Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00987

 

Д.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн          

          2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэр,

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.М

          Хариуцагч: С.Шт холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч С.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ш  2014-07-04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 12.500.000 төгрөгийг нотариатаар баталгаажуулан 1 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл 1 сар болсон боловч мөнгөө өгөөгүй, би банкны зээлтэй байсан учир маш хүнд байдалд орсон. С.Шаас мөнгөө байнга нэхэж байсан боловч өгнө гэсээр өдий хүртэл явлаа. Одоо гэрээний дагуу 12.500.000 төгрөгийг алданги 6.250.000 төгрөг бүгд 18.750.000 төгрөг нэхэмжилснээс С.Ш нь 2014 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудад сар бүр 500.000 төгрөг, бүгд 2.500.000 төгрөг өгсөн. 2015-03- дугаар сард 3 хонины мах өгснийг 500.000 төгрөгөөр тооцсон, 2016 оны 04 дүгээр сард 200.000 төгрөг, 11 дүгээр сард 10.000 төгрөг тус тус өгсөн тул бүгд 3.300.000 төгрөгийг хасч үлдэх 15.450.000 төгрөгийг С.Шаас гаргуулахаар нэхэмжилж байна. С.Ш нь тэр үед надаар банкны зээл авахуулж байгаад дээрх мөнгийг авсан ба би тухайн үед байраа барьцаалсан байсан бөгөөд зээлээ төлж чадахгүй байраа зарж зээлээ төлсөн. Энэ байдлаа С.Шт хэлсэн боловч хүн чанар даан ч гаргаагүй. Иймд С.Шаас 15.450.000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд одоо  алдангиас татгалзаж, үндсэн зээл 12.500.000 төгрөгөөс С.Шын өгсөн 3.300.000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 9.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд Хүдэр хайрхан ХХК-ийг 1997-10-20-ны өдөр үүсгэн байгуулж гэр бүлээрээ ажиллуулж байхдаа 2011 онд  Д.Мтай хамт амьдарч эхэлсэн. 2011 онд хүү Ш.Уранхүү худалдан авагчид бүтээгдэхүүн /банз/ нийлүүлэх ашигтай саналыг хүлээн авч Д.М бид хоёрыг мөнгө зээлдүүлэхийг хүссэн. Ингээд бид хүүдээ тусалъя гэж ярилцаад Д.М байраа барьцаанд тавьж Хаан банкнаас 15 сая төгрөг зээлж өгсөн. Ингэж анх нэхэмжлэгчтэй мөнгөний харилцаа үүссэн юм. Бид тухайн үед эхнэр, нөхөр болж амьдарч байсан болохоор мөнгийг нь хэд хэд хувааж төлсөн ба 2016 он болоход нийт 22.879.500 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Би Д.Маас 2012 онд 15 сая төгрөгийг нэг л удаа авсан. Гэтэл Д.М нь 2014 онд Төрийн банкнаас цалингийн зээл аваад надад 12.5 сая төгрөгийг зээлдүүлсэн гэж байгааг зөвшөөрөхгүй. Би уг мөнгийг  аваагүй. Д.М худал ярьж байна. 15 сая төгрөгийг 22.700.000 төгрөг болгож төлсөн. 12.5 сая төгрөгийг аваагүй ба гэрээнд гарын үсэг зурсан нь миний буруу. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй  гэжээ.

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Шаас 7.156.000 төгрөг гаргуулж Д.Мд олгож, нэхэмжлэлээс 2.044.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, С.Шаас 129.446 төгрөгийг гаргуулж Д.Мд олгож шийдвэрлэсэн байна.

        Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  С.Шаас 6.293.000 төгрөг гаргуулж Д.Мд олгож, нэхэмжлэлээс 2.907.000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, С.Шаас 115.638 төгрөгийг гаргуулж Д.Мд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч С.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан бөгөөд нэг талыг барьж шийдвэрлэлээ. Магадлалаар хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй гэж дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Мын зээлийг хаахдаа үлдэгдэл хүүг төлсөн гээд нэхсэн 2014-07- 04-ний өдөр зээлийн гэрээг нөхөж хийнэ гээд хийсэн. Гэрээ хийхдээ  Д.Маас нэг ч төгрөг аваагүй. Тэр үед Д.Мыг Төрийн банкнаас 2014-05-12-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулж мөнгө авсныг мэдээгүй байсан. Хамтын амьдралтай байгаагүй болохоор мэдэх боломж байгаагүй. Үлдэгдэл хүүг байнга нэхээд байхаар нь 2.927.000 төгрөгийг төлж нийт 22.329.000 төгрөгийг Д.Мд өгсөн. Надаас ломбардны гэж 3.5сая төгрөгийг хүртэл авч байсан. Энэ нь дээрх тооцоонд ороогүй. Үүнийг тооцоонд оруулж байгааг хасаж өгнө үү. Нэхэмжлэгч анх нэхэмжлэхдээ 15сая төгрөгийн зээл аваад надад өгсөн гэж 15.450.000 төгрөгийг нэхэмжилж байсан ч хуралдаан удаа дараа хойшлогдон. 2017-03-03-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш гэнэт Багануурын Төрийн банкнаас 13сая төгрөгийн зээл авсан гэж ярих болсон. Түүнийг огт тодруулаагүй дүгнэлт хийсэн. Яагаад 15сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан мөртлөө дараа 12.500.000 төгрөгийн зээлээр маргах болов гэдэгт шүүх дүгнэлт хийсэнгүй. Намайг 2014-07-04-ний өдөр 12.5 сая төгрөгийн зээлийг аваагүй гэдгээ баримтаар үгүйсгэж чадаагүй гэсэн мөртлөө  мөнгө зээлсэн гэж дүгнэсэн нь дутагдалтай байна. Иргэний хуулийн 282.4-р мөнгө  шилжүүлж байж гэрээ байгуулсанд тооцогдоно. Гэтэл ийм баримт байхгүй. Анх 15 сая төгрөгийн зээлийг надад өгөхдөө  зээл буцаан төлөх хуваарь дээр надаар болон миний хүүгээр гарын үсэг зуруулж байсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Энэ зээлийн асуудлаас болоод 2014 оны 01 дүгээр сараас хамтран амьдрахаа больсон. Гэтэл юу гэж 2014 оны 07 дугаар сард дахин надад зээл авч өгөх билээ. Банкны зээлийн баримтанд миний ямар ч гарын үсэг байхгүй болно. 15сая төгрөгийн зээлийн үлдэгдэл болох мөнгө төлснийг 2014-07- 04-ний өдрийн зээлийн төлбөрт төлж байна гэдэг дүгнэлт хийж байгаа нь шүүх маргаантай үйл баримтыг зөв тал бүрээс нь нягтлан үзсэнгүй гэх үндэслэлтэй байна. Шүүх хэрэг маргааныг нягтлан үзсэнгүй, зөвхөн давж заалдах шатны шүүх ...энгийн логик утгаар нэхэмжлэлийн зарим хэсгийн ханган шийдвэрлэлээ гэж ойлгож байна. Би Д.Маас нэг л удаа 15сая төгрөг авсан үүний хүүг өөрөө нарийн тооцож мэдэхгүй нэхсэнээр нь өгсөн. Одоо бол Д.Мд өгөх ямарч өр төлбөр байхгүй. Хавтаст хэрэгт байгаа баримтыг нарийн тооцож үзэхэд 2014.05.12-ны өдөр төлөгдсөн 2.177.318 төгрөгийн баримт миний төлбөрөөс хасагдаагүй байгааг хасаж тооцож өгнө үү. Шүүх хэргийг хянаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, боломжгүй бол  хэргийг буцааж өгнө үү  гэжээ.

       Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  С.Ш удаа дараа тайлбар гомдол гаргахдаа би Д.Маас нэг л удаа 15 сая төгрөг авсан. Өөрөөр мөнгө төгрөг авч байгаагүй. Д.М уг зээлийг хаахдаа үлдэгдэл мөнгө, хүү төлсөн гэж байнга нэхээд байсан болохоор Д.Мын хэлснээр түүнд төлсөн 22.329.500 төгрөгийг 2014-07- 04-ний өдрийн зээлийн төлбөрийг төлсөн гэж шүүх дүгнэсэнд маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх дээр Хаан банкнаас Д.Мын авсан 15 сая төгрөгийн зээл түүний хүү төлөгдсөн баримт ирсэний дараа зээл болон хүүнд хэдэн төгрөг төлөгдсөнийг би олж мэдсэн. Түүнээс энэ бүх баримтыг Д.М надад үзүүлэхгүй мөнгө нэхээд байхаар нь би нарийн тооцолгүй Д.Мын хэлснээр мөнгийг төлж байсан. Д.Мын Төрийн банкны Багануур дүүргийн салбараас 13 сая төгрөгийн зээл авсныг би огт мэдэхгүй. Тухайн үед хамтын амьдралтай байгаагүй болохоор мэдэх боломж ч байгаагүй. 2014-07-04-ний өдөр Д.М надад нэг ч төгрөг өгөлгүйгээр зээлийн гэрээг нөхөж хийнэ гэж дарамтлаад гэрээг хийсэн. Нэхэмжлэгч Д.М Багануурын Төрийн банкнаас 13сая  төгрөг зээлж авсан энэ үед С.Ш хамт явсан. Тэр дор нь 12.5 сая төгрөгийг С.Шт тоолж өгсөн гэсэн атлаа тухайн үед Багануурт нотариатын байгууллага байсаар байхад хэд хоногийн дараа Улаанбаатар хотод очиж нотариатаар баталгаажуулсан гэж худлаа ярьж байна. Би тэр үед байгаагүй, Төрийн банкнаас зээл авсныг мэдээгүй. Нэхэмжлэгч Д.М надад энэ их мөнгийг гарын үсэг зуруулахгүй ямар нэгэн баримтгүйгээр өгөх хүн биш. Яагаад намайг ингэж байнга гүжирдэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Дээд шатны шүүхүүдээс хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүх энэ талаар огт ажиллагаа хийсэнгүй хэргийг шийдвэрлэж аваагүй их мөнгийг надаар төлүүлэхээр болсонд маш их гомдолтой байна гэж байнга гомдол гаргаж байгаа нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхээс 2017-04-26-ны өдөр хэрэг буцааснаас хойш анхан шатны шүүхээр хэрэг дахин шийдвэрлэх хүртэл 8 сарын хугацаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолж чадаагүй, нэхэмжлэгч Д.М хариуцагч С.Шт 12.500.000 төгрөг өгсөн гэж өөрөө ярьж бичиж байгаагаас өөрөөр нотлох баримт байхгүй байгаа. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогдоно гэж заасан байдаг. Гэтэл Д.М 12.5 сая төгрөг С.Шт өгсөн болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Шүүх хариуцагч С.Шыг 2014-07-04-ний өдөр 12.5 сая төгрөг аваагүй гэдгээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Д.Мыг мөнгө зээлсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Шүүх хариуцагч нэхэмжлэгч тал мөнгө төгрөг өгч авалцсанаа нотолж чадахгүй байна гэж үзэж дүгнэхэд хүрвэл хариуцагч С.Шаас 6.293.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгохоор шийдвэрлэснийг 2 талд хувь тэнцүүлэн хувааж шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэсэн саналтай байна. Мөн нөгөө талаар хариуцагч С.Ш аваагүй их мөнгийг төлөх болж, өр төлбөрт унаж, миний эрх ашиг хохирсон хэмээн удаа дараа тайлбар гомдол гаргаж маш их гомдолтой байгаа учраас шүүх үүнийг нухацтай анхааран үзэж хэргийг буцааж дахин шалгуулах саналтай байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Д.М 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, С.Шаас 9,200,000 төгрөг шаардаж, үндэслэлээ “...13,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, 12,500,000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлүүлснээс 3,300,000 төгрөг төлж, үлдэх мөнгийг өгөөгүй...” гэж  тайлбарласан  байна. /хх 1, 25, 142/

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...2012-07-09-ний өдөр 15,000,000 төгрөгийг миний хүүхдэд зээлүүлсэн бөгөөд уг мөнгийг хүү бид хоёр 2016 он гэхэд  22,879,000 төгрөг болгон төлж дуусгасан...2014 онд мөнгө зээлж байгаагүй...” гэж /хх 11, 98/ маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 7,156,000 төгрөгийн шаардлагыг хангахдаа “...2014-07-04-ний өдөр 12,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр байна... С.Ш 12,500,000 төгрөг аваагүй гэдгээ нотолж чадаагүй ...хариуцагч 3,300,000 төгрөгөөс гадна 2,044,000 төгрөг төлсөн байна...” гэсэн дүгнэлт хийжээ.     

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 6,293,000 төгрөг гаргуулахдаа “...2014-07-04-ний өдөр 12.500.000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж... 2014 оны 09 сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 сар хүртэлх хугацаанд нийт 2.907.000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна... 2012 онд авсан зээлийг 2014 оны 05 сард төлж дуусгасан  байна...” гэжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр /хх 4/ нэхэмжлэгч “...12,500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай хүүгүй зээлүүлэх, хариуцагч мөнгийг буцааж төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх...” үүргийг хүлээсэн, уг гэрээний үүргийн биелэлтийг Д.М шаарджээ.     

       Нэхэмжлэгчээс  2012 онд зээлсэн 15,000,000 төгрөгийг буцааж төлөх үүргээ хариуцагч биелүүлсэн бөгөөд уг зээлийг 2014 оны 05 сард төлж дуусгасан нь тогтоогдсон тул 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ байгуулагдсанаас хойш төлсөн мөнгийг 2012 оны зээлийн төлбөр гэж үзэх нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцэхгүй байна. 

       Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдсон, гэрээ хүчин төгөлдөр байх тул уг гэрээнд заасан үүргийг биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.   

        Хариуцагч  2014 оны зээлийн төлбөрт нийт 2.907.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.   

        Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

       Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6.293.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.   

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 115.640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ