Эрин сургуульд хүүхдийг чинь 8 сая төгрөгөөр 5 дугаар ангиас нь оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд би хэрхэн яаж оруулах гэж байгаа юм гэхэд шалгалт өгөхөд нь программ дээр нь засаад оруулчихна гэж хэлсэн. Ингээд таньдаг хүн юм чинь гэж бодоод нийт 5,3 сая төгрөг өгсөн байгаа. Анх надтай дээрх асуудлын талаар ярьж гэрээ байгуулахдаа 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр оруулж өгнө гэсэн. Тэгтэл Шинэ эрин сургуулийн элсэлтийн шалгалт 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр болохоор нь энэ талаар Энхцэцэг эгчид хэлээд шалгалтандаа орсонгүй шүү дээ гэхэд зүгээрээ болно, ямар ч асуудалгүй оруулаад өгне гэж хэлсэн. Үүнээс хойш элдэв янзын шалтаг хэлээд хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.,.надтай анх танилцахдаа Засгийн газрын ордонд ажилладаг гэсэн...Би ажлын үнэмлэхийг нь харъя гэж хэлж байсан удаатай. Тэгэхэд үнэмлэхээ үлдээсэн байна, эсвэл нэрийн хуудас дууссан байна гэдэг байсан...эхний 3 сая төгрөгийг УИД-ийн урд талын нотариатын газарт бэлнээр өгсөн., дараагийн 2 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Мэргэжилтний 20-н дэргэдхи Голомт банкны зээлийн төв дотор бэлнээр өгсөн, үлдсэн 300.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 26-25 тоотод байх гэрээсээ түүний ХХБ-ны 419018432 дугаарын дансанд шилжүүлсэн. 2019.09.10-ны дотор миний мөнгийг буцааж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гэхдээ хуулийн дагуу шалгуулж шийдүүлэх хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Жүгдэррагчаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-217/ “..Манай Мөнхсайхан гэж найз засгийн газрын тэтгэлэгтэйгээр Польш улсад сургуульд явуулж өгдөг хүн байна, тэтгэлэг авахын тулд нэг хүн 10 сая төгрөг өгдөг юм байна гэж хэлсэн. Тэр сургуульд явуулж өгөх хүнийг Энхцэцэг гэдэг ба би тэр хүнтэй 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн'орчим найз Мөнхсайханы хамт уулзаад сургуульд явахаар тохиролцож 12.500.000 төгрөгийг 2 хүний урьдчилгаа болгон Энхцэцэгт бэлнээр өгсөн. Энхцэцэг өөрийгөө Их хурлын тамгын газар ажилладаг гэж танилцуулсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа Энхцэцэг зээлийн гэрээ байгуулмаар байна, цаад хүмүүстээ үзүүлэх хэрэгтэй байна гэсэн учраас би Энхцэцэгтэй зээлийн гэрээ байгуулсан. 12.500.000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж өгөөд Мөнхсайханаас худалдаж авсан 79-04 УНИ дугаартай Приус-20 машины мөнгийг суутгаж авсан юм. Энхцэцэг нь одоог хүртэл Польш улс руу явуулж өгөөгүй. Миний мөнгөнөөс 4.350.000 төгрөгийг буцаан өгсөн, одоо 1.900.000 төгрөг дутуу байгаа..” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Мөнхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-214-215/ “..Миний бие Зулчимэгтэй 10 жилийн нэг ангид хамт сурч байсан болохоор нэг нэгнийгээ таньдаг юм. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр буюу зээлийн гэрээ байгуулахаас 8 хоногийн емнө Зулчимэг над руу яриад миний нэг танил эгч байна, тэрээр Засгийн газрын ордонд ажилладаг юм. Засгийн газрын тэтгэлэгтэй Польш улсад төгссөн мэргэжлээрээ магистрт суралцах боломжтой байна, явах хүн байна уу гэж асууж байна гэхээр нь би сонирхоод өөрийн найз Жүгдэррагчаад энэ талаар хэлээд хамт очиж тэр Сүхээ овогтой Энхцэцэг гэдэг хүнтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн холбооны байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг "BUD" нэртэй ресторанд уулзсан. Уулзахад Засгийн газрын тэтгэлгээр Полш улсад магистрт суралцах боломжтой юм. Үүнд хамруулж өгч чадна, тэнд очоод cap бүр тэтгэмж авах боломжтой. Хэрэв явъя гэвэл та 2-ын нийт төлбөр чинь 20 сая төгрөг болно. Эхний ээлжинд 15 сая төгрөг өгчих, дараа нь үлдсэн 5 сая төгрөгөө өгч болно гэж хэлэхээр нь Жүгдэррагчаатай ярилцаж байгаад хамт явахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин урьд уулзсан ресторандаа уулзаад бэлнээр 12.500.000 төгрөг С.Эт өгсөн. Тэгээд түүнээс хойш 7 хоногийн дараа дахин ганцаараа С.Этэй уулзаад нэмж 1.500.000 төгрөг өгсөн. Бид 2 нийт 14 сая төгрөг өгсөн боловч одоог хүртэл виз гараагүй, сургуульд явж чадаагүй юм. Би 7.750.000 төгрөг, Жүгдэррагчаа 6.250.000 төгрөг өгсөн байна. Би анх мөнгөгүй байсан болохоор өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Жүгдэррагчаад өгч, түүнээс 7.500.000 төгрөг авч, дээр нь 250.000 төгрөг нэмээд нийт 7.750.000 төгрөг С.Эт өгсөн юм. Намайг нэг ажлын байр барьцаанд нь ав гэсэн боловч тэр нь ямар нэг гэрчилгээ байхгүй, надад өмчлөх эзэмших ямар ч гэрчилгээ өгөөгүй. Анх хэлэхдээ энэ ажлын байраа зараад мөнгийг өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй..” гэх мэдүүлэг,
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э нь “би төрийн ордонд ажилладаг болохоор мэдээлэлд ойрхон, ямар ч асуудлыг шийднэ хүүхдүүдийг чинь 9 cap гэхэд Канадын Торонто хотын их сургуульд явуулж өгнө, санаа зоволтгүй, бүх асуудлыг зохицуулсан гэж хуурч Б.Баярнямаас 13.200,000 төгрөг, Д.Туяацэцэгээс 21.000.000 төгрөг, мөн “Шинэ Эрин сургуульд хүүхдийг чинь 8 сая төгрөгөөр 5 дугаар ангиас нь оруулаад өгье, шалгалт өгөхөд нь программ дээр нь засаад оруулчихна гэж хуурч Д.Мягмарсүрэнгээс 5.3 сая төгрөг, “би Их хурлын тамгын газар ажилладаг, Засгийн газрын тэтгэлэгээр Польш улсад магистрт хамруулж өгч чадна, тэнд очоод cap бүр тэтгэмж авах боломжтой. Хэрэв явъя гэвэл та 2-ын нийт төлбөр чинь 20 сая төгрөг болно. Эхний ээлжинд 15 сая төгрөг өгчих, дараа нь үлдсэн 5 сая төгрөгөө өгч болно” гэж хуурч Б.Жүгдэррагчаагаас 6.250.000 төгрөг, О.Мөнхсайханаас 7.750.000 төгрөгийг тус тус авч бусдад нийт 53.500.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Гэтэл шүүгдэгч С.Э нь Улсын Их хурлын тамгын газарт ажилладаггүй бөгөөд энэ нь “Сүхээгийн Энхцэцэг нь УИХ-ын Тамгын газарт 2009-2011 оныг хүртэл Төрийн байгуулалтын байнгын хороонд референт, 2011-2016 оны хүртэл Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд ажлын албаны референтээр ажиллаж байгаад Тамгын газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдаж орон тоог хассантай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 659 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн тухай УИХ-ын Тамгын газрын 2019 оны 09 сарын 19-ний 15/1305 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ болон түүнээс хойш одоог болтол эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 203 дугаар байрны 50 тоотод оршин суудаг нь мөн тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Эийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч С.Э нь холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд улсын яллагчийн зүгээс яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэмт үйлдлийн арга, санаа зорилго, бусдад учруулсан хохирол түүнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр зэргийг хүлээн зөвшөөрч гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч С.Э нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч Б.Баярнямд учруулсан 13.200.000 төгрөгийн хохиролоос 3.600.000 төгрөгийг төлж 9.600.000 төгрөгийн төлбөртэй, хохирогч Д.Туяацэцэг учруулсан 21.000.000 төгрөгийн хохиролоос 5.500.000 төгрөгийг төлж 15.500.000 төгрөгийн төлбөртэй, хохирогч Д.Мягмарсүрэнд учруулсан 5.300.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Жүгдэррагчаад учруулсан 6.250.000 төгрөгийн хохирол, хохирогч О.Мөнхсайханд учруулсан 7.750.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Туяацэцэгт 4 сая төгрөгөө зээлдүүлж шүүгдэгчид хүргэж өгсөн Д.Зэсэндэмидийг иргэний нэхэмжлэгчээр тооцсон байх боловч шүүгдэгч С.Эээс хохирогч Д.Туяацэцэг учруулсан хохиролд төлсөн төлбөр 5.500.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Зэсэндэмидийн дансанд шилжүүлсэн байх тул шүүгдэгч иргэний нэхэмжлэгч Д.Зэсэндэмидэд төлөх төлбөргүй байна.
Шүүхээс шүүгдэгч С.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүгдэгчийн хувийн байдал, одоо ажил эрхлэх боломжгүй байгааг өөрөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг 3 жилийн хугацаагаар оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч С.Эээс нийт 25.100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баярнямд /РД:НБ76010407/ 9.600.000 төгрөг, хохирогч Д.Туяацэцэгт /РД:ХН69070108/ 15.500.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Сүхээгийн Энхцэцэгийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эээс нийт 25.100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баярнямд /РД:НБ76010407/ 9.600.000 төгрөг, хохирогч Д.Туяацэцэгт /РД:ХН69070108/ 15.500.000 төгрөг тус тус олгосугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР