Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 226

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.С /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Сд холбогдох эрүүгийн 2011 00016 0150 дугаартай хэргийг 2020 оны 3 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигин овгийн, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бат зэв ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Хилл сайдын 9в-128 тоотод оршин суух /иргэний үнэмлэхний хаяг Багануур дүүрэг 5 дугаар хороо, Их гүн 7-4 тоотод оршин суух хаягтай/, урьд ял шийтгэлгүй, /РД:НВ86103016/

 

Шүүгдэгч Д.С нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Өлзийдэлгэрийг бусадтай хардан маргалдаж, улмаар түүнийг үснээс нь зулгаах, нүүрэн тус газар нь алгадах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун бугалга, 2 гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, зеөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Сээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч Д.Сээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-32/: “..2019 оны 12 дугаар сарын 20-ны орой 22 цагийн орчим уулздаг хүүхэн Өзийдэлгэр над руу залгаад хүрээд ир гээд байсан. Би яваад очтол Болдоо, Тамираа, Лхагваа, Өлзийдэлгэр, бас нэг охины хамтаар байж байсан. Тэндээ ууж байгаад шөнө 03 цагийн үед караокенаас гарахаар болоод нэг мэдэхэд Болдоо Гандангийн хэдэн жолоочийг дуудсан байсан. Бөөнөөрөө гарч ирээд Мөнхөөгийн машинд чихэж суугаад 5-н буудалд ирсэн. Ирж байх замдаа хамт байсан залуучуудаа өдөөд алцаганаад байсан бөгөөд надтай хамт явж байж өөр залууг дуудаад уулзчихъя гээд машин дотор өөр хүний өвөр дээр нь суусан байсан бөгөөд, юм яриад байхаар нь таван буудал дээр ирээд буугаад би Өлзийдэлгэрт хандаад чи яагаад алцаганаад байгаа юм гэхэд Өлзийдэлгэр чи намайг мэддэг хэн бэ гээд дайрах гээд байхаар нь би Өлзийдэлгэрийг 2, 3 алгадаад түлхээд унагаасан юм..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Н.Өлзийдэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-10-12/ “..2019 оны 12 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед найз Лхагвааг Сансарт байх гэрээс нь аваад Дарь эхийн ойролцоо караокед ороод байж байтал Болдоо гэх найз маань ирээд бид 3 хамт суусан бөгөөд 2 шил 0,5 литрийн архи авсан. Архиа уугаад дуулж сууж байтал Саруул залгаад байсан ба олон удаа залгаад байхаар нь байгаа газраа хэлж өгсөн. Саруул ирээд дахин 1 шил архи авсан. Би эхний шил архинаас уусан сүүлийн архинаас уугаагүй. Бид нар караокед сууж байгаад гадаа гарч ирсэн. Би машинтай явж байсан бөгөөд дуудлагын жолооч дуудах уу гэж бодож байгаад Саруул, Болдоо нарын найзууд нь ирсэн байхаар нь машинаа бариулах гээд архи уугаагүй хүн байна уу гэж асуутал бүгдээрээ архи уусан байсан. Тэгээд Болдоо, Саруул хоёр 17-луу орчихоод ирье гээд суучих гэж хэлсэн. Машинд олон хүн шахалдаад суусан багтахгүй байсан болохоор өндөр үл таних залуугийн өвөр дээр суугаад 5-н буудал дээр ирсэн. Замд явж байхад Саруул намайг алцаганаад байна гээд байсан бөгөөд 5-н буудал дээр ирж зогсоод дөнгөж буугаад Саруул намайг чи өөр хүнтэй алцаганаад гээд маргалдсан. Маргалдаж байгаад миний зүүн талын хацар хэсэг рүү баруун гараараа 1 удаа алгадчихаад миний гар утсыг булаагаад авчихсан. Бид 2 барьцалдаад автал Лхагваа голоор орж ирээд салгах гэтэл Лхагвааг тоохгүй над руу дайраад миний нүүр рүү маш олон удаа алгадсан. Тэгээд бид 2 ноцолдоод би газарт баруун талаараа унасан. Намайг уначихаад байж байхад бос гээд байсан бөгөөд би босохгүй цагдаа дуудна гэж хэлтэл миний хажууд суугаад бос гээд намайг үсдээд алгадаад байсан. Ингээд байж байтал цаанаас нэг залуу ирээд чи эмэгтэй хүнийг болиоч гэж хэлтэл чи юу гээд байгаа юм гээд Саруул тэр залуу руу дайрсан бөгөөд би Саруулд хандаж би ахыгаа дуудмаар байна гээд утсаа нэхтэл минйи утсыг өгсөн. Тэгээд тэр залуутай маргалдах гэж явахдаа миний нуруу руу 2 удаа өшиглөчихөөд чамаас болж байгаа юм пизда минь гээд босоод явсан. ..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-18/  “..2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өлзийдэлгэр, Болдоо бид 3 уулзаад дарь эхэд байх караокед ороод байж байтал Өлзийдэлгэртэй Саруул гэх залуу яриад хаана байгаа талаар нь асуугаад байсан. Тэгээд бид нар караокед сууж байгаад 2 шил архи уучихаад гараад иртэл Саруулын найзууд гэх машинтай хүмүүс ирсэн байсан. Тэгээд 5-н буудал явъя караоке оръё гээд машинд чихэж суусан бөгөөд 5-н буудал дээр ирээд машинаас буусан бөгөөд Саруул гэх залуу Өлзийг алгадаад чи өөр хүний өвөр дээр сууж намайг доромжиллоо гээд өшиглөөд байсан. Би очоод болиочээ гэж хэлтэл би мэдэж байна чамд хамаагүй гэж надад хэлсэн. Би айгаад машинд орж суусан бөгөөд цонхоор хартал зодоод байхаар нь найзуудад нь та нар очоод салгаад өг гэж хэлтэл найзууд нь очоод боль гэж хэлтэл та нарт хамаагүй гээд нэг найзтайгаа маргалдаад байсан..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №669 дүгээр дүгнэлтэнд: “..Н.Өлзийдэлгэрийн биед тархи доргилт, баруун бугалга, 2 гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэх дүгнэлт, шүүгдэгч Д.Сийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/ мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Өлзийдэлгэрийг бусадтай хардан маргалдаж, улмаар түүнийг үснээс нь зулгаах, нүүрэн тус газар нь алгадах, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун бугалга, 2 гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг алгадах, өшиглөх зэргээр түүнийг зодож үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Сд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Д.Сийг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МӨНХБАЯР