Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 724

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Соёмбо,

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Л.Энхсайхан,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Л.Энхсайханы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ж.Гт холбогдох 201626021788 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х......... овогт Ж.Г, 1982 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “Талын фокус” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........./,

Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Алтай хотхоны “Жагаа-с Лоунж”-ийн гадаа нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах явцдаа догшин авирлан иргэн .........-г зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ж.Г-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Х......... овогт Ж.Г-т холбогдох хэргийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Шүүгдэгч Х......... овогт Ж.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ж.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Л.Энхсайхан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийг шүүгдэгч Ж.Гийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж үзэж хэрэглэсэн атлаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш буюу 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон байгааг анхааран үзэж, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн заалтыг үндэслэн Ж.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байтал “шүүгдэгч Ж.Гт торгуулийн ял оногдуулж, улмаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов” гэж хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй зүйл заалтыг хэрэглэж, хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүх хэргийг ингэж шийдвэрлэснээр 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэж гэм буруугүйд тооцох” гэсэн хуулийн заалтыг мөн зөрчсөн. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, Ж.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Г “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар анхан шатны шүүх ялтан Ж.Гт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Учир нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заасан. 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр анх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Гт ял шийтгэл оногдуулсан. Энэ утгаараа шийтгэх тогтоол гарснаар хөөн хэлэлцэх хугацааг зогссон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны “Жагаа-с Лоунж”-ийн гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрч, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах явцдаа догшин авирлан иргэн Г.Гийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гэрийнхээ ойролцоо багын 2 найзтайгаа тааралдаад 18 цагийн үед байрныхаа хажуухан талд байдаг Жагаа-с Лоунжид орсон. Тэгээд 23 цагийн үед баар хаахад манай нэг найз мобайл банкаар тооцоогоо шилжүүлнэ гэж байсан. Намайг 00 ороод гарч иртэл найзууд маань байхгүй байхаар нь найзуудыгаа хайхаар баарнаас гарсан. Тэгээд гадаа зогсож байтал Г.Г нэг хүнтэй хамт гарч ирээд “тооцоогоо хийчих” гэхээр нь “манай найзууд төлөөгүй юм уу, төлөөгүй бол би маргааш өглөө банк онгойхоор ирээд тооцоогоо хийе” гэж гуйсан. Тэгэхэд “тийм юм байхгүй, одоо л төл” гэхээр нь “би одоо үнэмлэх, гар утсаа үлдээчихээд өглөө тооцоогоо хийгээд авъя” гэж хэлсэн. Тэгээд бид жоохон маргалдаад би Гүнчин-Ишийг нэг удаа  цохисон. Үүнээс болж цагдаа дуудаад Баянгол дүүргийн цагдаагийн газар руу явсан.” гэх мэдүүлэг /хх-208-211/,

хохирогч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 6 дугаар сарын 6-нд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Алтай хотхон дотор байрлах өөрийн ажиллуулдаг “Жагаа-с Лоунж”-д найз нартайгаа уулзахаар очтол манай зохион байгуулагч А.Мөнх-Эрдэнэ, найз Э.Мөнхзориг, Од-Оч нар нь сууж байсан юм. Бид нар юм яриад байж байтал цаана сууж байсан Ж.Г гэх залуу найзын хамт ширээнээсээ босоод тооцоогоо төлөлгүй гараад явсан. Тэгэхээр нь А.Мөнх-Эрдэнэ бид хоёр араас нь гараад очтол Ж.Г нь үлдээд нөгөө хоёр залуу нь цаашаа яваад өгсөн. Араас найз Э.Мөнхзориг нь Ж.Г гэх залуугийн сууж байсан ширээний тооцооны хуудсыг бариад гараад ирэхэд Ж.Г гэх залуу Э.Мөнхзоригийг “чи намайг зодох гэж ирж байгаа юм уу” гээд дайрахад нь Ж.Гийг ар талаас нь татсан чинь эргэж хараад миний баруун нүдрүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд Ж.Гийг Э.Мөнхзориг барьж аваад А.Мөнх-Эрдэнэ цагдаа дуудаад 5 орчим минутын дараа цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн. Миний биед учирсан гэмтлийг Ж.Г учруулсан.” гэх мэдүүлэг /хх-8/,

“...Надад одоо 1.280.000 төгрөгийн эмчилгээ хийгдсэн баримт байна. Одоо баруун нүд тэгшлүүлэх, хараа тэглүүлэх, алдагдсан мэдрэл сэргээх эмчилгээ хийлгэнэ, тэрийг 9 дүгээр сарын 1-ний өдөр үзлэг хийж байгаад шийднэ гэсэн. Эдгээр зардлуудыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-9/,

гэрч Э.Мөнхзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр би найз Г.Гтэй уулзах гээд 20 цагийн үед очсон, 23 цагийн үед гурван залуу сууж байгаад хоёр залуу нь түрүүлээд “мөнгө авчирна” гээд гарсан. Тэгээд ирэхгүй цаг орчим болсон бөгөөд нөгөө үлдсэн нэг залуу нь “найзыгаа олж ирнэ” гээд гарсан бөгөөд араас нь Г.Г, А.Мөнх-Эрдэнэ хоёр тооцоогоо авах гээд гарсан. Тэгээд намайг байж байтал Г.Г залгаад “саяны гурван залуугийн тооцооны хуудсыг нь аваад ир” гэж дуудсан. Тэгэхээр нь би тооцооны хуудсыг аваад гадаа гарахад Г.Г, А.Мөнх-Эрдэнэ хоёр тэр залуутай хамт зогсож байсан бөгөөд би явж очоод тооцооны хуудсыг өгөх гэтэл тэр залуу над руу “чи намайг зодох гэж ирсэн үү” гэж дайрсан, тэгтэл Г.Г тэр залууг болиулах гээд “наадах чинь тооцооны хуудас авчирч ирсэн хүн, чи яах гээд байгаа юм” гээд гарнаас татахад тэр залуу эргэж хараад Г.Гийн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. ...Ж.Гтой маргалдсан хүн байхгүй. Намайг араас нь очоод тооцооны хуудас өгөхөд чи намайг зодох гэж ирсэн үү гээд дайрсан. Тэгээд би “үгүй тийм зүйл байхгүй” гээд байж байтал Г.Г хажуунаас нь гарыг нь татаад “наадах чинь тооцооны хуудас авчирах гэж ирсэн хүн байна” гэхэд эргэж хараад нүүр рүү нь шууд цохисон.” гэх мэдүүлэг /хх-13/,

гэрч А.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр би “Жагаа-с Лоунж” дээр ажиллаж байсан. Тэгээд 20 цагийн үед гаднаас Ж.Г гэх хааяа орж ирж байсан зүс таних залуу хоёр найзын хамт орж ирээд ширээн дээр суугаад 1 шил 0.75 литрийн архи, 10 орчим пиво, хүний 100 гр виски авч уусан. Тэгээд 23 цаг хүртэл сууцгааж байгаад нилээн согтоцгоогоод байж байгаад нэг харсан чинь Ж.Г гэх залуутай хамт явж байсан хоёр найз нь гараад явчихсан. Ж.Г нь өөрөө гараад явахаар нь араас нь Г.Г бид хоёр яваад Лоунж доошоо буугаад 14 дүгээр байрны урд очоод уулзаад “та тооцоогоо хий” гэхэд “утсаар хүн дуудъя, хүнээр тооцоогоо хийлгэнэ” гээд Г.Гийн утсаар нэг хүн рүү яриад байсан. Тэгээд бид хоёр Ж.Гтой юм яриад зогсож байхад Э.Мөнхзориг тооцооны хуудас барьж ирээд “тооцоогоо төлчих” гэхэд Ж.Г Э.Мөнхзориг руу “чи намайг зодох гэж ирж байгаа юм уу” гээд дайрсан. Тэр үед Э.Мөнхзориг “би чамайг зодохгүй, зүгээр тооцоогоо өгчих гэж байна” гэхэд Ж.Гийг Г.Г салгах гээд хойноос нь татсан чинь Ж.Г эргэж хараад гараараа баруун нүд рүү нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Гийн биед баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн доод ханын хугарал, баруун гайморовын хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эмнэлгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх 8088 тоот шинжээчийн дүгнэлт /хх-18/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Түүний догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул прокуророос Ж.Гийн үйлдлийг уг хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн төдийгүй анхан шатны шүүх хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж буй шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ... хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шинэ хуулиар зүйлчилсэн нь зөв болжээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг нь “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн” нөхцлийг хангаснаар энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байхаар хуулийн зохицуулалт өөрчлөгдсөн бөгөөд Ж.Гийн үйлдсэн гэмт үйлдэл нь “догшин авирлаж танхайрсан” бус, харин хохирогч Г.Гийг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж дүгнэж, анхан шатны шүүх Ж.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Л.Энхсайханы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Ж.Гт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                Ц.ОЧ