Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1060

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01072/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

    Нэхэмжлэгч: :Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дүгээр байрны ** тоотод оршин суугч Д.Х*** /РД: ***, утас: ***/-ын хүсэлттэй,

 

     “Эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Х***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ханджаргал нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Х*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Капитал банкны захирал Ш.Н***, иргэн М.Б***, Ж.Э*** нарын харилцан тохиролцсон зээлэнд өөрийн хөрөнгө барьцаалан, гарын үсгээ зурж зээл авч өгсөн. Тус банкинд миний нэр дээрх **-р баг, ** тоотод байрлах хүнсний дэлгүүрийг зээлийн барьцаанд тавин сарын 3 хувийн хүүтэй 50,000,000 төгрөгийн зээл авсан. Удалгүй 2014 оны 10 дугаар сараас хойш тэд зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй учир би хариуцагчаар шүүхэд дуудагдсан. Миний бие өөрийн байраа хүний өмнөөс банкинд өгөхгүй хэмээн дээд шүүх хүртэл хандсан боловч миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Удалгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх асуудал үүссэн. М.Б***, Ж.Э*** нартай сүүлийн 6 сарын турш холбоо барьж чадаагүй байна. Ж.Э*** , Дархан сумын **дугаар багт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн хажуу талын “Алтан” салоны эзэн Ж.Э*** төрсөн эгч А*** **, Дархан сумын ** дугаар багийн *** тоотод оршин суух Ж.Э*** хүргэн Б*** дугаарын утаснуудаар холбогдож байсан юм. Иймд М.Б***, Ж.Э*** нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х*** нь М.Б***, Ж.Э*** нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

           

М.Б***, Ж.Э*** нар нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: “Иргэний  эрх  зүйн  маргаанд   хариуцагчаар  оролцвол   зохих   этгээд   оршин  суугаа   газар  нь

мэдэгдэхгүй  бол  түүнийг  эрэн  сурвалжлуулах  тухай  хүсэлтийг  шүүхэд  гаргаж  болно”,  мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу Д.Х*** нь тус шүүхэд М.Б***, Ж.Э***нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

     ******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

                                                        ТОГТООХ нь:

   

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан БНХАУ-ын ******* *******ын ******* ******* орны ******* дүүргийн ** тоотод байрлах “***” ХХК-д ажилладаг М.Б*** /****/, түүний эхнэр Ж.Э*** нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар М.Б***, Ж.Э***нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.Х***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

            4. М.Б***, Ж.Э***нарын хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Д.Х*** /утас: **/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай. 

 

            5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ