| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0046/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Б.Нямгэрэл түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Сэнгэм овогт Бөөдийгийн Нямгэрэлд холбогдох эрүүгийн 20360000000011 дугаартай, 178/2020/0045/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 13- ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,1986 оны 06 сарын 18 - ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай,эрэгтэй, ард захчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл - 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Улаан хүрээ багт оршин суух, аминдаа 175 толгой малтай, хашаа, 2 өрөө хувийн сууцтай, пургон болон суудлын авто машинтай, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 11 сарын 14 - ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ПЮ 86061874 дугаарын регистртэй, Сэнгэм овогт Бөөдийгийн Нямгэрэл
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч Б.Нямгэрэл нь 2019 оны 07 дугаар сард иргэн Ц.Гомбосүрэнгээс мал өгнө гэж 1200000 төгрөг авсан
- 2019 оны 05 сарын 20- ны өдөр мал өгнө гэж Т.Даваамягмараас 500000 төгрөг, 2019 оны 06 дугаар сард 500000 төгрөг нийт 1000000 төгрөг авсан.
-2018 оны 11 сарын 19- ний өдөр иргэн Я.Мөнхдалайгаас хашаа байшин худалдан авах гэж байна гэж 2000000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сард машины мөнгө дутлаа гэж 1000000 төгрөг нийт 3000000 төгрөг авсан.
- Иргэн Г.Мөнхзоригт мал өгнө гэж 2019 оны 06 дугаар сард 500000 төгрөг, 2019 оны 07 сарын 02- ны өдөр 550000 төгрөг, 2019 оны 07 сарын 04- ний өдөр 600000 төгрөг, 2019 оны 07 сарын 07- ны өдөр 400000 төгрөг, 2019 оны 07 сарын 17- ны өдөр 850000 төгрөг, 2019 оны 07 сарын 20- ны өдөр 700000 төгрөг нийт 3600000 төгрөгийг авсан.
- Иргэн Б.Чинбатад мал өгнө гэж 2019 оны 03 сарын 28- ны өдөр 1443000 төгрөг, 2019 оны 09 сарын 29- ний өдөр мал хүргэж өгнө гэж бензиний мөнгө 50000 төгрөгийг тус тус авсан.
- Иргэн Д.Мөнгөнхөлөгт мал өгнө гэж 2019 оны 08 сарын 06- ны өдөр 1350000 төгрөг, 2019 оны 08 сарын 07- ны өдөр 1350000 төгрөг, 2019 оны 08 сарын 11- ний өдөр 750000 төгрөг, 2019 оны 08 сарын 31- ний өдөр 900000 төгрөг нийт 4350000 төгрөг авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суух, 1977 оны 03 сарын 09 - ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, ард захчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, малчин, ПЗ 77030938 дугаарын регистртэй / Хиргис овогт Цогоогийн Гомбосүрэнгийн өгсөн... 2019 оны 07 дугаар сард Б.Нямгэрэл над руу залгаад “ та ямаа авч байна уу, дүүд нь хэдэн төгрөгний хэрэг гарлаа, ахын хүүхэд эмчилгээнд явах гээд байна. 20 ямааны мөнгө өгчих, би 2019 оны 08 сарын 20-дын үед 20 ямаа өгнө , дансанд хийчих “ гэхээр нь надад дансанд мөнгө байхгүй бэлэн байна гэхэд Ховд аймгаас авто машинтай ирээд 1200000 төгрөг авсан. Тэгээд одоо болтол мөнгийг өгөхгүй байна. Б.Нямгэрэлд мөнгө өгөх үед миний дэргэд манай эхнэр хүүхэд, Адарсүрэн гэх залуу байсан. Хохирлоо авмаар байна... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 11-13 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Адарсүрэнгийн өгсөн... 2019 оны 07 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын Бүсийн эмчилгээ оношлогооний төвийн зогсоол дээр таксинд явах гээд зогсож байтал Б.Нямгэрэл / Баяраа / ирээд “Манхан сум яваад хүнээс мөнгө аваад ирье хөлсөнд нь 80000 төгрөг өгнө” гэж тохиролцож, Манхан сум явсан. Сумаас цааш явсан тул 100000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд манай нутгийн Гомбосүрэн /Хөхөө/ гэдэг хүнээс 20 ямааны мөнгө авч байна гээд авсан. Тэр намаржинд орж ирэхдээ 20 ямаа өгнө гэж байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 14-15 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, 1976 оны 11 сарын 01- ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл - 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, малчин, ПЖ 76110155 дугаарын регистртэй / Шарав овогт Тангадын Даваамягмар /Мягаа/ - ийн өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 20- ны өдөр Ховд аймгийн төвд ирээд мал авна гэж зарлуулж байхад Б.Нямгэрэл / Баяраа / тааралдаад “мал авч байгаа юм уу” гэж асуугаад 10 ямааны мөнгө өгчих гээд 500000 төгрөг бэлнээр авсан. Мөн 2019 оны 06 дугаар сарын 20 - ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Хөшөөн тэн” гэх газар байхад 93303020 дугаарын утсаар залгаж орж ирээд “10 ямааны мөнгө өгчих, урьдын ямааны мөнгөтэй нийлүүлээд 20 ямаа болгоод би ачиж хүргээд өгнө” гэхээр нь надад бэлэн мөнгө байна, сум орох хүнд өгөөд явуулъя гээд Пүрэвжавд өгөөд Б.Нямгэрэлд өгчих гээд өгөөд явуулсан. Би Б.Нямгэрэлд нэг ямааг 50000 төгрөөөр бодож өгсөн 1000000 төгрөгөө буцааж авмаар байна. Эхнэр хүүхдийн хамт Манхан сумын Улаан хүрээ багт амьдарч байсан. Одоо хаана байгааг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 49-1 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Пүрэвжавын гэрчээр өгсөн... 2019 оны 06 сарын 20- ны өдөр Т.Даваамягмар надад 500000 төгрөг өгөөд “суман дээр Цэндмаа эгчийн дэлгүүр дээр үлдээчихээд ир” гэхээр нь үлдээгээд ирсэн. Би 500000 төгрөгийг тоолоод өгсөн. Т.Даваамягмар нь хүнээс ямаа худалдаж авч байна мөнгийг нь өгч байна гэж байсан... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 56 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, 1966 оны 12 сарын 15-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй ард захчин, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогчийн мэргэжилтэй, малчин, ПЮ 66121570 дугаарын регистртэй / Намнандорж овогт Ядамсүрэнгийн Мөнхдалайгийн өгсөн... Б.Нямгэрэл нь 2019 оны 11 дүгээр сард ирээд “ хашаа байшин худалдаж авах гэсэн юм 2000000 төгрөг зээлж байгаач, хавар ноолуур гарахаар өгнө “ гэхээр нь өөрийн 5853057096 дугаарын данснаас 2 сая төгрөгийг Б.Нямгэрэлийн 5853127634 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Дараа нь 2019 оны 04 дүгээр сард миний утас руу залгаж орж ирээд “хотод ирсэн байна Портер машин авах гэсэн мөнгө дутаад байна “ гээд надад туслаач гэхээр нь 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Ноолуур 6 сард гарахаар мөнгийг нь өгнө гэхээр нь өгсөн. Тэгтэл одоо болтол мөнгөө өгөөгүй. Эхнэр нь хаана байгааг нь мэдэхгүй гээд байна. Надаас мөнгө зээлээд шинээр хашаа байшин авсан асуудал байхгүй. Урьд нь хашаа байшин, пургон машинтай байсан.Тэр өмнө нь 500000 төгрөгийг нэг удаа аваад хугацаандаа өгч байсан. 2020 он гараад удахгүй таны мөнгийг ахаараа зээл авхуулаад төлнө гэж ярьж байсан. Учирсан хохирлоо авбал ямар нэгэн гомдол хүсэлт алга байна... гэх мэдүүлэг /1-р хх – ийн 77-78 дугаар хуудас/
Мөнгөн шилжүүлгийн ... Я.Мөнхдалайгийн 5853057096 тоот данснаас Б.Нямгэрэлийн 5853187634 дугаартай дансруу 2019 оны 04 сарын 05-ны өдөр 1000000 төгрөг шилжүүлсэн, мөн 2018 оны 11 сарын 19-ний өдөр Я.Мөнхдалайгийн 5853057096 тоот данснаас Б.Нямгэрэлийн 5853187634 дугаартай дансруу 2000000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт/ 1-р хх – ийн 79 дүгээр хуудас/
Бөөдийгийн Нямгэрэлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1-р хх – ийн 82-83 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, 1975 оны 12 сарын 30-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ПЙ 75123074 дугаарын регистртэй / Чойрд овогт Гаваагийн Мөнхзоригийн өгсөн... 2018 оноос Манхан сумын Б.Нямгэрэл гэх залуутай 2018 оноос малын наймаа хийж танилцсан. Б.Нямгэрэл надаас мөнгө аваад мал өгдөг байсан. 2019 оны 06 дугаар сард манай эхнэр Алтансувдтай утсаар яриад “ дүү нь шүүх дээр байна” гээд 500000 төгрөг авсан байсан. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай эхнэр лүү яриад 550000 төгрөгийг 5848058304 дугаарын данс руу шилжүүлж авсан байсан. Мөн 2019 оны 07 сарын 04- ний өдөр “ би хоёр морь зарсан байгаа, мориныхоо оронд мал авна” гээд 5863215453 дугаарын данс руу 600000 төгрөгийг шилжүүлж авсан. 2019 оны 07 дугаар сарын 07- ны өдөр 5099210202 гэсэн дансруу 400000 төгрөг хийлгэсэн. Мөн 07 сарын 17- ны өдөр 5853049971 дугаарын данс руу 850000 төгрөгийг хийлгэсэн. Тухайн үед Завхан аймагт байна дүү нь торхон байшин авах гээд мөнгөний хэрэг боллоо гэж ярьсан. 2019 оны 07 сарын 20 - ны өдөр 5862083082 гэсэн 700000 төгрөгийг Хөвсгөл аймагт явж байна гээд авсан. Нийт 3600000 төгрөгийг авсан. Би эхнэртээ Б.Нямгэрэл мөнгө асуувал өгч бай сүүлд нь мал авна гэж хэлсэн. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 101-102 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтансувдын өгсөн... 2019 оны 06 сарын сүүлээр Манхан сумын Б.Нямгэрэл над руу яриад “ мал өгнө, дүүд нь мөнгөний хэрэг байна “ гээд 500000 төгрөг авсан. 2019 оны 07 сарын 02-ны өдөр шүүхээс салаагүй байна , мөнгө хэрэгтэй байна “ гээд 550000 төгрөг авсан. 2019 оны 07 сарын 04-ний өдөр 600000 төгрөг, 07 сарын 17- ны өдөр 850000 төгрөг, 07 сарын 20-ны өдөр 700000 төгрөгийг тус тус авсан. Тухайн үедээ “Завхан аймагт явна, торхон байшин аваад явж байна шатахууны мөнгө хэрэгтэй байна” гээд яриад мөнгө авсан. Нийт 3600000 төгрөг авсан. 2018 онд малаараа Мөнххайрхан суманд өвөлжиж байх үедээ манай нөхөртэй танилцаад манайхаар орж гардаг байсан. 2019 оны 09 сард утас руу нь залгахад удахгүй очно гээд сураггүй болсон ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 107-108 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ганбатын өгсөн... 2018 оны өвөл малыг нь хөлсөөр маллаж өгсөн. Надад эхлээд 1 сая төгрөг өгсөн. Дараа нь хадам ээж нь 1500000 төгрөг өгсөн. Мал хариулгын хөлсөө нэхээд залгахад надад дахин хариу өгөөгүй. Мөнххайрхан сумын Мөнгөнхөлөгт 40 эр ямаа, 10 эр хонь зарсан. Мөн Г.Мөнхзоригт 6 эр хонь зарсан. 2019 оны 01 дүгээр сард Б.Нямгэрэл хадам ээжийнхээ хамт ирж малаа эргэсэн. 93303020 дугаарын утастай байсан... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 113-114 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Жаргалсайханы гэрчээр өгсөн... 2019 оны 07 сарын 20- ны өдөр намайг таксинд явж байхад нэг ах ирж миний машинд суугаад Манхан сум яваад ирье гээд 40000 төгрөг өгсөн. Манхан сумын зусланд гараад буцаж ирж байхдаа “ ахад нь данс байхгүй байна. Чиний данс руу мөнгө шилжүүлээд авъя “ гээд миний 5862083082 гэх ХААН банкны дансруу 700000 төгрөг орж ирснийг Ховд аймгийн төвд орж ирээд Нийгмийн даатгалын дэргэдэх АТМ- ээс өөрийн картаар авч өгсөн. Тэр ах төв гудманд буугаад үлдсэн. Ховд аймгийн Манхан суманд малчин хийдэг, өөрийгөө Баяраа гэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх – ийн 116 дугаар хуудас/
Мөдөн шалгах ажиллагаанд Д.Цэнд – Аюушийн гэрчээр өгсөн... Би таксинд явж байхад 2019 оны 07 сарын 02- ны өдөр нэг залуу миний машинд суугаад явж байгаад “надад банкны карт байдаггүй, таньд карт байвал таны данс руу мөнгө хийгээд авъя” гээд миний 5848058304 дугаарын дансанд 550000 төгрөг орж ирснийг АТМ- ээс авч өгөөд нөгөө залуу яваад өгсөн. Тэр өөрийгөө Манхан суманд малчин хийдэг Баяраа гэдэг гэж байсан. Хүнтэй ярихдаа мал өгнө гээд мөнгө авч байсан. Махлагдуу бор царайтай залуу байсан... гэх мэдүүлэг /1-р хх – ийн 117 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Саранцэцэгийн гэрчээр өгсөн... Би зах дээр тоглоом тоглуулдаг байсан. Нэг залуу банкны карт үнэмлэх зэргээ архи ууж байгаад гээгдүүлсэн, таны дансанд мөнгө хийгээд авъя гэхээр нь дансаа хэлээд миний данс руу 600000 төгрөг орж ирсэн. Би захын дээд талын ХААН банкны АТМ- ээс мөнгийг нь авч өгсөн. Дахин харвал танина. Хааяа ирж тоглодог. Мөнгө авахаас өмнө зах дээр явж байсан. Одоо харагдахгүй байна... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 118 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Тэрбишийн гэрчээр өгсөн... 2019 оны 07 сарын 17- ны өдөр Б.Нямгэрэл миний ХААН банкны 5853049971 дугаарын данс руу хүнээр 850000 төгрөгийг хийлгээд авсан. Тухайн мөнгөө банкнаас бэлнээр аваад явсан. Мөнгө авахдаа ямар нэгэн зүйл яриагүй... гэх мэдүүлэг /1-р хх – ийн 119 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Пүрэвсангийн гэрчээр өгсөн... Би Б.Нямгэрэлд шинэ мотоциклийг 1700000 төгрөгөөр бодож зарсан. Зарах үедээ 1300000 төгрөгөөр тохирсон. 500000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2019 оны 05 дугаар сард 700000 төгрөгийг өгсөн ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 120 дугаар хуудас/
Галбадрахын Алтансувд нь 2019 оны 06 сарын 30- ны өдөр 5863090032 тоот дансанд 500000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 07 сарын 02- ны өдөр 5848058304 тоот дансанд 550000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 07 сарын 04- ний өдөр 5863215453 тоот дансанд 600000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 07 сарын 07- ны өдөр 5099210202 тоот дансанд 400000 төгрөг шилжүүлсэн,2019 оны 07 сарын 19- ний өдөр 5863049971 тоот дансанд 850000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 07 сарын 20- ны өдөр 5862083082 тоот дансанд 700000 төгрөг шилжүүлсэн тухай “ депозит дансны дэлгэрэнгүй хуулга “ /1-р хх – ийн 133-134 дүгээр хуудас/
Б.Буяннэмэх, Д.Цэнд-Аюуш, А.Саранцэцэг, Х.Энхбаяр, Ч.Тэрбиш, Б.Жаргалсайхан нарын “ депозит дансны дэлгэрэнгүй хуулга “ / 1-р хх – ийн 136-166 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, 1973 оны 02 сарын 15- ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ПЙ 73021591 дугаарын регистртэй / Оръяалас овогт Балжиннямын Чинбатын өгсөн... 2018 онд Б.Нямгэрэл гэх залуутай танилцаж малын наймаа хийдэг байсан. Б.Нямгэрэл надаас мөнгө аваад буцаагаад мал өгдөг байсан. 2019 оны 03 сарын 28-ны өдөр над руу залгаад 15 эр хонины мөнгө өгчих удахгүй Мөнххайрхан суманд очоод хонь өгнө гээд байхаар нь тухайн өдөр 5853127634 дугаарын дансанд 1443000 төгрөг хийсэн. Мөн манай дэлгүүрээс очоод 107000 төгрөгний чихэр, пиво, архи зэргийг авсан байсан. 2019 оны 09 сарын 29-ний өдөр нар руу утасдаад “ ахаа малаа хүргэж өгөх гэсэн бензиний мөнгө байхгүй байна “ гээд 50000 төгрөгийг 5853127634 дугаарын данс руу хийлгэсэн. Тухайн үед манай эхнэр Дэнсмаад мөнгө шилжүүлсэн бичиг, тэмдэглэсэн зүйл байгаа. Надад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 180-181 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багт оршин суух, 1978 оны 06 сарын 12- ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ФМ 78061274 дугаарын регистртэй/ Хорхон овогт Дэвээжанцангийн Мөнгөнхөлөгийг өгсөн... Б.Нямгэрэлийг Мөнххайрхан суманд ирсэн үеэс нь мэднэ. Мөнххайрхан суманд мал маллаж байсан. Над руу утсаар яриад “ та мал авч байна уу, хэдэн мал зарах гэсэн юм. Мөнгөний хэрэг гараад байна “ гээд 1350000 төгрөг авсан. Дахин утсаар яриад 10 төлөг өгнө гээд 700000 төгрөг авсан. Хүүхдүүд сургуульд орсон бэлтгэл хангана гээд 900000 төгрөг авсан. Намар нь мал авах болоод утсаар ярихаар утсаа авахгүй байсан. Б.Нямгэрэл надтай хамт нэг удаа тоглож байсан нүхийг нь 1000-2000 төгрөгөөр тоглож байсан. Б.Нямгэрэл хэлэхдээ 1000 толгой малтай, машинтай гэж байсан. Би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 225-226 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Өлзийгийн гэрчээр өгсөн... Манайхыг Өмнөговь сумын Орлогын голын алтан дээр байхад “Бор хавцалаас ирлээ” гээд нэг залуу ирсэн. Тэр миний данс руу мөнгө хийлгэж авах гэлээ гэхээр нь би туслах санаатай тэг тэг гээд хэлсэн. Нэг хүн рүү залгахад удалгүй 5-10 минутын дараа миний утсанд 1350000 төгрөг орж ирсэн мессеж ирсэн. Би сум орох юмуу хэд хоногоос аймаг орохоор өгье гэхэд тэгье гээд явсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 9, 10 – ны үед аймаг орох үед данснаас мөнгийг нь авч өгсөн. Би ХААН банкны 5810132043 дугаарын данс эзэмшдэг. Одоо ч гэсэн эзэмшиж байна. Б.Нямгэрэл гэх залууг танихгүй ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 244-245 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Нямгэрэлийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Мөрийтэй тоглоом тоглож байгаад мөнгө алдаад мөнгөгүй болчихоод “ мал авч байгаа хүн байгаа “ эсэхийг асуухад Ц.Гомбосүрэн мал авч байна гэхээр нь мөнгө зээлчих гэхэд зээлэх мөнгө байхгүй, ямаа авч байгаа гэхээр нь 20 ямааны мөнгө өгчих гэхэд 20 ямааны мөнгө болох 1200000 төгрөгийг Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Ангиртын гол гэх газарт гэрт нь очиж авсан. 2019 оны 07 дугаар сарын дундуур авсан. Би 2010 оноос мөрийтэй тоглоом тоглож байгаад одоо болисон. Би өөрийн гэх малаа бараг зараад дуусгасан. Пургон маркын машинтай. Т.Даваамягмар ахыг “ мөнгөний хэрэг гарлаа , зээлж байгаач” гэхэд ахад нь ямаа авч байгаа мөнгө байна гээд 10 ямааны мөнгө 500000 төгрөг дахиад арван ямааны мөнгө 500000 төгрөг нийт 1000000 төгрөг авсан. Энэ мөнгийг Ховд аймгийн зах дээр мөрийтэй тоглоод алдсан. Би Я.Мөнхдалай ахаас жил бүр мөнгө зээлж аваад хугацаанд нь өгдөг байсан. Улаанбаатар явж байна, машин авах гэсэн мөнгө дутчихлаа гээд 1000000 төгрөг авсан. Эхлээд 2 сая төгрөг авсан. Нийт 3 сая төгрөг авсан. Би Г.Мөнхзоригоос 6 удаа нийт 3600000 төгрөгийг “ мал өгнө “ гэж хэлээд авсан. Тухайн үед таксиний жолооч, зах дээр тоглоом тоглуулдаг хүн, Алтай суманд дэлгүүр ажиллуулдаг хүмүүсийн данс руу хийлгэж авсан. Г.Мөнхзориг ах эхнэртээ хэлчихье эхнэрт хэлээд ав гэхээр нь эхнэрээс нь авсан. Би хохирлоо боломжоороо барагдуулна. Манай мал Мөнххайрхан суманд байсан малаа авахдаа мал өгнө гэж хэлээд Чинбатаас 1500000 төгрөг авсан. 2019 оны 05 дугаар сард мал өгөх гэсэн боловч туранхай байна гээд голоод аваагүй. Манайх зуны улиралд Ендэртийн гол гэдэг газар нутагладаг. Мөнххайрхан сум руу орж гарч байгаад Мөнгөнхөлөг ахтай танилцсан. Мөнгөнхөлөг малын ченж хийдэг. Урьд мал өгч авдаг байсан. Улаанбаатар хот явж ажил хийх санаатай Мөнгөнхөлөгөөс 4350000 төгрөгийг “ мал өгнө “ гэж авсан. Одоо надад бараг мал байхгүй. Урьд нь мянга гаруй малтай байсан. Би эдгээр хүмүүсээс авсан мөнгөөрөө тоглоом тоглодог байсан. Мөн хүнээс авсан мотоциклийнхоо өрийг өгсөн. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогч Ц.Гомбосүрэнд 1200000 төгрөг, Мөнгөнхөлөгт 4350000 төгрөг, Т.Даваамягмарт 1000000 төгрөг , Г.Мөнхзоригт 3600000 төгрөг, Я.Мөнхдалайд 3 сая төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Б.Чинбатад 1550000 төгрөгийг 2020 оны 05 сарын 20- ны өдөр төлөхөөр тохиролцож “ Өр барагдуулах баталгаа гаргах тухай” гэрээ байгуулсан. Тухайн хохирлыг төлж барагдуулна... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Баярцэцэгийн гэрчээр өгсөн...Б.Нямгэрэл бид хоёр 2014 онд гэр бүл болсон, гэрлэлтийн баталгаатай. Одоо манайх 200- аад толгой малтай үлдсэн. Манай нөхрийг Баяраа гэж дууддаг. Манай нөхрийн эцэг, эх нь нас барсан. Ах болон эгч нар Ховд аймгийн төв, Улаанбаатар хот, Манхан суманд байдаг. Б.Нямгэрэл нь ширүүн ууртай, харьцаа муутай сүүлийн үед гэртээ байхгүй гадуур, дотуур хоноод байдаг болсон. Манайх 2018 онд О.Гансүх гэдэг хүнд Мөнххайрхан сум руу малаа хөлсөөр маллуулж байсан ... гэх мэдүүлэг/1-р хх – ийн 230-231 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Дариймаагийн гэрчээр өгсөн... Б.Нямгэрэлийн эцэг эх нь нас барсан. Ах, эгч нар нь байдаг. 2019 онд намайг цохиод цагдаагийн байгууллагад хандаж байсан. Эднийх 200 – иад толгой малтай. 2018 онд Мөнххайрхан сумын Монхоо гэх хочтой хүнд малаа хөлсөөр өгч маллуулж байсан... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 232-233 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Ням- Очирын гэрчээр өгсөн... Бид ах дүү 6- уулаа байдаг. Бид нарын эцэг, эх маань нас бараад Үенч сумаас Манхан суманд ирсэн. Түүнээс хойш би дүү нараа харж хандаж айл болгосон. Дүү нараа айл болоход нь мал тасалж өгч байсан. Б.Нямгэрэлийн хувьд манай хамгийн бага дүү. Отгон гэдэг утгаараа жаахан дураараа. Сүүлийн нэг жил мөрийтэй тоглоод өр тавьсан гэж дуулсан. Увс аймагт цэргийн алба хаасан, 5 дугаар ангиас сургуулиас гарсан. Бага байхад нь манай эцэг эх Нямбаяр гэдэг байгаад манай ээжийн аав дээр үрчлэгдээд Бөөдийгийн Нямгэрэл гэдэг болсон. Бид нар Баяраа гэж дууддаг. Хэнээс хэдэн төгрөг авсан талаар мэдэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн 234-236 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Нямгэрэл нь 2019 оны 07 дугаар сард иргэн Ц.Гомбосүрэнгээс “ ахын хүүхэд эмчилгээнд явах гэж байна, 20 ямааны мөнгө өгчих” гэж Ховд аймгийн төвд таксинд явж байсан Ш.Адарсүрэн гэгчид 100000 төгрөгний хөлс төлж, бэлэн 1200000 төгрөгийг Манхан сумын Ботгон багт байсан иргэн Ц.Гомбосүрэнгийн гэрээс нь очиж авсан.
- 2019 оны 05 сарын 20- ны өдөр мал өгнө гэж Т.Даваамягмараас 500000 төгрөгийг бэлнээр авсан, мөн 6 дугаар сард “ урьд өгсөн мөнгөн дээрээ нэмээд 500000 төгрөг өгчих, 20 ямаа өгье “ гэхэд нь Т.Даваамягмар нь Пүрэвжав гэгчээр өөрт байсан 500000 төгрөгийг Цэндмаа гэгчийн дэлгүүр дээр хүргүүлснийг Б.Нямгэрэл нь авсан.
-2018 оны 11 сарын 19- ний өдөр иргэн Я.Мөнхдалайгаас” суман дээр хашаа байшин авах гэсэн мөнгө дутаад байна, хавар ноолуур гарахаар өгье” гээд гэрт нь очиж уулзаж, 2000000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан, мөн 2019 оны 04 дүгээр сард Я.Мөнхдалайгийн утас руу залгаж “ Улаанбаатарт ирсэн байна. Машин авах гэсэн мөнгө дутаад байна“ гэж 1000000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 3000000 төгрөг авсан.
- Иргэн Г.Мөнхзоригтой 2018 оноос малын наймаа хийж танилцсан ба 2019 оны 06 дугаар сард “ дүү нь шүүх дээр байна “ гээд 500000 төгрөг, мөн хоёр морь зарсан, түүний оронд мал аваад өгнө, Завхан болон Хөвсгөл аймагт явна, торхон байшин авах гэсэн мөнгө дутлаа” гээд Б.Жаргалсайханы данс руу 400000 төгрөг, таксиний жолооч Д.Цэнд-Аюушийн данс руу 550000 төгрөг, тоглоом тоглуулдаг Р.Саранцэцэгийн данс руу 600000 төгрөгийг, таксиний жолооч Ч.Тэрбишийн дансруу 850000 төгрөгийг шилжүүлж, 2019 оны 07 сарын 02- ны өдөр 550000 төгрөг, 2019 оны 07 сарын 04- ний өдөр 600000 төгрөг, 2019 оны 07 сарын 07- ны өдөр 400000 төгрөг, 2019 оны 07 сарын 17- ны өдөр 850000 төгрөг, 2019 оны 07 сарын 20- ны өдөр 700000 төгрөг нийт 3600000 төгрөгийг авсан.
- Иргэн Б.Чинбатад “мал өгнө” гэж 2019 оны 03 сарын 28- ны өдөр 1443000 төгрөгийг 2019 оны 09 сарын 29- ний өдөр мал хүргэж өгөх бензиний мөнгө дутлаа гээд 50000 төгрөгийг тус тус авсан.
- Иргэн Д.Мөнгөнхөлөгт “мал өгнө” гэж 2019 оны 08 сарын 06- ны өдөр 1350000 төгрөгийг Увс аймгийн Өмнөговь сумын Д.Өлзийгийн дансруу шилжүүлэн авсан мөн “ мал өгнө “ гэж 2019 оны 08 сарын 07- ны өдөр 1350000 төгрөг, 2019 оны 08 сарын 11- ний өдөр 750000 төгрөг, 2019 оны 08 сарын 31- ний өдөр 900000 төгрөг нийт 4350000 төгрөг авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Нямгэрэл нь “ хашаа байшин худалдан авахад мөнгө дутлаа, машин худалдан авахад мөнгө дутлаа, торхон байшин худалдан авахад мөнгө дутлаа, бензиний мөнгөний хэрэг байна, мал өгнө ” гэх зүйлээр шалтаглан удаа дараагийн үйлдлээр хохирогч нартай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.Гомбосүрэн, Я.Мөнхдалай, Д.Мөнгөнхөлөг, Б.Чинбат, Г.Мөнхзориг. Т.Даваамягмар нараас нийт 14700000 төгрөгийг авсан үйлдэл нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Нямгэрэлийн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан хохирогч нарын 14700000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ... хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан эд хөрөнгийг шилжүүлэн авсан ... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.Нямгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Гомбосүрэн 1200000 төгрөг, Мөнгөнхөлөг 4350000 төгрөг, Т.Даваамягмар 1000000 төгрөг,Г.Мөнхзориг 3600000 төгрөг, Я.Мөнхдалай 3000000 төгрөгний хохирлыг шүүгдэгч Б.Нямгэрэл нь барагдуулсан талаархи хүсэлтийг ирүүлсэн байх тул хохирогч Ц.Гомбосүрэнд 1200000 төгрөг,Д.Мөнгөнхөлөгт 4350000 төгрөг,Т.Даваамягмарт 1000000 төгрөг, Г.Мөнхзоригт 3600000 төгрөг, Я.Мөнхдалайд 3000000 төгрөгний хохирол төлөгдсөн гэж үзнэ.
Харин хохирогч Б.Чинбат нь 1550000 төгрөгийг 2020 оны 05 сарын 20- ны өдөр хохирлоо төлүүлэхээр тохиролцож “ Өр барагдуулах баталгаа гаргах тухай” гэрээг ирүүлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Нямгэрэлээс 1550000 төгрөг гаргуулан хохирогч Б.Чинбатад олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Нямгэрэл нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 11 сарын 14- ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан нь 2-р хх – ийн 32 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 11 сарын 14- ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх – ийн 34- 36 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчийн дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгч Б.Нямгэрэл нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн УАЗ пургон маркын авто машин битүүмжилсэн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулын ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзнэ гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлт,тайлбартаа: Шүүгдэгч Б.Нямгэрэлийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Б.Нямгэрэл нь 5 настай байхад нь эцэг, эх нь нас барж ах эгч нарынхаа хамт амьдарч байгаад эхнэр авсан. Одоо эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Бага насны гурван хүүхэдтэй, эхнэр нь малаа маллаж байгаа. Цаашид мөрийтэй тоглохгүй засарч хүмүүжинэ гэж байгаа тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн 3 сая төгрөгөөр торгох ял шийтгэхийг зөвшөөрч байна. Б.Чинбатад хохирлыг төлнө. Бусад хохирогч нарын хохирлыг төлсөн байгаа гэв.
Шүүгдэгч Б.Нямгэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Нямгэрэлийг ...хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан эд хөрөнгийг шилжүүлэн авсан ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нямгэрэлийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүнд оногдуулсан 3000000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанаад хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан өгөв.
Эрүүгийн 2036000000011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Нямгэрэлийн эзэмшлийн УАЗ пургон маркын 36-49 ХОА улсын дугаартай авто машин битүүмжилсэн прокурорын 2020 оны 01 сарын 24- ний өдрийн 5/04 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Шүүгдэгч Б.Нямгэрэлд холбогдох эрүүгийн 2036000000011 дугаартай хэрэгт 2036000090017, 203600000018, 193600320019, 1936003400013, 1936003080016 тоот хэргүүдийг нэгтгэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Сэнгэм овогт Бөөдийгийн Нямгэрэлийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан эд хөрөнгийг шилжүүлэн авсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сэнгэм овогт Бөөдийгийн Нямгэрэлийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Нямгэрэлд оногдуулсан 3000000 төгрөгний торгох ялыг 3/ гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2036000000011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Нямгэрэлээс 1550000 төгрөг гаргуулан хохирогч Б.Чинбатад олгож, хохирогч Ц.Гомбосүрэнд 1200000 төгрөг, Я.Мөнхдалайд 3000000 төгрөг, Г.Мөнхзоригт 3600000 төгрөг, Т.Даваамягмарт 1000000 төгрөг, Д.Мөнгөнхөлөгт 4350000 төгрөг тус тус төлөгдсөн болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Б.Нямгэрэлийн эзэмшлийн УАЗ пургон маркын 36-49 ХОА улсын дугаартай авто машин битүүмжилсэн прокурорын 2020 оны 01 сарын 24- ний өдрийн 5/04 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэж, эрүүгийн 2036000000011 дугаартай хэрэгт 2036000090017, 203600000018, 193600320019, 1936003400013, 1936003080016 тоот хэргүүдийг нэгтгэсэн болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Нямгэрэлд тайлбарласугай.
8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Нямгэрэлд оногдуулсан 3000000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Нямгэрэлд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА