| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0160/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 179
2020 03 05 2020/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Улсын яллагч Г.Анармөнх,
Шүүгдэгч Л.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт Л.Хт холбогдох эрүүгийн 1911016110927 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Хатигин овогт Л.Х, Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, зангиат 16 дугаар гудамж 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 21-58 тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............
/холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч Л.Х нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 40 дүгээр байрны гадна иргэн Д.Амармэндийн “Самсунг галакси плас Жи-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 559.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Анх намайг Баярхүү, Амармэнд нартай уулзахад мөнгөгүй гэж хэлээд миний гар утсыг ломбарданд тавиулчихаад таксины мөнгө өгөх үед 70.000 орчим төгрөг гаргаж ирсэн болохоор би уурлаад маргалдаад Амармэндийн гар утсыг нь аваад явчихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,
Шүүгдэгч Л.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би гэртээ байж байтал хамт армид ажилладаг байсан Баярхүү дэслэгч “хүрээд ир” гэхээр нь очтол хоёр найзтайгаа хамт Баянзүрх дүүргийн эмнэлгийн ард ууж байсан. Тэгээд намайг пиво аваад өг гэхээр нь мөнгөгүй байсан болохоор модны 2-ын ломбарданд утсаа тавиад цааш үргэлжлүүлсэн. Таксины мөнгө хэрэг болсон чинь мөнгө байхгүй гэж байсан Амармэнд ах мөнгө гаргаж ирсэн. Тухайн үед би согтуу байсан болохоор Амармэнд ахтай маргалдаад утсаараа яриулаач гэж хэлээд авч явсан” гэв.
Хохирогч Д.Амармэндээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хишигбаярт миний гар утас байсан болохоор түүнээс гар утсаа авъя гэтэл “надад таны гар утас байхгүй. Таксины жолооч авчихсан. Мөнгөө өгөхгүй бол утсыг чинь өгөхгүй гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би таксины жолоочоос утсаа авъя гэтэл “би таны утсыг аваагүй, энэ найз чинь л авсан ш дээ” гэж хариулсан ба яг тэр үед Л.Х нь гараад зугтаачихсан ...Түүний “Л.Хишигжаргал” гэсэн фэйсбүүк хаягаар харилцахад “уучлаарай ахаа, та цагдаад битгий хандаарай, таны утсыг манай найз аваад явчихсан юм. Найзыгаа олоход хэрэгтэй байгаа учир 2 хоног өгөөч” гэх зүйл бичиж байсан ...” гэх мэдүүлэг /хх-11-12х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-57-58х/,
Шүүгдэгч Л.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-19х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Л.Х нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 40 дүгээр байрны гадна иргэн Д.Амармэндийн “Самсунг галакси плас Жи-6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 559.200 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Л.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 559.200 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Л.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтад тус тус заасан тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Амармэндээс: “...утасны төлбөр 699.000 төгрөг авсан, гомдолгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.