Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0480/З |
Дугаар | 724 |
Огноо | 2017-10-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 724
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.М ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Зэвсэгт хүчний жанжин штабын даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/864 дүгээр тушаалын Б.М т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын артиллерийн батарейны бууны захирагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын Захиргааны удирдлагын хэлтсийн Хуулийн тасгийн хуулийн мэргэжилтэн А.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1998 оны 05 дугаар сард Зэвсэг хүчний 120 дугаар ангид хугацаат цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. 1999 онд цэргээс халагдаад 2001 оны 11 дүгээр сараас Зэвсэгт хүчний 120 дугаар ангид гэрээт цэргийн алба хаасан. 2004 онд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 126 дугаар ангид бууны захирагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа Сьерра-Леоне улсад үүрэг гүйцэтгэж байсан. 2012 оноос 2016 оны 10 сарыг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад халагдах хүртлээ ажилласан.
Бага хүү төрж эцгийн 10 хоногийн амралт эдэлсэн. Эхнэр төрөөд удаагүй, бага хүүгийн биеийн байдал муугаас дахин 10 хоногийн чөлөө хүсэхэд надад зөвшөөрөөгүй. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа ороход намайг 2016 оны 01 дүгээр сараас хойш 18 хоног ажил тасалсан гэж үзэн ажлаас халсан тушаал гарсан байсан. Гэтэл би энэ үед ээлжийн амралттай, бага хүү маань бие нь муу эмнэлэгт хэвтэж байсан.
Би 0-10 насны 4 хүүхэд, эхнэрийн хамт, ам бүл 6-лаа амьдардаг ба ганцаараа ажил хийн гэр бүлээ тэжээдэг, өрхийн амьжиргааны түвшний 260,38 оноотой ба дундаас доогуур бүлэгт хамаардаг. Одоо миний бие ажлаасаа халагдсанаас болж гэр бүлээ тэжээж амьдралаа авч явахад үнэрээр хэцүү байдалд хүрээд байна.
Намайг ажлын 18 хоног ажил тасалсан гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Би ажил таслаагүй. Надад дэд хурандаа Б.Б******* дарга ажлын чөлөө олгодоггүй байсан. Би ажлаас халагдсаны дараа Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн Хүний нөөцийн хэлтсийн дарга дэд хурандаа н.Бат-Амгалантай уулзахад өргөдлөө ангийн захирагчдаа гаргаж өг. Ангийн захирагч чинь ажилдаа буцаж орох өргөдөлд чинь гарын үсэг зурвал бид нар энэ тушаалыг хүчингүй болгож ажилд чинь эгүүлэн томилно гэсэн. Улмаар би Зэвсэгт хүчний 016 дугаар Бригадын захирагчид 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөдөл гаргасан. 016 дугаар ангийн захирагч өргөдлийн хариуг өгөөгүй. Өргөдлийн хариуг хүлээж байхдаа Зэвсэгт хүчний жанжин штабт өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийн хариу удаж байж ирсэн.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг халах үндэслэл байхгүй байхад намайг ажлаас халсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг зөрчиж байна.
Иймд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/864 дүгээр тушаалын Б.М т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын артиллерийн батарейны бууны захирагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “нотлох баримт нь хэргийн оролцогчийн тайлбар мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж буй тайлбар нь нотолгооны хэрэгсэл буюу нотлох баримт болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж байна.
Маргаан бүхий тушаалд Б.М ийг ажлын 18 өдөр тасалсан гэж заасан байгаа. Энэ үндэслэлийг ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэх мэт хэрэг хамааралгүй үндэслэлүүдтэй холбож байна. Ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүд нь анх энэ иргэнийг ажилд авахдаа шалгадаг үзүүлэлт болохоос биш сахилгын зөрчил гаргасан нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй гэсэн зүйл яриад байна. Мөн дайн бүхий байдал зэрэг хэрэгт хамааралгүй зүйлс ярьж байна. Мэдээжийн хэрэг дайн бүхий байдал зарлахад Б.М хэрхэн ажиллахаа мэдэж байгаа байх. Болоогүй байгаа асуудлын талаар хийсвэрлэн ярьж цаг үрж байна гэж үзэж байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/864 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Тус байгууллага нь Б.М ийн 18 хоног ажил тасалсан асуудлыг шалгаж тогтоогоогүй байдаг. Иймээс өнөөдрийн шүүх хуралдаан дээр шалгаж тогтоох асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс яриад байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалгаж тогтоохын тулд Б.М ийг хуралдаанд оролцуулах ёстой байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйл 7.1-т “сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хууль, Цэргийн сахилгын дүрмийг үндэслэнэ” гэж заасан байгаа. Гэтэл өөрсдийн дотоод журамд заасан заалтыг баримтлаагүй. Тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1-т “чөлөө олгож болно”, 9.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанд ар гэрийн гачигдал, хүүхэд өвчтэй байх зэрэг орно” гэж заасан. Б.М ийг 6, 7 дугаар сард тус тус 3 хоног, 9 дүгээр сард 9 хоног ажил тасалсан нийт 15 хоногийн баримтууд хэрэгт байгаа боловч тушаалд 18 хоног ажил тасалсан гэж хоногоороо хүртэл зөрүүтэй байгаа. Үүнийг өнөөдрийн шүүх хуралдаан дээр залруулах боломжтой гэж тайлбарлаад байна. Ингэж залруулах боломжгүй байна. Анх 18 хоногийн ажил тасалсан гэж тушаалд үндэслэхдээ шалгаж тогтоох байсан.
2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б.М нь 2016 оны 09 дүгээр сарын 10-наас 20-ны өдөр хүртэл хүүхдээ асарсан гэсэн магадлагаа хэрэгт авагдсан байгаа. Мөн Б.М нь хүүхэд эмнэлэгт хэвтэх гэж байгаа тул утсаар чөлөө хүсэж байсан талаар гэрч Б.Б******* мэдүүлсэн. Иймд Б.М нь 9 дүгээр сард ажил тасалсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь харагдаж байна. Байгууллага ажилтныхаа хүндэтгэн үзэх шалтгаантай байсан энэхүү хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлээгүйгээс болж үндэслэлгүйгээр халсан тушаал гарсан байна.
Б.М нь 2001 оноос хойш ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Мөн 4 хүүхэдтэй, 8 дугаар сард хүүхэд нь төрсөн, 9 дүгээр сард нялх хүүхэд нь өвдсөн зэрэг хувийн нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх ёстой байсан. Цэргийн сахилгын дүрмийн 51, 61 дүгээр зүйлд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчил гаргасан этгээдийн гэм буруутай эсэх, зөрчлийн хүнд хөнгөн, хувийн байдлыг нь харгалзана гэж заасан байгаа. Энэ талаар Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудад мөн заасан байгаа.
Зэвсэгт хүчний 016 дугаар ангиас ирүүлсэн албан бичигт Б.М нь 10 дугаар сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа биеэр эдэлсэн гэсэн байна. Өөрөөр хэлбэл Б.М ийг ээлжийн амралттай байх хугацаанд энэхүү тушаал гарсан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд “ээлжийн амралттай байх хугацаанд нь ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдана” гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын Захиргааны удирдлагын хэлтсийн Хуулийн тасгийн хуулийн мэргэжилтэн А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/864 дүгээр тушаал нь хуульд нийцэж гарсан. Б.М ийг ажлын 18 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, цэргийн дүрэм, сахилгыг зөрчиж, ахлагчийн албан хаагчийн шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Б.М ийг 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын 22 хоногийн ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхээр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн бригадын захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/179 дүгээр тушаал гарсан.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэсэн зохицуулалт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж тооцно” гэжээ. Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Б/864 тушаал нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирсэн ба ирсэн бүртгэл нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Данс бүртгэлээс хасах тухай” тушаал гаргасан. Б.М нь энэхүү тушаал гарсантай холбогдуулан тооцоо хийх ёстой байсан боловч тооцоо хийгээгүй явсан. Үлдсэн буу зэвсэг, галт хэрэгсэл зэргүүдийг батальоны удирдлагуудаас холбогдох албадуудад нь шилжүүлэн хүлээлгэн өгсөн. Энэ нь Б.М ийг ээлжийн амралттай байх хугацаанд нь ажлаас халсан гэсэн ойлголт биш юм. Учир нь Б.М нь 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр ээлжийн амралтаа эдлэх байсан. Ажлын ачааллаас болоод 10 дугаар сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдөр ээлжийн амралтаа эдэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар 11 дүгээр сарын 14-ний өдрөөс тасалбар болж ажлаас халагдсан.
Шүүхээс Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ирцийн бүртгэл зэрэг бичиг баримтад хэрэгт авагдсан нотлох баримтуудтай холбогдуулан үзлэг хийхэд Б.М ажлын 18 хоног тасалсан нь тогтоогдоогүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актын илэрхий алдааг захиргааны байгууллага оролцогчийн хүсэлтийн дагуу засах боломжтой. Б.М нь ажлын 16 хоног ажил тасалсан ба Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нөхцөл байдлыг шинжлэн судлахдаа тооцооны алдаа гаргасны улмаас тушаалдаа ажлын 18 хоног гэж дурджээ. Б.М нь ажлын 16 хоног ажил тасалсан нь хавтаст хэрэгт авагдсан Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын цалингийн карт, цалин бодсон хуудсууд, ажлын өдрийн тодорхойлолтуудаас харагдана. Иймд Б.М нь ажил тасалснаараа цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн сахилгын дүрэм”, “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийг Б.М нь албан үүргийнхээ хувьд зөрчин, ахлагчийн албан тушаалтанд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон гэдэг үндэслэлүүдээр халагдсан.
Б.М нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагчид өргөдөл гаргасан гэж байна. Үүний дагуу Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч хурандаа Х.Д******* сахилга, хариуцлагаар халагдсан тул таныг эгүүлэн ахлагчийн албанд авах саналыг уламжлах үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. Цэргийн албаны тухай хуульд зааснаар цэргийн албанд өөрийн хүсэлт, шаардлага, ар гэрийн гачигдлаар гарсан бол эргэж орж болох зохицуулалт байдаг.
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2017 оны Н/43 дугаар тушаалаар батлагдсан цэргийн албан хаагчийн шалгуур үзүүлэлтэд заасан артиллерын бууны захирагчийн албан тушаалд Б.М нь тэнцэхгүй нь харагдаж байгаа. Учир нь Б.М нь ур чадвар, ёс зүйн шаардлагуудыг хангахгүй байгаа. Артиллерын бууны захирагч нь багаар ажиллах, хамт олноо удирдах чиглүүлэх чадвартай байх ёстой. Ёс зүйн хувьд ахлах даргынхаа өгсөн үүрэг, даалгаварыг биелүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэсэн ёс зүйн шаардлагуудыг хангасан байх ёстой байтал Б.М нь ажлын цагийг үр бүтээлтэй ашигладаггүй, захиргаанаас чөлөөг худал, үнэн нь мэдэгдэхгүйгээр утсаар хэлж авдаг, ангид тогтсон журмуудын дагуу чөлөө хүсдэггүй байсан. Ийм хүнээс ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын үр дүн гарахгүй. Артиллерийн тоотын бэлэн байдал хангагдаж байж артиллерын танкийн батальон, улмаар Зэвсэгт хүчний 016 дугаар бригади, Зэвсэгт хүчний бэлэн байдал хангагдах ёстой. Б.М нь удирдах албан тушаалтан байсан бөгөөд хамгийн доод нэгжийг удирдаж байсан. Монгол Улс дайн бүхий байдалд шилжсэн тохиолдолд Б.М ийн хариуцаж байсан нэгж бэлэн байдлаа хангаж шуурхай ажиллах үүрэгтэй байдаг. Зэвсэгт хүчин нь тайван цагт Монгол Улсын тусгаар тогтнол, зэвсэгт хүчний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Үүнийг хангахын тулд сургалт, дадлагаа хийдэг. Удирдаж буй хүмүүсээ мэргэжлийнх нь дагуу чадваржуулах, бэлэн байдлыг нь хангуулах үүргийг Б.М хүлээдэг байсан боловч эдгээр үүргүүдээ зөрчсөн тул энэ хүнийг Зэвсэгт хүчинд эгүүлэн авах боломжгүй.
Б.М ийг төрийн жинхэнэ албанаас халаагүй, төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний албадуудад ажиллах эрх нь нээлттэй байгаа. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг баталсан. Энэ нь зөвхөн төрийн захиргааны албан хаагчдад хамаарах ба төрийн тусгай албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах асуудал нь тусгай дүрмээр зохицуулагдах тул Б.М ийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг оногдуулах боломжгүй.
Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг амаар болон бичгээр гаргаж болно гэж заасны дагуу Б.М т дэд хурандаа Б.Б******* болон Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч нар сануулах сахилгын шийтгэлийг удаа дараа амаар өгч байсан. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нь Б.М т сахилгын шийтгэл оногдуулж буй асуудал биш юм. Энэ нь цэргийн жинхэнэ албанаас сахилга, хариуцлагаар халсан асуудал. Үүнийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээс ялгаж ойлгохыг шүүхээс хүсье.
Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1256 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад хандан шийдвэрлүүлээгүй байхдаа шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Гэтэл Б.М ийн нэхэмжлэлд хавсаргасан материалуудад өнөөдрийн гаргаж өгсөн гараар бичсэн хүсэлтүүд байгаагүй. Хэрэв үнэхээр эдгээр хүсэлтүүдийг гаргаж байсан юм бол эдгээр баримтуудаа үндсэн нэхэмжлэлдээ хавсаргах байсан. Иймд үндсэн нэхэмжлэлдээ эдгээр хүсэлтүүдийг хавсаргаагүй нь нөхөж бичсэн байх гэсэн эргэлзээ төрүүлж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Халах, цэргийн цол хураах тухай” Б/864 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар баталсан “ Цэргийн цол олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5, Батлан хамгаалах сайдын 2008 оны 75 дугаар тушаалаар баталсан “Ахлагчийн алба хаах журам”-ын 10 дугаар зүйлийн 10.5, 10.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Нэг”-ийн 2 дахь заалтаар Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын артиллерийн батарейны бууны захирагч ахлах ахлагч Б.М ийг 2016 оны 01 дүгээр сараас ажлын 18 өдрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслан, цэргийн дүрэм, сахилгыг зөрчиж, ахлагчийн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэж үзэж, сахилга хариуцлагаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ албанаас халж, “Хоёр” дахь заалтаар сахилга, хариуцлагаар халагдаж байгаа ахлах ахлагч Б.М ийн цэргийн цолыг хураахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.М нь энэхүү тушаалыг үндэслэлгүй хэмээн маргаж, уг тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын артиллерийн батарейны бууны захирагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Б.М ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Би ажлын 18 хоногийн ажил таслаагүй. Халах тушаал гарах үед би ээлжийн амралттай, бага хүү маань бие нь муу эмнэлэгт хэвтэж байсан. ... Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл байхгүй байхад намайг ажлаас халсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг зөрчсөн” гэж, хариуцагч нь “... Б.М нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 18 (16) өдрийн ажил тасалж, цэргийн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчиж, ахлагчийн албан тушаалд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул түүнийг цэргийн албанаас сахилга, хариуцлагаар халсан. Тушаал хууль зүйн үндэслэлтэй” хэмээн маргажээ.
Нэг: Нэхэмжлэгчийн “Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Халах, цэргийн цол хураах тухай” Б/864 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын артиллерийн батарейны бууны захирагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/262 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тийрэлтэт артиллерийн батарейны салааны захирагчийн орлогч, тоотын захирагч ахлагч Б.М ийг шилжүүлж, Зэвсэгт хүчний 016 дугаар ангид танкийн батальоны артиллерийн батарейны гуравдугаар бууны захирагчаар 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Б.М ийг дээрх ажил, албан тушаалаас халахдаа Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг гол үндэслэлээ болгожээ. Өөрөөр хэлбэл Б.М ийг 2016 оны 01 дүгээр сараас ажлын 18 өдрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэж үзэж, түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс ажил, албан тушаалаас нь халсан нь дараахь үндэслэлээр хууль бус болжээ.
1. Нэхэмжлэгч Б.М ийн урьд эрхэлж байсан Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын артиллерийн батөрейны бууны захирагчийн ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан төрийн тусгай албан тушаалд хамаарагдаж байх бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Б.М нь төрийн жинхэнэ албан хаагч юм.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулагдах ёстой. Өөрөөр хэлбэл цэргийн албан хаагч нь төрийн тусгай албан хаагчийн хувьд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль болон Цэргийн албаны болон Зэвсэгт хүчний тухай хуулиар зохицуулагдах ёстой.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл, журмыг тогтоосон байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д” хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалттгүй биелүүлсэн”, 25.1.2-т “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 25.1.3-т “ Монгол Улсын харъяатаас гарсан” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах хуулийн зохицуулалттай байна.
Үүний зэрэгцээ маргаан бүхий тушаалд баримталсан Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “цэргийн нийтлэг дүрэм, цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн”, 24.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 24.1.3-т “... мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон” тохиолдолд офицер, ахлагч нарыг нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болохоор, мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7-д” Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нь хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх”-ээр тус тус зохицуулжээ.
Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/302 дугаар тушаалаар батлагдсан “ Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.2-т “Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг ёс зүйн зөрчил гэнэ” гэж, мөн дүрмийн 7.2-т “Офицер, ахлагч ёс зүйн зөрчил гаргасан өргөдөл гомдол, мэдээллийг Зэвсэгт хүчний Ёс зүйн хороо хүлээн авч, тухай бүрт нь хэлэлцэж, дүгнэлт гаргана” гэж тодорхойлон заажээ.
Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзэхэд цэргийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг Зэвсэгт хүчний дэргэдэх Ёс зүйн хороо шалгаж, дүнг хуралдаанаараа хэлэлцэж дүгнэлт гарган, Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн тоимлох эрх бүхий албан тушаалтан зөрчил гаргасан офицер, ахлагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр байна.
Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.М ийг цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Б.М ийг ажлын 18 (16) өдрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэж маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Туайлбал Зэвсэгт хүчний 016 дугаар ангиас ирүүлсэн Танкийн батальоны офицер, ахлагч нарын 2016 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны ажилласан өдрийн тодорхойлолтоос үзэхэд Б.М ийг 2016 оны 1 дүгээр сард 1 өдөр, 6 дугаар сард 3 өдөр, 7 дугаар сард 3 өдөр, 9 дүгээр сард 9 өдөр / тоо нь засвартай/ нийт 2016 онд ажлын 16 өдрийг тасалсан гэж, харин Зэвсэгт хүчний 016 дугаар ангиас ирүүлсэн Танкийн батальоны офицер, ахлагч нарын 2016 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны цагийн бүртгэлээс үзэхэд Б.М ийг 2016 оны 1 дүгээр сард 5 өдөр, 2 дугаар сард 5 өдөр, 3 дугаар сард 4 өдөр, 5 дугаар сард 8 өдөр, 6 дугаар сард 5 өдөр, 7 дугаар сард 6 өдөр, 8 дугаар сард 8 өдөр, 9 дүгээр сард 11 өдөр, 10 дугаар сард 2 өдөр, нийт 2016 онд ажлын 54 өдрийг тасалсан гэж тус тус илтэд зөрүүтэй бүртгэгджээ. Түүнчлэн Б.М нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүүхдээ асрах чөлөөтэй байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн магадлагаа, эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэтэл хариуцагч нь энэхүү нөхцөл байдлыг нягтлан шалгаагүйн зэрэгцээ энэхүү маргааны үйл баримтыг ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах үүрэгтэй Зэвсэгт хүчний Ёс зүйн хороогоор авч хэлэлцүүлэхгүйгээр нэхэмжлэгч Б.М ийг ажил, албан тушаалаас нь халсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг тус тус зөрчжээ
Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг илүү нарийвчилсан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүйгээс актын агуулга ойлгомжгүй, тодорхой бус болжээ. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн аль үндэслэлээр халсан нь тодорхой бусаас тушаал гаргасан захиргааны албан тушаалтны хүсэл зориг нь актад бүрэн илэрхийлэгдээгүй байна.
Үүний зэрэгцээ төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар “төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах хуулийн зохицуулалттай байна. Гэтэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25, 26.1.3-т зааснаас өөр үндэслэлээр түүнийг ажил, албан тушаалаас нь халсан нь хууль бус болжээ.
Иймд хариуцагчийн “ ... тушаал хуульд нийцэж гарсан. Тушаал хууль зүйн үндэслэлтэй ” гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “ Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “ ээлжийн амралттай байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ажил үүргээ гүйцэтгээгүй буюу ээлжийн амралттай үед ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалагдах хуулийн зохицуулалттай байна.
Нэхэмжлэгч Б.М нь маргаан бүхий тушаал гарах үед буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн амралттаа биеэр эдэлж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 170 дугаар албан бичиг, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн Танкийн батальоны офицер, ахлагч нарын 2016 оны 10,11 дүгээр сарын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.М ийг ээлжийн амралттай байх үед ажил, албан тушаалаас нь халсан нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Б.М ийг ажлаас халах болсон нэг үндэслэлээ “ахлагчийн албан тушаалд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангаагүй” гэж тайлбарлан маргаж байх боловч маргаан бүхий актыг энэ үндэслэлээр гаргаагүй байх бөгөөд Б.М ийг эрх бүхий этгээд нь уг албан тушаалын шаардлагыг хангасан гэж үзэж, түүнийг Зэвсэгт хүчний 016 дугаар ангид танкийн батальоны бууны захирагчаар 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллуулсаар байжээ.
Мөн нэхэмжлэгч Б.М ийн 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүгнэж, нийт оноо 81, “С” буюу “хангалттай” гэж үнэлсэн, цаашид салаан захирагчийн орлогчийн албан тушаалд дэвшүүлж ажиллуулах саналыг гаргаж байжээ.
Иймд хариуцагчийн “ахлагчийн албан тушаалтанд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангаагүй” гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
3. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах боломж олгох ёстой. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь халах шалтгаан нөхцөл, хууль зүйн үндэслэлийн талаар түүнд танилцуулаагүй, тайлбар санал гаргах боломж олгоогүй болох нь тогтоогдож байх тул хуульд заасны дагуу “сонсох ажиллагааг явуулсан” гэж үзэхгүй.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь маргаан бүхий актыг гаргахдаа нарийвчилсан зохицуулалттай Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байгаагийн зэрэгцээ нэхэмжлэгч Б.М ийг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын артиллерийн батөрейны бууны захирагчийн ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон “ төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа”-г зөрчсөн түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/864 дугаар тушаалын Б.М т холбогдох хэсгийг хүчингүй болгож,,түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “ сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн “ гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Б.М нь сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хоёр: Нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.М нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ныг хүртэл хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч Б.М ийг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг нэгэнт тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 11 сар 3 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8,989,345.83 /найман сая есөн зуун наян есөн мянга гурван зуун дөчин таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.М ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзпээ.
Нэхэмжлэгч Б.М нь ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчинй 016 дугаар ангийн бригадын захирагчаар дамжуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын хүний нөөцийн хэлтэст өргөдөл гаргасан байх бөгөөд уг өргөдлийг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч 2016 оны 11 дүгээр сарын 15-нд хүлээн авсан, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн, улмаар нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөл, Зэвсэгт хүчний жанжин штабт тус тус өргөдөл гаргаж, хариуг авч байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “ дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Зэвсэгт хүчний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “ Халах, цэргийн цол хураах тухай” Б/864 дугаар тушаалын Б.М т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.М ийг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын артиллерийн батарейны бууны захирагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 11 сар 3 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8,989,345.83 /найман сая есөн зуун наян есөн мянга гурван зуун дөчин таван төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Б.М ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабын даргад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН